Өнөөдөр АН, МАН ялгаагүй ингэж л ярьж байна. Үнэхээр ч энэ хоёр хүний нэр хүнд л олны дунд хамгийн өндөр байгаа. Харин шулуухан хэлчих хүн олдохгүй байгаа нь дээрх хоёр улстөрчийн зангаргаас болоод байгаа байх. Тэрнээс биш энэ хоёр бол “гэрэлд цохиулчихаар” балрах гээд байдаг “хурган дарга" болох гэж яваа хүмүүс биш шүү дээ. Харин саяхан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүн олон байна. Манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргыг нэр дэвших байх гэж харж байгаа. Ерөнхий сайдыг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна” гэсэн байна лээ.
Гэхдээ бас “Засгийн өндөр дээд албан тушаал хашиж, удирдах ажилд туршлагажсан хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна.
МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эдүгээгийн УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна.
УИХ-ын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Түүний хувьд УИХ-ын гишүүн, Шадар сайд, намын даргаар ажиллаж байсан” гэжээ.
Эрх баригч намын генсекийн дурдсан эдгээр нэрнээс л дүгнэлт хийхэд ерөөсөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх л харагдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг намаасаа илүү хүн дээрээ гол анхаарал төвлөрдөг онцлогтой.
АН-ын хувьд өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин дэвшүүлэх нь бараг тодорхой зүйл. Үнэндээ, өнгөрсөн сонгуулиудын хариуцлага ярьсан ч, хууль шүүхийн хаалга татсаныг нь тоолсон ч өөр өөдтэй нэр дэвшигч байхгүй. Басхүү өнөөгийн Ерөнхийлөгчид өөрт нь эрх мэдэл ч байна. Дараагийн АН-ын даргаар хэн ч тодорлоо гэсэн Ерөнхийлөгчийг хойтон жилийн сонгуульд нэр дэвшүүлж, дэмжих тохироо л хийж таарна.
Ирэх жилийн сонгууль дээр саналын савалт таарах магадлал ч өндөр байгаа. 2017 оны сонгуулийг эргээд харъя л даа. М.Энхболд УИХ, орон нутгийн сонгуульд намаа үнэмлэхүй ялуулсан боловч Ерөнхийлөгчид өрсөлдөөд уначихсан. Эрх баригчид яг ийм давтамж дээрээ дахиад ирчихээд байгаа юм. Судлаачдын ярихаар бол тухайн үед Х.Баттулга шиг эрс зоримог имижтэй хүний өөдөөс “аядуу зөөлөн” гэгдэх М.Энхболд нэр дэвшсэн нь ч нөлөөлсөн гэдэг. Энэ өнцгөөс харвал одоо илүү эрэмгий дүр МАН-д хэрэгтэй. Тиймээс л Д.Амарбаясгалангийн дурдсан нэрсээс У.Хүрэлсүхийг нь өлгөж авсан хэрэг. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар хувь имижээ тийм ч сайн бүрдүүлсэн хүн биш. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өсөлтийг дагаад гараад ирсэн ч гэж болно. Ангийн атаманы баруун гар гэх юм уу даа.
Имиж бүрдүүлж чадсанаараа бол Хууль зүйн сайдыг хэдэнтээ хийсэн Ц.Нямдорж өрсөлдөгч байж чадна. Гэхдээ монголчууд бид улсын наадмынхаа бөхийг ч баруун, зүүнээрээ талцалгүйгээр хийчихэж чаддаггүй хүмүүс. Хатуухан хэлэхэд Ц.Нямдоржийн “дөрвөд” гэдэг тэмдэглэгээ нь, улстөрчийн дуулиан шуугиан нь орон даяар өрсөлдөх сонгуульд улаан гэрэл асаана.
Сү.Батболд, Ө.Энхтүвшин нарын тухайд элдэв хэл аманд хамгийн бага өртсөн хүмүүс. Яг төдий хэрээрээ дутах магадлал өндөр. Дээр дурдсанчлан хэт зөөлөн зантай ангилалд багтана. "Хатуутай зөөлнөөр өрсөлдөх нь тохиромжгүй" гэдэг өнгөрсөн удаад нотлогдсон.
Өнгөрсөн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан МАН энэ удаад ялахыг хүсэх нь гарцаагүй. Намынх нь 100 жилийн ой тохиож байгааг нь ч бодсон шүү дээ. Хэрвээ удирдах түвшиндээ ялах шаардлагагүй гэж улс төрийн тохиролцоо хийдэг юм гэхэд энэ шийдвэрийг тус намын жирийн гишүүд хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцлага нэхэж л таарна. Зарим таамгаар У.Хүрэлсүх өнгөрсөн сонгуулийн “Хүчээ нэгтгэе” гэсэн урианы гол туг болж байсныхаа хувьд Ерөнхий сайдынхаа ажлыг тултал хийгээд дуусгах ёстой гэж байх шиг байна. Тэгвэл намаас нь илгээсэн нэр дэвшигч ялагдчихвал яах вэ. Мэдээж, намын даргатайгаа хариуцлага тооцох асуудал үүснэ. Улмаар Ерөнхий сайдын албан тушаал ч ганхаж мэдэх юм. Ер нь ч түүнийг Ерөнхийлөгч болгон дэвшүүлээд ард нь өөрсдийнхөө байрыг эзлэх гэсэн улстөрчид энэ намд өчнөөн бий.
