ЧУУЛГАН: 2021 оны Мөнгөний бодлогыг БАТАЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Төрөөс  2021 онд баримтлах Мөнгөний бодлогыг УИХ-аас баталлаа. Чуулганы хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 34 гишүүн дэмжиж, 21 гишүүн татгалзаж, 61,8 хувийн саналаар батлав. 

Мөнгөний бодлогыг батлахаас өмнө гишүүд  Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс валютын ханш, мөнгөний нийлүүлэлт,  инфляцтай холбоотой асуултыг асууж байсан.

Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Мөнгөний нийлүүлэлт огцом өссөн гэж зарим гишүүд ярьж байна. Тийм юм байхгүй. Эдийн засгийн нөхцөл байдалтайгаа нийцтэй явж байгаа гэв.

Сүүлийн жилүүдийн хандлагаар төгрөг валютын эсрэг тогтвортой байгаа. Энэ оны тухайд оны эхнээс төгрөг 4.3 хувиар сулраад явж байна. Өнгөрсөн онд 4.7 хувиар суларсан. Төлбөрийн тэнцэл  400 сая ам.долларын алдагдалтай байна. Ирэх онд 500 сая ам.долларын ашигтай байхаар тооцож байгаа гэв.

Инфляцын түвшинг Монголбанк биш Үндэсний статистикийн хороо хэмжиж тодорхойлдог гэдгийг хэлсэн. Инфляц улсын хэмжээнд 1.4 хувьтай байгааг гишүүдэд сануулан хэллээ. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляц байхгүй, коронавируснээс шалтгаалан эдийн засгийн идэвхжил суларсантай инфляцын хэмжээг холбон тайлбарлав.

Мөнгөний бодлогыг боловсруулахдаа Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахаар тусгасан.

Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8%-ийн түвшинд тогтвортой хадгалагдаж байгаа.  2006-2016 онд жилийн дунджаар 10% буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцыг ийнхүү тогтворжуулснаар инфляцын зорилтыг бууруулах боломж бүрдсэн гэж үзсэн.

Үүний зэрэгцээ макро зохистой бодлогыг цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байлгах зорилгоор мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
 


Тѳв банк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хѳгжүүлэх, үндэсний тѳлбѳрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Цаашид Ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ гэсэн юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ Төв банкны Мөнгөний бодлого тогтвортой байхыг зорьдог. Зүй нь зорилго тодорхой байхад бодлого тодорхой, тогтортой байх ёстой байдаг. Харин манай тухайд УИХ-ын гишүүд ч юм уу, олон нийтийн зүгээс Мөнгөний бодлоготой холбоотой шүүмж хэлэхдээ нөгөө л нэг өмнөх жил яригдсан асуулга нь дахиад давтагдсан байна гээд байдаг. Мөнгөний бодлого Төсвийн бодлогоос өөр. Тиймээс зарчмын өөрчлөлт бага байдаг. Таван жилийн өмнөхөөс, нэг жилийн өмнөхөөс Төрийн мөнгөний бодлогод багахан хэмжээний л өөрчлөлт орж байдаг.

Төрийн Мөнгөний бодлого гурван агуулгыг барьдаг. Макро эдийн засгийн тогтвортой байдал, манай тухайд санхүүгийн салбарын 90 гаруй хувийг бүрдүүлж буй банкны салбар, хууль эрх зүйн орчин, санхүүгийн салбарын дэд бүтцийг яаж хөгжүүлэх вэ гэсэн гурван бүлэг заалтад агуулгаа багтаадаг.Ирэх онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогыг тодорхойлохын тулд тухайн жилийнхээ суурь нөхцөл байдалд тулгуурлаж  тооцдог.

Цар тахалтай холбоотойгоор манай улс нэгдүгээр  сарын 27-ноос хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүх л шийдвэрүүд коронавирустэй холбоотой гарсан.

Мөнгөний бодлогын хороо хуулиараа 4 удаа хуралдах ёстой. Цар тахалтай холбоотойгоор ээлжит бусаар нэмж хоёр удаа  хуралдаж, шийдвэр гаргаад байна.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлсэн шийдвэр гаргаж байгаа. Төсвийн алдагдал 5 хувь байсныг тодотголоор 7 хувиар нэмж, 12 хувь болгосон. Мөнгөний бодлого төсвийн бодлоготой нийцтэй явах ёстой  гэдэг үүднээс мөнгөний бодлого хатуурах ёстой. Гэхдээ коронавирусний нөхцөл байдлын үүднээс мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь зөв гэж үзсэн шийдвэрүүд гарсан. Мөнгөний бодлогын хороо 14 хоногийн зайтай хоёр удаа хуралдаж, бодлогын хүүг тус бүр нэг нэгж хувиар бууруулсан. Дараа нь есдүгээр сарын хурлаар нэг нэгж хувиар буулгаж, 8 хувьд хүргэсэн гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top