Монголчууд өнгөрөгч зууны 1973 онд бүх нийтээр бичиг үсэгтэн болсноо НҮБ-аар дэлхий дахинаа зарлуулсан туурга тусгаар түүхтэй улс. Үүнээс өмнө 1921 онд ардын хувьсгал мандсан цагаас эхлэн, хойд хөршийн шууд нөлөөнд кирил үсэгтэн болж, босоо бичгээ ч орхисон. Тухайн цагт энэ ч дүүрсэн хэрэг болоо биз дээ. Харин өнөөдөр сургалтын хөтөлбөрт нэр төдий ч гэсэн дурдагдаж байгаа нь их зүйл болох шив. Яахав, Монгол Улс 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах тухай “Монгол хэлний тухай хууль” мөрдөгдөж эхлэх гэрэлт ирээдүй бий. Хэрэгжих хугацаа нь болоогүй ч “Эрх биш энэ үндэстэн цаашид унаган төрхөөрөө оршин тогтнох найдлага байна” гэх өегхөн бодол хаа хаанаа буй. Түүнээс биш үндэстэн оршиж болох нандин агуулга бүхэн рүү л чимх чимхээр халдах аж.
Тэр тусмаа сүүлийн үед өглөө босоход л үг, үсгийн дүрэмд өөрчлөлт орсон байх болжээ. Уг гарвал, түүхээрээ оролдсон үндэстэн мөхсөн түүх дэлхий дээр цөөнгүй бий. Эх хэлэндээ “халдвар” оруулсан учраас устсан гүрэн ч бий. Ерээд он гарсаар түүхээ олон салаа замаар, өөр өөрийнхөөрөө бурсан. Одоо ч бурсаар байна. Үүнд улс төрийн нөлөө ч орсон, харийн бодлогын сүүдэр ч туссан. Өнөөдөр чухам яагаад эх хэлний зүтгэлтнүүд гэх нөхөд өдрөөс өдөрт үг, үсгээ хөндөх болов. Ямар ч шаардлагагүй үг, үсгийн өөрчлөлт, үүнийг дагасан сурах бичгийн хэвлэлт, зардал төсөв гардаг. Хамгийн аюултай нь түмэн олон төөрөгдөлд орж, энэ байдалд дасдаг. Зүгээр ч нэг өөрчлөлт бус үгийн язгуур утга санаанд нөлөөлөхүйц өөрчлөлт харагдаж байгааг юу гэхэв.
Үнэхээр монгол хэлний дүрэм, хэл найруулгад таарахгүй сөрөг үгс, үсэг, найруулга байдаг бол нэг мөр цэгцлэх хугацаа хангалттай байв. Гэтэл сүүлийн олон жилд удаа дараа ийн өөрчилж байгаагийн цаана ямар нэг учир байна. Шуудхан хардахад, үндэстэн төөрөгдүүлж, аажмаар саармагжуулан дасгах, мартагнуулах харийн бодлого байна уу, үүнийг хэлний салбарынхан мэдсэн, мэдээгүй явуулаад байна уу. Эсвэл үг үсэг, дүрэм өөрчлөх нэрээр төсөв хөрөнгө хэмлэж сууна уу. Бүр нөгөө бол орчин цагийн эрдэмтэд хаалганы цаадхийг харж чадахаа болиод өвлүүлж үлдээсэн бэлэн үг, үсгээр оролдож цол гуншин горилж сууна уу гээд олон салаа хардлага орж ирэх аж.
