Д.Амарбаясгалан: Төр захиргааны эрх мэдлийг төвлөрүүлэх шийдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж зарим аймгийн Засаг дарга нарыг томилох асуудал хий­гээд нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын даргад нэр дэвшигчдийг хэлэлцсэн юм. Ингээд тус хуралдааны дараа МАН-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна


-МАН-ын Удирдах зөв­лөлөөс нийслэлийн Засаг дар­гаар Д.Сумъяабазарыг ажил­луулахыг дэмжсэн байна. УИХ-ын гишүүнийг энэ албанд томилох болсон шалтгаан нь юу вэ?

-МАН-ын Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Энэ хурлаар дөрвөн аймгийн Засаг даргыг томилох асуудлыг ярьсан. Мөн нийслэл хотын Засаг дарга, ИТХ-ын даргыг дэвшүүлэх ажил хийгдлээ. Улаанбаатар хотын удирдлага дээр манай нам зарчмаа барьж ажиллаж байгаа гэсэн тайлбар хийж болно. Учир нь юу вэ гэхээр парламентын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн намын дүрмийн заалт бий. Энэ зарчим өөрөө анхан, дунд шат руугаа ижил тэгш хэрэгжих ёстой. Үүнийг баримталж бид аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг сонгож байгаа. Хоёрдугаарт, тухайн шатандаа сонгуульд ороод амжилт гаргасан намын хороо өөрсдийнхөө саналыг намын Удирдах зөвлөлд ирүүлдэг дүрэмтэй. Тэр хүрээнд аймаг, нийслэлээс ирсэн саналуудыг бид хэлэлцэж баталж байна. Намын дотоод ардчилал, намын гишүүд эрх тэгш байх үүднээс ингэж шийдвэр гаргадаг. Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хороон дарга Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлсэн.

УИХ-ын гишүүнээр яагаад хотыг удирдуулах болов гэдэгт би намын дүрэм, зарчмын хувиас тайлбар хийлээ шүү дээ. Үүний цаана олон зүйл байдаг. НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс эхлээд сонгууль дуусах хүртэл хугацаанд намын хороог зохион байгуулж, амжилттай оролцуулсан, дотоод эв нэгдлийг хангаж, зарчим барьж ажилласны үр дүнгээр ялалт байгуулсан байдаг учраас энэ алхам хийгдэж байгаа. Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээр гуравдахь удаагаа сонгогдоод удаагүй байсан. УИХ-ын гишүүнээсээ татгалзаад хотын дарга болно гэдэг амаргүй зүйл. Намын дарга, Удирдах зөвлөлөөс энэ шийдвэрийг гаргаж байгаа нь нийслэлийн 1.4 сая гаруй оршин суугч, 1.1 сая сонгогчийн эрх ашгийг бодож байгаа юм. Энэ их өндөр итгэлийг өндөр хариуцлагатайгаар үүрэх ёстой. Тиймээс улс төрийн эрх мэдэл, төр захиргааны эрх мэдэл нэг гарт төвлөрч, нам дотооддоо эв нэгдэлтэй байж амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн улс төрийн шийдэл боллоо. 

-Та “Д.Сумъяабазарын хувьд бас хэцүүхэн шийдвэр байлаа” гэлээ. Тэгэхээр МАН-ын удирдлага өөр гарц алга гээд тулгасан хэрэг үү?

-Орон нутгийн сонгууль өнгөрөөд долоо хонолоо. Бид өмнө нь албан тушаал ярьж цаг алдахгүй гэж мэдэгдэж байсан. Энэ зарчмынхаа үндсэн дээр асуудлыг хурдтай шийдэхийг эрмэлзэж байгаа. Мэдээж, УИХ-ын гишүүнээс татгалзаж хотын дарга болно гэдэг бол хувь хүний хувьд амар зүйл биш шүү дээ. Гурван ч удаа УИХ-д сонгогдож төрийн ажилд дадлагажиж, туршлагажлаа. Улс төрийн албан тушаал хашиж бас туршлагажсан гэдгийг бодолцож тал талаасаа ярилцаж шийдсэн. Улс төрийн намын гишүүн гэдэг бол улс төрийн шийдвэр, бодлогоо дагаж явах үүрэгтэй. Ялангуяа намын тухайн шатанд удирдаж байгаа даргын хувьд бол улс төрийн шийдвэрээ нэг номерт тавих ёстой байдаг. Энэ дагуу явж байгаа гэдгийг энэ дашрамд хэлье.

