Нүүрс тээврийн зам дагасан хаягдал дугуйг ХОГ биш МӨНГӨ болгоё

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28


Хог хаягдал гэдэг ойлголт бидний амьдралд өдөр тутам таардаг жирийн л зүйл мэт боловч угтаа бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах язгуур эрхтэй холбоотой том сэдэв юм.

Монгол Улс Хог хаягдлын тухай хуультай. Хуулийн зорилт нь:

Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гээд заачихсан байдаг.

Тэгвэл манай улс минут, секундээр нэмэгдсээр байдаг хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хал багатай байх чиглэлд дорвитой ажил хийж чадаж байгаа юу гэдэг асуудал зайлшгүй тавигдана.

Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1.3 сая тонн хог хаягдал үүсдэг гэсэн  тоо байна. Орон нутгийн нэгдсэн үзүүлэлтийг нэмбэл энэ тоо өшөө өснө. Хог хаягдал олон төрөл.

Тэрдундаас хаягдал дугуйн асуудлыг энэ удаад хөндөе. Судалгаанаас харахад жил бүр нэг сая орчим дугуй хаягддаг гэх мэдээлэл байна.

Статистик харахад, Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 2019 онд нийт 1,043,028 болж өмнөх оныхоос 72,210 тээврийн хэрэгсэл буюу 7,4 хувиар өссөн байсан. Үүнээс 934,510 буюу 89,5 хувийг автомашин эзэлж байна.  Нийт тээврийн хэрэгслийн 568,866 буюу 54,5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй, 474,162 буюу 45,5 хувь  нь орон нутагт бүртгэлтэй байна.

Үүнээс харахад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1 сая шахам аж. Хөдөлгөөнд оролцож буй автомашины дугуй элэгдэж, хагарч хаягдал болох процесс байнга л болж байдаг учраас жилд 1 саяас илүү тооны хаягдал дугуй хог болдог гэж харах үндэслэл байгаа юм.

Гол нь хаягдал дугуйг дахин боловсруулж, хүн болон орчны аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах нь чухал. Хаягдал дугуй нийслэлийн хувьд чухал шийдвэрлэх ёстой хог хаягдал болохоос гадна орон нутагт, тэрдундаа нүүрсний тээврийн гол бүс Өмнөговь аймгийн хувьд ч чухал сэдэв юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрсний  тээвэрт явдаг 14 мянга гаруй  хүнд даацын автомашины жолооч нар дугуйн хаягдлаа замын хажуугаар хаядаг.

“Эрдэнэс Монгол” компани 2017 онд хог ангилж хаях цэгүүдийг байгуулж, тээвэрлэлт хийж буй жолооч нар өөрсдөө санал санаачлага гарган, зам дагуух хогийг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлдэг болсон гэсэн мэдээлэл байсан.

Коронавируснээс шалтгаалан нүүрсний экспорт буурсантай зэрэгцэн хаягдал дугуй багассан ч экспорт сэргэсэнтэй холбоотойгоор эргэн нэмэгдэж байгаа аж.  Нэг ёсондоо нүүрс тээврийн зам дагуух хаягдал дугуйн цэгүүд ШИЙДЭЛ  хүлээсэн хэвээрээ байна.

Уг нь хаягдал дугуйг хүн болон байгаль орчинд халгүйгээр дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй 10 гаруй  компани Улаанбаатарт бий. Тэдгээр компаниудын хувьд хог хаягдлыг дахин боловсруулах технологи, туршлага, боломж нь байгааг хэлэх нь зөв байх.

Дахин боловсруулсан эко бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэрдундаа хаягдал дугуйг дахин  боловсруулж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтан  үйлдвэрлэх чиглэлээр 12 жил ажиллаж буй  “Инархис” ХХК захирал Н.Мөнхбаяр “Өглөөний сонин”-д өгсөн  тодруулгадаа:

-Төр засгаас бодлогын түвшинд дэмжээд явбал ямар ч асуудал алга. Жишээлбэл, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын дэмжлэгээр манай үйлдвэр 2019 онд 18 цэцэрлэг, 2020 онд 13 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтыг хаягдал дугуйг дахин боловсруулсан хавтангуудаа ашиглан хийж гүйцэтгэсэн. Энэ мэтээр үндэсний эко бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжээд явбал хамгийн том тус юм. Энэ бол зөвхөн 31 цэцэрлэг хүүхдийн тоглох талбайтай болсон юм биш. 18 цэцэрлэг тохижуулахад бид 250 мянган дугуйг устгасан. 13 цэцэрлэг тохижуулахад 200-аад мянган дугуйг устгасан. Нийт 31 цэцэрлэг тохижуулахад 500 мянган дугуйг устгажээ. Ийнхүү байгалиа цэвэрлэж, дугуйн хаягдлыг устгаж, зөвхөн 18 цэцэрлэгийн талбайг тохижуулахад 9532 хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах сайхан орчныг бүрдүүлж байгаа юм” гэсэн байсан.

Мөн тэрбээр хаягдал дугуйн үйлдвэрийнхээ талаар “Энэ үйлдвэрийн арга технологи дэлхий дээр аль 60 жилийн өмнө л бий болчихсон. Тэр дагуу л Герман технологийг манайх үйлдвэртээ нэвтрүүлээд 11 төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Энэ нь бүгд хүний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хагарахгүй, хөлдөхгүй, ялзрахгүй, уян хатан, дуу чимээг намсгах гээд олон давуу шинжтэй. Жишээлбэл, Солонгос, Хятадад манайхаас үйлдвэрлэж байгаа резинтэй яг адилхан материалаар явган замыг хийдэг. Бид дотоодоос 100 хувь түүхий эдээ бэлтгээд, насан туршийн баталгаатай шалавч, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүн хэрвээ үйлдвэрийн технологиос шалтгаалаад ч юм уу элэгдэх хугарах тохиолдолд дахин бутлаад, дахин ашиглах боломжтой л гэсэн үг. Байгуулагдсан цагаас хойш 8,000,000 гаруй дугуйг байгальд ээлтэй аргаар устгаж, дахин боловсруулсан. Хаягдал дугуйг шатааж, булж, ил задгай хаяж болохгүй. Ингэснээр хор уршиг маш их. Жишээлбэл, нэг дугуйг шатаахад 14 жил тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт утаа гардаг” гэсэн байгаа юм.

Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй хаягдал дугуйг дэлхийн технологийн дагуу дахин боловсруулж, иргэддээ, эдийн засагт ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудын төлөөлөл болох тус компанийн үйл ажиллагаатай гурван жилийн өмнө Нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцаж байсан байдаг.

Тэр үед Н.Мөнхбаяр захирал  “Бид өөрсдөө дугуй засварын газруудаар явж, хаягдал дугуйг худалдаж авдаг. Байршлаас нь шалтгаалаад 150-350 төгрөгийн үнэтэй байна. Манайхтай ижил хоёр ч үйлдвэр байгуулагдсан ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Энэ нь борлуулалттай холбоотой. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерт ихэвчлэн БНХАУ-аас хавтан оруулж ирдэг аж ахуйн нэгж шалгардаг. Шалтгаан нь үнэ нь хямд. Тухайн бүтээгдэхүүн нь чанаргүй байсан ч тендерийн хуулиар хамгийн хямд үнэ санал болгосныг нь шалгаруулдаг. Би анхандаа бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг байсан бол одоо насан туршийн баталгаа өгдөг болсон. Манай бүтээгдэхүүнээр барьсан хүүхдийн талбайн хавтан гэмтлээ гэхэд бид үнэгүй солиод өгнө. Гэмтсэн хавтанг үйлдвэртээ авч ирээд дахин боловсруулах юм. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нийслэлийн удирдлагууд ч гаднын чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй” хэмээн үгээ хэлж байсныг эргэн сануулъя. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би эх орондоо хайрта(66.181.186.215) 2020 оны 10 сарын 29

Хаягдал дугуй боловсруулах үйлдвэрүүдийг УБ хотоос гаргаж орон нутагт нь ажиллуулья аа. Төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү. Тухайлбал, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг.

0  |  0
зочин(203.91.115.54) 2020 оны 10 сарын 28

... нэмбэл энэ тоо өшөө өснө. ??? ингэж бичихгүй ээ!!! Өшөө гэж юу гэсэн үг болохыг тайлбар толиос хараарай. Хар яриа, бичгийн хэл хоёр хоорондоо их ялгаатай шүү. Бичгийг соёлд суралц.

0  |  0
Top