COVID-19 ба нуувчинд хоригдох сэргэлтийн бодлого: Өнөөдөр ба Маргааш  

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Дамбын Гантөмөр (Ph.D)-ийн аялал жуулчлалын салбарын жишээн дээр тайлбарласан "COVID-19 БА НУУВЧИНД ХОРИГДОХ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: ӨНӨӨДӨР БА МАРГААШ" нийтлэлийг хүргэж байна.


 

COVID-19 БА НУУВЧИНД ХОРИГДОХ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО:

ӨНӨӨДӨР БА МАРГААШ  

 ( АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР)

Ковид-19 цар тахлын вирус нь хүн амын эрүүл мэнд, дархлаа, амьдралын хэв маяг, биеийн хийгээд сэтгэлийн бяд, хүчийг сорьсон өнөө үеийн хүн төрөлхтөний өмнө тулгарсан хамгийн хүнд сорилтын нэг. Ялангуяа энэ вирус нь гагц хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулаад зогсохгүй,  улс орны эдийн засаг-санхүүгийн  тогтолцоог онилон устгаж, тэр хирээрээ улс орнууд, засгийн газрууд, аж ахуйн нэгж, гэр бүл, хувь хүмүүс шууд утгаараа энэ хохиролыг амсан нэрвэгдэж байна. Магад өнөө үеийн хүн төрөлхтөний түүх, ахуй соёл, дэг журам, хөгжлийн шалгуур,  норматив хэм хэмжээг цаашид  Коронагийн өмнөх ба Коронагаас хойш гэж ангилах болж байна.

Энэхүү цар тахалд дэлхийн улс орнууд  үед янз бүрийн хандлага, үнэлэмжээр (Хятад өвчин, хөгжлийн сорилт, байгаль дэлхийгээс хүмүүст хандаж буй хариу арга, нийгэм соёлын хэм хэмжээгээ дахин үнэлэх боломж гэх мэт) хандаж байгааг олон улсын нөлөө бүхий хүмүүсийн  дүгнэлт, олон орны явуулж буй бодлогын жишээн  (Тайвань, Швед, Канадын явуулж буй арга хэмжээнүүд) дээрээс иш татаж болно.

Монгол улсын хувьд Коронаг дотроо алдаж, улмаар голомтлон (cluster) тархаж эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэдийг гэрт нь цоожлох ( Lockdown) арга хэмжээг зарлан хэрэгжүүлж, энэ хугацааг 12 сар хүртэл үргэлжүүлэх болсон нь манай улсын онцлог,тухайлбал нүүдэллэг буюу хөдөлгөөнлөг хийгээд эрх чөлөөт (замбараагүй ч гэж харж болно) байдал, хүн амын тоо, төвлөрсөн хот, соёл, нөхцөлтэй уялдан нөхцөл байдлыг алдалгүй хяналтандаа авах үндсэн, хамгаалалтын гарцаагүй зөв алхам мөн гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Тиймээс энэ шийдвэрийг ард иргэд ойлгон дэмжиж байгаа.

Нөгөө талаар аливаа хориглолт, хамгаалалт нь ил ба далд түвшиндээ босолт, сэргээлт,  довтолгоог цаанаа давхар тооцсон байдаг. Нуувчинд орсон цэргүүд цаг нь ирэхэд шурт хийн босч дайрах бүрэн бэлтгэл, тактиктай байх нь чухал. Тийм ч учраас Ерөнхий сайд өнгөрөгч Засгийн хурал дээр энэ асуудлыг судлах, тухайлбал эдийн засагт тулгарч буй бэрхшээл, хүндрэл, боломж бололцоог судлан гарц гаргалгааг санал болгож ирэх засгийн газрын  хуралд танилцуулахыг холбогдох хүмүүст болон Сангийн сайдад даалгажээ.

Ковид цар тахлын үед мэргэжилтэнүүдийн үнэлгээ дүгнэлт нэн чухал, улс төрчид тэдгээр хүмүүсийн зөвлөмжийг голдуу дагах нь хамгийн оновчтой агаад тиймээс хорио дэглэмийн тоог сунгаж байгаа шийдвэрүүд нь эрүүл мэндийн, халдвартын мэргэжилтэн, эмч нарын зөвөлгөөг даган хэрэгжүүлж буйн нэг илэрхийлэл гэж үзнэ. Хэрвээ энэ цар тахал нь хүн амын эрүүл мэнд хийгээд эдийн засгийг адилаар хөнөөн дайрч байгаа нь үнэн бол түүнээс хамгаалах, улмаар хяналтандаа авч буцаан сэргээх бодлого нь ч мөн адил аль алинийх нь мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт зөвөлгөөн дор хослуулах хэрэгтэй нь тодорхой. Эдийн засаг, бизнесийн салбарт үүссэн өвчлөл, хүндрэл, хохиролыг улс төрчид гэхээсээ тухайн салбарын мэргэжилтэнүүдийнхээ зөвлөмж, дүгнэлт дор харьцуулан гадаад улс орны зөв оновчтой жишээн дор нэгтгэн шийдвэр гаргах нь ухаалаг улс төрчийн нэгэн шинж буй за.  

Цар тахал гарснаас хойш хүндрэлийг хамгийн их бие сэтгэлээр амсаж буй салбар бол олон улсын аялал жуулчлалын салбар юм. Одоо бидэнд тохиолдож буй үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгарч буй зовлонгуудыг сүүлийн 10 сарын турш өдөр бүрээр амсаж буй энэ салбарыхан, ялангуяа түүний гол хөдөлгөгч хүч болсон аж ахуйн нэгжүүд борлуулалт 00 болсон ч ажилтануудаа авч үлдэх, түрээсийн оффис, хөдлөх ба үл хөдлөх зардлуудаа төлөх, авсан зээлийнхээ хугацааг дахин сунгах, торгоох гэж үйл тамаа үзэж өнөөдрийг хүрлээ. Үнэндээ одоо туйлдан сөхөрч байна.

Үүнтэй холбоотойгоор энэ салбарт хэд хэдэн ташаа  ойлголт дүгнэлт явж байгааг анхаарч, нягтлан хэлэлцэх шаардлагатай. Үүнд:

