Бүсгүй цаг төлөвлөлт сайтай. 14-хөн настайгаасаа ажил хэргийн ертөнцөд хөл тавьсан хүн арга ч үгүй биз. Түүнтэй уулзсан 45 минутад Т.Халиунаагийн дотоод ертөнцөөр нисээд ирсэн мэт болов. Уг нь газардан бууж, илүү ихийг мэдмээр. Гэвч шахуу хуваарьтай ажлынхаа зайгаар амжуулан уулзаж байгаа Т.Халиунаад төвөг удахыг хүссэнгүй.
Энэ удаагийн “Өглөөний зочин” буланд “Гоёл 2018” наадмын тэргүүн шагналт загвар өмсөгч, топ модель Т.Халиунаа, даруухан мөртлөө эрхэмсэг топ модель бүсгүйн дотоод ертөнцөд саатлаа.
-Бүрэг ичимхий занг чинь засах гэж ээж чинь загварын дамжаанд дагуулан очсоноор энэ салбарт хөл тавьсан гэсэн. Эргээд харахад загвар өмсөгч болсноор юуг сурсан бэ?
-Надтай нэг үед загвар өмсөж байсан, одоо Удирдлагын академийн докторантурт сурч байгаа Халиунаа гээд найзтайгаа саяхан таарахад хэлж байсан юм. “Хүмүүс биднийг хэрэггүй юманд яваад байгаа юм шиг боддог. Үгүй шүү дээ, загвар өмсөгч болсноороо бид багаасаа ачаалал даагаад сурсан байна, багш нар маань биднийг их зөв чиглүүлсэн байна” гэж.
Үнэхээр тийм, 14-тэйгээсээ хичээлээ ч хийгээд, загвараа ч өмсөөд, хажуугаар нь давтлага, курс, дугуйланд суугаад бүх юмаа амжуулж ирсэн болохоор өсөж том болохын хэрээр улам ихийг хийхээр хичээдэг юм билээ. Би зүгээр сууж чаддаггүй. Зүгээр суухаар юмнаас хоцроод байгаа юм шиг санагддаг. Тэр бол багаасаа төлөвлөгөө, цагт шахагдаж сурсны ач.
Загвар өмсөгч болсноор юуг сурдаг вэ. Хүмүүстэй сайхан ойлголцдог, багаар ажилладаг, ачаалал даадаг, олноор хүрээлүүлж чаддаг гээд маш олон зүйлийг сурдаг. Хүнийхээ хувьд хөгждөг, нийгэмшдэг. Хамгийн наад зах нь хэт жин нэмэхгүй, хэт арчаагаа алдахгүй байх, хувцсаа зөв сонгодог байх гэх зэргээр биеэ зөв авч явж сурсан. Цаашлаад эго-гоо дарж, хүнтэй харьцах гээд олон давуу чанар бий. Энийг бид амьдралаас, нэг нэгнээсээ, бас багш нараасаа сурсан. Тийм ч болохоороо загвар өмсөгчид хэр баргийн хүн амьтантай хэр бараг хэл ам хийдэггүй.
-Сонин дүгнэлт байна шүү...
-Та анзаараад л байгаарай. Хүмүүс загвар өмсөгч залуусыг гаднаас нь хараад “боловсролгүй, хөнгөн амьдралд дуртай” гэж дүгнэх гээд байдаг, гэтэл тэр залуу өөрийн гэсэн бизнестэй, нэрийн брэндтэй, гадаадад бүтээгдэхүүнээ зардаг дэлгүүртэйг мэддэггүй. Монголын загвар өмсөгчид, загвар зохион бүтээгчид чадварлаг, зорилготой болсон. Бусад хүн яаж ч доромжилсон, уужуу хандаж, дуугүйхэн дор бүрнээ ажлаа хийгээд явдаг. Яагаад гэвэл загвар бол дэлхийн хэмжээний талбар.
Загвар өмсөгч, загвар зохион бүтээгчдэд зах зээл нь нээлттэй байна. Хүн сэтгэж, хийж чадаж л байвал хаана ч хүлээн зөвшөөрнө. Заавал Монголд шигдээд байх шаардлагагүй шүү дээ. Аль ч улсад очоод загвар өмсчихнө, хаана ч дизайнераараа ажиллачихна. Үнэхээр сайхан нээлттэй мэргэжил. Тэгэхээр хүмүүс “загвар өмсөгч мэргэжил юм уу” гээд байдаг, их сонин. Хүн цаг хугацаа зараад, их зүйлийг сурсан гэдгийг хүмүүс биеэрээ туулаагүй, урьд хожид байгаагүй болохоор ойлгохыг хүсдэггүй л байх.
-Өөрөө бизнесийн удирдлага, банк санхүүгийн мэргэжилтэй. Сүүлд эрхзүйч болсон. Аль, аль чиглэлээр нь магистрийн зэрэг хамгаалсан. Судалгааны сэдвүүдийг чинь сонирхож болох уу?
-2009 онд Бизнесийн удирдлагын магистр хамгаалахдаа “Монголын банкнуудын картын хэрэглээ” сэдвээр судалгааны ажлаа бичсэн юм. Тухайн үед банкууд 2-3 төрлийн карт л гаргадаг, Кредит гээд зарим банк бүр картгүй байсан. Харин “Орхон” их сургуульд эрхзүйгээр бакалавраа төгсөөд, дараа нь 2019 онд магистраа хамгаалахдаа “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” гэдэг сэдвийг сонгосон. Тухайн үедээ ховор, шинэлэг сэдэв байлаа.
-Дэвшүүлсэн гол санаа чинь...
-Хүрээлэн байгаа орчныг хамгаалах зохицуулалтууд Эрүүгийн хуулийн 24-р бүлэгт байдаг юм. Дотроо хууль бусаар мод бэлтгэх, ургамал түүх, ан хийх, ой хээрийн түймэр тавих, химийн хорт, аюултай хог хаягдал гээд есөн зүйлтэй. Их том сэдэв байсан, хийхэд ч хүнд байсан.
Судалгааны ажлаараа миний дэвшүүлсэн санаа гэвэл, хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд хууль эрхзүйн орчныг зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Түүний тулд ямар боломж гарц байна гэдгийг харуулахыг хичээсэн.
-Загвар өмсөгч хүн байгаль хамгааллын сэдвийг сонгосон сэдэл шалтгаан юу байна?
-Би 2011, 2012 онд “Экологийн боловсролын төв”-д ажилладаг, байгаль хамгаалал, экологитой холбоотой сургалтууд хийдэг байлаа. Тэр үед өрхийн тариалан эрхлэх хүсэлтэй хүмүүс цөөнгүй, яаж тарихаа мэддэггүй байлаа. Тэгээд манай төв ХААИС-ийн багш нартай хамтраад жижиг жижиг сургалтуудыг зорилтот бүлгүүдэд нь олгодог, аргачлал гарын авлагаар хангадаг байсан юм.
Тухайн үед “экологийн боловсролыг хүүхэд байхаас нь, дунд сургуулиас нь олгох ёстой юм байна” гэж бодсон. Тэгээд “Байгаль хамгаалагч Мөөндий” гэдэг комикс гаргаж, зохиолыг нь бичдэг байсан. Туул голын урсгал тасрахад Мөөндийгийн комиксоо усыг гамнах, хамгаалах арга, аргачлалаар гаргасан. Комиксоос гадна хуанли, плакат хийсэн юм. Бас нэлээн хэдэн сургуулийн анги танхимыг тохижуулж байсан. Мөөндийгийн бас нэг комикс хог хаягдлыг ангилах сэдвээр гарсан. Монголд хогийг ангилж ялгах тухай ярьдаггүй байсан үед бид тэр талаар сурталчилж байсан. Олон жилийн дараа эргээд харахад анх зорьж байсан маань биелж, өрхийн тариалан эрхэлдэг айлууд олон болжээ.
-Цаг үеэсээ түрүүлсэн эдгээр бүтээлч, шинэлэг санаануудыг хэн гаргадаг юм бэ?
-Миний ээж. Миний ээж бол миний хамгийн сайн найз, амьдралын минь хамгийн том зөвлөх. Ээжийнхээ хийж байгаа ажлаар, зорьж байгаа зорилгоор би бахархдаг. Ийм мундаг ээжтэй, хажуудаа ийм том зөвлөхтэй тулдаа өнөөдөр би оршиж байгаа юм шиг санагдах үе ч бий. Ээж минь хажууд зөвлөөд явдаг болохоор би олон жилийг алгасаад, цаг хугацааг хэмнээд явж байна даа. Эргээд би ч бас тийм ээж байхыг хүсдэг.
Миний хоёр хүү ганц ч зүйлийг ойлгохгүй бүү өнгөрөөсэй гэж бодно. Ойлгохгүй зүйлийг нь ойлгохыг хүссэн үед нь ойлгуулчихвал цаг хугацаа алдахгүй. Миний хувьд хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. Цаг хугацааг хий дэмий алдаж болохгүй гэж боддог. Гэхдээ дандаа юу гэж чононд хөөгдсөн хонь шиг явах вэ. Хүн цагийн сайн менежменттэй байх хэрэгтэй. Өөртөө болон гэр бүлийнхэндээ цаг гаргах хэрэгтэй, тархи толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй.
-Ямар хөгжим сонсох дуртай вэ? Хамгийн сүүлд сонссон хөгжмөө хэлэхгүй юу.
-Сүүлд нэг хүнтэй хамтарч “EQ” номыг орчуулсан. Түүнээс хойш олон зүйлийг амьдралдаа хэвшүүлж байгаа. Урьд нь тархи гэдэг эрхтнээ төдий л тоодоггүй байж. Ном орчуулснаасаа хойш тархиа хөгжүүлэхийг хичээдэг болсон. Тархийг тайвшруулдаг, тусгай долгион хэмнэлтэй аязууд байдаг юм билээ. Тэрийг сонсох дуртай. Бас сүүлийн үеийн залуу дуучдын дууг сонсох дуртай. Ойрдоо түгжрэлээс болоод их алхаж байгаа. Ажил, гэр хоёр маань ойрхон болохоор өглөө, оройдоо алхчихдаг юм. Сүүлийн үеийн хүмүүсийн амьдралын хэв маягийг хараад байхад хөнгөн, эвтэйхнээр, өөртөө стресс багатайгаар шийдчих юмыг хүндрүүлээд байгаа юм шиг санагдсан. Аягандаа цайгаа хийгээд уухын оронд аягаа заавал тавган дээр тавина гэдэг ч юм уу, халбагаар хутгана ч гэдэг юм уу нэг зүйлийг хэтэрхий олон аргачлалтай болгоод байгаа ч юм шиг. Зүй нь хөнгөн, амархан шийдчихэж болно. Гэхдээ энэ миний хувийн бодол шүү.
-Монголчууд яг ийм энгийн, хөнгөн амьдардаг байсан. Одоо бол түүнийг минималист хандлага гэж нэрлэж байна. Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхдийн хувьд тэднээсээ юуг өвлөсөн гэж боддог вэ?
-Хүн их сонин, хүнийг байхгүй болохоор нь л ухаан суудаг юм билээ. Эмээ маань намайг хамгийн дээдээрээ хайрладаг байсан юм билээ. Эмээ маань өнгөрөөд жил болж байна. Эргээд бодохоор, эмээ, өвөө хоёр минь хүнийг хайрлах ямар гарцууд байдаг, тэр болгоныг надад суулгажээ. Хоёрдугаарт, эмээ минь надад тэвчээрийг суулгасан байна. Эмээгийн минь өдөр бүр надад хэлдэг байсан “Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал” гэх юм уу, “Уруудахад унтах идэх Өөдлөхөд санах сэрэх” ... гээд зүйр үгүүд тэвчээртэй байх, бүх зүйлд ухаантай хандах хэрэгтэй, уурын мунхгаар юманд хандаж болохгүй гэдэгт сайн сургажээ. Бас байгаа орчиндоо цэвэр бай, цэмцгэр бай, олны дунд нийтэч бай, олонтойгоо бай гэх мэт олон дадал зуршил суулгасан байна. Би нэг үгийг дотроо боддог юм “Би ч яах вэ дээ, хүлээж сурсан хүн дээ” гэж. Хүн ямар ч зүйлд хүлээцтэй, тэвчээртэй хандах хэрэгтэй юм шиг.
-“Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч болохоо хэдэн жил хүлээсэн бэ?
-Загварын тайзан дээр анх алхсанаасаа хойш 18 жилийн дараа, хоёр хүүтэй ээж болсныхоо дараа энэ өргөмжлөлийг хүртсэн. Өнөөдөр ч өмсөж байна. Тууштай байдлын минь шагналд ирсэн үнэ цэнтэй өргөмжлөл. Би энэ шагналыг авсандаа бахархдаг.
-Анх тайзан дээр гарахад төрсөн догдлол топ модель болсон хойно өөрчлөгдсөн үү?
-Үгүй ээ. Яг л анхных шигээ л сандарсан хэвээр. Яагаад гэвэл... загвар үзүүлнэ гэдэг бол микрофон бариад дуулахгүй, загвар өмсөгчийн илэрхийлэх гэсэн санааг зөвхөн биеийн хэлээрээ, нүдний харц, толгой, гар, хөлийн гишгээ... энэ болгоноор үзүүлнэ гэдэг загвар өмсөгчөөс багагүй ур чадвар, мэдрэмж шаарддаг. Нөгөөтэйгүүр тухайн бүтээлийг үзээд сууж байгаа хэдэн зуун хүнд таашаал өгнө гэдэг мэргэжлийн ур чадварын маш том шалгуур.
