Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай цаг, үеийн асуудлаар ярилцлаа.
-Жижиг, дунд үйлдвэр гээд ярихаар за нөгөө ЖДҮ-гийн асуудал яригдах нь гээд уншигчид маань нэлээд хүлээлттэй байгаа байгаа болов уу. Тиймээс хоёулаа ярилцлагаа эндээс эхэлье. 2016-2020 оны хооронд УИХ-д ажиллаж байсан зарим нэг гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангаас олгодог хөнгөлөлттэй зээл авсан. Хамгийн багадаа 750 саяаас дээш төгрөгийн санхүүжилт авсан гээд нийгэм даяараа шуугисан. Энэ тухай мэдэхгүй хүн ховор. Үүнээс улбаалаад эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст энэ зээл олддог юм байна гээд итгэл алдрах байдал иргэдийн дунд бий болсон. Өнөөдөр яг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл нээлттэй, шударга, тэгш олгогдож байна уу?
-Тэгэлгүй яах вэ. 2018-2019 онд таны хэлээд байгаа асуудлууд үүсч, хууль, хяналтын байгууллагууд шалгасан. Зарим нь тогтоогдсон. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг Ж.Ганбаатар нарын гишүүд санаачлан 2 жил гаруй хугацаанд хэлэлцүүлж, олон мянган жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ санаа бодлыг тусган 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлуулсан. Үүний дараа “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-өө бас батлууллаа. Хууль хөтөлбөрийнхөө хүрээнд ЖДҮХ сангаас “Зээл олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар мөн батлуулчихлаа. Эдгээр алхмууд маань зээлийг ил, тод шуурхай зөв олгох тал дээр өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, дутагдлыг арилгах бодлогын бичиг баримт. Эдгээр бичиг баримтдаа тулгуурлан 2019 оны төсөл сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдээс шалгарсан, шалгараагүй судалгаа хийж үзсэн. Бүгд л сэтгэл хангалуун байсан. “Хэдийгээр шалгарч амжаагүй ч гэсэн төсөв сонгон шалгаруулалтад оролцоод шударга болж байгаа юм байна. Өөрийнхөө төслийн алдааг олж харж чадлаа. Дараа жил төслөө өгөхдөө өмнөх алдаагаа ингэж засах юм байна гэдгээ мэдэж авлаа” гэж олон хүн хэлж байсан. Сонгон шалгаруулалт шударга болсон гэдэг нь харагдаж байгаа юм. За энэ жилийн хувьд ч бид нар сонгон шалгаруулалтыг хууль, журмынхаа дагуу явуулах учраас шударга, ил тод явагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй.
-Мэргэжлийн байгууллага нь зээл авах ёсгүй хүмүүс авсан гэдгийг тогтоочихсон. Тэгэхээр Их Хурлын гишүүдийг авсан зээлээ төлсөн үү гэдэг асуулт одоо ч хүмүүсийн эргэлзээг төрүүлдэг. Хэрэв төлсөн бол хэдэн хувьтай, яаж төлөв. Та энэ асуултад хариулт өгөөч?
-Улсын их хурлын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа авсан зээлээ бүгд 100 хувь төлсөн. Бид 2019 оны зээлийн журамдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан. Мөн өнгөрсөн жил сонгон шалгаруулалт хийхдээ ирүүлсэн бүх төслийн материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж тулгалт хийгээд энэ аж ахуйн нэгжүүд төрийн өндөр албан тушаалтнуудтай хамааралтай байна уу, үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгуулсан. Мэдээж энэ ажилд багагүй хугацаа орсон.
-Энэ салбарт долоон хууль, гурван хөтөлбөр хэрэгжиж байна. Та бодлогын агентлагийг толгойлж байгаа хүний хувьд хууль эрх зүйн орчин хэр чадамжтай, сайн бүрдсэн гэж үзэж байна вэ?
-Мэдээж хууль цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан байнга шинэчлэгдэж байдаг. Шинээр батлагдсан 2019 оны Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль боломжийн сайн хууль. Мэдээж шинэчлэх шаардлагатай хууль байгаа. Манайх Жижиг, дунд үйлдвэрийн газар гэдэг нэртэй агентлаг боловч жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ гэсэн салбарын бодлого, хэрэгжилтийг хангаж ажилладаг. Энэ өдрүүдэд Улсын их Хуралд “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг хийхээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Өнөөдөр л гэхэд ажлын хэсэг хуралдлаа. Хоршоогоо яаж сайжруулах вэ гээд ярилцаж л байна даа.