  1. ДОТООДЫН АЯЛАЛ 2020 ОНЫ ЗУН ӨНДӨРӨӨ АВЧ, ИХЭЭР ЯВАГДСАН УЧИР САЛБАРЫН ЭДИЙН ЗАСАГТ БОДИТ ХОХИРОЛ БАГА. Үнэндээ энэ бол хамгийн буруу дүгнэлт юм. Үнэхээр 1 сарын 27-ноос эхэлсэн хил хорио, улс даяар явагдсан карантинуудаас хойш зуны дэлгэр цагт Монголчууд дотооддоо алдаагүй, хаваржин хоригдсон энерциэрээ хөдөө орон нутгаар зугаалан аялсан. Энэ нь шууд утгаараа аялал жуулчлалын салбарын нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөллийг яагаад ч орлох боломжгүй юм. Хэрвээ гадны нэг жуулчин өдөрт дунджаар 100-250 ам.долларыг аялалдаа зарцуулж, тэр нь 5-15 иргэдийг орлого олох ажлын байртай болгож, Монгол соёл, түүх, ахуй, ТХГН, музей, урлагийн байгууллагуудын үндсэн орлого болдогийг нарийвчлан тооцвол энэ нь үнэхээр өөр гэдгийг төвөггүй ойлгоно. Гадаад хэлтэй оюутан зундаа жуулчдад хөтөч тайлбарлагчаар ажиллаад олсон орлого, гарын цайны мөнгө нь хичнээн ар гэр, аав ээжийг тэжээхэд шууд нэмэр болж, морио унуулж, гэрээ танилцуулах малчин өрх зундаа олсон орлогоороо хүүхдийнхээ сургалтын төлбөр, өвлийн тэжээлийг авч байгаа, сүм хийдүүд хэчнээн лам нараа цалинжуулж, түүх соёлын дурсгалаа өөд нь татаж байгаа зэрэг дам нөлөөг энд  нэгбүрчлэн нурших шаардлагагүй юм. Харин дотоод  аялагч зугаалагчдын тооны өсөлт, урсгалаар манай аялал жуулчлалын салбар дах үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал зэрэг Ковидын бус үед ч яригддаг асуудлуудаа цэгцлэх том дохио, сануулга өгч байгаа нь манай улсын аялал жуулчлалын бүс, замын зураглалын төлөвлөлт, дэд бүтэцжүүлэх бодлого, нийтийн бие засах газар, хог, тээврийн хэрэгсэлийн тоо хэмжээ, нөлөөлөл гэх тодорхой хэдэн асуудлуудаар ч  хязгаарлагдахгүй ээ.
  2.  МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХ СТАТИСТИК ТООНЫ ҮЗҮҮЛЭЛТ. Цар тахлын үеийн аж ахуйн нэгжүүдэд учирч буй бэрхшээл, хохирол, түүнийг даван туулах арга замын гарц шийдлүүд нь эргээд маш тодорхой тоон үзүүлэлт, статистикийг нэхдэг. Гагц энэ салбар биш ерөөс манай улсын статистик тоон үзүүлэлт салбар бүрийд эргэлзээтэй, хоёрдмол, ерөнхий байдаг нь илэрхий. Мэргэжлийн яамнаас жуулчдын тоон үзүүлэлтийг нарийвчлах олон улсын (Satellite) аргачлалыг хэрэгжүүлэхийг сүүлийн 10 жилийн турш ярьж байгаа ч одоогоор нэвтрээгүй байна. Улирлын чанартай салбарын хувьд түр ажиллагсад нь олон, голдуу зун хөдөө явагддаг учир бэлэн мөнгөний тооцоо ихээр хийгддэг. Цөөнгүй аялал жуулчлалын компаниуд нь бааз, гэст хаус, машин түрээс гэх мэт салбарынхаа чиглэл бүрт өөр өөрийн дэд компани, аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг учраас санхүүгийн үзүүлэлт нь холилдсон байдаг нь нууц биш. Ерөнхийдөө зундаа олсон орлогоороо өвлийн улирал бусад цагтаа зарцуулж хэрэглэдэг, хавартаа зээл голдуу авч ирэх улиралынхаа орлоготой золгодог байна. Дээр нь зуны улиралд ирэх жуулчдын ачаалал хэт ихэсдэг учир томоохон зочид буудал, дотоодын тээврийн компаниуд мөнгөн урьдчилгаа “депозит” байрлуулахыг шаарддаг болсон нь тус салбар дахь мөнгөн урсгалын зохицуулалтыг хүндрэлтэй болгодог. Дотоодын аялагч зугаалагчдын тоо, машины тоо, нөлөөлөл, худалдан авалтын хэмжээ зэргийг яг нарийвчилсан судалгаа бараг үгүй. Энэ бүхэн нь тус салбарт хэрэгжүүлэх статистик тооцооллыг орчин үеийн бодит хэмжээнд гаргах зайлшгүй шаардлагыг үүсгэж байна. Энэ бүхэн нь аль ч улсад төрийн үндсэн үүрэг чиглэл болдог ажээ.
  3. ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХҮНДРЭЛ НЬ ХЭДХЭН ТУР КОМПАНИУДАД ТОХИОЛДОЖ БУЙ ХЭРЭГ. Энэ бол бас л толгой эргүүлсэн, худлаа дүгнэлт юм. Үнэн хэрэг дээрээ тур компанийн орлого нь хэзээ ч дан ганц тухайн компанийн орлого болдоггүй. Тур оператор компани гэдэг бол тухайн аяллыг төлөвлөн хариуцлагажуулж, өөрийн багцалсан агаад санал болгосон бүтээгдэхүүнийг бусад олон аж ахуй, компаниудын оролцоотойгоор хангадаг зохицуулагч, дамжуулагч, аялал бүтээгч байгууллага юм. Нөгөө талаас Монголд ирж буй жуулчдын агуулгыг нягтлан үзвэл бараг 40 гаруй % нь ойрын 3-5 цагийн нислэгээр бие даан ирж буй зорчигч/жуулчид байдаг. Тиймээс хүндрэл нийт салбарыг, бүр тухайлбал түүнээс нөлөөлөл авдаг бүхий л салбарт “далайн гахайн долгио” адил нөлөөлж хүндэрчээ.
  4. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ГЭЭД ТОДОТГОВОЛ БУСАД САЛБАРУУД БАРЬЦАЖ, ХАВТГАЙРНА. Үнэндээ энэ бол тийм оновчтой хардлага бус. Салбараар нь биш юмаа гэхэд ядаж бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого, хэмжээ, зарлагыг нь эхлээд судлах шаардлагатай. Эндээс энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн нийтлэг дүр зураг харагдана. Монгол ахуйг аялал болгон бизнесийн эргэлтэнд оруулдаг 450 гаруй  компаниуд бий. Үүнээс 200 гаруй нь өнөөдөр бүрэн царцаж “хөлдсөн” байна. Угаасаа эдгээр компаниудын дийлэнх нь гэр бүлийн, цагийн, улиралын ажиллагсадтай, тиймээс сонгодог ЖДҮ төрлийн компаниуд аж. Харин 50-100 компаниуд аялал жуулчлалыг дайвар болон хосолмол бизнес болгон төрөл бүрийн өөр жижиг бизнес эрхэлдэг байна. Гэхдээ аялал жуулчлалын компаниудын дийлэнх нь энэ салбарынхаа өртөгийн сүлжээн дэх хавсарсан бизнес явуулдаг. Харин 150 аж ахуйн нэгжүүд Монгол улсыг идэвхитэйгээр сурталчлан таниулж, аяллын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж, өөр өөрийн аялал дахь стратеги бүс нутгийн иргэд, олон нийтийг аяллаас олсон нийгэм-эдийн засгийн үр ашгаараа дэмжин ажилладаг нь гайхалтай. Ийм компаниуд нь мэргэжлийн байнгын ажилтан, зах зээл, бүтээгдэхүүн хариуцсан менежерүүдийг төдийгөөс өдий хүртэл сурган, туршлагажуулж, тэдгээр боловсон хүчин нь чухамдаа тухайн компанийн гэхээсээ Монгол улсын аялал жуулчлалын салбарын том дээвэр доорх үнэ цэнэт капитал болсон нь тодорхой. 150 аж ахуйн нэгжид хамаарах 1500 гаруй мэргэжлийн боловсон хүчин, тэдгээрийн сарын хамгийн суурь доод цалин, НДШ, ЭМД болон тухайн компаниас жил бүр төлдөг татварын үзүүлэлт үр шимийг цар тахлын өнөө үед үнэлэн онилсон тусламж дэмжлэг явуулах гарцаагүй хэрэгцээ, аминд тулсан шаардлага байна.                