-Тайзан дээр алхаж байгаа өмнө минь сууж байгаа Халиунаагаас хэр өөр бол?
-Өөр юм шиг байна лээ. Хүмүүс таньдаггүй шүү дээ. Манай ээж, эмээ, өвөө тоглолт үзэхээрээ “хүүш ээ, Халиунаа хаана гараад өнгөрчихөв өө?” гэдэг юм. Загварын хувцастай Халиунаатай харьцах хүмүүсийн харьцаа офис хувцастай сууж байгаа Халиунаатай харьцах харьцаанаас тэс өөр.
-Тэгвэл тэр загварын хувцастай Халиунаагийн дотор ямар хөгжим эгшиглэж байдаг бол?
-Би өөрийгөө тайван темптэй хүн гэж боддог юм. Хүүхэд байхад өөрийгөө нар шиг шар гэж төсөөлдөг байсан. Өвөөгийнхөө “шав шар хүүхэд” гэж хэлдэгт итгэчихгүй юу. Тэр үед лав миний дотор орос хүүхдийн дуунууд эгшиглэдэг байсан байх. Одоо бол харьцангуй уужуу тайван болчихоод байгаа гэж боддог. Би хэзээ ч тийм цоглог, доргисон ая сонсож байгаагүй.
-Чиний анзаарснаар чамтай үе тэнгийн залуу ээжүүдийн гаргаад байгаа алдаа юу байна?
-Би ингэж бодсон. Одооны хүүхдүүдийн хөгжил бидний үеийнхтэй харьцуулахад эрс өөр, хоёр гурван насаар түрүүлж байна. Тийм болохоор бид хүүхдүүддээ боломж олгох ёстой.
Нэг хүүхэд хэлсэн гэдэг. “Би гурван нас хүртлээ миний нэрийг Болохгүй гэдэг юм байна гэж боддог байсан” гэж. Тиймээс бид хүүхдүүддээ алдах боломжийг нь өгөх ёстой. Ангийнхантайгаа муудаж үзэг, сайдаж үзэг, хүн болгон алдаа гаргадаг, алдаж байж тэр зүйлээсээ сурдаг. Тэгэхгүйгээр, ээж нь утсаа алга болгож байсан юм, миний хүү утсаа алдаж болохгүй шүү гэж хэчнээн хэлсэн ч хүүхэд алддаг. Тэгэхээр утсаа алдвал ямар байдгийг мэдэх боломжийг олгоод дахиж хүсмээргүй зүйл байна гэдгийг мэдрэх эрхийг нь нээлттэй олгомоор юм шиг.
Бас нэг түгээмэл алдаа байна. Би өөр дээрээ ч анзаарсан. “Танай ангийн тэр... тэгээд болоод байхад чи яагаад ийм байгаа юм” гээд бусадтай жиших гээд байдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь “за за тэр чинь угаасаа мундаг хүүхэд, би мундаг биш юм чинь” гээд өөртөө итгэлгүй болчихож байгаа юм. Түүний оронд “Чи чадна аа миний хүү болно” гээд байхад заавал амжилтад хүрнэ. Ер нь хүнээр юм хийлгэх аргыг ээжүүд эзэмших л хэрэгтэй. Энэ техник гэр бүл дээр ч, ажил дээр ч адилхан чухал.
-Залуу гэр бүлийн хувьд гэртээ баримталдаг зарчим?
-Өөр гэр бүл чухам ямар байдгийг би сайн мэдэхгүй. Айлын амьдралыг гаднаас нь хараад дүгнэх боломжгүй шүү дээ. Миний бодлоор, айл гэрийн эхнэр, нөхөр хоёр ижил эрх мэдэлтэй байх ёстой юм шиг. Хүн бүхэнд өөрийн хязгаар байгаа. Хийх дуртай зүйлд нь хүн халдах эрхгүй л гэж боддог. Манай нөхөр тодорхой зүйлийг хийх дуртай. Тэрэнд нь би халдаад хэрэггүй. Тэр хүний орон зайг би хүндлэх л учиртай. Энэ нь ганцхан эхнэр нөхөр дээр биш гэр бүлийн гишүүн бүхэн дээр баримтлах ёстой зарчим. Жишээлбэл манай бага хүү динозаврт дуртай. Хүү минь тэр тоглоомоор тоглох дуртай байхад би заавал тэр орон зайд нь халдаад л “энэ ийм тэнэг, Юрийн галавт алга болчихсон зүйлийг сонирхох хэрэггүй” гэж болохгүй юм.
-EQ буюу сэтгэл хөдлөлийн ухааны тухай номыг та энэ хавар орчуулсан. Яагаад заавал энэ номыг орчуулахаар шийдэв?
-“Хүн болж төлөвших мэдлэгийг багаас нь олгоё” гэдэг бодол надад байсан юм. Нийгэм хүссэн хүсээгүй хүмүүсийг стресстүүлж байна. Надаас хамааралгүй зүйл намайг стресстүүлэхэд, хүн сэтгэлзүйгээ удирдах чадвартай байх хэрэгтэй.
EQ-ийн талаар сонсоод уншаад мэдээд ирэх тусам “энэ мэдлэгийг хүүхдэд олгох ёстой юм байна, олгох олгохдоо нийгмийн халамж үйлчилгээ тэгш хүрч чадахгүй байгаа захын хорооллын, амьжиргааны түвшин доогуур айлуудын хүүхдүүдэд олгох ёстой юм байна” гэж харсан. Хэчнээн ядарсан айлынх байлаа гээд ямар ч хүүхэд ирээдүйгээ гайхалтай гэгээлгээр хардаг. Хүүхдийн сэтгэл ямар сайхан цагаан билээ.
“Би ирээдүйд ийм гоё болно” гэж мөрөөдөж байгаа тэр сайхан сэтгэлд дэм өгөхгүй бол нас ахихын хэрээр гэрэл нь унтарна. Хүн амьдралд нь хэрэгтэй зүйл хэлсэн хүний үгийг мартдаггүй дээ. Яг тэрэн шиг хэрэгтэй байгаа үгийг нь хэлж, урам өгөхөд, тэгснээр тэр үгийг сонссон 300 хүүхдийн ядаж нэгнийх нь амьдралд нөлөөлөөд, хувь тавиланг нь өөрчилж чадвал миний энэ насандаа хийсэн буян тэр болно.
EQ бол их том сэдэв. Олон зүйлийн тухай ярина. Бид хүн байх гэж яриад байгаа. Хүн хүнээрээ байх, өөрийгөө сайн таньж мэддэг байх, өөрийгөө таньж мэдсэний дараа бусдыгаа ойлгодог байх... тэр зүйлийг л EQ ярьдаг. Манайд л саяхнаас ярьж эхэлснээс биш 1980-аад оноос яригдсан зүйл. Номоо орчуулах явцад олон газар гайхширч байсан. Яагаад гэвэл энэ нь монголчууд бидний хувьд шинэ зүйл биш. Бид эртнээс л хүн байхын ухааныг дэндүү сайн ойлгосон ард түмэн байсан. Түүний баталгааг хаанаас харж болох вэ гэвэл монгол ардын зүйр цэцэн үг, сургаал үгүүдэд байгаа.
-Ойрын зорилго чинь юу байна?
-Яг өнөөдрийн хувьд би Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд ажиллаж байна. Одоо хийж байгаа ажилдаа гаршихыг хүсэж байна. Хийж байгаа зүйлдээ эзэн байж чадаж гэмээнэ би үнэтэй капитал болно. Тийм болохоор өөрийгөө тийм болгож төлөвшүүлэхийг зорьж байгаа.
Том цар хүрээгээрээ авч үзвэл боловсролын тэгш бус, ялгаатай байдлыг арилгахын төлөө ажиллахыг хүсэж байна. Боловсрол гэдэг тухайн улс орны суурь. Өнөөдөр дунд сургуульд сурч байгаа хүүхдүүд бидний ирээдүй. Энэ хүүхдүүдийг зөв төлөвшүүлчихвэл улс орны маань ирээдүй өөр байна.
EQ номыг орчуулахдаа тусламж шаардлагатай байгаа хүмүүст, ялангуяа хүүхэд залууст үнэгүй олгоё, сургалт явуулъя гэж төлөвлөсөн байлаа. Харамсалтай нь Ковидоос болоод гацаад байна. Гэхдээ номоо хэвлүүлчихсэн юм чинь төлөвлөснөө хийж л таарна. Энэ бол нийгэмдээ иргэний миний зүгээс хийж байгаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
нээрээ л гадаадын бестселлер болоод байгаа номуудыг манайхан 2 хон мөр зүйр үгэнд багтаачихсан байдаг, санал нэг байна
овоо шүү