Цар тахалтай хэзээ нэгэн цагт нүүр тулах байсан байх. Энэ нь цаг хугацааны л асуудал байв гэж эвлэрэхээс өөр аргагүй.
Бидэнд амьдралын өвөрмөц хэв маяг, хүнсний хэрэглээ, бие махбодийн онцлог, байгаль цаг уурын нөхцөл гээд давуу тал олон байгаа нь нэгэн том тайвшрал юм. Гагцхүү цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамарч байгаа учраас Монгол Улсыг тойрон гараагүй. Бодитоор ирчихээд “өтлөх”-дөө туллаа. Тэгэхээр бид цар тахал хэмээн дахин амьдрахгүй юм шиг аашилж болохгүй.
Зарим “Их мэдэгчид”-ийн хэлж байгаагаар Монгол Улсаас нүүрс, алт гээд уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарч байхад хямрал ярих хэрэггүй, Монголд эдийн засгийн хямрал бодитоор тусахгүй гэх. Макро талаас нь харахад гол нэрийн бүтээгдэхүүн болох коксжсон нүүрсээ өмнөд хөрш рүү зөөж л байна. Хятадууд нүүр буруулахгүй нүүрс авч байхад эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлсээр байх нь үнэн. Алт, зэс гээд дэлхийн зах зээл дээр гарч л байвал бидний хэтэвч арай ч хоосорчихгүй нь бас үнэн. Гагцхүү өртөг нь өндөр байвал бидэнд бүр л эерэгээр тусна. Гэхдээ “Их мэдэгчид”-ийн “Бидэнд хямрал хамаагүй” гэж хэлэх нь хэтэрхий өрөөсгөл зүйл. Угийн зүдүүхэн эдийн засагтай манай улсад цар тахлаас үүдсэн хямрал эрт нүүрлэчихсэн.
Гадаад харилцаа үндсэндээ зогссон, өрх айлын амьдралд зарацуулах мөнгөний хэмжээ илтэд багсаж, зарим хэсэгт тэг зогсолттой болсон байхад “Бидэнд хямрал хамаагүй” хэмээн цээжээ дэлдэх нь амьдралаас тасарсан хийрхэл байх. Хамгийн наад зах нь дэглэм тогтоож, ажил үүргийн тусгай хуваарьт шилжихэд цалингийн 60 хувиар хөдөлмөр, хөлсөө бодуулдаг. Энэ нь иргэд, айл өрхөд ирж байгаа нэгэн бодит хямрал. Таван хүний ажлын байр гаргаад ажиллаж байгаа Цайны газрыг хааж байна, энэ нь тухай иргэд, өрх айлд ирж байгаа бодит хямрал. Тиймээс зөвхөн цар тахалд хамаарахгүйгээр дэлхийн зах зээлд гарч байгаа экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээр түрий барин хямарна, хямрахгүй гэх нь дэндүү ойлгомжгүй асуудал. Бидэнд дэлхийн сүлжээнд холбогдсон үйлдвэр байхгүй нь үнэн. Мал аж ахуйн орны хувьд Хөнгөн үйлдвэр, түүнээс гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүн байхгүй нь бас үнэн. Энэ утгаараа санхүүгийн хямралаас хол үлдэнэ гэж зөвхөн нэг салаа замаар ойлгож байгаа нь буруу. Амьдралын хөрсөн дээр бус тэнгэрт тоо боддог хүмүүсийн л дүгнэлт. Нөгөө талаас нялхасын өвчин, “Их мэдэгчид”-ийн хийрхэл юм.
Манай улсын Засгийн газраас ч энэ тал дээр янз бүрийн л арга хэмжээ авч, цаг алдалгүй ажиллаж байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл цар тахлын эхний давлагаанаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед гадаад улсын Засгийн газрууд төрөл бүрийн арга хэмжээ авсан. Шинжээчдийн үзэж байгаагаар бол тухайн орны онцлог, эдийн засгийн чадвар чансааг тусгаж байгаа боловч эдийн засгаа дэмжих ерөнхий хандлага нь адилхан байгааг ч дуулгалаа. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа цар тахлын хоёр дахь дэгдэлт ирснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлсэн. Энэ хэрээр олон улсад ч тухайн цагийн байдалд уялдсан арга хэмжээг дор бүрнээ аваад эхэлжээ.
Монгол Улсын хувьд өнгөрөгч хавраас эхлэн энэ оны аравдугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн, хүүхдийн мөнгийг ирэх зургаадугаар сар хүртэл 100 мянган төгрөгөөр тогтоон олгохоор болсон. Зарим тал дээр татварын хөнгөлөлт гээд чадлынхаа хэрээр цар тахлын эсрэг арга хэмжээ авч байгаа. Одоо хоёр дахь дэгдэлт хэмээн дэлхий нийтэд зарлаж байхад бид ч цар тахлыг дотооддоо нэгэнт алдлаа. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, УИХ иргэдээ, эдийн засгаа, өрхийн амьжиргааг дэмжсэн ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарна. Дэлхий нийтээр өдөр бүр, цаг тутамд харанга дэлдэж байхад бодож төлөвлөсөн тогтоол шийдвэр бэлэн байгаа гэж найдаж байна. Олон улсад цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засгаа дэмжих, ард түмнийнхээ ахуйг дэмжихэд асар их хөрөнгө зарж байна.
