Эзэн Чингисийн асаасан Их Монгол Улсын гал бөхөх учиргүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Их Монгол Улсын тулгыг тулж, галыг нь бадраасан суутан, Богд Чингис хааны мэндэлсэн өдөр өчигдөр тохиолоо. Найман зууны тэртээ дэлхийн дайдад Монголын суу алдрыг цуурайтуулж явсан Чингисийн байгуулсан төрийн гал үл бөхөн, зуунаас зуунд дүрэлзэж байна. “Бөхөх учиргүй гал юм” хэмээн олон ч сударт өгүүлсэн нь бий. Монгол түмэн ч ийн сүсэглэх аж. Алтан ургийн хаан Лигдэн хутагт, Өндөр гэгээн Занабазар хүртэл, Манжийн ноёрхол, Богд хаант улс, социалист засаг, өдгөө ардчилсан нийгэм гээд мандан бадарсан Монгол төрийн гал голомтыг самрах оролдлого цагийн цагт байсаар ирсэн. Өдгөө ч олон салаа санаархал бий. Гэвч унтрааж чадсангүй, харин галыг бөхөлзүүлж явсан үе цөөнгүй байсныг нуух аргагүй.

Үүн лугаа адил их хааны алдар суу алдрыг ч янз бүрээр л дурдаж ирсэн түүхийн ээдрээт замналтай. Хүчирхэг мандсан XIII зуунаас хойш их хааны манлайлалд бишрэн шүтэж, бүх Монгол төдийгүй Ази, Европ ч бөхөлзөж, оройн дээд хувилгаан мэт залж байв. Харин хаалттай нийгмийн үед дээрэмчин тонуулч мэтээр цоллож байлаа. Үүнээс хойш чөлөөт нийгэмд шилжиж, бүхий л зүйл бодитоор асгасан ч илтэд гуйвуулах, зарим тал дээр хэт хөөргөн хандалага элбэгших цагт Чингис хаан нь хүн бус тэнгэрээс унасан ер бусын шидтэн мэтээр дахин төрж гээд юу эсийг үзэх билээ.

Харин өнөөдөр эзэн хааны түүх арай бодит зам дээр гарч ирлээ. Шилжилтийн үеийн хөл толгойгоо олохгүй байсан цаг үе ч шувтарч байна. Түүний байлдан дагуулалт, манлайлж явсны стратеги гээд олон талаас нь бодит түүхийг босгох оролдлогод хүрсэн нь бидний том гавьяа юм. Нөгөө талаар бид түүхээ нэг мөр болгож үлдээхгүй бол ирээдүй хойчдоо том нүгэл хийсэн хүмүүс. Үүнийг засаж нэг мөр зам дээр гаргах гарцаагүй үүрэг бий. Олон ургальч үзэл, олон намын систем, нэр алдар горилогчид, гаднаас санхүүжилттэй байж магадгүй утга зохиол, урлагийн бүлэглэл, амин хувийн эрх ашиг, даяаршлын сүүдэрт гэх мэтээр ташаарсан зүйл алийг тэр гэх билээ. Үнэнийг хэлэхэд бид нэгэн үе аугаа их түүхээ гаднын түүхчдийн ном товхимлоос харж байсныг ч нуух аргагүй. Монголчууд бид 220 жил нь Манжийн эрхшээлд, дараагийн 70 жилд нь хойд хөршийн эрхшээлд, дараагийн 30 жилд нь барууны эрхшээлд байлаа. Гэвч бид төрийнхөө гал голомтыг туурга тусгаар хэвээр бадрааж байгаа нь их хувь заяа юм. Одоо бид харин Монгол Монголоороо байх тухай ярих, бодох болжээ. Үндэсний уламжлал, соёл, түүх ахуй нь Монгол Улс оршин тогтнохын учир шалтгаан гэдгийг ч дурсан ярьж, бахархах сэтгэлтэй болсон нь сайн хэрэг.

Хамгийн наад зах нь Чингис хаан дэлхийг эзэлж явснаас дээрэм тонуул хийн, Монгол руу зөөж байгаагүй гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй батлах болов. Хамгийн тод жишээ гэхэд эртний олдвор, түүхийн үнэт зүйл манай нутгаас олдож, улсын сан хөмрөгийг баяжуулсаар байна. Гэтэл манай улсын нутаг дэвсгэрээс 800 жилийн дараа Чингис хаан, түүний залгамжлагч нарын олж авчирсан гэх гаднын олдвор нэг ч гараагүйг түүхчид баталсан. Бид ч харлаа. Өнөөх л өнө эртний уламжлалт түүх соёлын үнэт олдворууд л гарсаар байгааг анзаарсан биз ээ.

