Цэрэг, дайчдаа хяналтын ажилд дайчлахгүй юм уу, Ерөнхийлөгч өө

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Ингээд хэлчихээр эсэргүүцэх хүн олон л гарах байх. Гэхдээ болох юм эртдээ сайхан байдаг. Ер нь цэрэг оруулаад ирнэ гэхээр эзлэгдэх гэж байгаа юм шиг бодох хэрэггүй юм. Энэ бол айдас хүйдэс төрүүлэх гэсэн ажил биш. Тэгдэг цаг нь ч одоо биш. Харин хөл хориог ганцхан цагдаагийн байгууллагын хүчээр сахиулна гэдэг хэцүү болчихоод байгааг хэлэх гэсэн хэрэг. Засгийн газар тав хоногийн хатуу хөл хоригоо 14 хоногоор сунгалаа. Арванхоёрдугаар сар хүртэл тэр чигтээ хөдөлгөөн зогсоосон гэсэн үг. Ийм үед Улаанбаатар хотод таван мянган цагдаагийн албан хаагч гэртээ очилгүй ажиллалаа гээд бүрэн хүрч чадаж байна уу. Хэнтий рүү нууцаар очсон хоёр хүнээс коронавирус илэрсэн байж болзошгүй боллоо гээд л ярьж байна. Ачаандаа хүн нуугаад Баянхонгор аймагт нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн тухай мэдээ гарлаа. Ховд аймаг руу бас хэдэн хүн ачаанд нуугдаад орчихсон юм уу даа.
 


Сэлэнгэ, Хэнтий, Дархан гээд ар араасаа голомттой газрууд бүртгэгдэж эхэллээ. Ийм нөхцөлд хяналт, шалгалтыг илүү өргөн хүрээтэй хийх хэрэгцээ байгаа юм. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн хүчийг одоо л дайчлах хэрэгтэй юм биш үү. Цэргийг юуны тулд байлгадгийг харах цаг нь энэ мөн. Манайх шиг өргөн уудам нутагтай, цөөхөн хүн амтай орны хувьд хөл хоригийг ирэх сар хүртэл ягштал мөрдөхөд өвчин дарагдах нь дамжиггүй. Гэвч бид эртнээсээ нэг тийм элдэв юманд баригдалгүй амьдарч сурсан хүмүүс. Хулгайн зам гаргаад л давхиж өгнө. Түүнд нь хүрч хяналт тавина гэдэг энэ өргөн уудам нутагт тун бэрхшээлтэй.

Дээр нь манайхан хөл хорио гэхээр зам түгжих гэж зөвхөн нэг талаас нь ойлгоод байх шиг байна. Хэрэв байдал даамжирч, хяналтын хугацаа сунавал өчнөөн асуудал үүснэ. Өнөөдөр фэйсбүүктээ хоол хийсэн зургаа оруулаад гэр бүлтэйгээ жаргалтай байгаагаа зарлаж буй хүмүүсийнхээ сэтгэгдлийг сошиалаас харчихаад амьдрал болоод байна гэж бодож болохгүй. Энэ бол “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж” байгаатай л адил зүйл. Хотын захын гэр хорооллоор өнөө маргаашийнхаа хоолыг аргалж амьдарч байгаа түм түмэн монголчууд бий. Ихэвчлэн үйлчилгээний салбараас амьдралаа болгож ирсэн тэр хүмүүс өнөөдөр хүндхэн байдалд байгаа. Тэдэнд хоол хүнс тараах шаардлага үүсвэл яах юм. Өнөө голомтот бүсээ манаж байгаа цагдаа нараасаа хэдийг нь гаргах вэ. Тэгвэл баахан бөөгнөрөл болоод замардаг юм байгаа биз дээ. Иймээс л цэрэг хэрэгтэй гээд байгаа хэрэг. Айл болгонд таван кг гурил оруулж өгье гэхэд сая гаруй хүнтэй хотыг хэн хамарч чадах юм бэ. Хэн дэгтэй, сургуультай, хариуцлагатай байж болох вэ гээд бодохоор цэргийнхнээс өөр хэн ч биш гэдэг нь ойлгомжтой байна.

 

Саяхан Засгийн газар хөл хоригийн хугацааг сунгахдаа мэдээлэл хийсэн. Тэр үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар өгч харагдана лээ. Товчхондоо, өвчний голомтын хүрээг хязгаарлах ажлыг эрчимжүүлэх, халдвар илэрсэн айл, орон сууц, гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний төвд иж бүрэн ариутгал хийж, хяналт тавих асуудлыг дурдсан байгаа юм. Түүн дээр улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрын  сурагч, оюутнуудын хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг анхааруулсан байна. Түлш, эрчим хүч, дулаан, усан хангамж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажилагааг тасралтгүй зохион байгуулах, хомсдолоос сэргийлэхийг ч даалгажээ. Энэ бол томоохон асуудлыг сууриар нь дарж ав гэсэн даалгавар юм.

Ийм ажилд яаж ч бодсон асар олон хүний гар хүрч таарна. Тэд нь цэрэг биш бол хэн байх ёстой юм бэ. Дэлхийн улс орнууд ч ийм л арга хэмжээ авч байгаа. Тэр олон байгууллага, гудамж талбайг халдваргүйжүүлэх, харж хянах гэдэг жижиг юм биш шүү. Удахгүй Улаанбаатар хотод түгжигдсэн орон нутгийн иргэдээ гаргах, хөдөөд очоод гацчихсан нийслэлийн иргэдээ оруулах ажил хийж таарна. Угаасаа гэр орноос нь хол газар удаан хугацаагаар байлгана гэдэг чинь хоол унднаас гадна хүмүүсийн сэтгэл санааг үймрүүлэх зүйл. Энэ хэвээрээ хатуу бариад байвал элдэв үймээн, арга сүвэг ч тасрахгүй. Харин уг ажлыг зохион байгуулах дээр тулахаар жинхэнэ үймээн болно доо. Үерийн ус шиг л цутгана. Өнөөдөр зуу гаруй мянган оюутан хотод байж байна. Дээр нь агаарын эрүүл, хүний сийргийг нь бодоод үр хүүхдүүдээ хөдөө гадаа өвөө, эмээд нь хүргэх гэсэн залуу гэр бүлүүд нэмэгдэж таарна. Эдгээр хүмүүсийн бүртгэл, хяналтыг нарийн сайн хийе гэвэл дахиад л өнөө хүн хүчний асуудал хөндөгдөж таараад байгаа юм.

Хуулиараа Засгийн газар зөвхөн өөрийн харьяа агентлагуудыг удирдаж байгаа байх. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газар, эмнэлэг гэх мэт. Одоо тэгвэл Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд бусад төрийн өндөрлөгүүдтэйгээ ярилцаж, хэлэлцээд шийдвэрээ гаргах цаг нь ирлээ. Улстөржиж “Хойтон жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд энэ, тэр нь илүү оноо авчих гээд байна” гэсэн болгоомжлолоосоо нам дагасан дарга нар ч гэсэн татгалзах хэрэгтэй. Улс орон даяараа эрүүл саруул байж, дэлхийг хамарсан цар тахал гамшгийг давсан байхад бүх юм болох л байлгүй дээ. Цаг нь тулахаар хийх нь гарцаагүй шийдлийг эргэлзэж тээнэгэлзэлгүй гаргах хэрэгтэй нь бусад улс орнуудад болж байсан үйл явдлаас ч харагдсан. Түүнээс нь иргэд нь айж цочирдоод байгаа юм ч алга л байна лээ. Ер нь тэгээд одоо айж байдаг цаг биш, харин хариуцлагатай байдаг цаг гэдгийг л нийтээрээ ойлгоцгооё.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top