-Монгол Уулсад 93858 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 66.3 хувь нь жижиг, дунд, бизнес эрхэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчдээс бүрдүүлдэг гэсэн статистик байна. Ингээд харахаар бас ч үгүй жин дарсан салбар байх нь?
-Ер нь жижиг, дунд үйлдвэрийн салбар өөрөө улсын нуруун дээрээс маш их ачааг үүрдэг салбар. За татварын хувьд, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувьд яривал тийм өндөр үзүүлэлт биш. Дэлхийд ч ялгаагүй энэ салбарынхан гол ачааг үүрдэг. Маш олон хүнийг ажлын байраар хангадаг салбар. Таны хэлж байгаа 93858 аж ахуйн нэгжийн 70 орчим хувь буюу 63131 нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч. Бас нэг тоо дурдахад хөдөлмөрийн насны хөдөлмөрлөж байгаа иргэдийн 4 хүн тутмын 3 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хөдөлмөрлөж, өөрөө өөрийгөө тэжээж, компанийн ажилчдынхаа амьдрал ахуйг залгуулаад явж байна. Тийм ч учраас дэлхий нийт жижиг, дунд үйлдвэрийнхээ салбарыг дэмждэг. Өөрөөр нь бие дааж амьдрах цаашлаад цөөхөн ч болтугай хэдэн хүнийг аж амьдрал, ахуйтай болгодог салбар учраас төрөөс бодлогоор дэмжиж өгдөг. Зээл олгох санхүүжилтийг төсөвтөө тусгаад явдаг шүү дээ.
-Энэ жилийн хувьд сонгон шалгаруулалт явуулахдаа ямар нэгэн чиглэл, салбарыг сонгох уу. Өмнөх жилүүдэд аль салбарыг илүү дэмжих вэ гэдэг дээр бодлого гаргаад явж байсан шүү дээ?
-Хуулиараа жижиг дундын салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тогтоох ёстой. Энэ асуудал 2019 он хүртэл огт хийгдээгүй. Тиймээс 2019 онд Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэл гэдгийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн зүүн бүс гээд тогтоосон. Баруун бүсэд гэхэд нэн шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэл энэ юм гээд нөөцөд нь тулгуурлаж тогтоосон. Үүнийхээ дагуу жил бүр зээл олгохдоо зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг. 2020 оны хувьд дэлхий нийтийг хамарсан Коронавирус /Ковид 19/ цар тахал гарсныг хүн бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайдын тушаалаар энэ жилийн зээл олгох, салбарын чиглэлийг батлахдаа нэн тэргүүнд маскны үйлдвэрлэл, ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарсан. Эдгээр салбарыг шинээр оруулж ирсэн. Мэдээж уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэл байхаас аргагүй. Нэмж орж ирсэн нэг том салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон. БОАЖЯ-аас маш олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсэн. Бид энэ салбарт судалгаа тооцоог нь хийсэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимтай мөн хамтарч судалгаа хийж үзлээ. Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбар 90 гаруй гаруй хувьтай ковидэд өртөж байна. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг зээл олгох салбар чиглэлдээ оруулж бодлогоо тодорхойлсон.
-ЖДҮХөгжүүлэх сан 2009 оноос хойш зээл олгож эхэлсэн. Хичнээн аж ахуйн нэгжид хэдэн төгрөгийн зээл олгов?
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсан. 2009- 2019 он хүртэлх хугацаанд нийтдээ 79800 зээлдэгчид, 968 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
-Жижиг, дунд үйлдвэр гээд яриад байдаг. Хуулиараа зээлийг дотор нь ангилсан байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. 2019 оны хуулиндаа бид бичил, жижиг, дунд гэдгийг тус тусад нь ангилсан. Хуучин хуулинд жижиг дунд гээд ангилсан боловч ялгамжтай ямар ч бодлого байгаагүй. Аль нь жижиг нь аль нь дунд вэ гэхээр ямар ч тодорхойгүй нэг саванд хийчихсэн байсан. Үүнийг 300 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой, 10 хүртэл ажилтантай байх юм бол бичил, 1 тэрбум хүртэл жилийн борлуулалттай, 50 хүртэл ажилтантай бол жижиг, 2.5 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой 200 хүртэл ажилтантай бол дунд үйлдвэр байна гээд гурван тусдаа саванд хийгээд ангилаад өгчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн хүүхэд, дунд ангийн сурагч, оюутан, насанд хүрсэн хүн гээд ялгачихаж байгаа юм. Тийм учраас цэцэрлэгийн хүүхдэд дуу шүлэг, заадаг шүү дээ. Тэрэнтэй нь адилхан хэмжээний бодлого барья. Дунд сургуульд ороод ирэхээр нь тоо, үсэг заая бичдэг болгоё . Амьдрал дээр гараад ирэхээр нь одоо бизнесийг нь заая гээд нас насны онцлогт нь тохирсон бодлогууд баримтлах үүднээс хуулиндаа ялгаж өгсөн байгаа.
-Зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэв?
-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 688 мянган тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зээлийн сандаа бүрдүүлсэн. Зээл өгөх мөнгөө эхлээд бүрдүүлнэ гэсэн үг. Үүнээс Засгийн газрын бонд 290 орчим тэрбум төгрөгийг, Хөгжлийн банкны бондноос, улсын төсвөөс 180 орчим төгрөг тэрбум төгрөг бүрдүүлсэн. Зээл олгосон нь 968 тэрбум төгрөг. Яагаад 968 болчихов гэхээр эргэн төвлөрүүлсэн хөрөнгөө буцаан зээлнэ дээ. Тэгэхээр би өнөөдөр 100 төгрөгтэй байлаа. 100 төгрөгөө таньд зээлье эргээд 110 болгоод авлаа. Дараачийн хүн дахиад 110 төгрөг зээлнэ. Ингэхээр чинь хоёр дахин үржигдэнэ шүү дээ. Тэгээд нэмэгдсээр 968 тэрбум болчихож байгаа юм.
-Бүрдүүлсэн эх үүсвэрүүдийн буцаан төлөлт хэр үлдэгдэлтэй байгаа вэ?
-Хөгжлийн банкны бондыг 2020 онд хүүтэй нь бүрэн дарж дууслаа. Засгийн газрын бондоос 280 тэрбум төгрөгөөс 44 тэрбум төгрөг төлөх үлдсэн. Энэ ондоо багтаад бид 3.3 тэрбум төгрөгийг төллөхөөр ажиллаж байна. Ирэх онд 41 тэрбум төгрөгийг төлнө. Энэ асуудлаар салбарын сайд болон сангийн яамтай зээлийн эргэн төлөлтийг хойшлуулъя гэсэн байдлаар танилцуулаад ажиллаж байна. Эргэн төлөлт дээр илүү сайн ажиллах шаардлага тулгарч байгаа.
-Зээлээ төлж дуусаад эдгээр аж ахуйн нэгж дахиад л үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг. Улсаас өгч байгаа энэ хөнгөлөлттэй зээл байнгын тасралтгүй явж байж нийт аж ахуйн нэгжийн 66.3 хувийг эзлээд байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг нийлүүлээд байгаа тэр аж ахуй нэгжүүд амь бөхтэйгөөр үлдэх биш үү?
-Ер нь энэ салбар өөрөө тасралтгүй байнга хөгжих ёстой. Жижиг үйлдвэр дунд болоод дундаасаа том болоод олон ажлын байр бий болоод явах учиртай. Таны хэлснээр ийм асуудал бодит амьдралд байна. Монголд төдийгүй дэлхийд ийм асуудал тулгардаг. Энэ асуудлыг шийдэх тал дээр дэлхийд ямар арга хэрэглэж байгааг бид судалж үзсэн. Олон улсын хувьд жишээлбэл Казахстаны Жижиг, дунд үйлдвэрлэлийн турршлагаас нь судлаад үзэхэд “3өвлөх үйлчилгээ”-ний ажлыг цогцоор нь маш сайн хийдэг юм байна. Хүмүүс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэдэг бол зээл олгодог газар юм байна л гэж хараад байдаг. Гэтэл нөгөө зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ ямар байгаагаас дахиад энэ зээлийг хэчнээн аж ахуйн нэгжид олгох вэ гэдэг шууд шалтгаалаад явчихдаг. Тийм учраас манай газар дотроо Бүртгэл статистик нэг цэгийн Үйлчилгээний хэлтэс байгуулсан. Энэ хэлтсээс маань хэн ч ирээд дуртай үедээ мэдээлэл авч болно. Бүх талын зөвлөгөө авах боломжоор нь хангах ийм зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл салбарын талаар ямар ч ойлголтгүй нөхөр цаасан дээр төсөл бичээд мөнгө авчихдаг байсан бол одоо эхлээд бодит мэдээллээ авна гэсэн үг. Дараа нь сургалтандаа сууна. Эцэст нь сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төслүүдийг хүлээж авъя гэж байгаа юм. Тэгэхээр бизнес эрхлэх хүн маань бизнесийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй, санхүү нягтлангаа яаж удирдах, ямар татвар төлөх вэ, эрсдэл, боломжоо харчихна. Цалингаа яаж бодох вэ, бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр зарах юм гээд бүгдийг өөрөө тооцоолчих мэдлэгтэй болно. Үүндээ тулгуурлан төслөө бичнэ. Төсөл бичихэд нь ч туслалцаа үзүүлэх үйлчилгээ өгнө. За ингээд төслөө бичээд өөрөө хамгаална гэсэн үг. За нэг хэсэг нь мэдээж хөрөнгө санхүү дутагдаж авч чадахгүй байх нь. Авсан аж ахуйн нэгжүүдэд зээлээ авангуут нь бид зөвлөгөө өгөөд үргэлжлүүлээд аваад явна. Нөгөө хүн маань ямар нэгэн байдлаар санхүү дээрээ доголдоод байна уу? Эсвэл бүтээгдэхүүнийхээ борлуулалт дээр доголдоод байна уу гэдэг дээр нь олон улсын болон дотоодын зөвлөхүүдийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Ингэж байж бид зээлээ бүрэн төлүүлнэ. Компанийг ч хөл дээр нь босгоно. Нэг талдаа гол зорилго маань өөрөө өөрийгөө тэжээгээд явж байгаа аж ахуйн нэгжээ хөл дээр нь босгоно. Нөгөө талдаа олгосон зээлээ бүрэн авах ажил юм. Зээл дууссан ч гэсэн нөгөө аж ахуйн нэгж “Зөвлөгөө аваад зээлээ нэмэх, ж үйл ажиллагаагаа томруулмаар байна” гэвэл нээлттэй. Ингээд явах боломжийг хангаж өгч байгаа юм.
-Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 262 тэрбум төгрөг, 1124 зээлдэгчтэй байна. Үүнээс зээлийн эргэн төлөлт тодорхой хэмжээгээр доголдсон буюу 90-ээс дээш хоногийн хугацаа хэтрэлттэй 360 орчим аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлтийг сайжруулах талаар олон ажил хийж байна. Жижиг, дунд үйлдвэрийн газар дотроо Хууль, тусгай активийн хэлтэс байгууллаа. Банкны өр барагдуулах албатай адилхан үүрэгтэй гэсэн үг. Харамсалтай нь энэ хэлтэс маань зургаа долоохон хүнтэй. 360 орчим өрөө төлөхгүй байгаа нөхдүүдийн араас хөөцөлдөнө гэсэн үг шүү дээ. Энэ бол хэцүү даалгавар. Гэхдээ хэцүү гээд шантрах эрхгүй. Эхнээсээ бага гэлтгүй үр дүн гарч байна. 2019 онд зөрчилтэй байсан зээлүүдээс 6.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2020 онд аян зохион байгуулаад 12 тэрбум төгрөг төлүүлсэн. Өөрөөр хэлбэл өмнөх онтой харьцуулбал хоёр дахин их эргэн төлөлт төвлөрүүллээ. Эргэн төлөлтийн чиглэлд ахиц гарч байна, ажиллаж болох нь гэж харж байгаа.
-2020 онд яг хэдэн тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байсан бэ?
2020 оны төсвийг 2019 онд УИХ-аар баталсан. Ингэхдээ 50.4 тэрбум төгрөгийг төвлөрүүл гэсэн үүрэг өгсөн.
-Тэгэхдээ энэ тоог тооцоон дээр үндэслэсэн байх, тийм үү?
