КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээг бидний кино, зохиолоос л үзэж уншдаг дайн тулаан гэгчтэй зүйрлэж буй. Эмч мэргэжилтнүүд нүцгэн гараараа шахуу тэмцэж буй хүний амь настай хамгаалах үйлс болохоор ингэж зүйрлэхээс аргагүй. Эмнэлэг, цагдаа, аврах албаныхнаас эхлээд яг голомт дээр өөрсдийнхөө эрүүл мэндийг бусдын дараа тавин ажиллаж байна. Гэвч улс орныг хөдөлгөсөн энэ тэмцэл эдийн засгийн хувьд асар их хохирол учруулах нь дамжиггүй. Төр засаг гадаадаас хагас тэрбум орчим ам.доллар зээлж, төсвийн онгорхой цоорхойгоо нөхөж байгаа бол дээр нь хөлд ордоггүй хувийн хэвшлийнхэн мөнгө нэхэж эхэллээ. Сүүлдээ ажилчдынхаа цалинг тавихыг шаардсан.
Их наядаар яригдах хэмжээний мөнгөн урсгал эдийн засагт оруул л гэнэ. Банкны зээлийг хүүний хамт зогсоо, улс татвар, төлбөр хураамжаа царцаа, цаашлаад байрны түрээс, цахилгааны төлбөрийг хойшлуул гэж эрхлэв. Үндсэндээ төр л битгий оролц, бид бол зах зээл гэдэг хувийн хэвшлийнхэнд засаг шиг сайн газар үгүй болж. Бүр тодруулбал, Сангийн яам. Бас төв банк. Хэдхэн Компанийн эздэд хэрэгтэй санхүүжилтийг Сангийн яам, төв банкнаас гаргуулахын тулд Ерөнхий сайдын ташуур хэрэгтэй байгаа нь илт. Ингэснээрээ хувийн хэвшлийнхэн төрийн КОВИД-19-тэй хийж буй дайны хажуугаар дажин болж байгаа. Нэг жишээ дурдахад, хэдхэн хоногийн өмнө манай барилгын салбар толгой нар дампуурахдаа тулсан, олон мянган иргэн ажилгүй болох ирмэгт ирсэн талаар сайд, дарга нарт бичиг хүргүүллээ. Дэмжлэг хүссэн нь тэр. Гэвч тэр хүсэлт ямар ч үндэслэлгүй. Ер нь хямралын үед барилга байшингийн үнэгүйдэж байсан уу гэхээс овоож оцойтлоо зарагдаж байсан түүх энэ дэлхийн аль улсад бичигдсэн байдаг юм бэ. Өнөөдөр дэлхий нийтээрээ хямрал дунд цар тахалтай тулалдаж, тэр дунд Азийн ядуу буурай Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван улирал дараалан агшаад байна. Өөрөөр хэлбэл, “Дайны үед” төрөөсөө мөнгө нэхдэг улсууд дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй. Ийм хүнд үед компаниуд нь төрөө дэмждэг болохоос мөнгө цацдаг төр гэж хаана ч байхгүй.
УИХ-ын гишүүд ч аль нэг компани, корпорацын төлөөлөл байдаг хойно улсын эрх ашиг бус тэдний төлөө Сангийн сайдыг шарж идэх шахна лээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр төсвийн мөнгө хэмжээтэй, тэр хэмжээнээсээ хэтэрч болдоггүйг хатуу хэлнэ лээ. Тэрбээр эрх биш улсын хөрөнгө санхүүг манаж буй албан тушаалтны хувьд "Бид энэ нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг олон улсын туршлага дээр үндэслэж байгаа. Тухайлбал, хүүхдийн мөнгө 100 мянган төгрөгөөр олгох арга хэмжээг 2021 оны долдугаар сар хүртэл олгоно. Нийгмийн халамжийг 100 мянган төгрөг, хүнсний талоныг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгож байна. Одоо ч энэ арга хэмжээг авч байна 2021 онд ч үргэлжилнэ. 2021 оны төсөв КОВИД-19 цар тахлын эсрэг чиглэсэн. Нийгмийн даатгалыг ирэх оноос 17 хувиар тооцож авна. Төлж чадахгүй байгаа бол алданги, торгууль тооцож авахгүй. Мөн Ерөнхийлөгчийн өрх бүрд өгөх нэг сая төгрөгийг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох, нийгмийн халамжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Нэг хүүхэдтэй өрх жилд 1.2 сая, хоёр хүүхэдтэй айл 2.4 сая төгрөг авч байна. Тэгэхээр энэ хоёр хөтөлбөрийг харьцуулаад Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газар мөнгөгүй болчихвол улс дампуурна. Төр гэдэг хязгааргүй мөнгөтэй байгууллага биш. Мөнгөө татвараар авдаг, тэрийгээ хуулийн дагуу эргүүлээд зарцуулдаг үүрэгтэй. Мөнгө бол далай шиг хүссэн хэмжээгээр орж ирдэггүй. Бидний гаргасан халамжийн бодлого эмзэг бүлгийн иргэдэд хүрч байгаа. Хүнсний талон, хүүхдийн 100 мянган төгрөг, цалинтай ээж гээд халамжийн бодлогууд хэрэгжиж байна" гэсэн.
