“Өөр ямар ч өвчинтэй зүйрлэх аргагүй”

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Коронавирусийн тархалтын аюул өнөөг хүртэл дэлхий дахинд оршсоор, өдөр бүр хэдэн зуун мянган шинэ халдвар илэрч, олон мянган хүн нөгөө ертөнц рүү одсоор байна. Энэхүү хөнөөлт вирусээр хараахан өвчлөөгүй байгаа хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс уг халдварыг тусан, даван туулсан хүмүүсийн бодит түүхээс сонирхуулахаар нийтлэв.


 

“Коронавирусээс айх хэрэгтэй, тэр таныг хялбархан хөнөөнө”

Москвагийн барилга бүтээн байгуулалт болон хот зохион байгуулалтын бодлогын Газрын хэвлэлийн албаны дарга Максим Орлов цар тахлын дэгдэлтийн үед ажиллах шаардлагатай болж, нүдний шил, хамгаалалтын амны хаалтыг байнга хэрэглэж байсан хэдий ч вирусийн халдварт өртөхөд хүрчээ. Бусад олон тохиолдлуудын адилаар, коронавирус эхэн үедээ энгийн ханиаднаас огтхон ч ялгагдахгүй байв. “Эхлээд би гэртээ долоо хоног эмчилгээ хийлгээд, ажлынхаа эмнэлгээс эмч дуудан үзүүлэхэд “уушги цэвэр” асуудалгүй байна гэсэн хэдий ч юмыг яаж мэдэх вэ гэж бодоод гэр бүлээрээ Ковид-19-ийн наалдац шинжилгээнд хамрагдсан юм. Тухайн үед “ханиад” төдийлөн сайнгүй байж, биеийн хэм 37,5-38,8 хооронд хэлбэлзэн, сүүлдээ хүчтэй ханиалгаж эхэлсэн. Дараахан нь шинжилгээний хариу ирэхэд азаар эхнэр, хүүхэд маань сөрөг гарсан хэдий ч харин минийх “тодорхойгүй” тэмдэглэгээтэй байсан учраас түргэн дуудахад хүрсэн” хэмээн тэрбээр дурдсан байна. Ингээд Москвагийн Коммунарка районы тусгаарлалтын эмнэлэгт 22 өдрийг өнгөрүүлэх эхлэл нь тавигдсан аж. Тэнд очоод компьютер томографийн оношлогоо хийлгэтэл “цэвэр уушги” гэх төөрөгдөл алга болж, уушгины хоёр талд олон сегментэт үрэвсэл /хатгаа/ туссан нь илрэв. Эмчилгээний эхэн үед эм тариа хэрэглэн, эмч нар байнга ажиглаж байсан боловч мэдэгдэхүйц үр дүнд хүрсэнгүй. Аажмаар түүний биеийн байдал улам хүндэрч эхэлжээ. Ханиалга нь хүчтэй болж, халуун нь 38 хэмээс буухаа байв.  “Би жижүүрийн эмчийг дуудаад бие тааруу байна хэмээн хэлтэл “эрчимт эмчилгээ рүү явцгаая” гэж хамгаалалтын цувтай бүсгүй өгүүлээд, хүчилтөрөгч байдаг нэгдүгээр давхар руу намайг авч явсан” гэж Орлов дурсан өгүүлжээ. Тухайн үеэс хойш тэрбээр олон зүйлийг даван туулахад хүрсэн байна. Коронавирусээр өвчилсөн хүмүүс хэрхэн “аймшигтайгаар” хахаж цацан ханиалгахыг тэр өөрийн нүдээр харж, тэдний зарим нь хорвоог орхин одоход ч хамт байж таарчээ. “Ирээдүйгээс ирсэн Зочид” хэмээх кинон дээр гардаг шиг орчин үеийн тоноглол бүхий сайн эмнэлэг хэдий ч өөрийн өвчтөнүүдэд ямар ч баталгаа өгч чадахгүй байлаа. Коммунарка дахь тэрхүү эмнэлэгт Орлов үхэл амьдралын зааг дээр байж, “тамын тойрог” гэж болохуйц аймшигт хормуудыг туулахад хүрч байсан учраас “коронавирус бол зохиомол аюул” гэх цуурхал, мэдээнүүдийг хараад өөрийн эрхгүй уурлан хилэгнэхэд хүрдэг гэнэ. “Түүнээс айх хэрэгтэй, эс бол таныг тэр хөнөөж чадна шүү. Түүнээс хамгаалж чадах ямар ч баталгаатай эмчилгээ одоогоор алга байна” хэмээн тэрбээр сэтгүүлчидтэй ярилцахдаа өгүүлээд, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг уриалсан аж. 