Эндээс бид салбарын бодит байдлыг байгаагаар нь үнэлэн дүгнэх, улмаар салбарыг амь тавин алдахгүй байх эдийн засгийн чиглэсэн шууд дэмжлэгийг үзүүлж мэргэжлийн компани, боловсон хүчнээ хадгалах бодлого нэн яаралтай хэрэгтэй байгааг зарлан анхааруулж байна. Өөрөөр хэлбэл 1500 гаруй хүмүүсийн ажлын байрыг хадгалах цалингийн бодит дэмжлэг, тэдгээртэй холбоотой НДШ, ЭМД, болон бусад тогтмол зардал, банкны өр зээлийн асуудлыг аж ахуйн нэгжүүдийн сүүлийн гурван жилд төлсөн татварын болон бусад орлогуудыг тооцон анхаарч шийдвэрлэх шаардлага тулгамдаж байна.

Амьд хүн ямар ч тулсан бэрхшээлд аль болох амиа авч үлдэхийн төлөө бүхий л боломжит аргуудыг хэрэглэдэгийн адил, салбарыхан маань үйл ажиллагаагаа царцаан хөлдөөх, түр хаях, бүр орхих зэргээр гагц хувь бодгалийнхаа хувьд өдөр хоногийг барьж, сайн цаг сайхан вакцин хурдан гараасай гэж залбирцгаах нь өдгөө  хүн бүрийн шахуу, тэр тусмаа энэ салбарын бодит нэгэн үнэн болжээ.

