ЦАР ТАХАЛ | “Б” ТӨЛӨВЛӨГӨӨ

2020 оны 11 сарын 19

Магадгүй, Монгол Улс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд тархалтыг хумичихна гэсэн найдвар байгаа байж болох. Тийм ч болоод эдийн засгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд хүлээцтэй хандаад байгаа байж болох л доо. Гэхдээ...

Цар тахлыг дотооддоо алдсан энэ үед Ерөнхий сайдад, Засгийн газарт дараагийн “Б” төлөвлөгөө юу байгаа вэ гэдгийг сэтгүүлчид өчигдөр асуулаа. Ерөнхий сайдын хувьд нөхцөл байдал хүндэрвэл Ерөнхийлөгчийн зарлигаар онц байдал зарлаж, зэвсэгт хүчин оруулахаас өөр аргагүй байдал үүснэ. Тийм зүйл болохгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж буйгаа хэлэв.

Уг нь “Б” төлөвлөгөө гэдэгт  нийгмийн эрүүл мэндийн том асуудалтай зэрэгцэн бүхий л салбараа  хэрхэн яаж хохирол багатай авч гарах вэ, яаж эдийн засгаа борц болгочихолгүй, хэдэн аж ахуйн нэгжүүдээ дампууруулчихалгүй, иргэдийнхээ амьжиргааг үгүй хийчихэлгүй даван туулах вэ гэсэн багц агуулга байх ёстой.

Гэтэл эрх баригчид өнөөдрийн байдлаар нөхцөл байдлаа бүрэн зургаар харж хүчрэхгүй байна уу гэсэн өнцөг Ерөнхий сайд өчигдөр мэдээлэл хийх үед харагдлаа.

Монгол Улс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Засгийн газраас  эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргаснаа өчигдөр танилцуулсан.

Засгийн газрын энэ удаагийн шийдвэр, тогтоол нь Монгол Улс дотооддоо халдвар алдаж,  тохиолдлуудын тоо улам нэмэгдэж буй эгзэгтэй үед гарч буй гэдгээрээ онцлогтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  уншиж, танилцуулсан 23 арга хэмжээний гол цөм нь “Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох. Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох” тухай байв.

Олон нийт ч онцгой нөхцөл байдал үүссэн учраас Хүүхдийн мөнгийг дахин 6 сарын хугацаанд нэмэгдэлтэй олгохоор шийдвэрлэж байна гэж хүлээж авч байгаа харагдана.

Нэг зүйлийг тодотгоход, Хүүхдийн мөнгийг 2021 оны эхний хагаст буюу зургаадугаар сарыг дуустал 100 мянган төгрөгөөр тооцож хүүхэд бүрд олгох асуудлыг цар тахал дотоодод алдагдахаас өмнө 2021 оны төсвийн төсөлд суулган, УИХ-д өргөн барьсан юм. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт УИХ-аас ирэх оны төсвийг хуульчлан батлахад, энэ шийдвэр багтан орсон болно.

Хүүхдийн мөнгө коронавирусний эрсдэлийг бууруулахад чиглэсэн шийдвэр мөн боловч онцгой нөхцөл байдал үүссэн, цаашид даамжрах эрсдэл өндөр байгаа энэ үед Засгийн газар, Төв банканд бодлого, шийдвэрийн дараа дараагийн ямар орон зай байгаа вэ гэдэг нь гол анхаарал татсан сэдэв болоод байна.

Эрх баригчид хэлэхдээ энэ цаг үед Монгол Улсад үйлчилж, мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд халамжийн бодлого сайн хэрэгжиж байгаа гэж тайлбарлаж байна лээ.

Тэгвэл Хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлснээс бусдаар бол Хүнсний талоны 36,200 төгрөг,  тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг тайван цагт ч энэ л хэмжээгээр олгодог байсныг сануулахад илүүдэхгүй байх.

Засгийн газрын тэргүүн цар тахлыг дайсантай зүйрлэн хэлж яриад буй мөртлөө улс орныхоо эдийн засгийг тэр дайснаасаа хэрхэн яаж хамгаалах талаар эрэмбэтэй, ойлгомжтой зүйл  ярихгүй  байна.

