Есөн цагт хуралдаж, Ерөнхий сайд мэдээлэл хийхгүй бол парламентаар яах юм бэ!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

Хуулинд захирагдаж амьдрах нь бидний нийгмийн дүрэм. Гэхдээ хуулиар олж авсан давуу эрхээрээ даналзах хүсэлтэй хүмүүстэй болчихвол хуульгүй байснаасаа ч долоон дор үр дагавартай. Тийм болохоор хууль батлах байгууллагыг ард түмэн сонгож аль боловсрол, мэдлэгтэй хүнийг хүмүүжил, итгэл даах талыг нь бодож илгээдэг юм. Ийм л энгийн дүрэмтэй.

Харамсалтай нь, бид сонгуулийг “том дарга” сонгох уралдаан мэтээр ойлгож ирсэн. Тухайн парламент ямар хуулийг яаж өөрчилж байгаа талаар бол ихэнх нь сонирхдог ч үгүй. Үүнээс шалтгаалаад хуулиар хулгай хийх боломжийг нээчих нь ч бий. Үнэр нь одоо ч арилаагүй байгаа гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал бол нэг л жишээ. Төрийн мөнгөөр халаасаа түнтийлгэсэн өчнөөн хүн суллагдсан шүү дээ. Сүүлдээ төрийн үйл ажиллагааг ч дампууруулж мэдэх нь. Тухайлбал, бидний төлөө “улайстлаа” ажиллана хэмээн өнгөрсөн зун итгэл өвөртөлсөн парламентын эрхэм гишүүд маань ихэнх монголчуудын адил өглөө 8.00 цагаас ажилдаа очихоос цааргалж байна. Өнөө феодлын нийгэм маань л сэргэж байгаа юм уу даа. Ардын хувьсгалаас өмнө ноён хүн ажил хийх ёсгүй гэж үздэг тул урт нударгатай дээлтэй байсан юм гэнэ лээ. Одоо жаахан тодорхой яриад явъя.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламент жилд 75-аас багагүй өдөр чуулдаг болж байгаа. Ирцийн асуудал, хууль батлах дээр ч өндөр босго тавьж өгсөн. Энэ бол парламентын хариуцлагыг чанаржуулж байгаа асуудал мөн. Мөн чуулганы хуралдаан 9.00 цагт эхэлдэг байв. Тэгвэл одоо чуулганаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 9.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж оруулжээ. Өдрийн найман цаг ажиллах сонирхолгүй байгаагийн жишээ бол энэ. Ийм марзан заалт дэмжигдээд явж байгаа шүү. Чуулганы хуралдаанд хуулийн төсөл ахалсан гишүүд л эрт ирж бэлддэг байж магадгүй. Түүнээс биш бусад нь цагтайгаа уралдаад л орж ирж байгаа харагддаг. Тэгж яривал чуулган, Байнгын хорооны хуралдаан ихэвчлэн товлосон цагаасаа  хоцордог юм.

Чуулганы эхлэх цагийн тухай асуудал бол бага зүйл. Хамгийн ноцтой нь нэмэлт, өөрчлөлтийн төсөлд дурдсанаар УИХ-ын дэгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.10 дахь хэсэгт “Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд өөрөө хийнэ. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүний томилсон Засгийн газрын гишүүн мэдээлэл хийж болно” хэмээн оруулна гэжээ. Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох эрх нь УИХ-д хадгалагддаг. Төрийн эрх барих дээд байгууллагын хувьд УИХ аливаа асуудлаар Засгийн газрын тэргүүнийг чуулган дээрээ дуудаж авчраад “хосыг нь шувтарч” байх ёстой. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаантай бол Ерөнхий сайд очиж мэдээлэл хийх шаардлагагүй болгох нь байна. Хүндэтгэн үзэх шалтгааныг хэрэгтэй бол зохиогоод ч байсан болно. Одоо тухай нь эдийн засгийн үзүүлэлтүүд уруудаж, УИХ дээр баахан хэл ам гараад Ерөнхий сайдын мэдээллийг сонсох гэтэл өнөөх нь “бие чилээрхсэн” эсвэл “уулзалттай” гэж булзаад Соёлын сайдаа томилоод явуулчихаж болох нь ээ. Ингэж дампууруулж УИХ-ыг үл тоох нөхцөлийг хуулиар бүрдүүлж болох уу. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлөхөөс эхлээд олон эрх олгосон юм. Энэ эрх дээрээ нэмээд УИХ-д байцаагдахаас зайлсхийх боломжийг нэмчихвэл Ерөнхий сайдын засаглалтай орон болж хувирахгүй юу.  Хэрэв ингэх гэж байгаа бол Үндсэн хуулиар тунхагласан парламентын засаглалаасаа ч татгалзах хэрэгтэй. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог дүрэм намуудад бий. Энэ бол хариуцлага үүрүүлж байгаа хэлбэр юм. Түүнээс биш дарга төвтэй болох гэсэн хэрэг биш гэдгийг парламентын шинэ гишүүд мэддэггүй юм гэхэд хуучин гишүүд нь яагаад  хэлж ойлгуулахгүй байна вэ.