Ингэхийн хамтаар бид эргэн сэргэх, хөл дээрээ хурдан босох, дуртай мэргэжилтэй ажлаа хийх хүсэл тэмүүлэл, гал цогоо унтраах ёсгүй ээ. Цар тахлын үед гэр гэртээ хоригдон хүлээхийн хамт маргаашийн төлөөх зорилго, тактик нэн чухал,  аж ахуйн нэгжүүд маань тийм төлөвлөлтийг төсөөлөн итгэж, зоригжин бэлдэж байх нь хамгийн чухал гэж үзнэ. Хориглолтонд орж нуувчинд цоожлогдох шаардлагатай ч тэд энэ байдлаас ингэж тэсч гараад, үүний төлөө хэвийн байдал руу шилжиж ажиллана гэсэн өндийн босох хувилбар төлөвлөгөөнүүд нь чухам эдгээр  хүмүүст тусах “гэрэл” болох нь гарцаагүй юмаа...

АНУ-ын Атлантад байрлах 1946 онд байгуулагдсан “Centers for disease control and prevention” хэмээх АНУ-ын ЭМЯ-ны хамтрагч, нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааны байгууллагаас дэлхийн улс орнууд дахь Ковид цар тахлын тархалт, өвчлөлийн хүндрэл нөхцөлөөс хамаарч Цар тахал хамгийн өндөр, өндөр, дунд, бага, нэн бага гэж ангилжээ. https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/travelers/map-and-travel-notices.html#prohibited.  Монгол улс нь “цар тахал нэн бага”  хэмээх ангилалд багтсан байна. Олон улсын аялал жуулчлалын зах зээл дээр жуулчин илгээгч, мөнгө төлөгч өндөр хөгжилтэй орнуудын жуулчдын хувьд энэ ангилалд байгаа “Камбож, Лаос, Вьетнам, Бутан” зэрэг улс орнууд нь цаашид Азийн бүсийн хувьд “Ковид нэн бага” хэмээх имидж дор Монгол улсын нэгэн өрсөлдөгчид байх магадлалтай. Гэхдээ өнөөдөр барууны орнуудын дийлэнх нь Азийн орнуудыг бус Африкийн орнуудыг ковидын дараа аялах хамгийн тохиромжтой орон хэмээн зарлаж байгаа нь Ковид өвчнийг түүний анх голомтлон тархсан БНХАУ-тай холбон ойлгох тэдний хандлага, хардлагатай холбоотой байгааг бид анхаарах ёстой.      

Эдүгээ аялал жуулчлалын салбарт цар тахал бага орнууд, юм уу харьцангуй хяналтандаа авсан орнууд өөр хоорондоо тусгай корридор үүсгэн аялах “Travel Bubble” бодлогыг түлхүү ярьж байгааг бид мэднэ. Гэхдээ энэ бодлого нь Ковидын дараа, вакцин гарах үед  энгийн үйл ажиллагаа биш, харин ч улс орон хоорондын тохиролцоо, дипломат харилцаа, аялал жуулчлалын сонирхол татах зах зээлийн чиг хандлага зэргээс хамааран явагдах итгэлжсэн тохиролцоо гэж ойлгоно. 

11 сарын 17-нд Австралийн ерөнхий сайд Скотт  Моррисон Япон улсад албан ёсны айлчлалаа хийсэн нь ерөнхий сайд Суга Ёшихидэ-ийн танхим байгуулагдсанаас хйош ирж буй анхны гадаадын өндөр албаны айлчлал болно. Тэдний хэлэлцээрийн хамгийн чухал сэдвийн нэг нь хоёр тал харилцан аялал жуулчлалын салбарыг нээх боломж ба хязгаарлалтын талаар байгаа нь сонирхолтой. Мэдээж хоёр улсын хэмжээнд тулгарч буй нийгэм-эдийн засгийн хүндрэлүүд их, олон салбар чиглдэлүүдийг хамарч буй авч тухайлан аялал жуулчлалын чиглэлд ач холбогдол өгч шийдвэрлэх гарцыг хайж байгаа нь анхаарууштай юм. https://www.news.com.au/travel/travel-updates/australia-japan-travel-bubble-scott-morrison-to-discuss-in-tokyo-today/news-story/0bbf21254077717c7cb5e03783d0a52f

Өнөөгийн байдлаар Австрали улс 27,750 ковид бүртгэгдсэнээс 25,498 эдгэрч 907 нас баралт байгаа, сүүлийн хэдэн сард энэ тоогоо харьцангуй барьж байгааг олон улсад анхаарч байгаа.  

