Л.Халтар: Байдал хүндэрвэл төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсээс ажиллуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр байнгын болон байнгын бус ажлын байран дээр 15694 хүн ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өглөөний байдлаар 13034 хүн шинжилгээнд хамрагдсан. Одоо цаана нь 2752 хүн үлдэж байна. Бид өнөө өглөө шуурхай арга хэмжээ авч, Улаанбаатарт байгаа Төмөр замын төв эмнэлэг дээр 2000 түргэн оношлуурыг хүргүүллээ. Бусад орон нутагт мөн хийгдэж байна" гэв.                                                

Мөн "Энэ завшааныг ашиглаад төмөр замчдадаа нэг зүйлийг хэлье. Зарим айлуудын гадаа машин ашиглаж түргэвчилсэн оношилгоо хийж байна. Энэ үеэр хүүхдээ үзүүлэхгүй, би орохгүй гэх мэтээр цааргалсан байдал гарч байгаа учраас төмөр замчид маань аль болохоор сайн дураараа шинжилгээнд хамрагдаач ээ. Яагаад гэхээр төмөр замчдын дунд тархалт өндөр хэвээрээ байна гэдгийг та бүхэнд хэлье. Сүхбаатар өртөөний харьяа байгууллагууд дээр байдал хүндхэн байна. Энд орон нутагт батлагдаж байгаа тоо эрс өсөж байна. Энд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай комисс ажиллаж байгаа. Өнөө өглөө УБТЗ-ын удирдах газрынхантай ярьж байгаад төмөр замын ерөнхий инженерийн орлогч Нямсүрэнг тийш нь томилолтоор удирдлагыг гартаа авч ажиллах чиглэлтэйгээр ажиллуулж байна" гэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд цааш ярихдаа "Бидний санаа зовж байгаа нэг зүйл бол Замын-Үүдээс Эрээн рүү гарч тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын асуудал байна. Хятадын талаас шаардлага тавьж эхэлсэн. Хөрш зэргэлдээ байгаа Замын-Үүд суманд халдварын тархалт бий болсон. Үүнтэй үүдээд Монголоос очиж байгаа жолооч нар дээр тодорхой хязгаарлалт тавьж байна. Эрээн өртөөн дээр ачаа тээвэрт явдаг 101 жолооч байна. Тэднээс 50-ыг нь сонгоод богинын тээвэрт явуулъя гэж байгаа юм. Гол зарчим бол Эрээнээс ачаа ачсан тэдгээр жолооч хилийн дундын бүс дээр ачаагаа орхино. Монгол жолооч нар дундын бүс дээр машинаа хоосон аваачиж тавина. Цаана байгаа 50 жолооч дундын бүсээс машиныг ачилтад оруулна. Тэнд бас Хил хамгаалах ерөнхий газар болон Зам тээврийн хөгжлийн яам, УБТЗ зэргээс бүрэлдэхүүн ажиллаж байна. 50 жолооч нэг сарын хугацаанд Эрээнд байж ажиллана. Нэг сарын хугацаанд гэсэн шаардлагыг хятадууд тавьж байгаа. Сүүлийн байдлаар 30 орчим жолооч бид ажиллая гэж зөвшөөрсөн" гэсэн юм. 

Санаа зовоож байгаа бас нэг зүйл бол Гашуунсухайт-Ганц модны чиглэлд тээвэрлэлт хийж байгаа жолооч нар аж. 400 гаруй жолооч нарыг мөн шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэж Хятадын талаас шаардлага тавьж байгаа гэнэ. Зам тээврийн хөгжлийн сайд энэ талаар "ЭМЯ-тайгаа яриад Улаанбаатараас явуулын лабораторыг явуулж байна. PCR шинжилгээг 4000 гаруй жолооч нартаа хийж, хариу нь сөрөг гарвал жолооч нар тээвэртээ ороод явахад бэлэн болно. Нүүрсний тээвэр дээр жолооч нарыг аль болох хавьталд оруулахгүй байхаар чиглэл өгч ажиллуулж байна" гэлээ. 

УБТЗ-ын хувьд цөөнгүй хүмүүс тусгаарлалтад оржээ. 384 хүн тусгаарлалтад байгаа аж. Байдал цаашаа хүндэрвэл төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсээсээ авч ажиллуулна, хүн, хүчний дутагдалд орсон газрууддаа бусад газраас хүн дуудаж, нөхөж ажиллуулж байгаа гэх мэдээллийг өглөө. 

 

Top