Түүнчлэн тус хуулийн төсөлд тусгаснаар бол Дэгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 18.6-д заасны дагуу тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч тухайн зөрчилтэй нь холбогдуулан уг гишүүний хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасч болно” гэсэн байгаа юм. Энэ бол тэр чигтээ эрх баригчдад ашигтай заалт. УИХ-д өнөөдөр АН 11, ХҮН нэг, МАХН нэг гишүүнтэй, нэг бие даагч байна. Ийм үнэмлэхүй цөөнхийн төлөөлөл үг хэлэхдээ хурц ширүүн шүүмжилж болохгүй болох нь ээ. Хоёр сарын өмнө УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулган даргалж байхдаа Б.Пүрэвдорж гишүүнийг өөрт нь таалагдахгүй зүйл ярилаа гээд чуулганы хуралдаанд суух эрхийг нь хасаж байлаа. Цөөнхийн дуу хоолойг хавчихыг одоо бүр нарийн хуульчлах гэж байгаа бололтой. Хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэдгийг яаж ч тайлбарлаж болохоор байна. Тэртээ жил Л.Гүндалай УИХ-ын даргын ард цаасан дээр үг бичиж өргөөд чирүүлээд бууж байсан юм. Үнэмлэхүй олонхийн эсрэг байгаа цөөнхийн зовлон их. МАН хоёр дараалан үнэмлэхүй ялалт байгуулсандаа жаахан эрдээд байгаа бололтой. Тэдний ээлж ч удахгүй ирэхийг хэн байг гэх вэ.

Саяхан чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дээр дурдсан асуудлуудаар үг хэлсэн байна лээ. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн наад цаадахыг мэдэж байгаа байх. Тэрбээр “Энэ хуулийн өөрчлөлтүүд чинь сөрөг хүчний 14 нөхөрт зориулагдсан. Хөөж гаргана, аятайхан бай, дуугуй бай гэсэн агуулгатай сонсогдоод байх юм. Ийм юмаар ноцолдож цаг аваад яах вэ. Та нарт лав хөөгдөнө гэж байхгүй байх. Өглөө 09.00 цагт чуулган эхэлдгийг 10.00 болгоно гэжээ. Тэгж байгаад дахин нэг нартай өдөр 11.00 цаг болгоно, тэгээд дампуурдаг юм. Сонгогчдын өмнө хэдүүлээ эх орныхоо төлөө зүтгэнэ гэж ярьсан юм чинь, чуулган эхлэх цагийг битгий 10.00 болго л доо. Ингэвэл сулрахын шинж шүү. Мөн Ерөнхий сайд гуай өөрөө энд орж ирж мэдээлэл хийхийг битгий алга болго. Олон хавар нэгэндээ гэдэг. Нэг тийм жишиг тогтонгуут Ерөнхий сайд ажилтай, орыг нь тэр нөхөр орлоно гэсэн юм тогтоно. Тийм учраас Ерөнхий сайд заавал өөрөө мэдээлэл хийх ёстой. Сар бүрийн нэг дэх, гурав дахь долоо хоногт Ерөнхий сайд өөрийн биеэр мэдээлэл хийнэ гэж хуулиндаа ч байна шүү дээ” гэж байна лээ. Тийм болохоор төрийг төвшин байлгана гэж найдаж ард олон сонгосон эрх баригч намын 60 орчим гишүүнээс асууя. Есөн цагт хуралдаж, Ерөнхий сайд мэдээлэл хийхгүй бол парламентаар яах юм бэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MATILDA(197.234.221.219) 2020 оны 10 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Irgen.(70.181.124.42) 2020 оны 10 сарын 30

Iim huuli Batlah geed suuj baidag hamgiin dampuural gehees uur yu be dee.MAN iin dampuural yalzral boljee.ih hurliig taraahaar songuuli hiicgeeye

1  |  1
Top