Жо Байден: Америкийг дэлхий даяар дахин хүндлэгддэг болгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

-Камала Харрис АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч боллоо-

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүн хэд хоног сунжирсны эцэст Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Жо Байден тус улсын дараагийн Ерөнхийлөгч болох болзлоо хангаад байна. Одоогийн байдлаар зайлшгүй авах ёстой 270 сонгогчийн төлөөллийн саналаас илүү гарган 279 санал авч ялалт байгуулаад буй тэрбээр Америкийн ард түмэнд хандан үг хэллээ.

“Би талцуулан хуваадаг бус, харин эвлүүлэн нэгтгэдэг Ерөнхийлөгч байх болно. Би муж улсуудыг ардчилсан ба бүгд найрамдахч гэж хуваахыг хүсэхгүй байна. Бидэнд зөвхөн ганц л Америкийн Нэгдсэн Улс байгаа. Америкчуудын сэтгэл санааг болон үндэстний маань ноён нуруу болох дундаж давхаргыг сэргээж, Америкийг дэлхий даяар дахин хүндлэгддэг болгохын тулд би энэ албан тушаалд очиж байна" хэмээн тэрбээр онцлон мэдэгджээ.

1972 онд 30 настайдаа Жо Байден анх Сенатын гишүүнээр сонгогдож байсан Делавэр мужийн нийслэл Уилмингтон хотноо үг хэлэх ёслолын ажиллагаа эхлэн, АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болох Камала Харрис тайзан дээр түрүүлэн гарч ирлээ.

Тэрбээр: “Ардчилал бол бид түүний төлөө тэмцэж байх үед л хүчирхэг байдаг” хэмээн Конгрессийн ардчилагч гишүүн Жон Льюисын хэлсэн үгийг давтан сануулаад, “Энэ сонгуулийн үеэр манай орны ардчилал эрсдэлийн ирмэгт зогсож, дэлхий даяар түүнийг анхааралтай ажиглаж байх үед та бүхэн түүхийг бүтээж чадлаа.

Манай улс та нарт маш их өртэй боллоо. Та бүхэн манай ардчиллын бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадлаа. Сонгуулийн санал хураах үйл явцад үнэхээр идэвхтэй оролцож, түүхэн дээд амжилт үзүүлсэн явдалд та бүхэндээ их баярлалаа. Та нар маш тодорхой дохио илгээж, итгэл найдварын төлөө, үнэн шударгын төлөө Жо Байденыг сонгосон. Тэр бол анагаагч, эвлэлдүүлэн нэгтгэгч бөгөөд өөрөө ч асар их гарз хохирол, зовлон зүдгүүрийг туулж өнгөрсний хувьд та бүхэнд өөрийн зөв замыг олоход тусалж чадах болно. Миний хувьд, энэхүү өндөр албан тушаалд хүрсэн анхны эмэгтэй, гэхдээ сүүлчийнх биш. Учир нь, Америкийн бүхий л охид, бүсгүйчүүд улс орон нь тэдэнд ийм боломж олгож чаддагийг харж байна. Иймд та нарын маань хүсэл мөрөөдөл өндрөөс өндөр, зорилго тэмүүлэлтэй байх болтугай. Түүнийгээ биелүүлэхэд тань бид туслах болно. Жо Обамагийн хувьд ямар байсан, яг түүн шиг дэд Ерөнхийлөгч би байх болно” хэмээн Камала Харрис амлажээ.

Түүний дараа тайзан дээр Жо Байден гарч ирлээ.

“Эх орон нэгт америкчууд аа, Делавэр мужийн оршин суугчид аа,

Биднийг дэмжсэн бүхий л хотуудын оршин суугчид, яс үндэстэн, бэлгийн чиг хандлагын төлөөллүүдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсэж байна. Та бүхэн намайг дэмжсэн, харин би та бүхнийг дэмжиж бас хамгаалах болно. Америк орон жинлүүрийн туухайг шударга ёсны зүгт чиглүүллээ” хэмээн өгүүлээд, дараа нь тэрбээр ялагдсан талд хандан эвлэрэл, ухаарлын үгс хэлсэн юм.

“Би өөрөө хоёр ч удаагийн сонгуульд ялагдаж байсан учраас Ерөнхийлөгч Трампын төлөө саналаа өгсөн хүмүүс хэчнээн сэтгэл дундуур байгааг сайн ойлгож байна. Гэвч тэд бол бидний дайснууд биш, тэд бол америкчууд.