Тэр улстөрчдийн ашиг сонирхол ч яахав. Гол нь У.Хүрэлсүх өрсөлдөж гэмээнэ энэ сонгууль үзэх юмтай, хариад ярих зүйлтэй болж өнгөрнө. Түүний хувьд шийдмэг, зоримогоор дутагдах юмгүй хүн. Яг энэ чанар нь олны хүндэтгэлийг хүлээгээд байдаг. Бас "шударга ёсны тэмцлийг өрнүүлнэ" гэж гарч ирсэн. Өнөөдөр улс төрийн орчинд шударга ёс тогтоод хаана хүрэх вэ. Хууль шүүхийнхэн шударга болж байж төгс гүйцэтгэл болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгчийн албан тушаал бол түүний зорилгодоо хүрэх цэг биш юм уу. Ингээд харвал нэр дэвшилт харин ч боломжтой л харагдаж байна. Ер нь тэгээд Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөж чадах шийртэй нь гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өөр хэн байгаа юм бэ.
УИХ-д МАХН, ХҮН суудалтай. Хуулиараа Ерөнхийлөгчид хүн нэр дэвшүүлэх эрхтэй.
МАХН-ыг О.Баасанхүү парламентад төлөөлж байх үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар өрсөлдөж Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа хоёр шаттай болгож байлаа.
2013 оны сонгуульд МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал гэхэд АН-ын талд ашигтай нөхцөл авчирч байсан юм. Ер нь МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан сүүлийн гурван тохиолдлын хоёрт нь МАХН-ын нөлөө орсон.
Энэ утгаар харвал ирэх жилийн сонгуульд МАХН, ХҮН-ын тоглолт ямар байхаас их зүйл шалтгаална. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар амбицлах эсэх нь эргэлзээтэй. Намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр албан тушаалын хэрэгт шийтгүүлсэн үндэслэлээр тоглоомын гадна үлдэнэ. МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй" гэдгээ хэлсэн удаатай. Тэгвэл Ц.Оюунбаатар, Ц.Шарав нарын хүмүүс үлдэж байна. Хэн юу хэлж байснаас үл хамаараад хоёр том намтай ямар тохиролцоо хийхээс шалтгаалж хөзрөө сугалах байх. Энэ намын нэр дэвшигч эхэндээ МАН-ын саналыг хувааж байсан бол өнөөдөр АН-ын саналыг хувааж болзошгүй болчихсон гэдгийг ч бодох ёстой.
ХҮН-ын хувьд МАХН-аас их ялгарахгүй.
2020 оны УИХ-ын сонгууль намуудад нэгдэх ёстойг нь сануулсан. Тиймээс ч өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуулиар АН, МАХН нэгдэж байлаа.
Харин ХҮН-ын хувьд “Аль ч талд орохгүй” гэж зарлаж байсан боловч МАН-ыг илт түшээд байгаа харагдсан.
Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН нь АН-ыг дэмжиж, ХҮН нь МАН-ыг дэмжиж оролцох магадлал өндөр байна. Энэ зэргийн явуулгыг ирэх зургаадугаар сараас өмнө АН, МАН хоёр хийх ч байх. Тэгвэл хоёр том намын дунд гол өрсөлдөөн болно гэсэн үг. Харин хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдэг тухайд өнөө л Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр нь харагдаад байгаа юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Далимдуулж албан тушаалаас нь авч хаях тактик байна.
Хүрэлсүх ЕС-ыг болиулах явуулга байна даа, Ухаантай хүн ийм тоглоомыг ойлгох байлгүй дээ.
Нямдорж,Жаргалсайхан нар орж ирвэл үзэл,бодлын жинхэнэ өрсөлдөөн цэвэр сонгууль болж,монголын хөгжил дэвшлийн баримжаа нэг зүгт хандлагаа тогтоох болно.Энэ -хоёрын нэгийг хүн нам авбал сонгуулыг эрүүл болгох нягууртай.
Хүрэлсүх амласан амлалтаа биелүүлэхгүй ерөнхийлөгч рүү зүтгэвэл ард түмэн дэмжихгүй МЭнхболд шиг карьер дуусана харин СУ Батболдыг дэмжиж банйа аядуухан боловсрол өндөртэй олон улсад монголын нэрийг гаргах чадвартай хүн гэж үздэг
Хүрэлсүхийн шийтвэртэй сайн ажилаас холдуулах М.Энхболд Элбэгдорж МАНАН -н мөрөөдөл хүсэл шүү. Хүрэлсүх минь хэзээ ч өрсөлдөж болохгүй, эхлүүлсэн ажилаа дуусгах хэрэгтэй Монголчууд чамд итгэж найдаө байгаа. МАНАН энийг хүсэж бгаа шүү.
Бүх эрх мэдлийг нэг намд нь эцсийн удаа өгөад үзэх үү дээ
Эхний сонгуульд бид тэртэй тэргүй эрээд эрээд юм олдохоо байсан хоосон авдрын ёроолоос самбай хадаг гаргаж ирэхтэй адил сонголт хийж байлаа. Сүүлийн сонгуульд хаях гэж цуглуулсан оймснуудаас арай нэг өнгө дөхүүг шилж үлдээхтэй адил болсон. Одоогийнход гудамны атман шоронгийн атман 2-н нэгийг сонгож хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх адил сонголттой тулах вий.
Цэцгээ шиг царайтай юмаа энэ Хүрэлсүх гэдэг коммунист. Цэцэгсүх гэвэл яахуу?
Хүрэлсүхээ чамайг ХӨӨРӨГДӨӨД байна
Tuuhcn Olziibaatar mongol ulsiin eronhiilogcn bolj cnadna
С.ГАНБААТАР