Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, инженер Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө хотын удирдлагууд нийтийн тээвэрт шинэ автобус нэвтрүүлснээ сүр дуулиантай танилцуулсан. Гэвч олон нийт хятад компанийн автобусыг хэт өндөр үнээр шахсан талаар шүүмжлэх боллоо. Төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах тендерт үндэсний үйлдвэрлэгчид оролцсон уу?
-Монгол Улсад шинэ технологи, инновац, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх талаар гаргасан УИХ-ын бараг арваад баримт бичиг бий. Бас үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зургаа, долоон хууль батлан гаргасан. Жижиг, дунд үйлдвэрлэл, инновацын тухай, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан тухай гэх мэт. Энэ УИХ-ын бодлогын баримт бичгүүдийг уландаа гишгэж, луйврын аргаар, тендер зарлалгүйгээр шууд худалдан авалтыг БНХАУ-аас хийсэн нь үнэхээр даварсан гэхэд дэндүү даварсан үйлдэл боллоо. Хуулиараа бол тендер зарлах ёстой.
Хамгийн бага үнэ, хамгийн өндөр чанар, үндэсний нэмүү өртөг шингэсэн зэргээр оноо дүгнэлтээ өгч байж, татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөгийг зарцуулах ёстой. Харамсалтай нь тендер зарлалгүйгээр ийм цавчаа бүхий хулгай луйвар хийлээ. Тухайн өдөр долоон автобус танилцуулсан. Хятадын тав, Монголд үйлдвэрлэсэн хоёр автобус байсан. Монголчууд бүгд харсан. Монголд үйлдвэрлэсэн автобус нэг нь 55 мянган ам.долларын үнэтэй. Тендерт орон шалгараад үйлдвэрлэсэн автобуснууд. Харин хятадуудын автобусыг тендергүйгээр 130 мянган ам.доллароор авсан. Хятад автобус монгол автобуснаас бараг гурав дахин өндөр үнэтэй байгаа биз. Гэтэл монгол автобус гаалийн татвар, НӨАТ, нийгмийн даатгал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ажилчдын цалин, банкны зээлийн хүү гэх мэт үндэсний нэмүү өртөг шингээд 55 ам.доллар болж байгаа юм. Одоо гадаадаас авдаг бүх нийтийн тээврийн хэрэгслийн гааль, НӨАТ-ыг бүрэн чөлөөлсөн байгаа. Бүх татварыг нь тэглэж байгаад 130 мянган ам.доллароор төрд шахаж байна шүү дээ. Гааль, НӨАТ-ыг нь нэмсэн тохиолдолд 130 биш 150 мянган ам.доллар болж байгаа биз.
-Тэгээд яагаад та нарын үйлдвэрлэсэн автобусыг авдаггүй юм бэ?
-Би харин яагаад монгол хүн ажилтай орлоготой байж болдоггүй юм бэ гэж асуумаар байна. Яагаад эх орны үйлдвэрлэлээ дэмждэггүй юм бэ. Яагаад ард түмнээ ажилтай орлоготой болгохын төлөө сэтгэл зовнидоггүй юм бэ гэдэг асуудал үнэхээр аймшиг. Тиймээс нийтийн тээврийн шахааны асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Тэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарыг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Мөн Захиргааны хэргийн шүүхэд өгнө. Тэд Тендерийн тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай гэх гурван том хуулийн хүрээнд худалдан авалт хийх ёстой байсан. Энэ хуулиудыг уландаа гишгэж, хуульгүй загнасан. Монгол Улс хуультай юм бол ард түмний татварын мөнгийг хуулийн дагуу зарцуулах ёстой, энэ түшмэдүүд. Үүний төлөө ард түмэн дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Бид ч шаардлагуудаа тавина. Онц шаардлагатай бол хуулийг мөрдүүлэхийн төлөө амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна. Яагаад монголчуудын татвар мөнгөөр монгол хүний ажлын байрыг дэмждэггүй юм.
-Сурагчдын автобусыг “Моннис” компани нийлүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Тухайн компани мэдэгдэлдээ “Монголын цаг уурт тохирсон 29 төрлийн нэмэлт тоноглолтой. Евро-3 зэрэглэлийн хөдөлгүүртэй” гэсэн байгаа. Энэ бүгд багтахаар 130 мянган ам.доллар болдог уу. Мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна?
-Тэр бүгдийг чинь багтаагаад 55 мянган ам.доллароор монгол бүтсэн. Хэчнээн хэмжээ нь урт, нэмэлт тоноглол хийсэн ч 60-70 мянган ам.доллар л болно. Би мэргэжлийн хүний хувьд тусгай нэмэлт тоноглол гэдгийг ойлгоно. Ямар үнэтэй байдгийг нь мэднэ. Монголчууд өөрсдөө цаг уурын нөхцөлдөө тохирсон цахилгаан автобус, экобус маш олныг үйлдвэрлэснийг ард түмэн мэднэ. Гадаадад экспортолсон туршлага нь байна. Уг нь “Моннис” компани, бусад компанийн хамт нээлттэй тендерт орох ёстой байсан. Э.Бат-Үүл 2017 онд хотын дарга байхдаа 20 тэрбум төгрөгөөр тендер зарлахад, найман компани орж байсан. Тухайн үед “Экобус” компани том оврын болон дунд оврын гэсэн хоёр багц дээр нь шалгарсан байдаг юм. Тэгэхээр сая бас тендер зарлах ёстой байсан шүү дээ. Гэтэл төсвийн худалдан авалт ил тод, нээлттэй байх зарчим алдагдсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн заалт нь хэрэгжихгүй байна. Бид нарын татварын мөнгийг гадаад руу цувчуулж, цавчаа хийсэн энэ тендерийн хулгайчдын дарангуйлал бүтэн 30 жил Монголын төрд ноёрхлоо. Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд 20 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн гадаадаас авсан байдаг. Гадаад руу гаргасан 20 тэрбум ам.доллар гэдэг бол хоёр ширхэг Оюутолгойн орд. Энэ хэмжээний хөрөнгийг эх орондоо шингээсэн бол хэдэн хүн ажилтай байх вэ. Монголчуудын цалин хэд болох вэ. Ам.долларын ханш өнөөдөр хэд байх байсан бол.
-Хоёулаа автобусны бүтэц, өртөг талаас нь төвлөрч ярилцъя. Талбай дээр танилцуулсан автобусны үнэ Хятадын цахим худалдааны “Alibaba.com”сайт дээр худалдаалж буй ханш хоёрын зөрүүг тайлбарлахдаа хэмжээ, дамжаа өөр гэж тодорхойлсон. 56 хүний суудалтай автобусыг ямар өртгөөр хийдэг вэ?
-Нийтийн тээвэрт явж байгаа Экобуснууд Евро-4 хөдөлгүүртэй, хийн нумтай. Монголын цаг уурт нийцсэн ийм автобусыг 134 мянган ам.доллароор нийлүүлж байсан санагдаж байна. Тэр нийлүүлж байгаа мөнгөний 50 хувь нь нөгөө ажилчдын цалин, татвар хураамж зэргээр Монголд шингэдэг. Дээр нь салхины шил, сандал суудал, будаг, резин тэргүүтэй жижиг хийцүүдийг эх орондоо үйлдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар автобусны эд анги үйлдвэрлэхэд оролцдог 17 жижиг, дунд үйлдвэрлэгч Монголд бий болоод байна. Хэрвээ төр дэмждэг бол автобусны бүх эд ангийг эх орондоо үйлдвэрлэхэд бэлэн.
-Хотын дарга байсан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан бас сурагчдын шар автобустай холбоотой тайлбар хийсэн байна лээ. Тэр хүн Монголд үйлдвэрлэсэн нэртэй “угсарсан” хоёр автобусыг нэг тэрбум төгрөгөөр авсан тохиолдол бий гэсэн утга бүхий зүйлийг цахим хуудастаа бичсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоёр талын байр суурийг мэдээлэх үүрэгтэй учраас та үүнд хариу тайлбар өгөхгүй юу?
-Монголчууд тухайн үед гэрээ байгуулаад, нэг автобусыг 195 мянган ам.доллароор нийлүүлсэн. Хоёр автобус нийлээд 946 сая төгрөг болдог. Гэтэл одоо Хятадад үйлдвэрлэсэн хоёр автобусыг нийт 1.4 тэрбум төгрөгөөр авч байна.
