Уханьд халдварын ганц тохиолдол илэрч, иргэд нь сандрав

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Дэлхий дахиныг түгшүүлж буй шинэ төрлийн коронавирус анх гарсан Хятадын Ухань хот цар тахлыг даван туулаад, жирийн амьдралдаа ороод удаж байгаа. Айж сандрах аюулгүй болсноо тэд өнгөрсөн Сүнсний баяраар дэлхийд харуулсан билээ. Уханьчууд ямар ч амны хаалтгүй, зай барихгүй баярлан цэнгэж байгааг бид харсан.

Сүүлийн үед халдварын шинэ тохиолдол илрэхгүй байсан Уханьд өнөөдөр нэг тохиолдол илэрсэн байна. Энэ сарын 10-нд Уханьд ирсэн нэгэн хүн халдвартай нь тогтоогдсон бөгөөд холбогдох албаныхан түүний маршрутыг тогтоожээ.

Халдвартай хүн Казахстанаас Өвөр Монголын Хөх хотод ирэхдээ замдаа Беларусын Минск хотод буусан байна. Хөх хотод тусгаарлалтад ороод аравдугаар сарын 31-нд гарсан байжээ. Шинэ тохиолдол илэрснээр хотын иргэд айж сандарч эхэлсэн тул Ухань хотын захиргаанаас иргэдэд хандан сандарч тэвдэхгүй байхыг уриалж, хууль дүрмээ даган, элдэв цуурхал тараахгүй байхыг сануулсан байна.  

11,5 сая хүнтэй Ухань хот нэгдүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 8 хүртэл хатуу хөл хорио тогтоосон билээ.

Top