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудлаар зээлдэгч банкуудтай тохиролцох шийдвэр энэ оныг дуустал хэвийн үргэлжилж байгааг Монголбанк мэдэгдсэн.

Засгийн газраас танилцуулсан шийдвэрт аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан ч үүсээд буй нөхцөл байдлыг харахад аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломж улам хумигдах эрсдэлтэй байгааг тооцож, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалан үлдэх нь чухал байгаад анхаарал хандуулмаар байна. Бүр тодруулбал, цар тахалтай зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулах, даван туулах шаардлагатай, чадвартай аж ахуйн нэгжүүддээ тодорхой хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр бодлого, шийдвэр гаргаж болох орон зай байгааг эдийн засагчид хэлж байна. 

Магадгүй, Монгол Улс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 дугаар сарын 1-н хүртэлх хугацаанд тархалтыг хумичихна гэсэн найдвар Ерөнхий сайдад байгаа байж болох. Тийм ч болоод эдийн засгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд хүлээцтэй хандаад байгаа байж болох л доо.

Цар тахлыг дотоодод алдахаас өмнө буюу гуравдугаар улирлын мэдээг харахад Монголын эдийн засаг -7.3 хувиар агшсан байна. Уул уурхайн салбар 20.7 хувь, үйлчилгээний салбар 5.2 хувиар уруудсан үзүүлэлттэй байгаа юм. Дөрөвдүгээр улирлын мэдээн дээр эдгээр салбаруудын уналт нэмэгдэх биз. Уналт болгоны цаана аж ахуйн нэгжүүдийн, иргэдийн амьжиргаа буурч байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож буй биз.

Эдийн засагч С.Даваасүрэн  “Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төсөв, мөнгөний бодлогоос гадна шийдвэр гаргагчдын бодлогын стратеги, амлалт нь түүнээс дутахгүй ач холбогдолтой. Итгэл үнэмшил төрүүлэхүйц амлалт зах зээлд оролцогчдод эдийн засаг сэргэнэ гэсэн итгэлийг өгдөг. Эдийн засгийн уналт, сэргэлт хэр гүнзгий явагдах нь иргэдийн итгэлийг хэрхэн чиглүүлж, удирдахаас шалтгаална. Улс орны эдийн засаг ард олны итгэл дээр л тогтож байгаа шүү дээ... ” гэж байсныг эшлэе.

Цар тахал хумигдах хугацааг урьдчилан тооцох боломжгүй ч  эдийн засгаа хамгаалах бодлогын арга хэмжээнүүд нь хямралын дараа харьцангуй эрүүл эдийн засагтай үлдэхэд чиглэх хэрэгтэйг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

2020 оны эхээр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар эдийн засагч Б.Эрдэнэбат хэлэхдээ “Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг зөвхөн хүндрэлд орсон иргэд, аж ахуйн нэгжүүдээр хязгаарлаагүй нь, хүүхдийн мөнгийг ядуу өрхүүд рүү чиглүүлээгүй нь, төсвийн гадуурх тусгай сангуудын зарцуулалтыг зохих хяналт шалгалтгүй асар ихээр нэмэгдүүлж байгаа нь аль хэдийн чанаргүй зээлийн хэмжээ нь асар хурдан нэмэгдэж байгаа банкуудыг санхүүгийн хүндрэлд оруулж, хөнгөлөлттэй зээл, зээлийн хойшлуулалт, бэлэн мөнгөний  дэмжлэгийг зорилгоос өөр зүйлд ашиглах, угаасаа явуургүй болсон зомби компаниудыг төсвийн алдагдлаар дэмжих аюултай байсан.

