-УИХ, Засгийн газраас ойрын хугацаанд эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээ танилцуулах хүлээлт үүсээд байна-
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тайланг нэгтгэжээ. Тайланд дурдсанаар Монгол Улсын ДНБ өнгөрсөн III улиралд 7.3 хувиар агшсан байна. Ингэснээр Монголын эдийн засаг 2020 оны эхний гурван улирал дараалан уналт үзүүлэв. Энэ нь сүүлийн 10 жилд анх удаагаа ингэж удаан хугацаанд уналт үзүүлсэн тохиолдол боллоо. Хамгийн сүүлд 2016 оны II улиралд эдийн засаг уналт үзүүлсэн байдаг. Түүнээс хойш эрчимтэй өссөөр КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр энэ удаагийн эдийн засгийн хямрал үүссэн. Засгийн газраас цар тахалтай холбоотой хорио, цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэлснээр нийт эдийн засаг I улиралд 10.7, II улиралд 9.7 хувийн уналт үзүүлсэн. Тэгвэл ДНБ өнгөрсөн III улиралд 26.4 их наяд төгрөг болж, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс хойш бүтэн их наяд төгрөг агшжээ. Үүнийг хувиар тооцвол 7.3 гэж танилцуулсан байна. Энгийн үгээр бол энэ нь эдийн засгийн хямрал бодит утгаараа нүүрлэсэн гэсэн үг. Эдийн засаг ийн гурван улирал дараалан унахад Монгол экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхай 20 хувь, цар тахлын хөл хорионоос үүдэн үйл ажиллагаа нь доголдсон үйлчилгээний салбар долоон хувиар агшсан нь голлон нөлөөлжээ. Энэ байдлаараа ирэх улиралд ч эдийн засаг агшилттай гарах нь тодорхой байна.
КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг энэ онд агшиж, хэзээ эргэн сэргэх нь тодорхой бус хэвээр байгаа. Энэ нь их хямралаас хойш хамгийн огцом уналт болж, улс орон бүр эдийн засгийн хүндрэл, сорилттой нүүр тулж буй. Хэдхэн хоногийн өмнө олон улсын байгууллагуудаас гаргасан Монгол Улсын эдийн засаг 2021 онд хурдтай сэргэнэ гэсэн таамагт үндэслэн Засгийн газар ирэх жилийн төсвөө УИХ-аар батлуулсан. Дэлхийн банк Монголын эдийн засгийн ирэх оны өсөлтийг 5.6 хувиар, Олон улсын валютын сан найман хувиар өснө гэж төсөөлсөн. Харин Сангийн яам эдийн засгийн бодит өсөлтийг 7.2 хувьд хүрч, огцом сэргэнэ гэж үзэж байгаа аж. Тэгвэл Монголбанкны тооцоогоор эдийн засаг энэ онд 2.6 хувиар агших хүлээлттэй байгаа. Харин 2021, 2022 онуудад эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 6.7-10.8 хувь, 1.6-6.4 хувь байх магадлалтай аж. Ирэх онд цар тахлын тархалт намжиж, гадаад эрэлт сэргэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжирч, уул уурхайн салбар идэвхжих зэрэг нь өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Харин түүхий эдийн үнэ, төсвийн төлөв эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх гэнэ. Гэхдээ цар тахлын дэгдэлт 100 хувь дарагдсан тохиолдолд энэ төсөөлөл биелэх боломжтой. Мөн 2022 онд гадаад эрэлтийн таатай байдал үргэлжилж, зэсээс бусад уул уурхайн үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байгаа аж. Харин дунд хугацаанд уул уурхайн салбарт одоо үргэлжилж буй хөрөнгө оруулалт хэрэгжиж дуусах, Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж эргэн багасах, төсвийн төлөв чангарах зэрэг бүр муу гэж болохоор төсөөлөл бий.
Энд онцлоход, дээрх бүх эерэг төсөөлөл биелнэ гэх баталгаагүй. Эсрэгээрээ бүр ч илүү уналт үзүүлэх магадлал өнөөдрийн нөхцөлд бий болоод байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд цар тахлаас сэргийлэн эдийн засгаа түгжсэн Монгол Улс өнөөдөр өвчний тархалтыг дотооддоо алдаад буй. Одоогоор хоёр газар голомтолсон өвчний тархалтыг хэзээ хумиж чадах нь тодорхой бус. Тиймээс УИХ, Засгийн газраас ойрын хугацаанд эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээ танилцуулах хүлээлт үүсээд байна. Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тэргүүтэй гишүүд КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар Монголбанкны удирдлагуудтай хуралдсан. Мөн өнөөдөр Засгийн газар эдийн засгаа дэмжих чиглэлээр тодорхой шийдвэр гаргах хүлээлттэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )