АН өнгөрөгч 2016 оны сонгуульд ялагдал хүлээж, намын даргаар С.Эрдэнийг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Тувааныг тус тус сонгосон цагаас хойш огт өөдөлсөнгүй. Өнөөдрийн байгаа байдлаас эргэн харахад хангалттай олон жишээ бий. Хамгийн ноцтой нь итгэл үнэмшлээ өгсөн маш олон гишүүн АН-ын хаалгыг савж гарлаа. Энэ бол улс төрийн намд асар том хохирол байдаг. Уг нь намын гишүүдийн эв эеийг хичээх, тэднийг зангидах ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга нар л зохицуулдаг учиртай. Гэтэл Ц.Туваан зангидах бус харин эсрэгээрээ намынхаа гишүүдийг тарааж, хамгийн том хэрэг мандуулсан ч карьер нь тасралтгүй өгсөж явааг намын гишүүд нь шүүмжилж байна.
Намаа тарааж, хамгийн том нүгэл үйлдсэн ч сонгуульд орохын өмнө тушаал дэвшин, АН-ын дэд даргаар томилогдож, УИХ-ын гишүүн ч болов. Сонгуулийн ялагдлаас зугтаж, амин хувиа хичээж байгаа учраас генсекийн албаа шилжлүүлсэн хэрэг байх. Улмаар 2020 оны сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ дүрмийн дагуу хариуцлага хүлээн, ажлаа өгч байхад, харин намын даргын үүрэг гүйцэтгэгчээр адилхан шийтгэл хүлээх учиртай Ц.Туваан дэвшин томилогдох нь тэр. Улс төрийн намын түүхэнд урьд хожид үзэгдээгүй хачин этгээд үйл явдал болов. Тэр ч бүү хэл энэ сарын 16-нд болох АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа гэх. АН-ыг бүр булшлах гээгүй бол Ц.Тувааныг оруулж ирэхгүй биз хэмээн гишүүд дэмжигчид нь ярьж байна.
Цагтаа АН-ыг хойморлож, лидер хэмээн мандаж явсан Н.Алтанхуяг намаасаа гарч, бие даан УИХ-д ирлээ. Л.Болд, Ж.Батзандан нар туурга тусгаарлан, улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Д.Дорлигжав, З.Энхболд гээд энэ намын өнгө зүс, туг нь болж явсан нөхөд бүгд намаасаа нүүр буруулсан нь нам уруудах гол шалтгаан болов. Эдгээр лидерүүдээ дагаад эгэл жирийн гишүүд ч олон зуугаараа намаас гарсан. Үүний алдааг зөвхөн С.Эрдэнэд нааж байгаа болохоос бус намын гал тогоог барьж байгаа Ц.Тувааныг дурсдаггүй. Уг нь намын дарга бол бодлогоо барьдаг, харин Ерөнхий нарийн бичгийн дарга намынхаа гал тогоог барих, гишүүдээ зангидах, эв эеийг хичээх үүрэг хүлээдэг гэхээр яах аргагүй тухайн үеийн генсекын алдаа болж таарна.
Монгол Улсын түүхэнд МАН, АН хэмээх хоёр улс төрийн хүчин төрийн эрхийг ээлжлэн барьж, хамтрахдаа хамтарч ирсэн байдаг. Энэ утгаараа тус хоёр хүчнээс тодорсон үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар бүгд л цаг үеийн тусгал, намынхаа туг нь болж ирсэн гал цогтой түүхтэй. Захын сайдаас илүү нийгэмд нөлөөлж, тэр хэрээр олны дунд орчихсон байдаг энэ алба Ц.Тувааны үед лав байхгүй болсон гэдгийг бултаараа мэднэ.
Хамгийн ноцтой нь тэрээр намынхаа төлөө бус эсрэг гэмээр ажилладаг хэрнээ албан тушаалаас бууж үзээгүй нь хачирхалтай. АН-ыг ялагдсан үед нь намын бүтцэд байх бүх өндөр дээд албанд очиж үзлээ. АН-ыг төрийн эрх барьж байхад ч бялуунаас хоцорч байсан түүх байхгүй. Тухайлбал, Н.Алтанхуягийг засаглаж байхад Үйлдвэр, хөдөө аж ахуйн Дэд сайдаар ажиллаж байгаад сүүлд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын алба хашиж явсан гээд аль болох ашиг орлоготой салбарт шигдэж суусан хүн. Ийнхүү албан тушаалын бялуунаас хоцорч үзээгүй Ц.Туваан АН-ын жинхэнэ дарга болохоор зүтгэж байгааг эрх биш гишүүд дэмжигчид анхаарч харж байгаа биз дээ.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ хөгийн амьтан хаанаас гараад ирэв???????????????????????
Мөрөөрөө яваа хүн дээ
Туваан нэртэй хүн бүгд мундаг хүмүүс байсан. Эрүүл мэндийн дээр үеийн Туваан сайд 20 гаруй жил сайд байсан. Энэ Туваан чинь бас эмч юм байна шүүдээ АН-г аврах цорын ганц хүн энэ Туваан мөнөөс мөн
ТУВААН л биш шүү , юу хэрэггүй туваан дарханы намд намыг самарсан энхжаргал гэж мөнгөний авгайг үүрэг гүйцэтгэгчээр тавьсан , дарханы намруу гараа дүрээд энхжаргал нь туваан дарга болгосон миний хамгаалалт женко гээд дарханаар нэг өөрөө үүрийхээ дарга нарт яриад байгаа