Японы хувьд хэдийгээр сүүлийн өдрүүдэд цар тахлын халдвар ихэсч байгаа ч харьцангуй голомтуудаа хяналтдаа авч байгаа гэж дүгнэгдэж байгаа. (119,000 өвчлөл, 91,954 эдгэрч, 1,874 нас баралттай). Эдгээр улсууд нь хоёр талдаа буюу харилцан бие биедээ аялах, улмаар харилцан бие биенийхээ эдийн засгийг аялал жуулчлалаар дамжуулж бусад салбартаа шингээх замаар гарц хайж, сонирхол нэгдэж байгаа нь тодорхой.

Ер нь Австралийн жуулчид харьцангуй экзотик, эх газрын, нүүдлийн соёлт, тайлагдашгүй тийм имиджийг Монгол улсаас эрэлхийлж, аялал хийх сонирхол бусад улсаас илүүтэй байгаа нь бидний маркетингийн түргэвчилсэн судалгаагаар харагдсан.

 

Австрали жуулчдын санхүүгийн чадамж, “түрүүвчний хүч”-ийн талаар Австралийн Төв Банкны захирал Росс МкЭвен нотлон өгүүлснийг дурьдаж болно. Австралийн иргэний агаарын хүчирхэг “Qantas” компаний гүйцэтгэх захирал Ричард Гоёдор хөрөнгө оруулагчдынхаа хурал дээр хэлэхдээ “Бид шинэ тутам зах зээлийг, ялангуяа ковидын өмнө огт харилцаа байгаагүй тэр аяллын газрууд руу ‘Travel bubble’ корридор үүсгэн нисэх боломжийг маш анхааралтай хүсэн хүлээж байна” хэмээсэн нь үнэндээ Австралийн аялал жуулчлалын компаниудын маркетингийн эрэлхийлэл, зорилтыг илтгэсэн гэлтэй.

   

 

Ковидын дараа үед, манай аялал жуулчлалын салбар, ялангуяа түүний ашиг олох маржин нэн багасах нь тодорхой. Учир нь хэрэглэгчээс тавих хүсэлт, норм хэм хэмжээ, эрүүл аюулгүй орчны шаардлага нь үнэндээ үл хөдлөх хийгээд хөдлөх бүхий л материаллаг үйлчилгээний нийлүүлэлтийг урьд өмнөхөөс илүү өндөр зардлаар явуулах болж байна. Ийм нөхцөлд Монголын аялал жуулчлалын гол цөм, үнэт зүйлс нь бусдаас ялгарагч биет бус шинж чанардаа оршиж, тэр хирээр ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Энэ нь эргээд шилдэг, туршлагатай боловсон хүчин, хөтөч тайлбарлагчийн эрэлт, түүнд зориулах зардлыг нэмэгдүүлэх болно.

Вакцин гарч, ковид хяналтанд орж эхэлснээр олон улсын аялал жуулчлал хэвийн хэмжээнд ортол наад зах нь 3-5 жил шаардагдах магадлалтай. Их уналт, зогсолтын дараах сэргэлтийн шок хугацаа бас зардал, шинэ менежментийг нэхнэ. Бүхэлдээ урьд өмнөхөөс илүү хамтын ажиллагаа, ойлголцол, ухааныг шаардах нь тодорхой. Найдвартай улсууд хоорондоо зорчих “аяллын тусгай корридорыг “(‘Travel Bubble’) нэгэнт бүх юм өнгөрсөн хойно биш одооноос ийнхүү эрж хайн, судлан ярилцаж байгааг Монгол улс анхаарч бодлого болгон, хувилбарууд дэвшүүлэх хэрэгтэй. Энд жишээлэн дурьдагдсан Австрали, Тайвань, Япон болон Франц, Сингапур зэрэг харьцангуй цар тахлыг хяналтандаа авч буй орнуудын үйл явцыг цаашид бид анхааран судлаж, Монгол улс өөрийн эн тэргүүнд нээгдэх аяллын орны жагсаалт гаргах хувилбарыг тооцон ажиллаж, улмаар зах зээлээ гуравдагч хөршийн том бодлоготой уялдуулан явуулах нь зохилтой. Ийм чиглэл дор компаниуд ч маркетингийн судалгаа, бүтээгдэхүүний чиглэл, хүний нөөцөө хуваарилан төлөвлөх нь гарцаагүй ээ.

Top