Британийн вакцин өндөр настнуудад үр дүнгээ өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн компани Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн коронавирусний эсрэг вакцин өндөр настнуудад дархлааны тогтвортой хариу үйлдэл үүсгэснийг вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар шат харуулжээ.

Туршилтад оролцсон өндөр настай оролцогчдын цусны шинжилгээний дүн вакцинд хамрагдсан 18-55 насныхантай ижил үзүүлэлттэй гарчээ.

Вакцин 55-аас дээш насны хүмүүст сайн дархлаа үүсгэсэн нь найдвар төрүүлж байна гэж Ноттингемийн их сургуулийн профессор Жонатан Болл онцолжээ. Гэсэн хэдий ч иммунологийн шинжилгээ эцсийн дүнд  вакцины аюулгүй байдал болон үр дүнг баталгаажуулдаггүй. Учир нь үүний тулд туршилтын бүхий л үзүүлэлт, мэдээллийг шинжлэн судлах хэрэгтэй гэнэ.

“AstraZeneca” компанийн вакцины эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтыг Их Британи, Бразил, Энэтхэг, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон Япон улсад хийж байгаа бөгөөд удахгүй АНУ-д дахин эхлүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top