Монгол Улс дотооддоо коронавирусний халдварыг алдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэдэд хандаж үг хэллээ.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар иргэн бүрийг нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хамгаалахын тулд иргэн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хувийн ариун цэвэр, төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлагыг чанд биелүүлэхийг үүрэгжүүлсэн.
Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэн бүрийг хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдэлтэй давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна.
Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг дордуулахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар нөхцөл байдал хүндэрвэл хөл хориог цаашид үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.