Л.Батцэнгэл: Орчлонг сайхан байлгах хүн чанарын гэрэлт дэнлүүг хайсаар аж амьдралаа ч умартах юм

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэлтэй ярилцлаа


-Уран бүтээлч хүнтэй ярилцаж байгаагийнх сүүлийн үеийн таны уран бүтээлээс ярилцлагаа эхлүүлье. “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд” бүтээлээсээ хойш ямар бүтээлд түлхүү цаг гаргаж байна вэ?

-Хөрөг, нийтлэл, хөөрөлдөөн, тэмдэглэлийн “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд” гэсэн хоёр боть нийтлүүлсэн. Гутгаар боть нь уншигчдад очиход бэлэн ширээн дээр минь тоосонд дарагдаад хэвтэж байх шив дээ. Уран бүтээлийн хувьд “Өндөгөн толгойт” өгүүллэгийн номоо хэвлэлд бэлдээд сууж байна. “Өндөгөн толгойт”, “Солонгон гүеэт”, “Чинжаалын нууц”, “Шүүгчийн сандал” зэрэг арван хоёр өгүүллэг орох юм. Уран бүтээлийн найз, УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг маань эл номыг уншигчдын оюуны алган дээр тавихад тусална гэсэнд баяртай л сууна. “Цэцгийн гуниг” гэсэн яруу найргийн түүвэр бэлдсэн. Хэзээ гарахыг тэнгэр мэдэх байх даа. (инээв. сур)

-Найрагч анд Цэндийн Доржсэмбийнхээ бүтээлийг эмхэтгэж байгаа нь олон уншигчдын талархлыг хүлээх нь дамжиггүй. Сэмбэ найрагч та хоёр хэзээнээс нөхөрлөж он цагийг хамтдаа туулсан бэ?

-Анд минь тэнгэрт одоод хоёр гурван сар боллоо. Энэ хооронд амьдрал утгагүй санаг­даж, сэтгэл дэн дун байдалтай хоног өдрүүдийг үдлээ. Сэмбэ маань амьдралд жаахан арчаагүй амьдарсан ч өөрийнх нь номоо нэрлэснээр “Хэнд би таалагдах ёстой вэ” гэсэн уран бүтээлчийн туйлын эрх чөлөөгөөр амьсгалсаар бурхны оронд одлоо. Дарснаас эмээсэнгүй, даргаас ч айсангүй, сархдаас буцсангүй, сайдаас ч жийрхэлгүй өөрийн сэтгэлийн зоргоор аж төрнө гэдэг өнөөгийн энэ хиймэл хүйтэн харьцаатай нийгэмд бүтэшгүй зүйл шүү дээ. Тэгэхэд тэр минь очир алмаас мэт авьяасаа улам гялалзуулсаар жинхэнэ яруу найрагчийн хувь тавилангаар буцлаа. Сэмбэтэйгээ 1992 оны  хоёрдугаар сард Баянхонгор аймгийн захиргаан дээр болсон төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадамд оролцохдоо анх танилцаж байлаа. Хоолойгоо тулсан хүзүүтэй ноосон цамцтай, гартаа эрхи зүүсэн, урт үстэй (Дашбалбар багширхуу төрхтэй) залуу шүлгээ намуухан дуудахдаа үзэгчид рүү инээвхийлэн, халимагаа үе үе хойш хаялан байсан нь нүдэнд харагдаж байна. Тэр жилийн “Хүрэн морь” яруу найргийн наадмын тэргүүн байрт манай найз  яруу найрагч Шийхарын Хоролмаа шалгарч, Доржсэмбэ маань удаад нь орсон санагдана. Бид хоёр арвын нэг төгсөлт л дөө. Аймгийн “Лениний зам” сонинд бичсэн шүлэг, нийтлэл нь гардаг, хөдөөний юу ч мэдэхгүй биднийхээ дэргэд том уран бүтээлч байлаа. Үүнээс хойш хоёр жилийн дараа С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд оюутан болоод иртэл Доржсэмбэ маань хоёрдугаар дамжааны архаг оюутан байж байдаг юм. Сэмбийн ангийнхан чинь эрдэмтэн зохиолч П.Батхуяг, төвд судлаач Г.Ням-Очир, яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин, зохиолч түүхч Б.Наминчимэд нар шүү дээ. Тэр цагаас хойш Сэмбэ, Цэнгэл хоёр сэтгэл зүрхээрээ, сээр хүзүүгээрээ холбоотой явж ирснийг Улаанбаатарын гудамж талбай нь хүртэл хүүрнэн өгүүлэх биз дээ.

-Мэдээж олон сайхан бүтээлийнх нь анхны уншигч болж байсан биз ээ?

-Ерэн дөрвөн оны тэр намраас хойш шил юмаа ч хувааж хүртдэг, шүлэг бүтээлээ ч нэгэндээ уншдаг, хамгийн гол нь зүрх сэтгэлээ утга уянгаар хөглөдөг хоёр чавхдасны өрөөснүүд болцгоосон доо. “Өлзийтийн суурин”, “Улиастайн арван ягаан байшин” гээд анхны номонд нь орсон бүх шүлгүүдийн анхны уншигч болж байсан. Ерэн таван оны есдүгээр сард миний ууган охин төрөхөд Сэмбэ маань жигтэйхэн их баярлаж “Есөн сарын охин” шүлгээ гараараа бичиж бэлэглэж билээ.

“Хаврын ой хүртэл чиний сайхнаар дутаж байна

Хуримын гоёл шиг цагаахан өмсгөлөөр чимээд

Хонгорхон биеэ хэн нэгэнд тэврүүлчихээд

Холын ууланд ойн чөлөөгөөр алхаарай...” гэж эхэлдэг шүлгийг би тэр доороо л цээжилсэн сэн. Хорин жил цээжиндээ хадгалж байгаад 2017 онд “Өдрийн сонин”-д бусад шүлэгтэй нь хэвлэж өгөхөд анд минь их л баярлаж байсан. Сэмбэ маань харин миний “Цэцэглэл” гэдэг шүлгийг үргэлж цээжээрээ уншина.

“Тийм ээ, би яруухан шүлэгч хүн

Тэгээд намуухан гуниглаж сууна

Та над руу хүйтэн ус цацах чинь

Таатай байна, гэвч, шатаж байна би шаналж байна...” гээд унших дуртай. Ингэж л хөгжим юмсан бол нэг нэгнээ хөглөж, уйтай үедээ уйлж, уянгатай үедээ халгиж цалгиж явлаа даа. “Есөн сарын охин” шүлгийн хувьд найз минь Эрдэнэбаяр хурандаагийн охин Нарангэрэл гэдэг Хөгжим, бүжгийн сургуулийн ятгын ангийн охинд дурлаад бичсэн шүлэг л дээ. Энэ мэтээр дурдаад байвал шүлэг бүхнийх нь түүхийг бараглан ярих хэрэг гарна. Юутай ч андынхаа “Хэнд би таалагдах ёстой вэ...”, “Харсан тэнгэр”, “Хэд дэх бороо” шүлгийн гурван түүврийг хэвлэгдээгүй 44 шүлэг, түүний тухай хүмүүсийн бичсэн хөрөг, шүлэг, шүүмж, шинжлэл, сэтгэгдэл, харуусал, эмгэнэл бүхнийг багтаасан бүрэн түүврийг нь таван бүлэгтэй гаргах гээд сүүлийн нэг сар өдөр шөнөгүй суулаа. Надаас өөр хэн ч гаргах билээ. Хойч үеийн залуус дүү нар өвийг нь судлахад нэмэр тустай байх бол уу. Ээж, дүү, эгч нартай нь уулзаж, найз нөхөд, уран бүтээлчдээс гар бичмэл өвийг нь сураглан хөөрхөн ажил боллоо. МЗЭ-ийн шагналт яруу найрагч, “Алаг хорвоо” сонины эрхлэгч Я.Мөнхжаргал хадгалж байсан нэгэн хар цүнхийг нь өгснөөс 17 шинэ шүлгийг нь олсон. Багш О.Содномпил, гэргий Д.Цэрэндолгор нарт нь хорь гаруй шүлэг нь шивээстэй байсан. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж дүү нэг шүлгийг нь уншуулсан бичлэгээ илгээлээ. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Х.Оюунболд нэг шүлгийнх нь зургийг утсан дээрээ авсан байсныг мөн орууллаа. Энэ мэтээр цөөхөн ч болтугай уран бүтээлийн өв нь бага багаар цугларлаа. Яруу найрагч Ч.Дагмидмаа “Нэг дэвтэр нь байх ёстой” гэсэн ч “Хайгаад олдохгүй байна” гэсэн. “Хас дорно”-ын шавь нарт нь чухам юм байна уу, үгүй юу. Хашбаатар дүүгээс сураглана л гэж бодож байгаа.

-Ирэх одох нь жам хэдий ч Хөдөлмөрийн баатар Б.Лхагва­сүрэн, Ш.Сүрэнжав, “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатар, А.Эрдэнэ-Очир, яруу найрагч Л.Ганзул, Ц.Доржсэмбэ гээд Монголын утга зохиолын сүмбэрүүдтэй ойр явсан хүний хувьд тэдний орон зайг юугаар ч нөхөх аргагүй юм даа. Дурсамж л үлддэг хорвоод тэднийгээ нэг дурсахгүй юу?

-Хүмүүний амьдрал гэдэг ч салхин дээр бичсэн бичигтэй л адил илбийн хоосон үзэгдэл юм шив дээ. Өөрийн чинь дурдсан энэ сайхан найрагчид чухамдаа чулуун дээр амьд мөнхийн онгод төгөлдөр найраг шүлгээ авьяасын цүүцээр сийлэн мөнхлөөд одсон Монголд ахин төрөхгүй авьяас билэгтнүүд. Б.Лхагвасүрэн ахтай олонтаа уулзаж хөөрөлдөж байлаа. Хамгийн сүүлийн хөөрөл­дөөн нь гэхэд манай “Өдрийн сонин”-д гарсныг чи мэднэ. Бурхан болохоос нь долоо хоногийн өмнө Зайсан дахь гэрт нь очиход Лхагваа ах “Чамд зориулж нутгаа­саа айраг захьсан юм” гээд чонын дүрс бүхий америк оймсоо өмсөн хүндэтгэж байсныг санаж байна. Бүүр Трампын зурагтай оймс хүртэл гаргаж ирж өмсөө л. Намайг хүндэтгэж буй нь тэр юм гэнэ. Хүүхэд шиг санагдаад, өд шиг хөнгөхөн болтлоо турсан их найрагчийнхаас гараад халуун нулимсаа асгалж л явлаа даа. Шаравын Сүрэнжав гуай бол миний багш О.Дашбалбарын номын багш хүн. Алтан аяганаас нь рашаан сэржимлэж, амттай ярианых нь баланд зөгий шиг эргэлдэж л явлаа. Тэнгэрт дэвшихээс нь нэг сарын өмнө төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболд ах, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр эгч бид гурав очсон юм. Мөнхболд ах их найрагчтай моно дуурь хамтран хийсэн байсан. Тэр бүтээлийнх нь шагналыг хүргэж өгсөн санагдаж байна. Цэцэн билэгт их найрагч тэр үед их ядруу ч орноосоо босож ирэн сэтгэл хөдлөн бидэнтэй нэлээд хэдэн цаг ярилцан суусан сан. Баруун сарны шүлэгч Хөөдөөгийн Эрдэнэбаатарыгаа Ховдоос ирэхэд уулзаж учирна. Бид хоёр О.Дашбалбар гэдэг их найрагчийн гарын шавь нар гэдгээрээ их дотно байсан. Арлааны Эрдэнэ-Очиртойгоо үй зайгүй л дотно байлаа. Энэ тухайгаа өнгөрснийх нь дараа “Амьдрал гэж богинохон, яарах хэрэгтэй гэж анд минь чи яах гэж дуулав даа” гэсэн “Сэтгэлийн зул” сониндоо бичиж, “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд” номондоо оруулсан даа. Анд маань Завханы Идэрийн эмнэлэгт бурхан болохынхоо урьд шөнө “Хөгшөөн, биеэ бод” гэсэн зурвас бичсэн байсан нь одоо ч нүдэнд харагдана. Тэр үед л өөрийнх нь бие их өвдөж байж дээ гэсэн харуусал яагаад ч юм одоо хүртэл надад байдаг. Л.Ганзул маань Офицеруудын ордны ойролцоо манайхтай зэргэд дөхөм байлаа. Хоёулаа орой үдэш гэлтгүй нэг нэгнийх рүүгээ гүйж, заримдаа ч манайд хонож өнжин шүлэг зохиолоо дуудаж явсан удаа цөөнгүй. Харин бурхан болоход нь би Цэргийн төв эмнэлэгт бие тааруу, харамсахаас цаашгүй амьтан хар нулимсаа залгин хэвтэж байсан даа. Доржсэмбэ маань хоёр жилийн өмнө совинтой ч гэх юм уу, зөнтэй ч гэх юм уу, Баянхонгороос ирсэн Долживын Жавхлан найрагч бид хоёртой ярьж суухдаа “Цэнгэл миний тухай дурсамж ном бичнэ” гэлээ. Би ихэд цээрлэж “Чи юу яриад байна? Ламын гэгээний яруу найрагч Цэндийн Доржсэмбэ гэсэн ном бичих үү, тэгээд” гэтэл “Үгүй, өвгөөн, Сэмбэ бид хоёр” гэсэн ном шүү” гэж бэлэн зэхээний хариулдаг юм. Одоо бодоод байхад богинохон наслахаа мэдээд байсан ч юм уу, хөөрхий анд минь. Яваандаа “Сэмбэ бид хоёр” дурсамжийн ном яах аргагүй бичих болдог хорвоо л юм байна даа, дүү минь.    