“Бараг хагас жил ханиалгах болно”

Ильяс Австри дахь уулын цанын баазаас аль хэдийн буцаж ирсэн боловч коронавирусийн хор уршиг түүнийг одоо ч шаналгасаар байгаа аж. “Би Коммунарка дахь тусгаарлалтын эмнэлэгт халдварын дунд зэргийн хүндрэл бүхий оноштойгоор 13 хоносон. Эмнэлгээс гараад удаж байгаа хэдий ч өнөөг хүртэл ханиалга огт намдахгүй байгаа. Ковидын шинжилгээ өгснөөс гурав хоногийн дараа түргэний машин ирж намайг авч яваад эмчилгээ эхэлсэн. Харин уушгины үрэвслийн улмаас ханиалгах явдал хамгийн багадаа хагас жил үргэлжилж болзошгүйг эмч нар анхааруулсан” хэмээн Ильяс өгүүлсэн байна. Уг өвчний явц Ильясыг төдийлөн айлгаагүй хэрнээ бүхэлдээ нөхцөл байдлын үр дагавар түүнийг бухимдуулахад хүрчээ. Коронавирусээс хамгаалах тодорхой эм хэрэгсэл өнөөгийн байдлаар алга. Их бага ямар нэг хэмжээгээр найдлага төрүүлэхүйц эм тариа байх хэдий ч харамсалтай нь, 100 хувийн баталгаа өгч чадахгүй. Ильясын эмчилгээнд SARS-тай тэмцэх үед хэрэглэж байсан рибавирин эмийг ашиглаж байсан бөгөөд  уг бэлдмэл нь  вирусын олшролыг бууруулдаг хэдий ч хүний бие организмд хортой байх магадлалтай аж. Вирусыг ялчихвал бүх зүйл болчихно гэсэн үг биш юм. Ильяс халдварыг амжилттай давж чадсан хэдий ч эмийн нөлөөллийн сөрөг үр дагаврууд болон хатгааны дараах уушгины нөхөн сэргээлт гээд хүндрэлтэй асуудлууд нэлээн үлдсэн байна. Тэгээд ч, хэн ч даатгагдах боломжгүй иймэрхүү өвчлөлийн хүнд хэлбэрийн явц нь олон тооны уршигт үр дагаврыг үлдээж болзошгүй юм.

“Орчин тойрноо хэрхэн зохион байгуулахаа би мэдэхгүй байсан”

Коронавируст халдвараар хөнгөн өвчлөх тохиолдолд эрүүл мэндэд ноцтой аюул үүсгэхгүй хэмээн бодож болохгүй аж. Заримдаа түүний эхэн үеийн шинж тэмдгүүд ч энгийн ханиаднаас илт хүндрэлтэй байдаг гэнэ. “Хаана халдвар авснаа би яг таг хэлж чадахгүй. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан янз бүрийн хүмүүстэй харилцахад хүрдэг учраас оффис дээрээ ч халдвар авсан байж болзошгүй” хэмээн Анна бүсгүй өгүүлсэн байна. Эхний шинж тэмдгүүд илрэх үед бүсгүй өөрийгөө жирийн ханиад туссан гэж таамаглаж байж. “Эхлээд халуурч байснаа, дараа нь ханиалгаж эхэлсэн” гэж өвчтөн тайлбарлажээ. Ковид-19-ийн ховорхон тааралддаг шинж тэмдгүүдийн нэг түүнд илрэхэд Анна гайхширсан аж. “Цустай цэр гараад эхлэнгүүт би их айж, түргэн тусламж дуудсан. Тэд ирэнгүүтээ надаас шинжилгээ аваад, хариу иртэл гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн” гэж тэрбээр өгүүлсэн байна.

Шинжилгээний хариу ч төд удалгүй гарч, бүсгүйн биеийн байдал төдийлөн хүнд биш байсан учраас түүнд гэрээрээ эмчилгээ хийлгэхийг зөвшөөрчээ. Гэвч түүний өмнө бас нэг асуудал үүсэж, коронавируст халдвартай хүний хөл хорио нь тусгаарлалтын хориг арга хэмжээнээс эрс ялгаатай байсан аж.  “Хоол хүнс, эм хэрэгслээ авахаар гадаа гарах боломжгүй үед ойр орчмоо хэрхэн зохион байгуулах талаар надад төсөөлөл байгаагүй” гэж бүсгүй өнгөрсөн туршлагаа хуваалцжээ. Батлагдсан тохиолдлын үед хүнс авахаар дэлгүүр орох, тэр ч байтугай, зүгээр гарч хог хаях ч боломж байхгүй.

Өвчтөнүүдийг өрөөнөөс гарахыг хатуу хориглодог. Хоол хүнс, эм хэрэгслийг ойр дотныхон, хамаатнууд болон хүргэлтийн алба дөхүүлж, уут савтай зүйлсийг хаалганых нь дэргэд тавиад явцгаадаг. Цэвэр агаар амьсгалж, витамин D хүртэхээр эдлэн газар, зуслан руугаа явах ч хориотой. Иймд өвчин туссан хойноо эмчлүүлснээс өвчин тусахаас сэргийлэх нь хавьгүй дээр хэмээн эмч нар байнга давтан сэрэмжлүүлсээр байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top