Үнэхээр төрийн мөнгө хязгаартай, ялангуяа Монгол төрийн мөнгө бүр ч хязгаартай явж ирсэн. Монгол Улсын төсөв өнгөрсөн 30 жилийн ганц хоёрт нь л ашигтай ажилласан түүхтэй. Нийгмийн хоцрогдсон дэд бүтэц, ажил хийх чадваргүй халамжийн бүлгийнхнээ тэжээж, тэтгэх гэсээр төсвөө хасалгүй ирсэн нь олонтаа. Тэгвэл хувийн хэвшлүүдийн ашиг орлого 30 жилд жилээс жилд өсөж тэлсээр сүүлдээ татварын диваажин оффшорт хүрсэн нь үнэн. Тэд энэ хугацаанд өөрсдийн эрсдэлийн сангаа бүрдүүлэхгүй юу хийж байв. Уг нь төрийн өмч эзэнгүй, хувийн өмч эзэнтэй гэдэг биз дээ. Эзэд нь өмч хөрөнгөндөө эзэн болохгүй өнөөдрийг хүртэл юу хийв. Компанийн захирлууд өмч хөрөнгөндөө эзэн болж чадаагүйн төлөө одоо Сангийн яам улсаа хоослохгүй ёсгүй. Угаасаа улсын төсвийн ачаалал дааж давшгүй болж ирснийг 4.8 их наяд төгрөгийн цоорхой илтгэж байгаа. Саяхан Засгийн газраас цар тахлын үед эдийн засгаа дэмжих 23 арга хэмжээ танилцуулснаар Сангийн яам нөөц бололцоо дууссан биз. Тэдгээр дотор ирэх хагас жилд 18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр олгох 100 мянган төгрөг болон нийгмийн халамжийн бусад тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээг таслахгүй олгох. Ажилагсдын НДШ, компаниудын татварыг торгууль алдангиас чөлөөлөх, бүр түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийн түрээсийн татварыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авсан. Үндсэндээ жижиг бизнесүүд болон эмзэг давхаргын иргэд рүү чиглэсэн төрийн бодлого харагдсан. Харин үүнийг том корпорацуудын захирлууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэд Сангийн яамыг ирэх оны төсвийн тодотгол хүртэл баалах шинжтэй. Сангийн сайд ирэх оны төсвийг батлуулахдаа тодотгоно гэсэн. Тэгэхдээ тэр олон соёлын төвийн барилгыг цэгцлэх хүлээлттэй бий. Тэр хөрөнгөнөөс дэмжлэг авчих сонирхол хаа хаанаа байгаа. Түүнээс өөр саачих мөнгө энэ төр засагт үлдээгүй.
Тэгвэл одоо Монголбанк мөнгө хэвлэх үлдэж байна. Энэ талаар Монголбанк гаргасан мэдэгдэлдээ, цар тахлаас үүдэлтэй бизнес эрхлэгчид, өрх гэр, санхүүгийн байгууллагуудад учирч буй хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулж, сэргээх бодлогын арга хэмжээг ойрын хугацаанд танилцуулна гэдгээ дурдсан. Ингэхдээ нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх, орлого багатай иргэдийг ядуурлаас хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөрт зориулах бондыг худалдан авахад бэлэн гэсэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН