ОЛОН ӨНГӨ: Эерэгээр нөлөөлж, эелдэг байцгаая

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Ямар нэгэн зүйл болох үед бидний дунд буруу ишилсэн сүх шиг цөөн тооны хүмүүс бий. Тэдний эвэр бусдыгаа доргиогоод байгаа хэрэг. Тэр хэсэг бүлэг хүмүүс л алга болчихвол бүх зүйл сайхан болчих юм шиг. Гэхдээ тийм зүйл гэж  юу байхав. Яг л яаж ч болдоггүй яаж ийж байгаад нэг хэрэг тарьчихдаг, шантаачилж байгаад зуу татчихдаг хамаатны нэгэн шиг. Арай ахмад хэд нь түүнийг “За энэ муу л бидний хамаг лай ланчигийг үүрч яваа юм” гэж хааяахан нэг өмөөрнө. Тэдэнд ямар нэг нэр хоч өгч гоочилж, шоглох биш харин хүлээн зөвшөөрч, дасан зохицох нь илүү амьдралд хэрэгтэй. Нус гоожлоо гээд хамраа, хумс ургалаа гээд хуруугаа тасалчихдаг биш. Бидний л нэг хэсэг шүү дээ.

Яагаад тэднийг хүлээн зөвшөөрч, тэднээс болж стерссдэх ёстой юм гэж бодож болно. Гэхдээ бид чинь соёлын довтолгоонд өртөөд зуун жил ч болоогүй ард түмэн. Сэхээтэн гаралтай хүмүүсээс, малчин гаралтай хүмүүс нь хэд дахин их. Нийслэлд ирж амьдарлаа гээд нийтийн соёл шууд сурчихгүй.

"Зарим нь болоод зарим нь яагаад болдоггүй юм" гэж бас үгүйсгэх байх. Гэхдээ хүн болгоны хэл сурах чадвар харилцан адилгүйтэй ижил. Хүн төрөхдөө соёлтой болоод төрчихдөггүй. Соёлтой хүн болж төлөвшихөд хүмүүжил, нийгэм, орчин гээд нөлөөлөх хүчин зүйл олон.

Арван хүнд буруу үйлдэл гэж хэлэхэд нэг нь ч болтугай ойлгох гэж, засах гэж хичээнэ шүү дээ. Хүн хэлэхээс нааш гэж үг бий. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байж, нэг нэгэндээ зохистой шаардлага тавьж, эерэгээр нөлөөлж, эелдэг байцгаая.

О.Ганжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top