-Мэдээж. Гэхдээ бид бүх зээлийг хугацаатай графикаар төлүүлнэ. Мөн эргэн төлөлт дээр илүү ажиллаж байж 50.4 тэрбум төвлөрүүл гэсэн даалгавар өгсөн. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан корона вирус буюу /ковид-19/ гэдэг юм гараад ирлээ. За үүнээс болоод жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан бүх салбар үйл ажиллагаа доголдоод ирэхээр зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулъя гэдэг шийдвэр гаргаад 100 гаруй компанийн хүсэлт хүлээн авч эргэн төлөлтийг хойшлуулсан. Үүнтэй холбоотой эргэн төлөлтөд орж ирэх мөнгө багассан. 2020 оны аравдугаар сарын байдлаар 28 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд төвлөрүүлсэн байна. Үүнээс түрүүн хэлсэн 7 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны бонд, Засгийн газрын бондын төлбөр зэрэгт төлсөн. Яг өнөөдрийн байдлаар 18 орчим тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд байна. Сангийн яамтай байгуулсан гэрээний дагуу Засгийн газрын бондын төлбөртөө 3.3 тэрбум төгрөг төлнө. Тэгэхээр энэ мөнгө маань буцаад 15 тэрбум болох нь. За ингээд оны эцэс хүртэл буцаад 18 тэрбум болох болов уу.
-Энэ онд 1579 төсөл, 239 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн байна шүү дээ. Гэтэл оны эцэст 18 орчим тэрбум төгрөгт зээл олгох нь. Нөгөө ил тод, нээлттэй шалгуураар ямар хэмжээний зээл олгох боломж байна. Бүгдэд нь тааруулаад бага хэмжээний зээл өгөх юм уу, 1.5 тэрбум зээл авъя гээд ороод ирсэн хүнд 500 сая төгрөг өгөөд гаргах уу?
-Төсөл сонгон шалгаруулах 4 үе шаттай. Ирсэн 1579 төслөөс хоёрдугаар шатандаа 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн. Өөрөөр хэлбэл 1100 төсөл хоёрдугаар шатандаа хасагдсан гэсэн үг. Гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийгээд оноо бал тавихаар 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байх жишээтэй. Эндээсээ бид Улаанбаатар хотын хэмжээнд төсөв сонгон шалгаруулах хорооны хурлаа хийнэ. Хорооны хурлын дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлээд, гэрээ байгуулна. Үүний дараа санхүүжилт нь олгох асуудал яригдана гэсэн үг.
-Зээлээ хэзээнээс олгох вэ. Төслөө өгчихсөн газруудад хүлээлт байгаа байх?
-Мэдээж журмаараа ондоо багтах, багтаах ёстой. Манай ажилтнууд зээл олгохоор ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд ч амрах завгүй ажиллаж байна. Үлдсэн хугацаанд бас шийдвэрүүд гарна. Арваннэгдүгээр сардаа амжвал хуралдах байх. Ирэх онд олон улсын донор байгууллагуудын хөрөнгөөр 15 орчим тэрбум төгрөгийг жижиг, дундын салбарт зээл олгоно гэж ойлгож болно. Мөн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил гээд төсөл байдаг. Энэ төсөлтэй бид нар бас хамтарч ажиллана. Томоохон хэмжээний зээл хүссэн аж ахуйн нэгжүүдээ буюу дунд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудлыг энэ төслөөс олгоё гэдэг ажлуудыг санаачлаад хийгээд явж байгаа.
-Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгоод эхэлсэн байна. Мэдээж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн нэлээдгүй хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу. Зээлийг ямар шалгуураар өгч байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт зээл олгох эрхийг нь олгосон. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум гэж бодоход тэнд яг хэн нь жинхэнэ үйлдвэрлэл эрхэлдэг юм. Хэн нь зүгээр цаасан дээр төсөл бичээд зээл аваад өөр юм хийгээд байна вэ гэдгийг орон нутгийн иргэд мэднэ. Тийм учраас орон нутагт нь эрх өгөөд 2019 оноос тодорхой хөрөнгийг тусгасан. Ингэхдээ орон нутагт тус бүр 1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цар тахалтай холбоотойгоор эргэн төлөлт хойшлогдож хүндрэл үүссэн учраас 1 тэрбум гэж төлөвлөснийгөө 500 сая болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн 20 гаруй компани зээлээ авчихаад байна. Үлдсэн аймгууд ихэнх нь төсөл сонгон шалгаруулах дэд хорооныхоо хурлыг хийгээд манайд хүсэлтээ ирүүлж байна.
-Танайхаас Прокурорын байгууллагад хандсан гэж байсан. Энэ бодвол зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх арга хэмээний нэг нь байх?
