Сингапурын эрдэмтэд хүний амьсгалаар коронавирусний халдвар авсан эсэхийг богино хугацаанд тогтоодог оношлуур бүтээжээ. “Breathonix” компанийн энэхүү бүтээгдэхүүний туршилтад 180 өвчтөн оролцсон бөгөөд үр дүн 90 хувийн оновчтой гарчээ. Ойрын үед оношлуурыг 600 сайн дурын хүн дээр дахин турших гэнэ.
Төслийн удирдагч, Сингапурын Үндэсний их сургуулийн судлаач Зя Жунанийн хэлснээр, эл оношлуурыг ашиглахад тусгайлан сургалт явуулах шаардлагагүй төдийгүй оношилгоог нисэх онгоцны буудал зэрэг олон нийтийн газар хэрэглэхэд тохиромжтой аж. Ингэхдээ шинжилгээний хариуг нэг минутын дараа авах боломжтой.
Өдгөө өргөнөөр ашиглаж буй коронавирусний шинжилгээний аргыг бодвол Сингапурын эрдэмтдийн энэ бүтээл хүний амьсгалын химийн бүтцийн өөрчлөлтийг тодорхойлдог байна. Зя Жунанийн ярьснаар, амьсгал гаргах бүрд хүний эсэд гардаг төрөл бүрийн биохимийн урвалын үр дүнд бий болсон дэгдэмхий органик нэгдлүүд ялгардаг байна.
Сэтгэгдэл ( 0 )