Зургийн тайлбар: Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ, ИБУИНВУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн багийг урьж уулзаж байгаа нь
Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас нэг жил тав хоногийн дараа албан ёсоор гараад байна.
Сануулахад, ФАТФ-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас гадна Исланд, Зимбабве улсуудыг “Саарал жагсаалт”-д оруулснаа мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл энэ сарын 21-23-ны өдрүүдэд ФАТФ нэгдсэн хуралдаанаа хийж, стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас Монгол, Исланд улсуудыг гаргаснаа Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 23-ны 22:10 цагт албан ёсоор зарлав.
“Саарал жагсаалт” гэдэг нь тухайн улс орон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тал дээр хүчин чармайлт бага гаргаж байгааг, түүнээс болгоомжлох хэрэгтэйг сануулсан сануулга байдаг. Хэрэвзээ уг жагсаалтад орсон улс орон уг сануулгыг хүлээн авч, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол эдийн засагт үүсэх эрсдэлийн хэмжээ улам нэмэгддэг.
Монгол Улсын тухайд өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарахын тулд төрийн бүх шатанд үр дүнтэй ажилласныг ФАТФ-ын нэгдсэн хуралдааны шийдвэр харуулж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг сайн ажилласныг тодотгох хэрэгтэй. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны шат дамжлага бүрд хариуцлага, сахилга бат өндөр түвшинд мөрдөгдөх ёстойг сануулахын сацуу заавал дагаж мөрдөж, биелүүлэх ёстойг шаардаж байсан нь ФАТФ-ын зөвлөмжүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нөлөөлснийг хэлэх хэрэгтэй байх.
Сануулахад, 2017 онд манай улс ФАТФ-аар ХОЁР ДАХЬ ҮНЭЛГЭЭ-г хийлгэх үед 40 зөвлөмжөөс биелүүлээгүй 5, хэсэгчлэн биелсэн 15, ихэнхийг биелүүлсэн 15, биелүүлсэн 5 чиглэл байсан. Тиймээс манай улсыг “Эрчимтэй хяналт”-д оруулсан юм.
Анх 2007 онд ФАТФ-аар үнэлгээ хийлгүүлж байх үед стандарт нь өөр байсан. 40+9 гэсэн хуучин стандарт байсан бөгөөд хэрэгжилтийг нь өөр аргачлалаар ФАТФ болон ФАТФ-ын төрлийн бүсийн байгууллагууд үнэлдэг байсан. Тэр үед одоогийн хэллэгээр зөвхөн техникийн хэрэгжилтийн л шаардлагуудыг хангасан байвал хангалттай байсан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн тогтолцоо байна уу. Хариуцаж байгаа байгууллагууд, хийж байгаа хүмүүс нь байна уу. Журам заавраа гаргасан уу гэхчлэн авч үзэж байсан бол 2017 онд батлагдсан манай харилцан үнэлгээний тайлан өөр стандартын дагуу өөр зарчмаар үнэлэгдсэн байдаг.
2017 онд ЭРЧИМТЭЙ ХЯНАЛТАД ороход 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нөлөөлсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байсан.
Түүнчлэн Эрчимтэй хяналтад орсны дараа төрийн холбогдох байгууллагуудаас арга хэмжээнүүд авч байв.
Гэхдээ Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага (APG) манай улсын ФАТФ-ын “Эрчимтэй хяналт”-д байх хугацааг 12 сараар сунгах шийдвэр гаргаж байсан билээ. Энэ хүрээнд Харилцан үнэлгээний хэрэгжилтийн дараагийн тайланг 2019 оны нэгдүгээр сард тайлагнахаар болж байв.
Улмаар Монгол Улсын дагалдах тайлан 2019 оны нэгдүгээр сард Ази номхон далайн бүсийн байгууллагад хүргэгдсэн. Дагалдах тайлангийн жилийн хурал дээр хэлэлцэх төсөл тавдугаар сарын 24-нд гишүүн орнууд болон ажиглагч байгууллагуудад тараагдсан. Намдугаар сард жилийн хурал дээр хэлэлцэгдээд, аравдугаар сард шийдвэр гарах хүлээлттэй байсан.
Хүлээлт ёсоор ФАТФ 2019 оны аравдугаар сарын 18-нд шийдвэрээ гаргахдаа Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан юм. Ингэхдээ дараах ЗУРГААН ДААЛГАВАР биелүүлээгүй гэж үзсэн.
Эдгээр зөвлөмжүүдийг ажил хэрэг болгон биежүүлэх үүрэг хүлээсэн Монгол Улс ФАТФ-ын Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал нэгдүгээр сард Бээжинд болоход, тайлангаа хэлэлцүүлсэн. Тухайн үед зургаан даалгаврын ГУРВЫГ биелүүлсэн гэж үзсэн юм.
Санхүүгийн мэдээллийн албаны мэдээллээр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн. Дараа нь Монгол Улс АНДХБ-т тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалахад зургаан даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн юм. Улмаар ФАТФ-ын зургаадугаар сарын хурлаар ажлын гүйцэтгэл хангалттай гэж үзсэнээр тусгайлсан ажлын баг гарган Монгол Улсад ирж газар дээрх хяналт шалгалт хийхээр болсон.
Түүнчлэн ФАТФ-ын төлөөлөгчид энэ сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад газар дээрх хяналт, шалгалт хийсэн юм. Шалгалт хийсэн Үнэлгээний багийн гишүүд аравдугаар сарын 13-ны өдөр Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хуралд тайлангаа танилцуулж, Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлэхэд, онлайн хуралд оролцсон 100 гаруй орны төлөөлөгч бүгд дэмжсэн юм.
Улмаар аравдугаар сарын 21-23-нд хуралдсан ФАТФ-ын нэгдсэн хуралдааны албан ёсны дүн бидний хүлээж байсанчлан “Саарал жагсаалт”-аас гаргасан ШИЙДВЭР байлаа.
“Саарал жагсаалт”-д орсон нь Монгол Улсын хувьд тогтолцооны шинж чанартай өөрчлөлтүүд нэхэж байсныг өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид бүхэн харсан, ойлгосон. Энэ удаад жагсаалтаас гарсан ч хийх ажил байгааг мөн ойлгосон.
Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэгт багтсан бүхий л талууд сайн ажилласныг хэлэх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сахилга хариуцлага бол зайлшгүй шаардлагатай зүйл!\nСөрөг хүчнүүд сахилгыг, хариуцлагыг дарамтлал гэж тэнэгтдэг!\n