-Та яг аль автобусыг хэлээд байна вэ?
-Сүүлд авсан цахилгаан автобус. Хятадаас хоёр цахилгаан автобусыг 1.4 тэрбум төгрөгөөр авчихаад, монголчууд 946 сая төгрөгийн өндөр үнэтэй автобус үйлдвэрлэлээ гэж шүүмжилж болох уу. Автобус үйлдвэрлэхэд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө шаарддаг. Монголчуудаас автобус авсан 946 сая төгрөгийн 45 сая нь гаалийн татвар, НӨАТ 94 сая, ажилчдын цалин 120 сая, нийгмийн даатгал 36 сая төгрөг гээд Монголд үлдэх нь их.
-Та нарыг хятад автобус задалж оруулж ирээд, Монголд угсран үнэтэй шахаад байна гэдэг шүү дээ?
-Үйлдвэрлэлийг угсарч хийдэг юм байгаа биз дээ. Бид нар хятад автобус задлаад сууж байх завтай улсууд биш.
-Та автобус үйлдвэрлэлийг дагаад 17 үйлдвэр бий болсон гэлээ. Нийт хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?
-Төрөөс Хятадын үйлдвэрүүдийг дэмжсэнээр “Цахилгаан тээвэр үйлдвэр”-ийн барилгыг нурааж, тараасан. “Эрдү” компанийг тараасан, “Монгол машин байгууламж”-ийг зогсоосон. “Экобус үйлдвэр”-ийг дампууруулсан. Одоо “Монгол машин индустраль” арай гэж үйл ажиллагаа явуулж байна. Ер нь Монголд үйлдвэрлэл үүсэх гэхээр энэ мэтээр шахаж хавчин нураадаг. Гэтэл гудамж угаадаг машинаас авахуулаад автобус хүртэл бүгд шахааны бизнес болоод байгаа нь тодорхой шүү дээ.
-Бүх үйлдвэр нь хаалгаа барьчихсан юм бол одоо автобус үйлдвэрлэх ажилчид байгаа юм уу?
-Монгол залуучууд, инженерүүд чадварлаг болсон. Бид цахилгаан тээвэр дээр 80 залууг бэлдэж гаргасан. Экобус дээр 30-аад залуу бэлдсэн. Монгол машин байгууламжид 40-өөд залуу бэлдсэн. Компанийг нь дампууруулаад бүгдийг нь гудамжинд хөөгөөд гаргасан. Одоо нийлээд автобус үйлдвэрлэе гэвэл бүгд бэлэн байгаа. Өнөөдөр Монголын үйлдвэрүүдэд жилд 300 автобус үйлдвэрлэх хүчин чадал байна. Одоо бүгд банкны зээлийн хүү төлөөд сул зогсож байгаа. Бидэнд жилийн гурван хувийн хүүтэй ЖДҮ олдохгүй шүү дээ. МАН 2016 оны парламентын сонгуулиар үндэсний үйлдвэрлэгчдээс 400 автобус авна гэсэн. Тэд амлалтаа биелүүлсэн бол өнөөдөр бараг 800 автобус нийлүүлчих боломж байлаа. Үүнийг дагаад өчнөөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хөл дээрээ зогсож, өчнөөн ажлын байр бий болох байлаа.
-Өнөөдөр замын түгжрэлийн тэг зогсох хэмжээнд хүрэхэд, бүгд л нийтийн тээврийн хөгжлийн талаар хөндөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод хэдэн автобусны хэрэгцээ байгаа вэ?
