Жолооч Д-ын ойрын хавьтлын ХОЁР хүнээс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

Монгол Улсад дотоодод халдвар тархсан анхны тохиолдол болох халдвар тээгч жолооч Д-ийн ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнд коронавируст халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс батлан мэдээллээ. Энэ нь өчигдөр орой мэдээлсэн тоо бөгөөд өнөөдөр албан ёсоор баталгаажуулан мэдээлж байгаа аж.

Харин өнөөдрийн хувьд шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч ажээ. Энэ нь өмнөх илэрсэн тохиолдлуудтай хамааралгүй болохыг ХӨСҮТ мэдэгдлээ. 

Ачаа тээврийн хоёр жолоочийн нэг нь Монгол Улсын иргэн бол нөгөө нь ОХУ-ын иргэн. 

ЭМЯ-наас өнөөдөр өгсөн мэдээллээр манай улсад батлагдсан тохиолдол 428 болж байгаа ба эдгэрсэн 328, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. 

ХӨСҮТ-д батлагдсан 95 тохиолдол эмчлүүлж байна. Тэдэн дунд биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 20, хөнгөн 73 өвчтөн байна. ХӨСҮТ-д нийт 163 хүн ажиглалтад байгаа ажээ.

Одоогоор Монгол Улсад дотоодод тархаад буй гурван кластер халдварын анхны кластер халдвар болох жолооч Д-ын ойрын хавьтлаас есөн тохиолдол илрээд байна.

“Дархан-Уул аймгийн 157 хүн, Сэлэнгэд 170 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт ажил үргэлжилж байгаа. Улаанбаатар хотод бүртгэгдсэн эхний кластер халдварын ойрын хавьтлын 50 хүн, дам хавьтлын 1165 хүнээс халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.


2020.11.15-нд буюу өнөөдөр шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол
 

  • Ачаа тээврийн жолооч (Монгол Улсын иргэн) - 1
  • Ачаа тээврийн жолооч (ОХУ-ын иргэн) -1 


КОВИД-19 БА МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2020.11.14)

НИЙТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ - 428

Зөөвөрлөгдсөн - 409

Дотоодод бүртгэгдсэн халдварын тоо - 19
 

УЛААНБААТАР (ЖОЛООЧИЙН ХАВЬТАЛ) - 9
 

  • Улаанбаатарт бүртгэгдсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс 2020.11.10-нд халдвар илэрсэн.
  • Жолооч, эхнэр хоёрын ойрын хавьтал болох ээж, дүүгээс нь 2020.11.11-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн дүүгийн ойрын хавьтал нэг оюутнаас 2020.11.12-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн  4 настай хүүхдээс 2020.11.13-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн ахын эхнэр болон ахынх нь том хүүгээс 2020.11.14-нд буюу өнөөдөр халдвар илэрлээ. 
  • Жолоочийн бага охиноос 2020.11.14-нд буюу өнөөдөр халдвар илэрлээ. 


ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЧИД - 7
 

  • Эхний халдвар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан сувилагчаас 2020.11.06-нд илэрсэн.
  • 2020.11.10-нд халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан эмчээс илрэв.
  • 2020.11.14-ний 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагчдаас дөрвөн эмч, хоёр сувилагч, хоёр асрагч, нийт 7 хүн халдвар авсныг ЭМЯ мэдээллээ. 


СЭЛЭНГЭ АЙМАГ (ШИНЭ ГОЛОМТ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА) - 3
 

  • Эхний тохиолдол аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн 70 настай эмэгтэйд 2020.11.12-нд илрэв. 
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг бэр халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг ач хүүгээс нь халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
Top