Фото: Метроны үнээс үүдэлтэй үймээнээр 2 сүмийг шатаалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Чили улсад 2019 оны олон нийтийн үймээний нэг жилийн ойг дахин жагсаал, цуглаанаар тэмдэглэлээ. Дахиад л цагдаа нартай мөргөлдөж, Засгийн газартаа огцрох шаардлага тавьсан юм.

Нийслэл Сантьяго хотын гудамжинд 25 мянган хүн жагсаж, хэдэн зуун хүн баривчлагдан, нэг хүн амиа алджээ.

Өнгөрсөн жилийн намар Засгийн газраас метроны үнийг нэмсний улмаас ард түмэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан юм.

Жагсагчид Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж, нийгмийн эрх тэгш байдал тогтоохыг шаардсан.

Өнгөрсөн жилийн цуглаанаар 30 хүн амь үрэгдсэн.

Энэ жилийн жагсаалын үеэр иргэд Үндсэн хуулийг өөрчлөх, нийгмийн тэгш байдлыг мөн шаардсан.

Одоогийн Үндсэн хууль нь Аугусто Пиночетийн дарангуйллын үед батлагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал асуулга хавар явагдах байсан боловч цар тахлын улмаас хойшлогдоод байгаа.

Үймээний хөлд Сан-Франциско-де-Борха, Асунсьон гэсэн хоёр эртний сүм өртөж, шатсан байна.

Санваартнууд хүчирхийллийн эсрэг байгаагаа мэдэгджээ.

Чили даяар нийт 580 жагсагч баривчлагдаж, нэг жагсагч буудуулан, амиа алдсан.

Харин нөгөө талаас 116 цагдаа гэмтсэний 18 нь буудуулсан байв.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал асуулга энэ сарын 25-нд болно. Ард түмэн энэ өдөр хүртэл жагссаар байх болов уу?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top