Ерөнхий сайд Сү.Батболдын Хятадад хийсэн энэ удаагийн айлчлал чухал үр дүнтэй боллоо. Хоёр орны түншлэлийн харилцааг стратегийн түвшинд улам нягтруулсан хэмээн ажиглагчид үзжээ. Тэрээр тус улсын нефть боловруулах Яньшинь үйлдвэртэй танилцсан юм. Монголчуудын хувьд өнөөгийн гол бэрхшээлүүдийн нэг болоод байгаа шатахууны хомсдолоос гарах гарц эндээс эхэлж магадгүй ажээ. Хятадын нефтийн үйлдвэрлэлд нийт 800 мянга гаруй хүн ажилладаг юм байна. Тэдгээр үйлдвэрүүдийн дотор Яньшинь нь нэлээд томд тооцогдох бөгөөд Бээжин хотынхоо хэрэгцээг бараг бүхэлд нь хангадаг гэнэ. Ер нь Хятад улс нефть боловсруулах технологиор дэлхийд тэргүүлж байна. Тэнд Евро-4 стандартаар нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнийгээ ирэх оноос Евро-5 стандарт руу шилжүүлж улам сайжруулна. Тиймээс Ерөнхий сайд Сү.Батболд тус улсын нефть боловсруулах технологиос Монголд нэвтрүүлэхийг чухалчилж байгаа бололтой. Энэ талаар холбогдох яам, засгийн газрын түвшинд саналаа тавьжээ. Ингэхдээ гол нь Хятадаас техник технологийн тусламжийн хажуугаар мөн санхүүгийн дэмжлэг авч нефть боловсруулах үйлдвэртэй болох саналтай байгаагаа хэлсэн байна. Хятадын тал асуудлыг нааштайгаар шийдэхээ илэрхийллээ. Үүний зэрэгцээ нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч орнуудын нэгдэн орсон олон улсын байгууллага болох АПЕК-т Монгол улсыг элсүүлэхэд Хятадын талаас дэмжлэг үзүүүлэхээр болсон байна.
Ерөнхий сайд Сү.Батболд ийнхүү Хятадад айлчлах үеэрээ нийт 10 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсны бас нэг нь ялтан солилцох асуудал байсан юм. Ялтан солилцох гэрээгээ байгууллаа. Өнөөдөр Хятадад гэмт хэрэг үйлдсэн 50 гаруй монгол иргэн хоригдож байна. 2007 оноос хойш тэнд нийт 390 гаруй хэрэг зөрчилд монголчууд холбогджээ. Ялангуяа хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгт нэлээд олон хүн холбогдсон байна. Конгконгт 20 гаруй хүн хоригдож байгаа гэнэ. Хар тамхитай тэмцэх талаар тус улс туршлага сайтай. Тийм болохоор манайд техникийн болон хүн сургаж бэлтгэхэд туслалцаа үзүүлнэ гэлээ. Ялтанг хоёр улс хоорондоо солилцохдоо уг хэрэгтний гэмт хэргийн нөхцөл байдлаас гадна аль нэг талаас нь албан ёсоор хүсэлт гаргах, хэргийг шүүх эцсийн шийдвэр гарсан байх зэрэг зарчмыг баримтлахаар тогтжээ. Энэхүү гэрээг нь хоёр улсын парламентаар эцэслэн шийдвэрлэх юм байна.
Мөн Ерөнхий сайд Монголынхоо дэд бүтцийг хөгжүүлэх, ялангуяа 1000 айлын орон сууц барих, хурдны галт тэрэг явах төмөр зам болон авто зам тавих, транзит тээврийг хөгжүүлэх талаар ч санал солилцсон юм. Байгальд ээлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал анхаарал хандууллаа.
Ер нь хоёр орны стартегийн түншлэлийн хүрээнд улс төрийн харилцаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон хүүхэд залуучууд, хэвлэл мэдээллийн асуудлыг тэргүүн чиглэлд авч үзсэн байна. Ерөнхий сайд Хятадын 60 хүүхдийг эх орондоо урьсан нь энэ харилцааны бас нэг онцлох зүйлийн нэг боллоо. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэхэд ч Хятадын тал бэлэн байгаа аж. Мөн түүнчлэн Орос, Хятадын байгалийн хий дамжуулах хоолой, эрчим хүчний шугамыг Монгол орны нутгаар дамжуулах өнгөрүүлэх саналыг Ерөнхий сайд Сү.Батболд Хятадын талд тавилаа. Ийнхүү түүний Хятадад хийсэн айлчлал олз омог ихтэй болж өнгөрлөө хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн цагаараа Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарыг оролцуулан товч таницуулсан юм.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )