Ч.Хүрэлбаатар: Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгааг цэгцлэх ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Төрийн өмчит компанийн захирлууд байгууллагынхаа мөнгийг хувийн ажилдаа ашигласан асуудал шил шилээ даран сөхөгдөж байна. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагаараа төлүүлсэн мэдээлэл ил болсон. Энэ талаар өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас сэтгүүлчид тодруулсан юм


-Төрийн өмчит компанийн захирлууд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн мөнгөнөөс хийлгэдэг асуудал яригдаад байна. Энэ хэвийн үзэгдэл үү?

-Энэ бол ямар ч тохиолдолд буруу үйлдэл. Миний байр суурь гэвэл ийм байна. Би бол томилгоонд оролцдог хүн биш. Төрийн өмчит компаниудыг Төрийн өмчийн хороо хариуцаж байгаа шүү дээ. Тиймээс Төрийн өмчийн хорооноос хэвлэлийнхэн сайн тодруулаач гэж хэлмээр байна. Өмнөх, одоогийн удирдлагууд нь хоорондоо уялдаатай, уламжлагдаад үйл ажиллагаагаа явуулж байх учиртай. Тэгэхээр Төрийн өмчийн хорооноос маш сайн тодруулаарай. Түүнээс би яриад байх зохимжгүй. Тохирох албан тушаалтан нь хариуцсан ажлаа ярих нь зөв байх.

-УИХ дахь МАН-ын бүлэг хурал дээрээ энэ асуудлыг ярьсан уу. Ар араасаа төрийн өмчит компанийн захирлуудын баримт дэлгэгдээд байна шүү дээ?

-Янз бүрийн баримт гарах бүрд бид маш анхааралтай үзэж байдаг. Засгийн газар 2021 онд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг онцгой анхаарах ёстой. Үр ашиггүй байдлыг багасгах ёстой. Тэр битгий хэл засаглалынх нь асуудлыг хүртэл авч үзэх хэрэгтэй. Удирдлагуудад нь хариуцлага тооцдог механизмийг улам сайжруулах ёстой гэдэг зүйлийг бид 2021 оны төсвийн төсөл дотор бичээд оруулчихсон. Тодорхой үр дүн ч гарна гэж бодож байгаа. Одоо энэ олон нийтэд ил болсон баримтуудыг ч харсан зөв зүйлийг барьж авсан юм байна гэдэг нь харагдлаа. Ер нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд тухайн үйл ажиллагааг хамгийн сайн явуулж, зардлыг хамгийн бага оновчтой хэлбэрээр авч явах ёстой шүү дээ. Гэтэл ил болсон баримтуудаас харахад тийм байдал харагдахгүй байна. Хоёрдугаарт, ёс зүйн асуудал байна гэж харж байгаа.

-Шилэн дансны хуулийн дагуу мэдээллээ байршуулсан байгууллагуудаас тодорхой баримт гарсан байна. Гэтэл шилэн дансны хуулиар мэдээллээ байршуулахгүй байгаа байгууллагууд бий. Тэднийг яах вэ?

-Шилэн дансны хуулийг УИХ-д оруулж байхад би ажлын хэсгийг нь ахалж байлаа. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг яг ийм байх ёстой гэдгийг хийсэн. Зөвхөн мөнгөн гүйлгээнээс гадна тэр мөнгөн гүйлгээг бий болгосон шийдвэрүүдийг нь бас тавиад явж байгаа шүү дээ. Тэгээд хэлбэржээд эхлэхээр бид дараагийн алхмуудыг хийж болно гэж үзэж байгаа. Хүмүүс үзээд дээр нь хэвлэлийнхэн анхаарал тавиад явж байгаа бол зүйтэй. Төсвийн сахилгыг сайжруулах чиглэлээр бид нэлээд ажил хийсэн. Дөрөв, таван төсөвтэй явж байсан зүйлийг нэг болгохоос эхэлсэн. Засгийн газрын баахан тусгай сангуудыг цэгцлэх гэх мэтчилэн ажлууд хийгдээд бүх мэдээллийг ил болгоод явж байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашид ч албан тушаалтан өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаад явж байгааг бүгдийг нь цэгцлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ ч бас 2021 оны төсөв дээр тодорхой хэмжээгээр сууж, орсон гэдгийг хэлэх нь зөв байх. 

-Ирэх оны улсын төсвийг чуулганаар хэлэлцэж байна. Гэхдээ зарим аймагт их хэмжээний хөрөнгө оруулалт суулгаад бусад нь бага байна гэдэг шүүмжлэл гараад байгаа?

-Энгийнээр тайлбарлая. Баянхонгор-Говь-Алтай чиглэсэн зам байна. Одоо Монгол Улсын бүх аймгийг аваад үзвэл Завхан аймгийн нэг хэсэгхэн газар буюу 20, 30 км замын асуудлыг шийдэх үлдсэн. Тэр зам шийдэгдээд Монгол Улсын бүх аймаг авто замаар холбогдож байгаа юм. Энэ чинь МАН-ын “Мянганы зам” гээд ярьж эхэлснээс хойш сүүлийн хориод жил үргэлжилсэн хөтөлбөр дуусаж байгаа хэрэг. Зам баригдахад тэр замын тодорхой хэсгүүдийг шийдэхэд аль нэг аймаг дээр сууж дүн нь гарч явна шүү дээ. Тэгэхээр одоо төгсгөлийн хэсэгт үлдсэн Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн авто замын ажил хийгдэхээр тэр нь энэ жилийнхээ төсөв дээр ил харагдчихсан байгаа юм. Дээр нь аялал жуулчлалын бүс гэдгээр Хэнтий аймаг дээр Засгийн газар сүүлийн дөрвөн жил бодлого гаргаад явж байна. Түүнтэй холбоотой холбогдох санхүүжилтүүд нь тавигдаад явж байгаа гэдгийг л онцолж хэлмээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ff(103.212.116.119) 2020 оны 11 сарын 03

ДЭЭРЭМЧИД.ТА НАРЫГ ГЭСГЭЭХ ЦАГ ИРНЭЭ

0  |  0
Top