-Манайхан яруу найраг залуу насных. Ид залуудаа онгодоор шүлэг бичиж байгаад ухаан суухын үест үргэлжилсэн үг рүү ордог гэдэг. Та аль төрлөөр түлхүү бичиж байна вэ?

-Шүлгээ бичиж байгаа. Ер нь яруу найраг залуу насных гэдэг Пушкины үг үнэн л бололтой шүү. Хүүрнэл үгийн ай сав өөрийн эрхгүй л дуудаад байдаг шинжтэй. Ямартай ч “Өндөгөн толгойт” гэдэг өгүүллэгийн түүврийнхээ ард гараадахъя. Тэгж байтал “Зөнжгөн”, “Гэрэлт хайрын дурсамж” гээд туужийн санаанууд ч амраахгүй янзтай. Уран бүтээлч хүн сэтгэлд төрж л байвал ямар ч төрлөөр бай цааснаа буулгаж байсан л дээр юм байна. “Хэлсэн хийсэж, хийсэн үлдэнэ” гэдэг тун ч гашуун үг байна шүү. А.Эрдэнэ-Очир маань “Хөгшин нь ийм богино өгүүллэгүүд бичиж байгаа” гээд компьютер дээрээсээ хэд хэдэн өгүүллэг уншиж өгч байсан сан. Тэр өгүүллэгүүд одоо хаана байгаа бол. Доржсэмбэ маань “Цаг хугацаа дуусах болоогүй” гэсэн кино зохиол бичсэн гэж ярьдаг байсан. Тэр хэнд байгаа бол. Гэх мэтээр анд нөхдийнхөө хийсэн болоод хийнэ гэж ярьж байсан бүхнийг бодохоор “Даанч залуухан буцчих гэж” хэмээн харамсах л юм даа.

-Яруу найрагч, уран бүтээл­чийн жаргалтай хэрнээ зовлонтой зүйл нь юунд байдаг вэ. Хэн нэгэнтэй уулзсан бол эд хөрөнгө л ярих байх. Уран бүтээлчдийн зовлон юунд оршдог юм бол?

-Уран бүтээлчид бол нэг ёсны гаж донтнууд гэчихэд нэг их буруудахгүй. Өөрийгөө тэсэшгүй бэрхээр зовоож, амьдралыг ч юман чинээнд үл санан мөнхийн эрэлд хатан, сэтгэлээ шаналгасны эцэст хүний сэтгэлд үлдэх бүтээл туурвиж оюуны таашаал эдэлдэг. Тиймээс ч Оросын их яруу найрагч Анна Ахматова “Яруу найраг гэдэг ямар их хог новшин дундаас төрдгийг мэддэг сэн бол...” гэж дуу алдаа болов уу. Уран бүтээлч хүний зовлон бол хүний орчлонг яавал сайхан байлгах вэ гэсэн хүн чанарын гэрэлт дэнлүүг хайсаар аж амьдралаа ч умартах явдал юм.   

-Монголын утга зохиол үе үеэрээ төрдөг гэлцдэг. Та бол Мөнгөн үеийн яруу найрагчдын төлөөлөл. Танай үеийнхнээс хойшхи найрагчдын зул задарсан уу?

-Тодорхой тодорхой уран бүтээлч залуус бий шүү. Яруу найрагчдаас Я.Баяраа, С.На­чин, Б.Алтанхуяг, өндөр Цог­бадрах, Г.Лхагвадорж, Б.Жам­балдорж, Б.Батзаяа, Ц.Дэлгэрмаа, Урантогос, Улам-Оргих, Д.Ган­саруул нарын олон залуус амьд сүнслэг яруу найргийг туурвиж байгааг уншигчид мэдэж байгаа. Хандхүүгийн Нямхишиг, Мөнхцолын Батбаяр, Батсуурийн Баясгалан нарын хос хэлтэй яруу найрагчдыг би хол явах жинтэй уран бүтээлчид гэж боддог.

“Цэцгийн гуниг” бүлэг шүлгээс...

Чамдаа-1

 

Хар бэхээр, цагаан цааснаа
Халгиун мэлмийг чинь амилуулж суунам
Цагаан цааснаа, хар бэхээр
Царай төрхийг чинь амилуулж суунам

Шөнө гэдэг хар бэхээр
Санахын тэнгэрийг зурж суунам
Шүлэг гэдэг алтан бэхээр
Шаналахын бийрийг хэмлэж суунам

Нуруугаа харуулсан чамайгаа бодохоор
Нулимс хоолойд бөмбөрөөд ирнэм
Бэхээр амилуулсан дүрийг чинь харуут
Бэтгэт бялзуухай шиг өрөвдөөд ирнэм

Цайран мөндөрлөх хувь заяагаа
Цагаан бэхээр зурж чадахгүй нь
Цаашлаад байгаа цагийн аясыг
Наашлаад байгаа юм шиг хууртах утгагүй нь.

Халгиун мэлмийг чинь амилаан суувч
Хайр гэдгийг зурж чадахгүй нь
Царай төрхийг чинь энхрийлэн санавч
Санаа сэтгэлийг нь ойлгож чадашгүй нь

Ийм л өчүүхэн зураач гэдгээ
Тийм л гунигтай мэдэрч суунам...
 

Чамдаа-2

 

Ирэхгүй гэдгийг чинь мэдсээр мөртлөө
Инээд, нулимсаа солонго шиг сүлж суухад
Товор товор хөлийн чинь чимээ, хаалган цаана биш
Толгой дотор товшоод байх нь юутай хэцүү вэ???

Галзуурлын тэнгисийн бөөн давалгаа зүрхэн чинадаас хуйларч
Гарын дорхи цаасыг амилуулан живүүлж одно.
Энхрийхэн хацрыг чинь илбэдэг байсан энэ хуруунууд
Энэлэн гунигийн зардас болж бийр бүжүүлэх нь үхлээс ч гунигтай.

Долоон давхрын уйтгарт цонхоор шөнийг ширтэхэд
Дооглон жуумганах өнгийн гэрлүүд үхмэл оргиод
Зүрхээ сугалаад шидэж гэмээнэ чи минь ирж
Зовлон гунигийн цаазын илдээс амийг минь аврах юм шиг.

Зөрүүд бодлоо зөөллөн уяруулж чимээ чагнахад
“Зүрхээ шидсэн ч ирэхгүй нь...” гэсэн тамлал зовооно
Үсийг чинь илбэсэн жаргалтай шөнүүдийн гэрч-гараа
Мэсчин боолуудаар тасчин шидүүлж, золбин зөнжгөнд хаяж өгмөөр...

Ирэхгүй гэдгийг чинь мэдсээр мөртлөө
Инээд, нулимстайгаа холилдон элийрч суухад
Товор товор хөлийн чинь чимээ, хаалган цаана биш
Толгой дотор товшоод байх нь ямархан хэцүү вэ???
 

Чамдаа-3

 

Түлхүүрийн жингэнэх чимээ хааяа ч нэг сонсогдохгүй
Түнэр харанхуй цонхны цаана одод л доогтой жирвэгнэнэ
Энд би хоригдол, энхрий чамайгаа хүлээж
Элгээ эвхэн тэвэрч хүйтэн тэнгэрийг ширтэнэ.

Чи хуяг гэж үү, харгалзагч гэж үү, үгүй л баймаар,
Хонгорхон шаргал гэзэгт минь
Үс бүхнийхээ үзүүрээр намайг гинжлээд
Үгүйрэн талийгсдын орон руу хөтлөн яваа тэнгэрийн охин биш үү?

Түлхүүрийн жингэнээ, хөлийн чимээ алин ч үгүй энэ оршихуйд
Түргэч морь шиг гэмт сэтгэлийг гэлбэлзүүлж
Түмэн олны ховын тоосоор булж орхиод
Түлхүүрээ чи минь зүрхэндээ хугалж орхижээ.

Аз жаргалын алтан түлхүүрийг хамтдаа хайна гэж
Амьхандаа хоёул дэндүү жаргалтайгаар нүд нүдээ ширтэлцсэн сэн
Анхилуун диваажингийн мөнгөн цоожийг нээж ороод
Амьд бүхнийг атаархтал жаргана гэж шивэгнэн шивнэлдсэн сэн

Алтан түлхүүр ч, мөнгөн цоож ч үгүй хүйтэн ахуйд
Алхаа юуг чинь чагнан чагнан гиюүрч хэвтэхэд
Зэвэрсэн түлхүүрээр хагацлын хаалгыг нээж орхиод
Зэсэн өнгөт гэзгээ туяаруулсаар чи минь гунигтай одлоо.

Чамдаа-5

Чийг даасан нүд минь таг сохорсон ч

Чинийхээ мөрөн дээрх нөмрөгийг

утас утсаар нь хөвөрч

хувь заяаны гэрэлт зам болгоно, би.

Тэр л гэрэлт утсуудыг

хурууныхаа өндгөөр тэмтчин тэмтчин дагаж явсаар

Булбарай мөрөнд чинь аяархан хүрэхдээ

Бурхан тэнгэрийн хишигт хэмжээлшгүй их талархана.

Даашинзны чинь, хөхөвчний чинь,

дотоожны чинь утас бүхнийг хөвсөөр

Дагжин чичирсээр, тачаадан мансуурсаар

Нүцгэн биеийг чинь тэврэхэд гал дүрсхийн дүрэлзэж

Нүүрс шиг улайж, бамбар шиг бадамлаж,

түүдэг шиг гэрэлтэхээ мэдэж байнам.

Шатаж байнам

Хайрандаа шатан шатсаар

Харанхуй хэчнээн шөнүүдийг гэрэлтүүлэхээ л

Харин огтхон ч хэлж үл чаднам.

                                                                                    Ц.Доржсэмбэдээ!

Хорвоо гэж бүү ярьж байгаарай анд минь гэж захьж байсан чи минь

Хоров оо, энэ ертөнцийн гунигт аж төрлөөс жингүйдэн хасагдав аа

Чандар болж хийссэн чиний ариун үнс

Чамд одоо харьяалагдахгүй болж агаарт замхран хийсэв ээ

Одоо л чи бүрэн эрх чөлөөтэй болж

Орох жинхэнэ бороодын хэддэх дуслуудыг тоолж

Будрах цасны ширхэг бүхэнтэй бүжиглэн бужигнаж

Гутрах гуниггүй, будангуйрах будангүй цэлмэг тэнгэрээс хөөрхий биднийг ширтэх болов оо.

Одоо чи хаалгыг минь зөөлхөн тогшихоо больсон

Одоо гэдэг цаг миний хувьд үгүй болсон

Одоо цаг, Доржсэмбэ хоёр бурхан болсон учраас

Одох гэдэг цаг хугацааны ганцхан хэмжүүр үлдсэн

Хэн хэнийхээ нулимсыг арчин уйлж явсан чи бид хоёр

Хэнхдэг цээжнийхээ гунигийг хундагалаад дуулж явсан чи бид хоёр

Одоо хэндээ л сэтгэл зүрхээ уудлах билээ

Одоо хоёулаа хаана л уулзаж учрах сан билээ?

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.90) 2020 оны 11 сарын 26

Батцэнгэл найрагч хүн чанар сайн, нөхөрлөлдөө үнэнч хүн өайна, их ховор чанар шүү. Өдрийн сонинг олон өил унолаа, таны ярилцлага нийтлэлүүдийг шимтэн уншдаг. Танд уран бүтээлийн амжилт хүсье

1  |  0
Нямдоржийн Мягмар(66.181.161.96) 2020 оны 11 сарын 26

Ийм сайхан уянгалаг, амьдралд дэндүү ойрхон , бэлэн зэлэн үг хэллэгийн алтан уурхай зүрх сэтгэлийн гүнд нь байдаг юм байх даа. Маш их хүнлэг хүн чанарыг тань мэдрэн уншиж маш их баярлалаа . Уран бүтээлийн өндөр амжилт хүсье .

1  |  0
Баясаа(64.119.24.135) 2020 оны 11 сарын 23

Сайхан ярилцлага бна. 1 дэвтэр нь олдоосой

0  |  0
Bayan(67.170.22.248) 2020 оны 11 сарын 22

Saihan shuleguud baina.

0  |  0
Шүлэг(202.179.25.144) 2020 оны 11 сарын 22

Шүлэг найргаар улс орон хөгждөг байсан бол Монгол дэлхийд аман хүзүүнд давхих байлаа. Даан ч их шүлэг найраг төрсөн ч улам л баян ходоодруу ухарсаар байна даа найзаа.

0  |  1
Top