-Прокурорын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд төрийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд төрийн байгууллагын хүсэлтээр прокурорын байгууллага оролцож болно гэсэн заалт бий. Энэ хуулийн дагуу хоорондоо хамаарал бүхий 30 гаруй аж ахуйн нэгж, 68 аж ахуйн нэгжийн ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байж болзошгүй гэж үзсэн учраас Улсын Ерөнхий прокурорын газарт хандаад 2 сар орчим болж байна. Прокурорын байгууллагаас дэмжээд ажиллаж байгаа. Мөн зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд хугацаатай “Мэдэгдэл” өгч байна. Заасан хугацаанд зээлээ төлөөд ажилла, төлөхгүй бол дараа дараагийн үе шаттай арга хэмжээ авна шүү гэдэг мэдэгдлүүдийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ. Зарим нь хаяг дээрээ байхгүй гээд буцаж ирж байна. Зарим зээлдэгч нас барсан, барьцаа хөрөнгө шатсан гэх мэт олон асуудал яригдаж байгаа. Бусдын боломжийн өмнөөс ямар нэгэн байдлаар зээл авчихаад хугацаандаа төлөхгүй байна гэдэг бол хариуцлагагүй үйлдэл. Тийм учраас зээлээ төлөхгүй бол бизнесийн нэр хүндэд нь халдахаас аргагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана гэсэн ийм байр суурьтай ажиллаж байгаа.
-2021 онд танайхаас улсын төсөвт 90 тэрбумын санхүүжилт тусгуулахаар саналаа өгсөн. Гэтэл төсөвт 1 ч төгрөг тусгасангүй. Коронагийн үед дэлхийн бүх орон эдийн засгаа аврах бодлого барьж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад мөнгө өгөхийг хориглосон шийдвэр гарангуут ЖДҮ санд улсаас мөнгө төвлөрүүлэхээ больчихлоо. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд энэ зээлийг авах нөхцөл бүрдэнгүүт улс нүүрээ бууруулж эх үүсвэрээ өгөхгүй болж байна гэж ярьж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газар бодлогоор Жижиг, дунд үйлдвэрийн салбарыг дэмжиж байгаа. Агентлагаа байгуулчихлаа, тодорхой бодлогын бичиг баримтуудаа боловсруулаад ажиллаж байна. Таны хэлсэнчлэн дэлхий нийт коронагийн үед эрүүл мэндийн салбар, жижиг дундын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийж байна. Үнэхээр энэ цар тахлын үед эрүүл мэндийнхээ салбарт илүү хөрөнгө оруулалт оруулах ёстой байх гэж харж байгаа. Хөрөнгө санхүүгийн хувьд хүрэлцээ муу, улсын эдийн засаг ч хүнд байна. Гэхдээ бид зөвхөн төсөв харахгүйгээр олон улсын, донор байгууллагад хандаж байна. Жайка Японы олон улсын байгууллагатай хамтраад 30 орчим аж ахуйн нэгжид томоохон хэмжээний зээл олгох талаар ажиллалаа. Жайкагийн ОУБ Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажиллах бодлого барьж байгаа. Тиймээс жижиг дундынхаа салбарууд дээр дэмжих бодлого барья гэдэг шийдвэр гаргасан. Жайка банкаар дамжуулан зээл олгодог учраас шаардлага хангасан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ зээл олгох талаар ажиллана.
-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр 2019-2020 онд хэрэгжих ёстой. Төсөвт мөнгө батлахгүй бол хөтөлбөрийн хоёр дахь шат хэрэгжих үү?
-Тийм ээ, 2019 онд гурван хөтөлбөр батлуулсан. Хөтөлбөрийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бүх яамдуудаас санал авдаг. Сангийн яамнаасаа санал аваад хийх ажлын төсвөө тусгадаг. Сангийн яам хянаж үзээд батлах боломжтой байдлаар зөвшилцсөний үндсэн дээр хөтөлбөрт тусгадаг. Энэ мөнгө 2021 оны улсын төсөвт хараахан суусангүй. Бид нар ямар ч байсан олон улсын байгууллага, дотоодын нөөц бололцоогоо ашиглаад хөтөлбөрөө хэрэгжүүлнэ
Сэтгэгдэл ( 3 )
Zavkhan hezee olgoh be herev shalgarsan tusub 500sayd bagtaj avch chadahgvi bol hezee yaj avah ve? yana gesen vg ve?
энэ төр засаг бол шийдэхгүй. Хараад ч хэрэггүй худал үнэн хэлээд л сууж байна
Orhon hezee oilgoh be