Харин эдийн засагч Б.Дөлгөөн  “Энэ хүндрэлийн үеэр хэчнээн компанийг  дампуурах эрсдэлээс аварч, хэчнээн ажлын байрыг хадгалж үлдэж чадах вэ гэдэг чухал. Эрүүл мэндийн талаасаа айхтар хүндрэл биш болох үед хөл хориог чөлөөлчихнө. Тэр үед эдийн засаг хэр хурдацтай сэргэх вэ гэдэг нь өнөөдөр манай Засгийн газар ямар арга хэмжээ авч, хэчнээн компани, ажлын байр, хоорондоо ажиллаад сурчихсан баг хамт олныг авч үлдэх вэ гэдэгтэй шууд хамааралтай. Өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж байгаа дөч, тавин мянган хүн эргээд эдийн засаг хэвийн болоод ирэхэд хэд нь ажилтай болох вэ. Өндөр боловсролтой биш хүмүүс “structure unemployment” буюу бүтцийн ажилгүйдэл рүү нэг орчихвол, ажилгүй явсаар байгаад тэтгэврийн насан дээрээ очихоор тэднийг хэн тэтгэх юм. Бүр ядуурал руу орлоо гэхэд хүнсний талон, нийгмийн халамж шаардлагатай болно. Улам бүр цөөрч байгаа ажиллах хүчний нуруун дээр тэднийг халамжлах нэмэлт ачаа нэмэгдэнэ. Тэгэхээр маш олон сөрөг үр дагавраас аль болох сэргийлэхийн тулд өнөөдөр бид баялаг бүтээгчдээ бага зэрэг дэмжих талаас нь ажиллах ёстой. Өнөөдөр хувийн хэвшлийн 80 мянган аж ахуйн нэгж, 700-800 мянган ажлын байр бий болгож буй ажил олгогчдын хэдэн хувь нь зээлийн дарамтад байгаа юм. Зээлийн дарамтнаас нь тодорхой хэмжээгээр хөнгөлж өгвөл хэдэн мянган аж ахуйн нэгжийг дампуурлын эрсдэлээс нь гаргах юм. За тэгвэл зээлгүй ч гэлээ, эргэлтийн хөрөнгө дутагдаад зогсох гээд байгаа байгууллагуудыг яах вэ? Шинээр эргэлтийн хөрөнгө олгодог ч юм уу, эсвэл бүтээгдэхүүн гаргалт дээр ямар нэг байдлаар дэмжих зэргээр бусад арга хэмжээ авбал хэчнээн мянган аж ахуйн нэгжид туслах боломжтой. Би энд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл нийт байгаа 80 мянган байгууллага компанид тулгарч буй асуудал бүр адил биш. Тэгэхээр бодлого нь ч гэсэн эдгээрийг зорьсон чиглэлд гарах ёстой” гэж байсан.

Эдийн засагчдын хувьд Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлд   оновчтой бодлого гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй юм. Засгийн газар, УОК хөл хориотой холбоотой шийдвэр гаргахдаа дандаа эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож байгаа гэж Я.Содбаатар сайд хэлж байсан. Тэгвэл эдийн засгийг дэмжих шийдвэрүүд гаргахдаа ч эдийн засагчдаа сонсох хэрэгцээ шаардлага цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарна уу. 

Цар тахлын тархалтыг хумьсан ч цаашдаа бид вакцин гартал коронавирустэй зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй байдалд байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөл хорио зөөлөрсөн ч зарим хязгаарлалтуудыг хийсэн хэвээрээ байх магадлал нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр төрөөс гарах дараа дараагийн бодлого, шийдвэрүүд богино болон дунд хугацааны нөхцөл байдлаа тооцсон, угтсан байх шаардлага үүсэж байна. 2020 оны туршид коронавирустэй зэрэгцэн амьдарч буй дэлхийн улс орнуудын Засгийн газрууд, Төв банкуудын авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдээс харахад  шокийг хурдан таньж, хурдан маневр хийх нь тун чухал байна.

Монгол Улсын тухайд коронавирусийг дотооддоо алдалгүй 10 сар торгоосон ч халдварыг  алдсан цагаас эхлээд хаа хаанаа үймэрсэн байдалтай хүлээж авч буй нь нэг талаас энэ вирус нийгмийг бүхэлд нь хамарсан том асуудал гэдгийг харуулж байна. Нөгөө талаас төр засгийн зүгээс бэлтгэлээ тааруу базаасан нь Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх болоод Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын "МОНГОЛ УЛС МӨНГӨГҮЙ ШҮҮ ДЭЭ" гэсэн тайлбараас ойлгогдож буй юм. 

 

 

Top