Д.Батсайхан: Суралцахуйн мөн чанар, хандлагын илэрхийлэл нь STEAM сургалт байдаг

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Ярилцсан О.ШИНЭТУЯА

Ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан хэмээх эрхмийг урьж, Ерөнхий боловсролын хөгжлийн чиг хандлагын асуудлаар ярилцлаа. Тэрбээр салбартаа “Математик сонгоны Батсайхан багш” хэмээн хүндлэгддэг, сургуульдаа мэдээллийн технологийн ухаалаг хэрэглээний үлгэр жишээ орчинг бүрдүүлж, хийсэн бүтээсэн бүхнээс нь  хүүхдийн төлөө гэсэн сэтгэл ханхалсан эрхэм билээ.


-“Bloomberg TV Mongolia”  сувгаар “Оюунлаг” дунд сургуулийн   талаарх  сонирхолтой нэвтрүүлэг гарч, сошиал орчинд олон хүний хандалт авч буйг хараад “Шинэчлэл өөрчлөлтийн төлөө тэмүүлж буй ийм сургууль олон болоосой” гэж бодогдсон юм. Та “Манай залуус”, “Манай баг” гэж их ярих юм аа...

-Тийм шүү. Би ганцаар юу хийж чадах билээ. Харин хамтарч хийвэл шийдэл гарц нь, бүтээмж нь өндөр  байна шүү дээ. Нөгөө талаас дээд үе нь доод үеэ “Одоогийн залуус тэгж, ингэж чадахгүй. Бидний үед ингэдэг байлаа” гэж их ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Харин ч дараа үе нь өмнөх үеэсээ заавал илүү байдаг хүн төрөлхтний тогтсон амьдралын үнэн байсаар байхад, хэн хэнтэйгээ мэтгэлцэх шаардлагагүй  биз дээ. Ийм ч учраас сургуульд маань шинэ цаг үеийн эрдэмлэг, “Оюунлаг”, хийж бүтээх хүсэлтэй, чадварлаг залуусын эрч хүчтэй баг бүрдэж байна. Энэ бол “Оюунлаг” сургуулийн өнгөтэй өөдтэй явах, шинэчлэлт өөрчлөлтийн маань гол тулах цэг. Тэднийг бодлогоор зангидаж, ажиллах боломж, нөхцөлөөр нь сайн хангаж, дэмжиж чиглүүлэх нь хамгийн чухал хүчин зүйл. Манай хамт олон юуны өмнө олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага аль зүгт ямар түвшинд явж байна, түүнээс хэрхэн суралцаж хамтдаа хөгжих бололцоо байгаад гол анхаарлаа хандуулж ирлээ.

-Боловсролын үйлчилгээ, чанар, хүртээмжээ дээшлүүлэхийн тулд ямар бодлого явуулж байгаагаа танилцуулахгүй юу?

-Тоон мэдээлэлд суурилсан техник, технологийн  ухаалаг хэрэглээ өнөөдөр бидний өдөр тутмын энгийн хэрэглээ болон хувирч буйг бид алхам тутамдаа харж байна. Технологийн дэвшлээс үүдэж боловсролын аль ч түвшинд үзэл бодол, гүйцэтгэх чиг үүргийн болон суралцах хандлага, агуулга, арга зүй гээд өөрчилж шинэчлэх шаардлагатай олон зүйлийн жагсаалт хэдийнэ  бий болжээ. Ийм ч учраас манай сургуулийн хувьд үндсэн суурь программ хангамж, дотоод  сүлжээ, дата сервер, анги танхим бүрт ухаалаг цахим шийдлийн орчинг үүсгэх зэрэг олон асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэхийн тулд  “Оyunlag school innovation” төслийн 3-р шатны ажлаа амжилттай хийж  дуусгалаа. Мөн математик, физик, хими, газар зүйн хичээл сургалтыг олон улсын жишиг түвшинд хүргэх зорилгоор “Singapore  education innovation” төслийг 4 жилийн хугацаанд гүйцэтгэж үр дүнгээ үзэж эхэллээ. Нийгмийн ухааны хичээлийн чиглэлээр “ОБСТ” төсөл, ажлын бүтээмжийг дээшлүүлэх “5С” цогц хөтөлбөр, сурагч бүрийн төрөлхийн байгалийн өгөгдлийн “Resеarch student” зэрэг нийт 8 төсөл, хөтөлбөрийг өөрсдөө санхүүжилт босгон хэрэгжүүлж байна.

-Сургууль, боловсролын үйлчилгээ цаг үеэсээ хоцрогдсон, түүнийг зайлшгүй  шинэчлэх шаардлага хэрэгцээ байгаа гэдгийг  та ямар үндэслэлээр дүгнэж байна?

-Мэдээллийн технологийн хөгжлийн эрин үед амьдарч ажиллах хүүхэд багачуудад  зориулсан боловсролын үйлчилгээг өгч байгаа гэдэг утгаараа XVIII зууны үеийн сургалтын систем зохион байгуулалтаар, XIX зууны үеийн сургалтын агуулга, хөтөлбөр, судлагдахуунаар, XX зууны үеийн үнэлгээ, арга зүйгээр үйлчилсээр байж болохгүй биз дээ. Тэд чинь хөгжлийн шинэ эрин үед амьдрах, төрөлхийн өөр чадамж, эрэлт хэрэгцээ, сонирхолтой, сургалтын элементарчлал, интеграц, праг-матик, тоон өгөгдөл дээр суурилсан цахим ухаалаг хэрэглээ бүхий сургалтын  агуулга  шаардсан, технологийн хэрэглээ нь энгийн зүйл болсон  “Z”, “Альфа” үеийнхэнд үйлчилж байгаагаа хүссэн ч үл хүссэн ч бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

-Монголын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд  боловсролын сүүлийн үеийн ололт гэж хэлж болох  “STEAM” сургалтын талаар ямар хандлагатай байгаа вэ?

-Энэ чиглэлээр Монголын боловсролын салбарт ойлголт бага. Их, дээд  сургуулиуд, Боловсрол судалгааны хүрээлэнгүүдэд маань энэ чиглэлээр судалгаа шинжилгээ явуулах санхүүгийн болон мэргэшсэн боловсон хүчний боломж, гарц нь нээгдээгүй байна шүү дээ. Иймээс дээрх байгууллагууд уламжлалт судалгааныхаа чиглэлийг өргөтгөж шинэчлэхгүй бол цаг үеийнхээ өмнө биш хойноос дагалдагч болж, боловсролын бодлогыг тодорхойлоход туслах биш суралцагчийн статусаар л явсаар байх биз ээ.

Тогтооно гэдэг ойлгохын эхлэл

Ойлгоно гэдэг бодохын эхлэл

Бодно гэдэг сэтгэхийн эхлэл

Сэтгэнэ гэдэг үйлдэхийн эхлэл

Үйлдэнэ гэдэг хийхийн эхлэл

Хийнэ гэдэг суралцахын эхлэл

Суралцана гэдэг бүтээхийн эхлэл

Бүтээнэ гэдэг оршихын эхлэл

Орших гэдэг хандлагын эхлэл

Хандлага гэдэг дэвжихийн эхлэл  шүү дээ
 


-Эрх зүйн хувьд танай сургууль STEAM сургалтыг хөтөлбөртөө оруулаад явах боломжтой юу?

-Улсын хэмжээнд мөрдөгдөж буй сургалтын хөтөлбөр, эрх зүйн бичиг баримтад энэ талаар тусгагдаагүй,  хичээл сургалтыг албан ёсоор хөтлөн явуулах боломжгүй л дээ. Энэхүү сургалтын технологи нь өөрөө нас залуу, нарийвчлан судлагдаж амжаагүй, тусгайлан бэлтгэгдсэн хүний нөөц дутагдалтай байгаа хэдий ч дэлхийн мэргэжил нэгт чиглүүлэгч, зөвлөгч, хамтран ажиллагсад алхам тутамд байна. Дэлхий хавтгайрч даяаршсан, хил хязгаар үгүй болсон мэдээллийн технологийн эрин үед амьдарч байгаагаа бид ойлгох хэрэгтэй. Амьдрал дээр заримдаа мэргэжлийн болон хяналтын байгууллагууд дарамт шахалт,  утга учиргүй  дүрэм журмаар сүрдүүлж л байх юм. Манайх хувийн сургууль учраас сургуулийнхаа сургалт, хүмүүжлийн ажлын бодлого, чиглэлийг бид өөрсдөө төлөвлөж, өнгө төрхийг нь тодорхойлж байгаа. Энэ бидний давуу тал.

-Танайх сургалтдаа олон улсын чиг хандлагыг түлхүү барьж явдаг гэж ойлгож болох уу?

-“Оюунлаг” сургууль бол Монголын хувийн дунд сургууль учраас Монгол Улсынхаа сургалтын хөтөлбөр, стандартыг  үзэж судлах  үүрэгтэй, нөгөө талаас сургалтын агуулга, хөтөлбөрөө төгс төгөлдөр болгохын тулд дэлхийн чиг хандлагаас суралцах боломж нээлттэй. Дэвшилтэт техник технологиор дэмжиж байж бид өнөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадна гэж ойлгож байна. Түүнээс бодлого нь үргэлж өөрчлөгддөг, агуулга нь тогтворгүй, гүйцэтгэх арга механизм муутай галт тэргээр бид хол явахгүй нь тодорхой. Өнөөдөр боловсролын салбар ийм л өнгө төрхтэй байна. Ийм л нөхцөл байдлаас бага боловч хөндийрч, урагш алхахын тулд олон улсын том том институт, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судалгааны үр дүнд бий болж, амьдралд туршигдсан, зохих зөвлөмжүүд нь гарч, практикт хэрэглэх үүд хаалга нь нээгдсэн  шинэлэг зүйлийг бид сургалтад нэвтрүүлэх, үр дүнг нь үзэхийн төлөө зүтгэж явна.

-Дунд сургуулийн сургалтын агуулга, арга зүй, сурагчдын суралцах  чиг хандлага хөгжлийнхөө аясаар өөрчлөгдөн хувьсаж байгаагийн нэг илрэл нь STEAM сургалт байх. Энэ талаар та санал бодлоо хэлнэ үү...

-Математик, физик, хими, инженерчлэл, анагаах гэх мэт шинжлэх ухааны салбаруудын хатуу тогтсон хил хязгаар цагийн эрхээр улам бүдгэрч арчигдахын зэрэгцээ тэдгээрийн уулзвар хэсгийн нийлмэл цогц  байх шинж чанараар тодорхойлогдох боллоо. Олон төрлийн хичээл биш судлагдахууны агуулга, бүтцээс шалтгаалсан нийлмэл шинжтэй цомхон цөөн тооны хичээлүүд бий  болгох чиглэлээр Австрали, Солонгос улсуудад өндөр түвшний судалгаа, туршилтууд явагдаж, үр дүнд хүрч эхэллээ. Өөрөөр хэлбэл хэт онолын, хэрэглэж ашиглаж болдоггүй, гүйлгээнд ордоггүй царцанги мэдлэг биш харин салбар хоорондын мэдлэгүүдийн хоорондын шүтэлцээ, уялдаа холбоо, учир шалтгаанаар онолын ойлголт мэдлэг бэхжиж, математик тооцооллоор загварчлагдаж, хийж бүтээх урам зориг, инженерийн ажлын эв дүй, ур чадвараар биежиж, өнгө үзэмж, зураг дүрслэл, уран сэтгэмжээр бодитой бүтээл төрж гарахыг STEAM сургалт гэж ойлгож болно.

Энэхүү цогц ажлын явцад үр өгөөжтэй хэрэгцээт мэдлэг өгөгдөхийн зэрэгцээ судлах, төлөвлөх, хийж бүтээх эв дүй, ур чадвар бүрэлдэн бий болно. Үүнийг л  мэдлэг үнэ цэнэтэй байх, одоо ба ирээдүй цагийн  суралцахуйн мөн чанар гэж ойлгож байна. Энэ үзэл баримтлалын гол илэрхийлэл нь STEAM сургалт.

-Танайх STEAM сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг аль улсаас сонгон авч байна?

-2017 оноос эхлэн сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүн, техник технологи, физик, байгалийн шинжлэлийн  үндсэн ойлголт  агуулга, электроник, кодчилол, программчлалын асуудал бүрэн шаталбартай байх гэх мэт олон шаардлага тавьж байж 10 гаруй сонголтоос БНСУ-ын Сөүлийн их сургуулийн дэргэдэх “STEAM” Боловсролын Сургалт судалгааны төвийн 1-12-р ангийн иж бүрэн хэрэглэгдэхүүнийг  хөтөлбөр, арга зүйн материалын хамт авч сургалтдаа хэрэглэж байна. Мөн ХБНГУ-ын Fisher tech-ийн 10 төрөл, Австрали  улсын кодчилол роботын сургалтын хэрэглэгдэхүүнээр үндсэн  баазаа өргөтгөсөн. Цаашдаа ч I-STEAM, STREAM сургалтын чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

-“STEAM”-ээс өөр бусад хандлага, хөгжүүлэлт байдаг талаар та дурдлаа. Энэ талаар тодруулна уу...

-Олон улсын дунд сургуулиудад 1970-аад оны үед хичээл хоорондын холбоо, 1980-аад оны үед мэргэжлийн чиг баримжаа олгох, 1990-ээд онд физик, хими, газарзүйн хичээлүүдийн агуулгыг нэгтгэн “Байгалийн шинжлэл” гэсэн нэршлээр, 2000-аад онд STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн нэгдмэл судлагдахуун гэсэн үзэл баримтлалаар  үзэж ирсэн. Харин боловсрол хөгжсөн улс орнууд 2010-аад оноос энэхүү үзэл баримтлалдаа шүүмжлэлтэй хандаж STEAM буюу  A-г нэмж  урлаг, дизайн, өнгө, зураг зүй, загварчлал гэсэн өнгө аясыг оруулж байж инженерчлэлийн  шийдэл бүхий төгс бүтээл болно гэж хувиргалаа. Одоо Канад болон Англи улсууд  STREAM буюу R-г оруулж судлагдах ёстой онолын агуулга, мэдлэгийг уншиж судлах, баталгаатай тайлбар яриа гэсэн утгаар нь туршиж байна. Мөн Израиль улс I-STEAM буюу инновац  хувиргалт, өөрчлөлт, боломжит хувилбар, шинэчлэл гэсэн утгаар нь нэмэлт функцууд оруулж, шинэчлэлийн хөтөлбөрийг туршиж улсынхаа хэмжээнд нэвтрүүлж эхэллээ. Тэд сургалтын төвүүдийг олноор байгуулж, сургалтынхаа бодлогод дараах үндсэн чигийг барьж байна.

-Энэхүү сургалтын сурагчдад өгөх боловсрол, хүмүүжлийн  үр өгөөж, ач холбогдол нь юу вэ?

-Би  өмнө нь ихэвчлэн мэдлэг, ойлголт талаас нь ярилаа. Харин хүүхдэд  нөлөөлөх хүмүүжил, төлөвшлийн хүчин зүйл талаас нь авч үзвэл тодорхой  ТӨСӨЛ-д  тулгуурлаж  өгөгддөг учраас  хийх ажлын зорилго тодорхой, бүтээлчээр хандах боломж ихтэй байдаг. Иймээс ажлаа төлөвлөх, гүйцэтгэх, үнэлэх, өөрийн байр сууриа таньж бусдыг ойлгоход суралцаж байна. Мөн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, нээлттэй  болоход нь дэм болж байна. Бодитойгоор хийж буй зүйлээ урлаг, дизайнтай холбож, өнгө үзэмж, зориулалт, аюулгүй  байдлын талаар үзэж, урлагийн мэдрэмжийг нь дэмжихэд тусалж байна. Бүтээх явцад зарим нэгэн зүйлийг өөрчилснөөс үүдэн гарах үр дагавар, өөрчлөлт, хувиргалт зэрэг бүтээлч чадваруудыг дэмждэг. Улмаар шинжлэх ухаан, салбар хоорондын мэдлэгүүдийг бодитоор  ухаарч ойлгох, статистик дүн шинжилгээ хийх математик чадвар, программ хангамжийн талаарх мэдлэгийг өгч байна гэх зэргээр олон хүчин зүйлийг дурдаж болно.

МЭДЛЭГ ХЭДИЙ ЧИНЭЭ ТАЛ БҮРИЙН ӨГӨГДӨЛТЭЙ, УТГА УЧИРТАЙ, ХЭРЭГЛЭЖ АШИГЛАЖ БОЛДОГ БАЙХ ТУСМАА ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙДАГ

-Дунд сургуульд үздэг математик, мэдээлэл зүй, хими, физик зэрэг хичээлүүдээр олж буй мэдлэг нь STEAM сургалтыг дэмжиж, хүүхдэд үзүүлэх нөлөө их байдаг талаар дурдлаа. Харин мэдээлэл зүйн хичээлийн агуулга STEAM сургалтын  уялдаа холбооны талаар?

-STEAM сургалттай зэрэгцэн бусад хичээлүүд болох хими, физик, математик, зураг зүй, мэдээлэл зүйн боловсролын агуулга судлагдаад л явна. Нөгөө талаас мэдээлэл зүйн боловсролын үндсэн суурь ойлголт  болох Uaro-1-4 загварууд дээр блок өрөх замаар алгоритмын дараалал, биелэлт, тэмдэглэгээнд суралцана. Улмаар алгортмын зохиомж, төрөл, тэмдэглэгээ, программчлалын үндсэн хэлэнд Robo kids-1-3 хэрэглэгдэхүүний карт дахь үйлдлээр дамжуулан үндсэн ойлголт бичиглэлийг эзэмшинэ. Мөн компьютер, таблет дээр график блок үйлдлийг үүсгэх зэргээр программчиллын анхан шатны хэлэнд тайлагдаж, кодоос алгоритмчлах үндсэн арга техникт суралцана. Ингэснээр ул суурьтай хөрсөн дээр ургамал тарихад хялбар болно. Ийм л үржил шимтэй хөрс бий болгож өгөөгүйгээс боловсролын үр өгөөж мууддаг шүү дээ. Үүний дараа кодлох гайхамшигт ертөнцөд орж  Scratch программчлал ашиглан энгийн тоглоом, анимейшн бүтээнэ. Алгоритмын блок схем, кодчиллоос алгоритмын алдааг олох, алгоритмчиллын үндсэн харилцааны СИ хэлийг үзэж улмаар объект хандалт, вэб технологи түүний текст, хэлбэр зохиомж, өнгө дизайн, өгөгдлийн сан гэх мэт динамик шинжээр судлан программчлал тооцооллын сэтгэлгээнд суралцана даа. Цахим сүлжээний болон программчлалын хэлний боловсрол олгох CISCO-гийн албан ёсны сургалтыг 10 гаруй хүүхдэд 3 дахь жилдээ сонгоноор судлуулж байна. Зарим их, дээд сургуулийн багш нар “Их, дээд сургуулийн 1-3-р курст үздэг хичээл биш үү” гэж гайхаж магадгүй. Харин бид улс орнуудын жишгээс ингэж л хоцроод байгаад учир шалтгаан байгаа юм.

-Үндсэн хөтөлбөрийн хажуугаар энэ их зүйлийг үзэж судалж амжина гэж үү?