-УИХ-ын гишүүнийг хотын даргаар томилж байгааг дагаад “МАН нийслэлд боловсон хүчингүй болчихсон байна” гэдэг шүүмжлэл гарч байна л даа?

-Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэдэг өөрөө Монгол Улсын хүн амын 45 хувийн эрх ашгийг хангах ёстой. Улс төрийн намын эв нэгдлийг хангаж, нийслэлийг нэг зарчмаар авч явах гэсэн том үүрэг оногддог. Энэ НИТХ-ын 45 төлөөлөгч дотор гурван удаа сонгогдсон хоёр төлөөлөгч, хоёр удаа сонгогдсон найман төлөөлөгч байх жишээтэй. Тэгэхээр боловсон хүчний хомсдол ярихад зохисгүй л дээ. Би түрүүн хэлсэн шүү дээ. Төр захиргааны эрх мэдэл, улс төрийн мэдэлтэй хамтдаа байж хамтад нь удирдах боломж илүү ирэх юм. Үүнийг бодолцож намын дүрэмд хөдлөшгүй заалт орсон байдаг.

-Нийслэлийн удирдлагууд солигдсоныг дагаад халаа сэлгээ үргэлжлэх болов уу?

-Нийслэл дээр халаа сэлгээ нэг их айхтар өндөр түвшинд хийгдэхгүй. Ер нь эрх барьж байгаад үргэлжлээд явж байгаа. Нийс­лэлийн ИТХ-ын дарга, намын дарга нар зарчмаа бариад ажиллаад явна гэдгийг хэлье.

-Аймгийн Засаг даргад ямар хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн Засаг даргад Ш.Оргилыг дахиж нэр дэвшүүллээ. Дархан-Уул аймгийн Засаг даргад Дархан сумын Засаг даргаар найман жил ажилласан Б.Азжаргалыг, Хэнтий аймгийн Засаг даргад одоо Засаг даргаар ажиллаж байгаа Ц.Идэрбатыг нэр дэвшүүллээ. Баянхонгор аймгийн Засаг даргад Д.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн. 

-МАН-д МАХН-аас дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн хүн элссэн. Ер нь МАН-д янз бүрийн хүн ороод байх юм. Үүнийг шүүмжлэх хүмүүс ч байна?

-МАН нэг зарчмыг маш их баримталж ажиллаж байгааг хэлэх ёстой. Тэр нь улс төрийн нам өөрөө өндөр хариуцлагатай байх ёстой. Нийгмийн хэрэгцээ шаардлага намуудаас хариуцлагатай байхыг шаарддаг шүү дээ. Зарим үед улс төрийн намд итгэх итгэл буурдаг тохиолдол байдаг. Манай намын зорилт бол нэгдүгээрт намынхаа институцыг бэхжүүлье гэж байгаа. Өнөөдөр Монголд мэргэшсэн улс төрийг хийж чаддаг, улс төрийн хувьд өндөр зохион байгуулалттай, өндөр хөгжсөн орнуудын адил улс төрийн нам болж ажиллахыг зорьж байна. Бусад улс төрийн намуудыг ч гэсэн энэ хэмжээнд хүрч төлөвшөөсэй гэж зорьдог. Удахгүй Улс төрийн намын тухай хуулийг парламентаар хэлэлцэнэ. Бусад намуудын төлөөллийг суулгаж тэдний санал бодлыг сонссоны үндсэн дээр Улс төрийн намын тухай хуулийг батална гэж бодож байгаа. Өнөөдөр хуулиар улс төрийн нам хатуу гишүүнчлэлтэй явдаг. МАН-д элсэе гэж байгаа хүн бүхэн элсэх боломжтой. Түүнийг бид “Энэ болно. Тэр болохгүй” гэж хаах дүрмийн заалт байхгүй. Ёс зүйн хувьд ч гэсэн боломжгүй зүйл. Тэгэхээр намд элсэе гэж байгаа иргэнийг ямар албан тушаалтан байхаас үл хамаараад элсүүлэх үүрэг нь намын дарга, шат шатны намын байгууллагын удирдлагад оногддог.

-Та хэд хоногийн өмнө орон нутгийн сонгуульд ялагдсан газруудыг намынхаа эв нэгд­лийн асуудалтай холбож тайлбарласан байх аа?

-Намын дарга, Удирдах зөв­лөлөөс зарчимтай байхыг баримталж байгааг түрүүн хэлсэн. Ер нь орон нутаг, дунд шатны намын байгууллагууд дундаа нээлттэй, ил тод, зарчимтай байснаар цаашдаа эв нэгдэл хангагдаад явна гэж үзэж байгаа. Та бүхэн анзаардаг ямар ч сонгуулийн ялагдалд дүгнэлт хийхэд эхлээд эв нэгдэлгүй байсан тухай хөндөгддөг шүү дээ. 2016 онд АН ялагдал хүлээхэд намын лидерүүд нь хоорондоо бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй, хөлөө жийлцсэнээс боллоо гэдэг дүгнэлтийг улс төр судлаачид хамгийн түрүүнд гаргаж байсан. Яг үүнтэй адил орон нутгийн түвшинд ялагдал хүлээсэн байгууллагууд дотоод эв нэгдлээ хангаж чад­сангүй. Тодорхой хэмжээнд зарч­маа барьж чадсангүй гэдэг ерөнхий дүгнэлт гарч байгаа. Нөгөө талдаа өнгөрсөн хугацаанд ажилласан удирдлагууд нь ард иргэдийн сэтгэлд хүрч чадсангүй гэдэг нь бас харагдлаа. Тиймээс ард иргэдийн сэтгэлд нийцсэн тэр хүсэмжит улстөрчид, улс төрийн нам бий болох цаг нь болсон гэдгийг манай нам ойлгож бусад намуудаа манлайлж өөрчлөлт рүү явж байгаа гэж товчхон ойлгож болно.

-Танай нам ч өнгөрсөн дөр­вөн жилд хуваагдаж, дуулиан тарьсан. Ирэх жилүүдэд ингэхгүй гэх баталгаа байна уу?

-2017, 2018 онд болж байсан манай нам доторх зөрчилдөөнийг та бүгд харж байсан. Томоохон зөрчил, тэмцэл үүсэж байсан уу гэвэл тийм. Гэхдээ эцсийн мөчид улс төрийн ууган хүчний хувьд энэ зөрчил, асуудлуудаа нам дотроо шийдэж болдог юм байна гэдгийг бид Монголын ард түмэнд харуулсан гэж бодож байгаа. Хамгийн тод жишээ бол парламентын сонгуульд манай 65 гишүүнээс 23 нь нэр дэвшилгүй сууж үлдсэн. Тэр хүмүүсийн маань нэг нь ч бие дааж нэр дэвшээгүй. Намынхаа бодлого зарчмыг барьж, энэ нам улс орныг удирдах, хөгжил дэвшилд хөтлөх боломжийг нь авчрах нь зөв юм гэсэн шийдлийг хараад явсан.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (122.201.21.250) 2020 оны 10 сарын 25

гамин царайт

0  |  0
Zochin(66.181.184.100) 2020 оны 10 сарын 25

Oorsdiigoo zovtgoh bolohoor,goyo goyo ner tomiyolol olood nerlechih uymaa

0  |  0
Мм(202.126.89.157) 2020 оны 10 сарын 25

Говь алтайг самарсан нөхөр дөө алуурчинг даргаар тавьж

0  |  0
зочин(103.68.107.37) 2020 оны 10 сарын 23

амарбаясгалан таа нутгынхаа сонгуулийг удирдаж чадаахгүй дарга нарт хариуцлага тооно гэсэн өөрийгөө яах вэ

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 23

МАН шинэчлэгдэж чадсан тул ард түмэн дэмжиж байна харин ажил хийхгүй будлиантай газар гарч чадахгүй байгааг та нар харж байгаа биз дээ монголын ард түмэн мэдрэмжтэй ард түмэн шүү

0  |  0
zochin(202.55.191.194) 2020 оны 10 сарын 23

ирэх 4 жилд амьдрал сайжрах шинж алга бүгд хор найруулаад л

0  |  0
Top