Жек Ма Хятадын тэргүүн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Дэлхийн цахим худалдааны тэргүүлэгч “Alibaba” компанийг үндэслэгч 56 настай Жек Ма Хятадын 2020 оны тэргүүн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Тус рейтингийг гаргасан “Forbes” сэтгүүлийн Хятад хувилбар болох “Hurun” сэтгүүлийн мэргэжилтнүүд Жек Магийн хөрөнгийг 58.8 тэрбум ам.доллароор үнэлжээ.

Тус жагсаалтын хоёрт харилцаа холбооны “Tencent” компанийн ТУЗ-ийн дарга 49 настай Ма Хуатэн бичигджээ. Тэрбээр 57.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. “Nongfu” савласан ус үйлдвэрлэгч компанийг эзэмшигч 66 настай Жан Шаньшань 53.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр удаалсан байна.

Энэ жил Хятадын тэргүүн баячуудын хөрөнгө тус жагсаалтыг гаргаж буй сүүлийн 22 жилд байгаагүйгээр өндөр үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлийн өсөж, шинээр хувьцаа гаргаж буй компаниудын тоо огцом нэмэгдсэнээр долоо хоног бүр таван шинэ ам.долларын тэрбумтнууд төрж байжээ. “Дэлхий дахин нэг жилд ийм их хэмжээний баялаг бүтээхийг анх удаа харж байна” гэж энэ төрлийн судалгааг үндэслэгч Руперт Хоогерверф онцолжээ.

Энэ жил Хятадын тэрбумтнууд жагсаалт 257 хүнээр нэмэгдэж, нийт 878-д хүрээд байна. Тэдний талаас илүү хувь нь Бээжин, Шэньжэнь, Шанхай, Ханжоу, Гуанжоу, Сүжоу хотод амьдардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top