Үндэстэн оршихын нэг том суурь болсон эх хэлэнд халдах эхний оролдлогууд ийнхүү эхэлж байгаа юм биш биз гэх айдас ч байна. Даяаршлын хөлд гишгүүлэхгүй үлдэхийн тулд эх хэл, аугаа уламжлал, өв соёлоороо ялгарч үлдэх учиртай Монгол Улсад удаа дараагийн сануулга ч байгаа, гашуун туршлага, сургамж ч байхад яагаад сэрж санахгүй зүтгээд байгааг ойлгох аргагүй. Сүүлийн үед бүр зориуд юм шиг гар хүрч байгааг харж байгаа хэнд ч ийн санагдах биз ээ. Хэдийгээр туурга тусгаар, төр улс өөр ч цус нэгтэй өвөрмонголчууд босоо бичгээ орхихоос өөр аргагүй болов. Монгол туургатнууд хаа сайгүй бухимдаж, ирж байгаа сануулгыг дор бүрнээ тунгааж байна. Гэтэл эрдэмтэн нэр зүүсэн нөхөд үг үсгээр оролдох нь элбэгшиж байгаа нь яавч сайны дохио биш. Өмнөд их гүрний бодлого сөрж, энд бид бухимдах нь өрөөсгөл ч бидэнд өгч байгаа маш том сануулга. Туурга тусгаар болоод олон арван жил болчихсон хөршийн төрийн бодлогод хөндлөнгөөс бухимдах нь илүүц хэрэг. Харин өөрсдөө сайн тунгааж бодох зүйл. Ингэхэд бухимдаад байгаа бид ямар бичиг соёлтой, хэрхэн аж төрж байгаагаа ч бодох цаг нь болсон. Өнөөдөр өвөрлөгчдөд хорьж байгаа босоо бичиг бидний ч бичиг. Бид үеийн үед түүхийн өөрчлөлт дамжуулан хэрэглэж ирсэн их өв соёл. Монголчууд олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн бүрэн улс учраас халдашгүй эрхийн гэх туган дор Монгол хэмээн цээжээ дэлддэг. Түүнээс бус үг үсэг, өв соёл, уламжлал гэх мэтээ зүйлээ дотроосоо бага багаар хэмлүүлсээр байгааг анзаарахгүй, арга хэмжээ авахгүй өнгөрч болохгүй . Анзаарч байна уу, үгүй юу гэдэгт ч эргэлзэх болов.
Зөвхөн үг, үсгийн өөрчлөлт нэрээр төөрөгдөл бий болгож байгааг үгүйсгэхгүй хэд хэдэн шалтгаан ч цухалзана. Үүнээс өмнө хэл уран зохиолын хичээлийн цагийг сургалтын программаас хассан, бүр хаях оролдлого хийж л байсан. Монголын уламжлалт өв соёлын нэг болох адуу, морь уяаны чиглэлд ч харийн салхи үлээсээр байна. Унаач хүүхдийн эрх, үүгээр далимдуулж Төрийн бус байгууллага нэртэй нөхдийн дайрч байгаагийн цаана чухам юу байна вэ. Тэр ч бүү хэл эх хэлний манаач болсон манай уран зохиолч нэртнүүдийн дунд ч уламжлалаа үгүйсгэдэг, харийг хуулбарладаг нөхөд бэлэн бий. Тэдэнд харийн хатгаас орсон гэдгийг ч учир мэдэх хүмүүс ил цагаан хэлэх болов. Тэдний хувьд өөр хэлбэр дүрс, сэтгэхүй мэтээр тайлбарлаж байгаагаас цаад нарийн утга учирт нөлөөлж байгааг тунгаахыг хүсэхгүй аж. Тухайн уран бүтээлч өөрөөр сэтгэж, өөр байж болох ч уламжлалдаа илэрхий халдаж, кампанит ажил болгож байгааг юу гэх вэ. Уламжлал соёлынхоо дагуу бүтээж туурвиж байгаа нэгнээ хоцрогдсон мэтээр дайрч байгааг харийн тусгал гэхээс өөр үг үл олдоно.
Өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “Аливаа улс оронд үндэсний хэл, бичиг, түүх, соёл нь тусгаар тогтнолтой салшгүй холбоотой ойлголт байдаг. Үндэснийхээ бичгийг сэргээе гэхээр эсэргүүцдэг, хилэгнэдэг бүхэл бүтэн үеийг ХХ зуун хүмүүжүүлж. Ардчилал гарч ирээд бичиг, соёлоо сэргээх хандлага гартал буцаагаад “нугаслаад” авлаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэгт манай гурван том дарга ордог юм гэсэн. Тэднийг юу ч дуугарахгүй байсаар байтал Монгол гэсэн тодотголтой бүхэн устаж алга болох нь. Үндэснийхээ утга соёл, дэлхийн уран зохиолыг уншиж мэдрэхгүй харанхуй үе өсөн өндийж байна. Уран сайхны сэтгэлгээгүй, гоо сайхны мэдрэмжгүй, хагас зэрэмдэг хэл, бичигтэй ийм улс байх юм бол тусгаар тогтнол орших уу. Монгол бичиг, соёлыг уландаа дэвсэх гэсэн гадны харгис хүчний гар хөл бологчдын сүүдрийг байтугай сүнсийг нь ч монгол нутагт байлгамааргүй байна” хэмээж байв.
Нэрт найрагч “Монгол бичиг, соёлыг уландаа дэвсэх гэсэн гадны харгис хүчний гар хөл бологчдын сүүдрийг байтугай сүнсийг нь ч монгол нутагт байлгамааргүй байна” хэмээн 10 гаруй жилийн өмнө хэлж байснаас харахад эрт орж ирсэн довтолгоо өнөөдөр дээд цэгтээ ирж байх шиг.
Санаатай гэмээр энэ мэт үйлдэл дахин дахин давтагдаж байхад дуугарч байгаа хүн ч өдрөөс өдөрт цөөрч байгаа нь дасан зохицож байгаа хэрэг үү. Дасгаж уусгадаг бодлого ч дэлхий дахинаа хэсүүчилж байгааг тунгаах нь юуны буруу. Гэтэл Төрийн хэлний зөвлөл гэж нэг хууль дүрэмтэй, тодорхой зорилго, чиг үүрэгтэй байгууллага байдаг ч таг дуугүй сууна. Тус дүрэм журамд зааснаас харахад “Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн болон хэл зүйн хэм хэмжээ, зөв бичих дүрэм, нэр томъёог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан баталгаажуулж хэрэглэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэг хүлээх аж. Тус дүрэм журам нь бүгд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгэн ай савд багтаж байгаагаас харахад хууль зөрчиж байгаа газар ч байна, хуулиар олгосон эрх үүргээ биелүүлэхгүй байгууллага ч байна гэдгийг харж болно. Өнөөдөр үг, үсэг өөрчилж байгаа төдий зарим нэгэнд харагдаж магадгүй ч цаана ямар санаа цухалзаж байгааг тунгаах цаг нь болсон.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Tegeed odoo orchin uyein shine kril grek latin useg avch ard tumenee gegeeruulsen ni buruu yu?,oros slavian ,zuun europin oronuud bugd l grek latin garaltai krill usegeer bichih baihad ergeed uvur mongolshig hazgai heltei hench oilgohgui uigarjin geh ali 15-r zuuni muhsun tahir dutuu turk xinjan uigar ni uursduu hereledeggui bichigeer huutsulduud uvur mongol shig hel amaa olj chadahgui sunuh uu?
Миний 10 жилд байхад үзэж хэвшсэн өгүүлбэртйн бүтцийн нэрийг олон дахин өөрчилж хаяснаас одоо би өгүүлбэрийн гишүүдийн нэрийг огт ойлгож чадахгүй болсон байна лээ.
Yegeed odoo shine kril grek latin useg avch ard tumenee gegeeruulsen ni buruu yu?,oros slavian ,zuun europin oronuud bugd l grek latin garaltai krill usegeer bichih baihad ergeed uvur mongolshig hazgai heltei hench oilgohgui uigarjin geh ali 15-r zuuni muhsun tahir dutuu turk xinjan uigar ni uursduu hereledeggui bichigeer huutsulduud uvur mongol shig hel amaa olj chadahgui sunuh uu?
Монгоол хэл бүр сүйрч байгаа шүү..... наад зах нь Монголоор сайхан ” САЙН БАЙНА УУ? ” ” САЙНБАЙЦГААНА УУ ? ” гээд мэндэлдэг хүн байхгүй болсон шүү... гадаад үг их оруулж хэлдэг болсон....2 үг хэлээд л ” байгаа” байгаа” байгаа” 2 үг хэлээд л ” одоо” одоо” одоо” гэж ярих мөн ”муу ерын ” үг их хэлдэг болсон...маш их доройтсон байна даа ... АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭЖ БОДОХ ЮМ ДАА...