Н.Энхбаяр: 42 сая тонн нүүрс экспортолно гэдэг хөөсөрсөн тоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Эдийн засагч Н.Энхбаяртай нүүрсний экспортын асуудлаар ярилцлаа


-2020 оны сүүлийн байдлаар Хятад улсын нүүрсний зах зээл ямар байна. Хятад улсын нүүрсний импортод Монгол Улсын эзлэх хувь хэмжээг дүгнэвэл?

-Манай нүүрсний экспортын гол худалдан авагч болох БНХАУ-ын нүүрсний жилийн импорт өнгөрсөн онд 290-300 орчим сая байсан бол энэ жилийн квот ч энэ хэмжээндээ дөхөхөөр байна. 2020 оны эхний гуравдугаар улирлын дүнгээр 290 саяынхаа 80 хувийг хангажээ. Үлдсэн дөрөвдүгээр улиралд 20 хувь ногдож байгаа учраас 60 орчим сая тонныг импортоор авах үлдэж байна. Хятад улсын нүүрсний зах зээл энэ оны гуравдугаар улирлын байдлаар ямар төлөвтэй байгааг “Ройтерс” агентлагийн мэдээлснээр авч үзвэл, Хятад улсын коксжих нүүрсний нийт импортод Монгол Улсын экспорт 23.8 хувийг эзэлж байна. Ингэж буурсан нь цар тахалтай холбоотойгоор хилийн боомт хаагдсан байсантай холбоотой. Тэгвэл Австрали улс Хятад улсын коксжих нүүрсний нийт импортод өнгөрсөн онд 41.3 хувийг эзэлж байсан бол энэ онд хамгийн их буюу 59.9 хувийг эзэлжээ. Одоо Австралийн нүүрсэн дээр Хятад улс квот тогтоосон гэж байгаа боловч энэ нь он дуустал л үргэлжлэх магадлалтай. Он дуусаж шинэ оны квот гарсан ч ирэх онд энэ дүр зураг бараг өөрчлөгдөхгүй. Түүнчлэн есдүгээр сарын 30-ны байдлаар Хятад улсын түүхий эдийн импортын гол далайн боомтууд дээрх коксжих нүүрсний үлдэгдэл ихээхэн буурч 3.5 сая тоннд хүрсэн байна.

-Дэлхий даяар 2020 он цар тахалтай байсаар дуусаж байна. Монгол Улсын уул уурхайн салбарт зогсолттой сарууд байлаа. Нөхцөл байдлаас харахад Монгол Улсын энэ жилийн нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадах болов уу?

-Монгол Улсын хувьд нүүрсний экспорт нийт экспортын орлогын 35-40 хувийг эзэлдэг. Зэсийн баяжмалын экспорт, экспортын орлого нэмэгдсэн жилүүдэд хувийн жин бага зэрэг буурдаг. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс нүүрсний экспортоос 2.4 тэрбум ам.долларын орлогыг олоод байна. Монгол Улсын нүүрсний экспортод нөлөөлөх нэг хүчин зүйл үүсээд байгаа нь Хятад улсын дотоодын зах зээлээ дэмжих бодлого юм.

Хятадын дотоодын зах зээл дээр Шаньси болон Өвөрмонгол муж нүүрсний хамгийн том нийлүүлэгчээр сүүлийн зургаан сард хэвээр байна. Хятад улс орон нутгийн жижиг уурхайнуудаа нэгтгэх арга хэмжээг маш ихээр авч байгаа. Зөвхөн уурхай ч биш эрчим хүчний цахилгаан станцуудаа, төмөрлөг, гангийн үйлдвэрүүдээ нэгтгэж байна. Саяхан Хятад улс 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөгөө ярилаа. Энэ үеэр ярьсан гол бодлого нь гадаад зах зээлийн эргэлт хумигдсан учраас дотоодын эрэлтээ бий болгоод гадаад зах зээл дээр гаргаж байсан түүхий эдээ дотоодын зах зээлдээ шингээх бодлого баримтлахаа зарлалаа. Тиймээс Хятадын дотоодын уурхайнуудын олборлолт нэмэгдэж, үйл ажиллагаа эрчимжих боллоо. Ирэх оны хувьд манай улсын нүүрсний салбарт үүнээс улбаатай таагүй нөлөөлөл үүсэж мэдэх юм. Тэгэхээр нь манай улсын өрсөлдөгч гол зах зээл нь Шаньси болон Өвөрмонгол муж болно гэсэн үг.

