Өөрөө сурч мэдэхийн зэрэгцээ хүүхэд багачуудыг ном, шүлэг, яруу найрагт дурлуулах, нутгийнхаа уран бүтээлчдийг нэгэн туурга дунд нэгтгэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, утга зохиолын мөн чанарт ойртохыг хичээж яваа Төмөр-Очирын Ичинхорол хэмээх бүсгүйтэй хөөрөлдлөө.
-Аливаа зүйлд тэмүүлэх, дурлахын шалтгаан гэж бий. Утга зохиол, яруу найрагт шимтэн дурлах болсон шалтгаан юу вэ?
-Багаасаа л шүлэг сонирхож бичдэг байсан ч ил гарч байсангүй. Өөртөө л бичиж байсан байх. Бүр илүү дурлаж, бичих болсон нь гэвэл бас өөр шалтгаантай. Би ажиллаж байхдаа зүүн талдаа харвалт өгч, гуравдугаар эмнэлэгт хэвтсэн юм. Хэвтэж байхдаа О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгийг уншаад яруу найрагт улам ч дурласан, хөл дээрээ ч боссон. Эмнэлгээс гарахад эмч нар намайг “Мэргэжлээрээ ажиллаж болохгүй, гурван жилдээ гам барих”-ыг зөвлөсөн юм. Тиймээс би нутаг руугаа явж, тэнд очоод Говь-Алтай аймгийн утга зохиолын нэгдэл гэж юу байдаг юм бол, ямар ямар уран бүтээлчид хэрхэн зохион байгуулалттай ажилладаг юм бол гэх зэргээр судалж яваад “Хантайшир” утга зохиолын нэгдлийн тэргүүн Г.Чардаг гуайтай уулзсан. Тэр “Манайхан М.Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмаар жилдээ ганц уулзахаас хэтэрдэггүй” гэсэн. Уран бүтээлчдийн бүртгэл гэх ч зүйл байсангүй. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч н.Эрдэнэ-Очир, орон нутгийн телевизэд ажилладаг, яруу найрагч О.Билэгсайхан, Т.Амархүү нартай уулзаснаар ажлаа эхлүүлсэн. Олон нэрт зохиолчдыг төрүүлсэн нутгийн уран бүтээлчид идэвхтэй, нэр мөртэй ажиллаж, бүтээх ёстой гэдэг үүднээс төлөвлөж бодсон зүйл олон бий.
-Өөрөө утга зохиолд шинэ хүн, гэнэт хөндлөнгөөс нэг танихгүй хүн гарч ирээд зохион байгуулалт ярихаар хүлээж авах нь ямар байв?
-Ерөөсөө намайг яруу найргийн ертөнц маш эерэг сайхан хүлээж авсан. Энэ утгаараа манай нутгийн уран бүтээлчид ч дэмжиж, хамтран ажилласан. Би хүмүүстэйгээ уулзаж санал бодлоо солилцож, Говь-Алтайн яруу найрагчдын анхдугаар чуулганыг зохион байгуулъя гээд сум сумд руу албан бичиг явууллаа. Энэ хүрээнд М.Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмыг “Хуурын эгшиг” нэртэйгээр зохион байгуулж, Завхан, Ховд, Баян-Өлгий, Дорноговь, Булган аймгуудыг хамарсан том арга хэмжээ болсон. М.Цэдэндоржийн төрсөн бууцан дээр очиж, яруу найргийн уншлага зохион байгуулахад сумынх нь Засаг дарга ивээн тэтгэхээс эхлээд халуун дотно хүлээж авсан. Тэр жил манай суут зохиолч Ч.Лодойдамба агсны 100 жилийн ой тохиож байв. Энэ үеэр үеийн нөхдийн хамт нэрт яруу найрагч Д.Урианхай гуайгаас “Цахиур хагалах яруу найрагч” шагнал гардаж авсан нь хамгийн том шагнал байв. Уран зохиолын ертөнц намайг ингэж л гоё хүлээж авсан.
-Залуу хүний хувьд ирээдүйд зорьж яваа зорилго, төлөвлөгөө юу байна?
-Миний хувьд яруу найрагч Б.Ичинхорлоо эгчийг уншиж, тэр хүнээс үлгэрлэхийг хичээж явдаг. Энэ утгаараа Б.Ичинхорлоо эгч шиг мундаг яруу найрагч болж, “Болор цом” гардах мөрөөдөл бий. Зорилго ч юм уу. Энэ хүн бол намайг яруу найрагт улам илүү дурлуулсан хүн. Ер нь бол би хүүхэд залуусыг ном уншуулах, шүлэг яруу найрагт дурлуулах том зорилго тавьсан, үүнээсээ ухраагүй байгаа. Говь-Алтай аймгийн гуравдугаар сургуулийг онц суралцаж, төгссөн, нэлээд идэвхтэй сурагч байсан учраас сургуулиас намайг урьж, “Хэрхэн мэргэжлээ зөв сонгох вэ”, “Хэрхэн манлайлагч оюутан байх вэ” гэдэг лекц уншуулсан. Тэгэхэд давхардсан тоогоор 3500 хүүхдэд лекц уншихад нэг ч хүүхэд номын тухай асуудал хөндөж, асуусангүй. Энэ үеэр салбартаа 20 гаруй жил ажилласан манай сургуулийн Номын санч эгч “Та нарын үеэр ном уншдаг хүүхэд тасарсан” гэж хэлж байсан нь маш их эмзэглүүлсэн. Энэ бол маш том эмзэглэл. Үүнээс үүдээд хүүхдүүдийг ном уншуулах, уран зохиолд дурлуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Алтайн уран бүтээлчдийг цуглуулж, хуралдсан нь ч үүнтэй холбоотой. Үүнээс хойш хүүхэд багачуудын дунд “Уран жиргээ”, “Хүрэл тулга” яруу найргийн наадмыг тогтмол зохион байгуулж байна.
-Шүлэг бичих ч бас л удмаас тасарсан ч юм уу өвлөгдсөн нэг зүйл байдаг болов уу. Удамд тань шүлэг зохиол тэрлэдэг хүмүүс байв уу. Утга зохиолд зааж зөвлөж явдаг багш хэн бэ?
-Ээжийн талд яруу найрагч Г.Чардаг гэж хүн одоо “Хантайшир” утга зохиолын нэгдлийн тэргүүнээр ажиллаж байна. Аавын талаас “Бурхан буудай уул”-ыг бичсэн Д.Гомбожав гэж хүн бий гэхээр яах аргагүй хоёр талаасаа өвлөж гэм юм уу, үсэрсэн юм байж болох талтай. Энэ жил анхны шүлгийн түүврээ гаргах гээд бэлдээд байна, утга зохиолд түшиж тулж явдаг яруу найрагч Х.Эрдэв гэж бий.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв шүү эрчтэй хүчтэй үр дүнтэй ажиллаарай