Одоо бие биедээ боломж олгоцгооё. Хэн хэндээ хандсан хатуу дайралтыг зогсоож, нэг нэгийнхээ үгийг сонсож, дайсны эрлээ зогсоох цаг болсон” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч өгүүллээ. Тэрбээр эхний ээлжинд коронавируст цар тахлын нөхцөл байдлыг хяналтад авахаа амласан бөгөөд Ковидын эсрэг Байден-Харрис төлөвлөгөө байгаа талаар дурдсан байна. “Тулгуур шинжлэх ухаан дээр суурилсан энэхүү төлөвлөгөөг 2021 оны нэгдүгээр сарын 20-ноос /АНУ-ын шинэ Ерөнхийлөгч албан тушаалаа авах өдөр/-өөс эхлэн хэрэгжүүлэх шилдэг эрдэмтэд, шинжээчдийн багийг би ирэх даваа гарагт танилцуулах болно” гэж мэдэгджээ. Гүн сүсэг бишрэл бүхий католик шашинтан гэр бүлд төрж өссөн тэрбээр үг хэлэх явцдаа хэд хэдэн удаа Ариун Библийг дурдсан байна. “Юм бүхэнд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэж Библи-д өгүүлдэг. Одоо бол Америкийн хувьд, шархаа эмчлэх цаг үе. Итгэлээ түгээгээрэй. Бурхан та нарыг бүгдийг хайрлаж, Америк орныг ивээлдээ авах болтугай” хэмээн үгээ өндөрлөсөн аж. 

 

Камала Харрис гэж хэн бэ

Камала Деви Харрис 1964 оны аравдугаар сарын 20-нд Калифорни мужийн Окленд хотод төржээ. Түүний эцэг эх болох Энэтхэг гаралтай Шамала Гопалан, Ямайкийн цагаач эр Дональд Харрис нар Беркли Их сургуульд танилцан гэрлэсэн аж. Тухайн үед ээж нь хорт хавдрын эмчилгээний чиглэлээр диплом хамгаалж, аав нь эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн байна.

Харрисыг долоон настай байхад эцэг эх нь салж, ээж нь ганцаараа түүнийг охин дүүтэй нь хамт өсгөн хүмүүжүүлжээ. Гэр бүл нь ихэвчлэн африкууд амьдардаг районд аж төрж, 1960-аад оны сүүлчээр Калифорнид арьс өнгөний цөөнхийг “интеграцчлах” хөтөлбөр зарлагдан, ядуу гэр бүлээс гаралтай хар арьст хүүхдүүдийг баян чинээлэг цагаан арьстнууд амьдардаг район дахь сургуулиуд руу шилжүүлэх явцад Харрис мөн нэгэн тийм сургуульд орсон байна. “Хар арьст хоёр охин өсгөн хүмүүжүүлж байгаа гэдгээ ээж маань маш сайн ойлгож байсан. Тэрбээр биднийг өөртөө итгэлтэй, бардам хар бүсгүйчүүд байгаасай гэж хүсэж байсан” хэмээн Камала өөрийн дурсамж номондоо дурджээ.

Камала Харрис – “55 настай хар эмэгтэй” гэж тэрбээр өөрийгөө нэрлэхдээ хар арьст гарал үүслээ, бүсгүй хүн гэдгээ онцлон тодотгосон юм. Камалагийн эцэг Ямайкаас АНУ руу ирсэн цагаач, ээж нь Энэтхэгээс цагаачилж ирсэн тул  арьсны өнгө, нас, хүйс болон бусад хүчин зүйлсээс үл хамааран дурын хэн нэгэн юунд ч хүрэх  боломжтой нь Америкийн давуу тал гэдгийн тод илрэл нь Камала Харрис болсон байна. АНУ дахь арьс өнгөний тэгш байдал яг бодит амьдрал дээр төдийлөн сайн биш ч Black Lives Matter эсэргүүцлийн хөдөлгөөний өрнөлөөс шалтгаалан ардчилагчдын зүгээс дэд Ерөнхийлөгчид Камала Харрисыг сонгоход хүрчээ. Жорж Флойд, Бреона Тейлор нар хар арьстай төрснийхөө төлөө цагдаа нарт буудуулсан гэдэгт эгдүүцсэн олон нийт Америкийн хотуудад эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн билээ.

Арьс өнгөөр ялгаварлах үзэл Америкийн нийгэмд оршсоор буй  ийм нөхцөл байдалд Камала Харрис улстөрийн амжилттай карьер хийхэд хэчнээн хүндрэлтэй байсан нь мэдээж.  Гэвч Харрис энэ бүхнийг даван туулж, 2017 онд Калифорни мужаас Сенатад сонгогдон, энэхүү албан тушаалд хүрсэн африк гаралтай хоёр дахь эмэгтэй, өмнөд Азиас угшилтай анхны хүн болсон байна. Камалаг улс төр дэх хүнд бэрх замыг сонгоход түүний ээж Шамала ихээхэн нөлөөлсөн аж. Тэрбээр иргэний хөдөлгөөний идэвхтэн, хөхний хавдар судлаач байсан учраас Камала хүүхэд байхаас л хүний эрхийн төлөөх тэмцлийн талаар тодорхой ойлголттой болж чаджээ. Камала Харрис Ховардын Их сургуульд бакалаврын зэрэг авч, Калифорни мужийн Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөний дараа орон нутгийн прокурорын газарт ажлын гараагаа эхлүүлсэн байна.

 

Баячуудыг илчилж, ядууст тусалсан нь

2003 онд Камала Харрис Сан-Франциско тойргийн прокурор болж, гэмт хэрэгтнүүдийг зөвхөн мөрдөөд зогсохгүй, тэднийг гэмээ ухааран, нийгэмд эргэн очиход нь тусалдаг байжээ. Ялангуяа хар тамхитай холбоотой зүйл ангиар анх удаа шийтгэгдэж буй хүмүүсийг /тэдний тал илүү хувь нь зохион байгуулалттай бүлэглэлд хамааралтай африк гаралтай хөвгүүд, залуус байсан/ ялаа дуусгаад дунд сургуулиа дүүргэх, хэвийн ажил төрөл эрхлэхэд нь тусалдаг байсан аж.  Уг албан тушаалд хоёр жилийн эрхийн хугацааг дуусгасны дараа Камала Харрис Калифорни мужийн Ерөнхий прокуророор сонгогдсон байна. Ийнхүү тэрбээр ийм албан тушаалд хүрсэн анхны африк гаралтай эмэгтэй болж чаджээ. Калифорнийн Ерөнхий прокурорын албан тушаалд очсон Харрисын ажлыг домогт Робин Гүүдийнхтэй харьцуулж болохоор байж: Тэрбээр эрх тэгш бусаар их мөнгө олж буй баян корпорациудыг мөрдөж,  эрх нь зөрчигчдсөн хүмүүст нөхөн олговор олгуулахын төлөө уйгагүй ажиллаж байв. Жишээ нь, 2007-2010 онд үл хөдлөхийн зах зээл дээр өрнөсөн хямралын үеэр олон мянган америкчууд ипотекийн зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрч, зээл олгосон банкууд тэдний орон байрыг хураан авч байлаа. Харин тухайн үед орон байраа алдсан калифорничуудын хувьд Камала Харрис шүүх дээр ялалт байгуулан тэдэнд 25 тэрбум доллартай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж өгсөн байна. АНУ дахь мужийн Ерөнхий прокурор нь зөвхөн бүс нутгийн эрх баригчдын төлөөлөл, хуулийн гүйцэтгэгч төдий бус, улс төрийн амьдралын идэвхтэй оролцогч гэдгээрээ зарим улс орнуудаас ихээхэн ялгаатай аж. Харрис энэхүү албан тушаалд байхдаа Калифорни дахь цаг уурын өөрчлөлтийн эсрэг хуулийг хамгаалахад тусалж чадсан байна. Тэрбээр үйлдвэрийн газруудыг экологийн арга хэрэгслээр боловсруулалтаа явуулах, авто үйлдвэрлэгчид цахилгаан машиныг илүүтэй борлуулах, эрх баригчдын зүгээс байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэл худалдаж авах зэрэгт шаардлага тавин, хэрэгжилтийг хянаж шалгаж байсан аж. Мөн Харрис ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Калифорни мужид зөвшөөрөх хуулийг батламжлахад оролцож, иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн үйл ажиллагаанууд болон өвчтөнүүдийг хамгаалах тухай хуулийг батлуулахад хүчин чармайлт гаргаж байжээ.

Дараа нь Харрис Сенатын гишүүнээр сонгогдсон хэдий ч түүний ажил  өөрчлөгдсөнгүй. Тэрбээр Калифорнийн хүн амын бүхий л төлөөллийн эрх ашгийн төлөө тэмцэж байлаа. Сенатын гишүүнээр ажилласан гурван жилийн хугацаанд Харрис цалингийн доод хэмжээг өсгөх тухай, шүүхийн шинэчлэлийн төлөө хуулиудыг санаачилж, бүх иргэдийн эмнэлгийн тусламж авах эрхийн төлөө ажиллан, архи, хар тамхины хамаарлын голомттой тэмцэж, ажил хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдэд хүүхдийн асаргааны асуудлаа шийдэхэд нь тусалж байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top