Үүнээс гадна уул хайрхан, учир утга бүхий газар усаа хамгаалахаас эхлээд үндэсний тусгаар тогтнолыг түүхийн үнэт улбаатай утгын сэжмээр холбон сэхээрэх нь элбэгшиж байгаа нь сайн цагийн дохио биз ээ. Тэр тусмаа Бурхан Халдун бол монголчуудын хувьд маш чухал газар гэдгийг таньж, төрийн хамгаалалтад авч, Төрийн тахилгатай хайрхан хэмээн зарлав. Энд байгаль эхийн цээжин дээр зүгээр нэг уул ус тахин шүтээд байгаа хэрэг бус монголчуудын оршин тогтнох нэгэн том билгэ тэмдгээ тахин шүтэж байгаа хэрэг гэдгийг ч ухаарах болжээ. Бурхан халдун уул бол яах аргагүй монголчуудын өлгий нутаг. Тэртээх VIII зууны үед Алун-гоо эх, Добу мэргэн хоёр Байгаль далайн чанадаас нааш нүүдэл хийж, байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ан гөрөө элбэг, булаг шандтай, жимс ургамалтай газар хайж явсаар Бурхан Халдунд ирж нутагласан түүхтэй. Ийнхүү Бурхан халдун уулын ай сав нутагт үр хүүхдүүд нь өсөж, улмаар Монгол үндэстэн бий болсон гэдгийг эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. 

Ийм л учир шалтгаан дор аж төрж, өсөж үржин, дөрвөн зүг, найман зовхист Монгол үндэстэн хэмээн тархсан учраас Бурхан Халдун бол яах аргагүй монголчуудын өлгий нутаг. Энэ л бэлчир нутагт өдгөө бидэнд асааж өгсөн Их Монгол Улсын ариун голомтыг бадраан, дэлхий дахинаа цуурайтуулсан хүн нь аугаа их Чингис хаан. Түүний эцэг Есүхэй, ээж Өүлэн хатан гээд бүхий л домог энэ л ус нутагт амилна. Бурхан халдун хайрхны ай сав нутаг, хайрхан уулаас эх авдаг гол мөрний эрэг хөвөөнөө хожмын Монгол Улсын хувь заяаг хэлцэж суусан гэхээр бахархан шүтэхгүй байхын аргагүй. “Эсгий гэрт дэлхий хуваах” тухай ярьж суусан домог ч энд л амилна. 

Бурхан Халдун уулнаас Онон, Хэрлэн, Туул гээд Монголын гурван том гол мөрөн эх ундаргаа аван халхын судас болж, үй олон амьд бодьгалыг умдаалж байгаа нь ч учиртай. Бурхан Халдун бол Чингис хааны өвөг дээдэс, Чингис хааны өөрийн болон Чингис хааны шууд залгамжлагч нарыг онголсон ариун дагшин газар гэдгийг түүхч арехлогчид тогтоочихлоо. Богд Чингис хаан энх тунх байхдаа “Гурван мөрний тэргүүнд хэнийг ч бүү буулгагтун” гэсэн зарлиг айлдсан нь цаанаа учиртай. Харин бид дөнгөж өнөөдөр сэхээрч байна.

Ямартай ч эртний сурвалжуудад “Эзэн Чингисийн байгуулсан Их Монгол Улсын гал голомт бөхөх учиргүй” хэмээн тэмдэглэн үлдээсэн гэх түүхчдийн үгийг дахин дайж байна. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.21.250) 2020 оны 11 сарын 17

юуны чинь Чингисийн монгол гэж Архичин Монгол Арчаагүй Архичид болон хувирсан

0  |  0
иргэн(202.9.46.19) 2020 оны 11 сарын 17

VIII-р ЗУУНЫ ҮЕД ХИАД АЙМАГ БАЙГАЛ ДАЛАЙГААС НҮҮДЭЛЛЭН ИРЭХ ҮЕД , ТУУЛ ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨР ХЭРЭЙД ОМГИЙНХОН АМЬДАРЧ БАЙВ . ХЭРЭЙДҮҮД БҮҮР II -Р ЗУУНААС АМЬДАРЧ БАЙСАН ХҮННҮГИЙН ҮР ХОЙЧИС

1  |  0
Top