-Метро гэдэг зүйлээ мартах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонс гэж хэлмээр байна. Нийтийн тээврээ дүүжин замаар шийдсэн улс орон байдаггүй юм. Аюулгүй ажиллагаа, газрын өндөрлөг, Монгол Улс далайн түвшнээс 1200 метрт оршдог. Агаарын огцом урсгалтай бүс нутаг. Ер нь бүтэхгүй зүйл. Өнөөдөр нийслэлд 2500 автобус хэрэгтэй. Бүгд том оврын автобус гэж ойлгож болохгүй. Том оврынх 1500, дунд оврынх 500, бага оврынх 500 байхад нийтийн тээврийн хүртээмжийг шийднэ. Эдгээр Японы зарчмаар буюу тойргийн системээр шийдэх ёстой. Эдийн засгийн үр ашгаас нь хамаараад цахилгаан автобус нэвтрүүлэх хэрэгтэй. Цахилгаан автобус дизель автобуснаас арав дахин бага зардал гаргадаг. Өнөөдөр нийтийн тээврийн салбар олон арван тэрбумын өрөнд баригдаад сууж байгаа. Төрөөс үнийг нь хатуу бариад, алдагдлыг нь төсвөөс санхүүжүүлдэг. Картын системийг нь солонгосчуудад өгчихсөн. Нэг автобусны систем солиход солонгосчуудад 100 ам.доллар төлж зөвшөөрөл авдаг болж байгаа. Одоо хөдлөх бүрэлдэхүүнийг нь хятад компаниас авна. Ингэж гаднынханд бүх зүйлээ алдаад байна.
-Сая сурагчдын автобус худалдаж авсны дараа нэг сонин зүйл яригдсан нь гурван жилийн хугацаатай хүүгүй лизингээр нийлүүлсэн гэдэг тайлбар. Та бүхэн ийм нөхцөл санал болгож болох юм уу?
-Монгол үйлдвэрлэгчид 20 сая ам.долларын төслөө Л.Оюун-Эрдэнэ сайд болон хотын дарга нарт өгсөн. Өөрсдөө хөрөнгө оруулалтаа татъя гэсэн. Гэвч энэ чиглэлээр хамтарч ажиллах огт сонирхолгүй, хүсэлгүй байна. Яагаад гэвэл, шаардлагатай цавчаа нь гарахгүй учраас бид нартай хамтарч ажиллахгүй байгаа юм. Бодит байдал нь энэ. Үндэсний үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын хөгжлийн корпорацтай хоёр удаа уулзсан. Туршилтын автобусаа үзүүлсэн. Харин тэд Монголд үйлдвэрлэсэн автобус бол хэрэггүй гэсэн. Хятад хүмүүсийн ажлын байрыг дэмжинэ гэсэн. Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс Засгийн газар 2017 оноос хойш нэг ч концессын гэрээ байгуулаагүй гэж хэлсэн. Тэгвэл 2019 онд 369 сая ам.долларын концессын гэрээ хийчихсэн. Бид тэр бүх тушаал шийдвэрийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Тэр 369 ам.долларыг Хятадын Хөгжлийн банкнаас зээлж, автобус авна. Хятадын Хөгжлийн банк гадагшаа зээл гарахдаа 4-6 хувийн хүүтэй гаргадаг. Дэлхий дээр хүүгүй мөнгө гэж хаана ч байхгүй. Тэгэхээр хүүгүй зээлээр автобус авсан гэдэг үлгэр ярихаа болих хэрэгтэй. Тэрийгээ хуулийн байгууллагын өмнө ярих хэрэгтэй.
-Ер нь үндэсний үйлдвэрлэгчид саяхан нийлүүлсэн шиг хүүхдийн автобусыг ямар өртгөөр үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа байдаг вэ?
-Гол нь тендерээ нээлттэй зарлах хэрэгтэй. Тендерийн шалгуурт нь тааруулаад өртөг гардаг. “Моннис” компани нэг автобусыг 130 мянган ам.доллароор нийлүүлсэн байна. Монгол хүн яаж ч бодсон 130 мянган ам.доллароор хүүхдийн автобус нийлүүлэхгүй дээ. Мэргэжлийн хүний нүдээр яаж ч харахад тийм өртөг гарахгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
мэргэжилийн хүн үнэнийг хэлж байна шүү дээ
Үгүй дээ. Эхлээд та нар Ford болон Chevrolet site руу ороод school bus ямар үнэтэй байдгийг хар.! Аюулгүй зузаан төмөр кабинтай ослоос хамгаалагдсан байдаг юм билээ. Үнэ нь 120.000-390000 $ байна. Seats болон нэмэлт стандартаас хамаардаг юм байна. Үүн дээр тээвэрлэлт болон Гааль татвараа нэмээд боддоо. Хүмүүсээ судласан зүйл дээ л ....discuss хийж байя.