Тухайлбал, “Их мэдэгчид”-ийн сайрхаад байгаа нүүрсний чинь гол өрсөлдөгч Австрали улс бага орлоготой зургаан сая гаруй иргэндээ 750 австрали доллар сар бүр олгодог аж. Мэдээжийн хэрэг тэтгэмжид хамрагдсан энэхүү зургаан сая гаруй иргэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэтгэврийнхэн, тэжээгчээ алдагсад, залуучуудын тэтгэмж авагчид гээд багтана. Үүнээс гадна фермер, оюутан, бэлэвсэн гэх мэт эмзэг бүлгийнхэн сард хоёр удаа 550 австрали долларын нэмэгдэл тэтгэмж авдаг байна. Хүн ам, эдийн засгийн хувьд манай улстай харьцуулах аргагүй ч олгож байгаа мөнгөн дүнг харахад нэг зүйл бодогдоно. Жишээ нь 750 австрали доллар нь Монгол төгргөнд хөрвүүлэхэд 1.5 сая төгрөг, 550 доллар нь 1.1 сая төгрөг болно. Манай улсын дундажаас дээгүүр цалинг иргэддээ олгож байна гэсэн үг.
Тэгвэл дэлхийн том гүрэн АНУ иргэд болон бизнесээ дэмжихэд зориулж, нийт хоёр триллион ам.доллар зарцуулахаар гаргажээ. Дэлхийд тэргүүлэх эдийн засгаас том зах зээл дээр гаргаж байгаа мөнгөн дүн хэдий ч энэ бол асар их хөрөнгө. Тус мөнгийг жилд 75.000 ам.доллараас бага орлоготой иргэдэд тус бүр 1200 ам.долларын шууд тэтгэмж олгоход зарцуулжээ. Гэхдээ 17 наснаас доош насны хүүхдэд тус бүр 500 ам.долларын тэтгэмж өгч байна. Урьд өмнө ажилгүйдлын тэтгэмж долоо хоног тутамд 200-550 ам.доллар байсан бол цар тахалтай холбоотойгоор дөрвөн сарын турш долоо хоногт 600 ам.доллар болгон өсгөжээ. Манай ханшид хөрвүүлэхэд ажилгүйдлын тэтгэмж гэж долоо хоног тутамд 1.6 сая төгрөг авч байна гэсэн үг. АНУ хүүхэд бүрт сар бүр 1.4 сая төгрөг олгож байхад бид чадлынхаа хэрээр сар бүр 100 мянган төгрөг олгож байна. Хөгжиж буй буурай орныг дэлхийн том гүрэнтэй харьцуулах гэсэн хэрэг биш. Бодит байдал ийм л байна.
Мөн нийгмийн хамгаалал, халамжаараа алдартай Герман улс ч энэ тал дээр онцгой анхаарчээ. Тэд тав хүртэлх ажилтантай жижиг Аж ахуйн нэгжид 9000 евро хүртэлх нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон бол 10 хүртэл ажилтантай компанид 15.000 еврогийн тусламж өгч байна. Хамгийн наад зах нь орон сууцныхаа төлбөрийг төлж чадаагүй түрээслэгчдийг гурван сарын хугацаанд байрнаас хөөхгүй, түрээслэгчдийн цахилгаан, хий, теле суваг, усыг тасалж болохгүй. Сургууль цэцэрлэг хааснаас болж гэртээ байгаа эцэг эхчүүдэд зургаан долоо хоногийн турш цалингийнх нь 67 хувийг улсаас нөхөж олгох, богиносгосон цагаар ажиллаж байгаа хүнд цалингийн 60 хувьтай тэнцэх тэтгэмжийг олгох, том бизнесээ дэмжихийн тулд түүний тодорхой хувийг улсаас худалдан авч, цар тахал дууссаны дараа өмнөх эзэнд нь буцаан олгож байгаа зэрэг маш оновчтой арга хэмжээг тус тус авчээ. Гэтэл бидэнд 67 хувийн нөхөн тэтгэмж олгох нь бүү хэл дэглэм тогтоосон үед цалингийн 60 хувиар цалинжин ажиллаж байсан нь өчигдөрхөн.
Ямартай ч цар тахлын хоёр дахь удаагийн дэгдэлт нэгэнт ирчихсэн үед Засгийн газраас бодитой шийдвэр тогтоол гаргаж, иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлага бий. Цар тахал дэлхийн хэмжээнд намдсан хойно сая дууслаа гэж үзэх учраас цаг хугацааны хувьд ч анхаарах хэрэг байна. “Их мэдэгчид”, хийрхэл дагасан шийдвэр тушаал сайн зүйлд хүргэдэггүйг цар тахлыг дотооддоо алдсан үйл явдал тодоос тод харуулж байна шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН