А.Эрдэнэ-Очирын эрхшээсэн ертөнцөд ЭХ ХЭЛ, ЭХ ОРОН багтана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17


Анд минь, амьдралын нэгэн өмөг минь бурхны оронд суудал тухлаад хоёр жил даруй болжээ.

Цаг хугацаа гэгч юуг ч өршөөдөггүй, бүхнийг мөлийлгөн хамж оддогоороо үл ажран оршдог аж. Энэ л үл тасрах жингийн цуваа шиг он цагийн хэлхээнд хүн бүхэн мартагдах нь ертөнц эцгийн аугаа ихийн хатуурхал байх. Гэтэл он цаг улирах тусам улам тод гэрэлтэх утга учрын томоохон орон зай гэж бий. Тэдний нэг бол Монголын их утга зохиол, түүний доторх яруу найргийн ай савыг эзэгнэгчдийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир билээ.

Талын зэрэглээн дундаас ингэ зөөлөн гунганаж, тэр л бүүвэй мэт гунганаанд зэрэглээ үл сарниах ижий уярал, тэгснээ зурхай дээрээс эргэсэн морьдын туурай сэтэлсэн хөлс өвсний үндсэнд нэвчих мэдрэмж, бүүр түүрхэн зүүдэнд өөрийгөө дотроосоо шатаан ноцмоор Монгол бүсгүйн гоо ертөнц бол А.Эрдэнэ-Очирын яруу найргийн нэгэн амин сүнс. Мэдээжийн хэрэг Монгол даяарын сод хөвүүний яруу найрагт амин шалтгаан олон байгааг энд дурдах нь илүүц хэрэг.

Харин түүний уран бүтээлийг би шүүн тунгаах гэсэнгүй. Гагцхүү амьдралын зовлон жаргал дунд хамт явсан, эрх биш уран бүтээлчийн хувиар түүнд байдаг ганцхан мөн чанарыг л дуулгах гэсэн хэрэг. Гэхдээ хэн бүхний олж хэлээгүй нэгэн ертөнцийг хураангуйлахыг хичээлээ. Ерөөсөө тэгээд ч А.Эрдэнэ-Очирын бүтээлийг өнөөдөр ч бус, маргааш ч бус, бүр цаг хугацааны алс, тэр л үл үзэгдэж, үл баригдах гэрлийн цэнхэр хязгаарт хэн нэгэн Монгол л мөн чанараар нь дүгнэх болно гэдэгт л гүн итгэлтэй байдаг.

Тэр уг нь идэрхэн залуудаа

“Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно” хэмээн дуун алдаж байсан ч ижийгээ, ижил хэдэн үрс, амраг садангаа орхиод оджээ. Таах аргагүй амьдралын тавиланг яалтай чилээ, төлөвлөж, төлөглөж биш дээ.  Гэхдээ тэр уран бүтээлээрээ мөнхийн залуу, амьд сэрүүн хэвээрээ байна.

Зарим нэгний хэргээр мартах гэж оролдоод ч тунаж үлдэх Монголын шинэ үеийн утга зохиолын тэргүүн хойморт Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Д.Намдаг, Төмөрийн Нацагдорж нар тухалсны буянд л өнөөдөр Монголын уран зохиол даяаршилд идүүлчихэлгүй оршин тогтнож, монголчууд эх хэлтэйгээ, энэ үндэстэнтэйгээ байна. Тэд зүгээр нэг туурвиад амин хувиа хичээж суусангүй. Германд боловсорсон гээд үндэснийхээ  утга зохиолоо ад шоо үзсэнгүй. Өнөөх л хутагт Д.Данзанравжаа, В.Инжинааш, В.Гулранс болон Монголын эртний уран зохиолыг өдгөө бидэнд түүчээлж ирсэн.

Түүний үрээр жараад оныхон гэх малгай дор Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ нарын эрдэмт хөвүүд төрөн гарав. Тэд бас л зүгээр суусангүй. Дашдоржийн Нацагдорж, Д.Данзанравжаа нараа л ярьж, тэднийг ирээдүй хойчид түүчээлэв. Үүнээс улбаалан дараагийн сод хөвгүүд болох Ж.Лхагва, Б.Догмид, Б.Лхагвасүрэн,  Д.Цоодол тэргүүтнүүд төрсөн. Тэд ч амин хувиа хичээж, харь зүгээс өөрсдийгөө тодруулах гэсэнгүй. Элдэв зүйлд үндэстнийхээ эсрэг зогссонгүй. Өнөөх л Д.Намдаг, В.Инжинаашаа ярьж л суусан. Яагаад гэвэл тэд авьяастай учраас тэр байх. Эдний хойчийг залгамжлан наяад оны шүхэр дор Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Д.Төрбат, Г.Мэнд-Ооёо нарын олон залуус төрөн гарсан. Тэд бас л зүгээр суусангүй, өнөөх л В.Гулранс, Төмөрийн Нацагдорж, Д.Пүрэвдорж, Д.Цоодол нараа ярьж суусан. Үүний л үрээр нэн шинэ цагийн өнгөн дээр “Ерээд оныхон” хэмээх цөөн хэдэн найрагч төрөн гарсны тэргүүн магнайд А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж нар маргаангүй бий.

Эл бүгдийг дурдахын шалтгаан надад байв. Яагаад гэвэл А.Эрдэнэ-Очир энэ л бүгдийг уламжлан ярьж бичиж, сануулж явдаг цөөн хүний нэг. Тодотговол, тэр Монголын уран зохиолоор дамжуулан үндэстэн оршихын шалтгааныг сайтар мэддэг төдийгүй үүнийг хойч үедээ ухуулан таниулагч, түүчээлэгч байлаа. Тэр эх хэлдээ, Монголынхоо уран зохиолдоо, үндэсний зохиолчиддоо, эх нутагтаа хайртай нэгэн байсныг сайн мэдэх юм. Тэр тусмаа говь, тал нутагтаа, тэнд ямархан шалтгаан оршдогийг сайн мэддэг хүн.

Монголын уран зохиол, яруу найрагт уламжлал шинэчлэл гэж байгаа бол тэр нь А.Эрдэнэ-Очир маргаангүй мөн. Түүний зөөлөн ай, зөөлөн ай дотроо утга учраа нуусан торгомсог шүлгүүд үүнийг гэрчлэх биз ээ. Магадгүй тэр ямархан шалтгааны улмаас ерээд оноос хойш өнөөг хүртэл, маргаашийн маргаашид ч үнэ цэнтэй орших шүлгүүдээ орхиод бурхны орноо заларсныг өнөө хэн мэдэх билээ. Ямартай ч тэр өөрийнхөө билэг авьяас дээр нэмээд Д.Пүрэвдоржийн цэцийг, Б.Лхагвасүрэнгийн ухааралтай хамт авч төрсөн цор ганцхан найрагч ч байж мэднэ. Бидэн хоёрын уулзсан учирсан, явсан, суусан газрын дурсамж хэлхэх нь дэндүү их цаг орох хийгээд тийм ч хэрэгтэй биш болов уу. Гагцхүү А.Эрдэнэ-Очир гэх бодьгал нь чухам яг ямар мөн чанартай уран бүтээлч вэ гэдгийг цухас ч болтугай дурдах учиртай.

А.Эрдэнэ-Очир найрагчийн цээжин цаана, уран бүтээлийнх нь цаана эх хэл гэсэн ганцхан зүйл бий. Түүнийг үндэсний уран зохиолоор дамжуулан авч үлдэх гэсэн том санаа шүлгийнх нь мөр бүхэн, үсэг бүхнийх нь цаана бий. Товчхондоо би түүнийг ингэж тодорхойлно. Тэр бусад шиг “Эх орон минь” гэж цээжээ дэлдээд цаанаа хоосон хөндий байгаагүйг ч би байтугай нь мэднэ. Ямар сайндаа л “Цэх зогсон буудуулавч бууны сум хүрэхгүй алсад эх орон минь бий” гэж дуун алдаж байхав. Бас “Эх хэл минь” хэмээн худлаа мэлмэрүүлээд байдаггүй. “Хутагтын шүлгийг унших бүрт сэтгэл цэлмээд сайхан болдог” гээд ярилцлага өгч л байдаг, энд тэнд хэлж л явдаг. Түүнээс эх хэлдээ хайртай гээд хашхираад яах юм, хутагтын шүлэг өөрөө тэр чигээрээ аялгуут сайхан Монгол хэл биз дээ. Энэ л ганцхан мөрөөс, энэ л энгийн өгүүлбэрээс гарч байгаа авиа бүхэнд л утга учир байгааг тэр өөрөө сайтар мэддэг нэгэн учраас тэр.

Хааяа Зохиолчдын хороонд байх өрөөгөөр нь ороход “Энэ хүүхдүүд Монгол хэлгүй боллоо шүү. Манай зарим нөхөд ч их уруу татаж байна” хэмээн нэр цохон, толгой сэгсэрч суудаг сан. Хаа хамаагүй хүнд ийн халаглахгүй, сэтгэл ижилсэх цөөн хүндээ дотночилсон харуусал, жинхэнэ өөрийнх нь дотоод сэтгэл гэдгийг юу эс андах билээ. Тэгснээ “Монголын нууц товчоо”-оос эхлээд “Жангар”, “Гэсэр”, Ноён хутагт, С.Дашдооров, П.Бадарч, С.Пүрэв гээд өнөөх л Монгол үндэстний уламжлалт уран зохиолоо хаман ярина, түүнээсээ өөрөө ихэд таашаал авч байгааг харахад сайхан. Өдий зэргийн орон зайтай уран бүтээлч залуус дүү нартаа ийн л түүчээг хүргэсээр явсан сан. Ийм л эрдэнэ мэт орон зайдаа олон ч залуусыг татан оруулсан буянтан.

А.Эрдэнэ-Очир маань Д.Данзанравжааг шүтэж, Д.Пүрэвдоржоос эмээж, Д.Нямсүрэнг хүндэтгэж, Ц.Бавуудоржтой үерхэж явсныг сайн мэднэ. Өөрөө ч энэ тухай ярьж, замаасаа хэзээ ч хазайлгүй яваад тэнгэрт дэвшиж одсон доо. Амьдрал уран бүтээлийн ахан дүүс, анд нөхөд олон байсныг дурдах нь илүүц биз ээ. Энд би хий хоосон харуусаж эмгэнээд яахав. Нэг их уусан, идсэн дурсамж хэлхэж гуниад ч яахав. Гагцхүү А.Эрдэнэ-Очир гэх авьяасын хүүдийд цор ганцхан эх хэл минь, эх хэлэн дээр оршин тогтнох Монгол үндэстэн, энэ бүгдийг авч үлдэх үндэсний утга зохиол гэсэн гүн ухаан гүн бат оршиж байсан юм шүү гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Хэлээ ч үгүй үлдсэн байна лээ.  Өнөөдрийн судлаач  нэртэнгүүд, доктор профессор цолтонгууд түүний уран бүтээлд байгаа энэ мөн чанарыг олж харж ч чадахгүй яваа нь ойлгомжтой. Үнэндээ түүний яруу найрагт, дотоод ертөнцөд эх сайхан хэл, эх орон багтдаг юм шүү.

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны хэвлэлд нийтлэгдэж байгаагүй, олон нийтэд хүрч амжаагүй зарим шүлгээс уншигч танаа хүргэж байна.
 

АРД ТҮМЭН


Хүлцэнгүй,

ноомой ард түмэн

Хүлэг мориноосоо буусан

явган ард түмэн

Хүслийн цулбуур нь сул,

ташуураа гээсэн ард түмэн

Хүдэн мананд төөрөөд

зүг чиггүй болсон ард түмэн

Нутаг дээрээ хөл ядранга,

нүд зүдрэнгэ ард түмэн

Нуруугаа авхуулсан усны тэмээ шиг ард түмэн

Нуур... нуур... гэж зэрэглээ харсан ард түмэн

Нумын хөвчөө буулгаж

сумаа гээсэн ард түмэн

 

Хашгирсан ч дуу нь сонсогдохгүй ард түмэн

Хашгирах гэсэн ч хоолой нь гарахгүй ард түмэн

Ханцуй дотроо гар нь чичирсэн ард түмэн

Хангинасан,

их чимээн дунд чих нь дөжирсөн ард түмэн

 

Сэрэхгүй, унтаа ард түмэн

Сэрсэн ч нойр нь сэргэхгүй ард түмэн

Сэтгэл нь хөндүүрээс цаашгүй,

зориггүй ард түмэн

Сэнгэнэсэн,

хаяаны жаварт бээрсэн ард түмэн

 

Сэтгэлийнхээ жалганд ганц ганцаараа хэвтээд

Сэрэх ч үгүй,

унтах ч үгүй ард түмэн

Сэрүүн зүүд,

хагас нойрныхоо бүдчээн дунд

Сэлхэрсэн нүд нь бүүдэн сүүтэн ард түмэн

 

Цог жавхланг нь асаавал бадрангуй ард түмэн

Цолмон тодрох үүрийн туяа шиг тунгалаг ард түмэн

Цэцэн билиг, саруул ухааны уудам бэлчирт ард түмэн

Цэнхэр гарагийн хувь тавиланг авч үлдэх л ард түмэн


***


НОМЫН ЖИН ТЭЭХ ЮМ САН

 

Номхон биш эмнэг тэмээ хомноод

Номын жин тээгээд нутагтаа нэг очих юм сан

Явдал замдаа хээр хөдөөдөө хоноглож

Яруу утгын сонин гүнзгийг хүмүүстэй ярилцах юм сан

 

Нутгийнхаа жаварт алгадуулж насныхаа галыг дэврээгээд

Нууцхан хүслийнхээ алтан очийг үсэргэх юм сан

 

Манханы энгэрт задгай галд хэсэг салхийг дулаацуулах юм сан

Майхныхаа үүдээр одод цуглуулан хөөрөлдөх юм сан

Шөнийн талд адуу янцгаахыг Нямаа ахтай сонсох юм сан

Шүлгэн дотроос гэрэл цахиад зээр болохыг харах юм сан

 

Харааны газраас тэмээтэй хүн үсэргээд ирэхэд уярах юм сан

Хайдаг ингэ гунганахад Бадарч ахтай уйлах юм сан

 

Өнгөрсөн цагийг ирээдүйтэй залгаж очно

Өвгөдийн нулимс, нялхсын инээдтэй золгож очно

Төрсөн нутгийнхаа хаяаг тэлтэл дуулж очно

Төрөөгүй хүүхдүүдэд номын өлгий зэхэж очно


***


ХАЙДАГ ИНГЭ

 

Энэ хаврын цэвхийсэн тэнгэр доор

Ээж минь хайдаг ингэндээ гарч байгаа даа

Толгодын униар хөхрөн бэлчсэн тэмээд сүүмийгээд

Торомдын бүрсгэр буйлаа тэнгэр сэмлэн байгаа даа

 

Хараа алсын төөрөг дээр

Хайр энэрлийн өр өмрөм аялгуу цээжинд унана

Хатуухан хорвоогийн жамын тухай л биш байгаа даа

Хайдаг ингэтэйгээ ижий минь гүнгэнэн ярих сонсогдоно


***
 

ХҮН ЧУЛУУНЫ ЗҮҮД

 

Хүн чулуу зүүдэлнэ

Зүүд нь өнгөрсөн цаг уу, одоо цаг уу

Хүн чулуу зүүдэлнэ

Зүүд нь урьд нас уу, хойд төрөл үү


***
 

ЦӨӨВРҮҮД

 

Улих ч биш ульж

Хуцах ч биш хуцаж

Уйт харанхуйн гэрэл дотор

Цөөврүүд хөлхөлдөнө

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмээ(202.21.108.26) 2020 оны 11 сарын 18

Бурхан минь та яагаад энэ цагт олдох нь ховордсон сайхан найрагчдыг аваад явчихдаг юм бэ? Харанхуй мананд нүглийн шуналаар замнагчид битүү орчлонд бид чинь хэнийгээ уншиж сэтгэлээ ар утгах билээ.

0  |  0
Гоё бичжээ(139.5.216.194) 2020 оны 11 сарын 18

Нэгэнтээ Бавуугын Лхагвасүрэн гуай Арлааны Эрдэнэ -Очирт зохиолч хүнд байдаг бүх элементүүд байдаг гэж байсан. Авьяас, ухаан, хошин шогын мэдрэмж тэгээд юу юу билээ дээ

2  |  0
Top