-Амжилгүй яах вэ. Сургалтын хөтөлбөр, арга зүй нь тодорхой, бусад улс орны хүүхэд багачууд үзэж судлаад байхад манайх яагаад болохгүй гэж. Аливаа зүйлийг болохгүй бүтэхгүй гэж шалтгаан тоочоод байвал болж бүтэх юм нэгээхэн ч үгүй. Бидэнд ийм боломж байгааг олон улсын туршилт, туршлага, хичээл сургалтад нэвтрүүлээд үр дүнгээ өгч буй өгөгдлөөс  харж байгаад учир байгаа юм. Ирээдүйн ямар ч ажил мэргэжлийг мэдээллийн технологийн, электроникийн, программчлалын суурь мэдлэггүйгээр  эзэмших бололцоо улам  бүр хумигдахын зэрэгцээ олон төрлийн ажлын байр үгүй болж байна. Энэхүү хөгжлийн түрлэгийн эрч хүч, далайц нэлээд эрчимжиж байна. “Сүх далайтал үхэр амар“ гэсэн тайвшралаар өнөө цагт амар жимэр байж болохгүй. Утга учиртай, тал бүрийн өгөгдөлтэй, хэрэгцээтэй байж, түүнийг ашиглаж хэрэглэдэг бол мэдлэг үнэ цэнэтэй байна. Одоо ба ирээдүй цагийн  суралцахуйн мөн чанар энэ гэж ойлгож байна.

-Мэдлэг  үнэ цэнэтэй байх чухал зүйл гэж та онцолж байна. Гэтэл өнөөдөр хүүхдийн  суралцах чадамж, хандлага чухал гэдгээр шалтаглан онолын түвшинг нь буулгах байдал сургалтад их ажиглагдах боллоо. Энэ зөв үү?

-Мэдээж буруу. Мэдлэг бол хамгийн үнэ цэнэтэй зүйл, нөгөө талаас оюун ухааныг хөгжүүлэх үйлийн гол хэрэглэгдэхүүн багаж зэвсэг нь яахын аргагүй мөн. Учир нь агуулга хэрэглэгдэхүүнгүйгээр мэдлэгийг эзэмших бололцоо байхгүй. Мэдлэгийг  салбар бүрийн судлагдахуунуудын уялдаа холбоо, прагматик хэрэглээгүйгээр бодитойгоор хэрэглэх цул мэдлэгийг цогцлоож чадахгүй. Олон удаагийн давталтгүйгээр чадвар дадал гэдэг зүйлийг өөрийн болгон эзэмших бололцоо бүр ч  байхгүй. Иймээс л суралцахуйн төвд мэдлэг байдаг. Мэдлэгийг эзэмших явцад ойлголт гэдэг зүйл бий болж эв дүй, чадвар дадал цогцлон, улмаар хандлагын чигийг бий болгоход дэм болж байдаг жам ёсны тогтолцоо шүү дээ. Тэгэхээр  сургалтын бодлогод бид ингэж л цогцоор нь хандах учиртай.

-Боловсролын салбарын хамгийн тулгамдсан  ямар асуудлыг ойрын үед шийдвэрлээсэй гэж хүсдэг вэ?

-Би хоёр л асуудлыг нэрлэмээр байна. Эхнийх нь багшийн цалин, нийгмийн хангамж. Энэ бол үндсэн суурь хөрс шүү дээ. Цалин өндөр бол багшлах боловсон хүчний эрэлт ихсэж хэрэгцээ үүсэж, энэ мэргэжлээр чанартай багш нар төрөх өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөн дундаас сургалтын үр өгөөж дээшилнэ. Улмаар багшийн үнэлэмж  өндөрсөж боловсролыг үзэх нийгмийн  өнөөгийн өнгө төрх дээд шатанд гарч эхэлнэ. Төр засгийн бодлогод ийм логик байхгүйгээр багшийн шаардлагыг хэчнээн өндөрсгөөд, ямар ч хууль, заавар журам гаргаад яах вэ дээ. Багш нарын чадвар, өгөгдөл, боломжит үнэлгээ нь ийм  байхад боловсролын чанар  өргөс авсан юм шиг сайжрахад их л цаг хугацаа, хөрөнгө хүч, зардал гарах байх даа.