-2021 онд Монгол Улс 42 сая тонн нүүрсийг экспортод гаргаж, дунджаар тонн тутмыг 73 ам.доллараар борлуулан жилдээ гурван тэрбум гаруй ам.долларын орлого олохоор төсвийн төсөлд тусгасан. Энэ нь хэр боломжтой юм бэ?

-Ирэх жил 42 сая тонн нүүрс экспортолно гэвэл явц муутай, энэ тоо нь гадаад зах зээлээ нарийвчлан тооцоолоогүй гэж хэлж болохоор байгаа. Бид эхний ээлжид 30 сая тонн нүүрс экспортолно гэдэг дээрээ л зах зээлээ бататгах нь чухал байна. Жишээлбэл, саяхан Австралийн Аж үйлдвэрийн яамнаас гарга­сан гуравдугаар улирлын судал­гаагаар Монгол Улсын нүүрс ойрын хоёр жилдээ 30-35 сая тонноос хэтрэхгүй гээд дүгнэчихсэн байсан. Ер нь манай улс ойрын хоёр жилд 30-35 сая тонноор нүүрсээ экспортолно, үүнийгээ савлуулахгүй барина гэсэн тооцоотой байх хэрэгтэй. Өөр боломж байхгүй. Уул уурхай­гаас төсөвт орох орлогын хувьд ч биелэгдэх магадлал тун бага.

-2019 онд Монгол Улс 36.5 сая тонн нүүрс экспортолсон. Тэгвэл 2021 онд төлөвлөсөн 42 сая тонн нүүрсээ экспортолж чадахгүй юм байж. Манай улсын экспортын дээд хэмжээг та хэд гэж тооцоолох юм?

-Хятадын дотоод эрэлт хэвээрээ байгаад боомтын асуудал гарахгүй бол 35 сая тонн гэж харж байна. Манай дээд хязгаар 30-35 сая тонн.

-Монгол Улсын төсвийн жилийн орлогын 20 гаруй хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг. 2021 оны хувьд нүүрсний экспортоо хөөсрүүлж тооцсон учраас орлого ч санасан дүнд хүрэхгүй байх?

-Тэр хэмжээнд орлого бүрдүүлэх магадал тун бага гэж түрүүн хэлсэн. Улсын төсвийн хувьд зарлагаа маш өндөрт төлөвлөж байна. 2017, 2018 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд эдийн засаг, төсвийн орлого өссөн. Үүнийгээ дагаад их хэмжээний хөрөнгө оруулалт явагдсан. 2019 оны намар сонгуулиа угтаад төсвөө зориуд өндөр тавьсан. Зарлага өндөр учраас алдагдлын хязгаартай байсан. Үүнийг уулзуулахын тулд төсвийн орлого, зарлагаа 2019 онд аль алийг нь хоёр их наядаар нэмсэн. 2021 оны төсөв үүнтэй яг адил зарчмаар явлаа. Яагаад гэхээр нэгдүгээрт, төсвөө батлахдаа урсгал зардал хасагддаггүй, нэг өсчихөөр ерөнхийдөө өсөлттэй нь урсгал зардал хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зориуд арга хэмжээ авахгүй бол урсгал зардал буурахгүй. Хоёрдугаарт, сайн харагдахын тулд хөрөнгө оруулалтаа нэмээд байгаа юм. Үр дүнд нь төсвийн алдагдал хоёр их наядаас илүү байж болохгүй учраас орлогоо зориуд хөөсрүүлсэн тоогоор тавьж байна. Төсвийн орлого тасалдах нь тодорхой. Төсөв дээр төлөвлөлтийн том алдаа явж байгаа. Үүний нэг жишээ нь л уул уурхайн салбарын 2021 оны орлогыг хэт өндөрт тавьсан нь юм.

-Таны бодлоор уул уурхайн төсвийг хөөсрүүлж тооцож байгаа явдлыг яаж шийдвэл бодит болох вэ?

