Сансрын “Perseverance” хөлөг Ангараг хүрэх замынхаа талыг туулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

 

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Perseverance” сансрын хөлөг Ангараг гараг хүрэх замынхаа хагасыг амжилттай тууллаа гэж НАСА агентлаг мэдээлжээ.

Хэрэв хоёр гарагийн хооронд шулуун шугам татвал өдгөө “Perseverance” Дэлхийгээс 43 сая км зайд, Ангараг гарагт 29 сая км зайд ойртоод байна гэж НАСА агентлагийн Тийрэлтэд хөдөлгөөний лабораторийн төлөөлөгч Жули Кангас ярьжээ. Гэвч сансрын хөлөг улаан гараг руу шулуун шугамаар бус тусгай тойрог замаар нисэж байгаа аж. Ингэснээр сансрын хөлөг түлшээ хэмнэж, Ангараг гарагт хамгийн тохиромжтой хурдаар ойртох боломжтой юм. Одоогийн байдлаар, сансрын хөлөг 235 сая км замыг туулаад байгаа нь нийт туулах зайн тал нь гэсэн үг юм. Нислэгийн үеэр сансрын хөлгийн багаж, төхөөрөмж болон Ангараг гараг дээр аваачих туршилтын “Ingeniuity” нисдэг тэргийг амжилттай туршсан байна. Бүх багаж, төхөөрөмжүүд эрдэм шинжилгээний даалгаврыг биелүүлэх бүрэн боломжтой гэнэ.

“Perseverance” сансрын хөлгийг энэ оны долоодугаар сарын 30-нд хөөргөсөн бөгөөд Ангараг гарагийн экваторын бүсийн Йезеро тогоо орчим 2021 оны хоёрдугаар сард газардах ёстой. Сансрын аппарат улаан гарагийн чулуулгийн бүтцийг судлахаас гадна дээжийг нь тусгай саванд цуглуулах даалгавартай. Эдгээр дээжийг Дэлхий рүү авчрахын тулд НАСА, Европын сансар судлалын агентлагийн хамтран 2026 оноос хойш сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top