Дараагийн нэрлэх асуудал бол орчин үеийн мэдээллийн технологийн шинэ эрин үеийн ухаалаг хэрэглээ бүхий хүүхдийг сургаж хүмүүжүүлж байгаа сургууль бүрд интернетийн тэгш хүртээмжийг өндөрсгөх, үнэ тарифыг тэглэх, цахим сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах нь чухал байна. Багаж хэрэгсэлгүй мужаан хүн хоосон ярихаас өөр юуг хийж чадах билээ. Хоосон мөрөөдөл, хийрхэл яриагаар хол явахгүй нь тодорхой. Боловсролын үзэл баримтлал, шинэ хууль, шинэ стандарт гээд  төрөл бүрийн бичиг баримтууд гараад л байдаг. Энэ бүхэн чинь багажгүй мужааныг ажил хий гэж хоосон зандарсантай адил бус уу.

-Коронавирусээс үүдсэн цар тахлын хорио цээрийн үед танай сургууль хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Хорио цээрийн энэ хүнд цаг үед сургууль маань мэдээллийн технологийн суурь программ хангамжтай, өөрийн гэсэн дата баазтай, багш нараа сургачихсан, ашиглаж хэрэглэж байсан учир бидэнд санаа зовох зүйл байсангүй. Өөрөөр хэлбэл  хот байгуулалттай жишээд харахад дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн, хот төлөвлөлтийнхөө дагуу үйлчилгээ барилга байгууламжаа барьчихсан амьдрал буцалсан залуу хотын амьралын дүр төрхийг харсантай ялгаагүй юм. Мэдээжийн хэрэг хөгжүүлэлт, сайжруулалт, шинэчлэл, инновацлаг төрх байх ёстой. Энэ бол  оршин байхын утга гэж л төсөөлж байна.

-Тэгэхээр онлайн сургалт, теле сургалт аль алийг нь хийж байгаа гэсэн үг үү?

-Өнөөдрийн байдлаар 1-11-р ангийн сурагчиддаа зориулж 10 багц хичээл судлагдахууны 1270 теле хичээл нэмээд дуу хөгжим, хятад хэл, англи хэлний эссэ бичлэгийн  180 орчим цагийн хичээл сургалтыг явуулаад байна. Энэ бүхэн  нь улсын хөтөлбөрөөс давсан гүнзгийрүүлсэн хөтөлбөр, өөрийн сургуулийн онцлогоос шалтгаалж  сургалт минь өөр бодлого чиглэлээр явдаг юм. Одоо бэлтгэл  ангийн Онлайн сургалтын шинэ хөтөлбөр энэ 5 сараас  хэрэгжиж эхлэх гэж байна. Ийм л эрч хүчтэй чадварлаг залуусыг надад харамгүй хайрласанд би үргэлж талархаж явдаг юм.

-Улс орнууд, түүний дотор манай улс ч бас дижитал шилжилт хийх цаг ирж байх шиг байна. Таны бодлоор, дижитал шилжилтийг хийхдээ юун дээр илүү анхаарах ёстой  вэ?

-Аливаа шийдэл гарцыг бий болгохдоо дижитал хэрэгсэл, платформууд, интернет орчин чухал. Уламжлалт ярилцлага санал солилцооны хэв маягаас шууд татгалзаж, зайлсхийх аргагүй л дээ. Гэхдээ ямар ч тохиолдолд эхлээд дижитал шийдлийг эрэлхийлж, гарц гаргалгааны хайгуул хийдэг байх нь багийг илүү хөгжүүлнэ. Дижитал орчинд шилжинэ гэдэг зөвхөн техник технологийн байгууламж гэж хэлэх боловч  боловсон хүчний багаа сайн сургаж дадуулах нь гол амин хэрэгцээ байх учиртай. Бид ингэж л зүтгэж явна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top