-2005 оноос хойш Монголын уул уурхайн орлого огцом өссөн. 2005 оноос өмнө зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмал, жонш, түүхий нефть гарч байсан. Одоо бол 10 гаруй нэр төрлийн түүхий эдийг экспортолж байна. Нүүрсний экспортыг 30-40 хувьд барьж байгаа нь ч маш том амжилт. 2017 оноос хойш олон улсын байгууллагууд Монголыг уул уурхайгаар нь таних боллоо. Бид 14 гаруй жил уул уурхайн орлогын менежмент хийх гээд үзээд байна. Уул уурхайн түүхий эдэд тулгуурласан дэлхийн 40 орчим орны ихэнх нь хөгжиж байгаа орнууд байдаг. Өөрөөр хэлбэл, ихэнх нь Африк, Латин Америкийн хөгжиж байгаа орнууд гэсэн үг. Эдгээр дунд харьцангуй өндөр хөгжилтэй гэвэл Америк, Канад, Австрали, Орос л байна. Ийм учраас уул уурхайн орлогын менежмент хийх талаар ОУВС-гаас зөвлөсөн байдаг. ОУВС-гаас уул уурхайн баялгаасаа болж хөгжиж байгаа орнуудын хувьд “Голланд өвчин”-ий улмаас хамгийн аюултай урт хугацаанд нөлөөлж байгаа зүйл нь засаглалыг нь муутгаж байгаа. Яг одоо Монгол Улс өндөр төлөвлөсөн төсвийн буруу хуваарилалт ярьж байгаа нь хэн байхаас үл хамаараад засгийн эрх барьж байгаа хүмүүс орж ирж байгаа мөнгийг ахиу зараад, сонгогчдын итгэлийг аваад явах сонирхолтой байгааг илтгэдэг. Энэ чинь өөрөө засаглалыг муутгадаг гол шалтгаан. Ингэж болохгүй гэдгийг бусад орны жишээн дээр хэлээд, “Баялгийн сангаа байгуул, Тогтворжуулалтын сангаа байгуул, тогтворжуулалтаа төлөвлөхдөө олон жилийн дунджаар төлөвлө, төсвийн хариуцлагатай бай” гээд зөвлөөд байна. Бид тогтворжуулалт буюу тэнцвэржүүлсэн төсвийг тогтоосон боловч сүүлийн хоёр, гурван жил буцаагаад эвдээд байна. Тэнцвэржүүлсэн төсвийг зэсийн үнийн олон жилийн дунджаар тооцож байгаа. Чилийн жишээн дээр аваад үзэхэд хоёр том өөрчлөлт хийж байна. Нэгдүгээрт, макро эдийн засгийн төсөөллийг бодитоор тогтоолгохын тулд яам бус хараат бус шинжээчээр хийлгэж байна. Хоёрдугаарт, олон жилийн дунджаар тогтоосон үнээ хараат бус шинжээчээр тогтоолгодог болж байна. Яагаад гэвэл аль ч улсын Сангийн яам үнийг аль болох өндөр тогтоож, дотроо урсгал зардлаа зарах сонирхол их. Ингэх тусам Тогтворжуулалтын санд үлдэх мөнгө нь багасна. Ирээдүйгээ бодвол дундаж, болж өгвөл Тогтворжуулалтын сан руу мөнгө ахиу орох ёстой.

-Монголд байгаа уул уурхайн компаниудын тогтвортой үйл ажиллагаанд цар тахал яаж нөлөөлж байгаа вэ?

-Манай улс уул уурхайн салбарт байгаа дотоодын нөөц боломжуудаа хангалттай хэмжээнд ашиглаж чадахгүй байна. Уул уурхайн компаниуд бизнес хэвийн байх нөхцөлд ашгаа тооцоод, ашгаасаа хөрөнгө оруулалт хийнэ гээд тооцсон байгаа. Гэтэл бизнес нь хумигдаад ирэхээр төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа хийж чадахаа больсон. Ихэнх уурхайд хөрс хуулалтын ажил түрүүлж явдаг. Зардал нь ихсэхээр алдагдалд орохгүйн тулд хөрс хуулалтын ажлаа хойш нь тавьдаг. Тэгэхээр хөрс хуулалтын ажил нь хүлээгдсэн гэсэн үг. Иймд 2021 он руу нэлээд их хэмжээний зардал нь шилжиж байгаа юм. Энэ нэг асуудал болно. Хамгийн гол асуудал гэвэл нөгөө л тээвэрлэлт, боомтын асуудал тулгамдаж байна.

-Ирэх онд уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа ямар байх бол?

-Уул уурхайн компаниудын ашигт ажиллагааг төсөвт төвлөрүүлж байгаа орлогоос нь харвал харьцангуй гайгүй байгаа. 2020 онд л КОВИД-19-ын нөхцөл байдлаас хамаарч төлөвлөж байсан орлогууд нь буурсан. Оюутолгойн ордын зэсийн агууламж буурсан. 2023 онд далд уурхай нь ашиглалтад орвол зэсийн агууламж нь хамаагүй өндөр гарна гэж тооцож байгаа. Ингэж чадвал 2023 оны эцэст төсвийн орлого, экспорт аль аль нь сайжрах боломж бий. Харамсалтай нь, 2021-2022 онд экспортыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл алга. Тэгэхээр 2019-2020 оны төлөв байдал 2021-2022 онд ч хэвээр үргэлжилнэ. Уул уурхайн салбараас гурван их наяд төгрөг олно гэж тооцсон бол бодит байдалд энэ тоо 2.5 их наяд дээр унана гээд бодохоор айхтар нэмэгдэх зүйл байхгүй. Экспорт бол гурван жилдээ долоон тэрбум ам.доллартаа байх болов уу.

-Сая болсон “Discover Mongolia-2020” уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр гаднын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарт тулгамдаж байгаа гол бэрхшээлийг юу гэж дүгнэсэн бэ?

-Олон улсын хөрөнгө оруулагчдын хэлж байгаа хамгийн гол асуудал нь нэгдүгээрт, хууль эрхзүйн орчны тогтворгүй байдал, хоёрдугаарт, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зогсоосон асуудал яригддаг. Шинэ ордыг илрүүлэх, байгаа ордуудынхаа нөөцийг нэмэгдүүлэх гэх мэт ажлуудаа хийхгүй бол дараа дараагийн жилүүдийн боломжоо бид алдана. Ялангуяа улсын чанартай төслүүдээ явуулж байх ёстой.

-2021 онд Монголын уул уурхайн салбарт тулгарч болзошгүй бэрхшээл юу вэ?

-Дэлхийн зах зээлд том бодлогын өөрчлөлтүүд гарч байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Нэгдүгээр сард сонгогдсон Ерөнхийлөгч нь тангаргаа өргөнө. Хоёрдугаар сард АНУ-ын Конгресст Ерөнхийлөгч нь бодлогоо танилцуулна. Үүнээс АНУ-ын бодлого тодорхой болж, Хятадтай яаж харилцах, дэлхийн худалдаа юу болох гэх мэт бодлогууд тодорхой болно. Гуравдугаар сарын 10-н орчимд Хятадын хоёр их хурал хуралдана. Энэ үеэр 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөгөө эцэслэн батална. Тавдугаар сард өндөр хөгжилтэй орнуудын Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын хурал болно. Түүнчлэн коронавирусний нөхцөлөөс харахад бараг 2021 оны долоо, наймдугаар сар хүртэл дэлхийн худалдаа, эдийн засаг хэвийн байдалдаа орохгүй нь гэж харж байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны зургаадугаар сар орчимд 2021 оны гурав, дөрөвдүгээр улирлын төлөв байдал аль аль талаасаа харагдахаар байна. Их сайн төлөв бол гарахгүй байх. Урд хөрштэй хийж байгаа худалдаан дээр ямар нэг асуудал үүсэхгүй бол нүүрсний экспортоо 30 гаруй сая тонндоо хүргэж чадвал том амжилт. Дэлхий дахины худалдаа сэргээгүй байгаа нөхцөлд нүүрсний эрэлт төдийлөн өсөхгүй шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(154.66.132.133) 2020 оны 11 сарын 27

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Үнэнч(192.82.74.34) 2020 оны 11 сарын 06

Бодитой прогноз байна компани хувь хүмүүс уул уурхай руу хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй жишээлбнл машин авах гэх мэт 2 р улирлаас хойш төмрийн хог л болно

0  |  0
Зсс(202.131.251.109) 2020 оны 11 сарын 06

Худлаа их мэдэгч\n

0  |  1
Zichin(202.126.90.134) 2020 оны 11 сарын 06

Их толовлоод гаргаж чадвал сайн л бна гаргаж чадахгуй бол буруу толовлосноос боллоо гэхгуй байх юун буруу бнаа

0  |  0
Зочин(202.55.188.81) 2020 оны 11 сарын 06

Энэ 42 гэдэг тоо ямар учиртай юм бэ? Хараал шингэсэн тоо юмуу? Хүрэлсүхийн амжилтанд хүрсэн насны ой юмуу? Хүрэлбаатарын хувийн компанийн тоо юмуу?

1  |  0
unshigch(103.26.195.234) 2020 оны 11 сарын 06

muruudul bodit baidal uur, baigaa baidlaa zuv dugnej tsaashdiin uil ajillagaagaa arai hemjeendee bagtsaalah ni shiidver gargach hund zailshgui bh chadvar. ene chadvar manai said nart dutaad bna uu, esvel namiin daalgavar nudiig ni soholchihood bna uu

1  |  0
www333(202.72.245.125) 2020 оны 11 сарын 06

Am muutai khun baina daa. Iluu ikh sain zuiliig khusch muruuduj baij amjiltand khurdeg yum.

0  |  1
Top