Цар тахал ба “ХАР НУЛИМС”

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Их Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” хэмээх өгүүллэгт “Энэ завсар Дагдангийн эхнэр таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэсэн нь бий. Манай улс цар тахлыг дотооддоо алдсан энэ үед Дагдангийн эхнэр нь төрийн албан хаагчид, Цэрмаа нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид хийгээд хувийн хэвшилд ажилладаг хүмүүс гэж жишиж болохоор болчихлоо. Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр заасан арга хэмжээнүүд гэгч нь товчхондоо, хүүхдийн мөнгийг бөөгнөрөлгүй олгох, зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах, зээл, нийгмийн даатгалын шимтгэл хойшлуулах асуудал л даа. Энэ бүхэн дээр Ерөнхий сайд, Сангийн сайд нар “Цар тахалтай холбоотойгоор гэртээ байгаа төрийн албан хаагчдын цалинг бууруулж, хасахгүй” гэж мэдэгдлээ. Чуулганы хуралдаан, цахим орчныг харахаар “Тодорхой хэмжээнд бизнес хийдэг хүмүүсээ хамгаалах ёстой” л гэж орилоод байгаа. Зөв өө. Төрийн албанд ажиллаж байгаа хүн хохирох ёсгүй, бизнес эрхэлж байгаа хэсэг нь дампуурч ч болохгүй.

Гэхдээ нэг зүйлийг тодотгоход төрийн албан хаагчид цар тахлын үед амьдарч байгаа болохоор л айдастай байгаа байж магадгүй. Түүнээс биш цалингаа бүтэн аваад ихэнх нь гэртээ хэвтэж байна. Дээр нь хүүхдийн мөнгөнөөс эхлээд элдэв халамж ч тэдэнд хамаарна. Гадуур тэнэж, архи дарс ууж болохгүй л болохоос цалинтай амралт гэсэн үг. Ажиллаж байгаа хэсэг нь элдэв нэмэгдэл авах ёстой. Нэг үгээр цар тахал орлогоо нэмэгдүүлэх боломж олгосон харагдаад байгаа юм. Тэр “Аюулт тахлын өөдөөс гардан тулаанд ороод...” гээд эхэлдэг уянгалаг зүйлийг капиталист нийгэмд юу ч гэж тайлбарламаар юм дээ. Мэргэжил нь л тэр шүү дээ. Бусад хүмүүс нь аймхай хулчгардаа биш өөр төрлийн ажил хийдэгтээ л байгаа юм. Хамгийн гол нь хийсэн ажлынхаа хөлс хүчийг шударга авч чадаж байна уу гэдэгт анхаарах учиртай.

Ингээд цар тахлын эсрэг тулалдаж байгаа төрийн албан хаагчид, дарга нар маань ямар ч гэсэн санхүүгийн хувьд аюулгүй байна. Тодорхой бизнес хөл дээр нь босгосон хүмүүс яах вэ дээ. Алдагдал хүлээж байгаа ч хоолтой, хоолгүй хонох дээрээ тултлаа өдий байлгүй. Харин энэ тулаанд эцэстээ хувийн хэвшилд ажиллаж байгаад цомхотголд орсон, эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж өдрийнхөө орлогоор амьжиргаагаа залгуулж байсан хэсэг нь ялагдаж дуусах нь ээ. Цатгалан нь өлсгөлөнгийнхөө зовлонг ойлгодоггүй гэдэг. Гэхдээ төр өөртөө наалдсан хэсгийг бөөцийлөөд байгаа нь санаандгүй юм биш. Багш нар нэг сар цалингүй эсвэл хагас цалинтай ажиллалаа гээд бодъё. “А үсэг заасан ардын багшийн ачийг...” гээд үйлдвэрчний эвлэлээрээ босоод ирнэ. Нөгөө төр засгаа нүүр, нүдгүй нулимна даа. Улстөрийн томилгоогоор тавигдсан сайд нь контороосоо гарч чадахгүй өвдөг нь салганаад сууж байна. Юун корона байх вэ дээ, өдийд төв талбайд, төрийн ордон, яамны гадаа жагсаал цуглаан болж байгаа.

Тийм болохоор бүхий л төрийн албан хаагчид нэг тийм эмнэг зантай байдаг юм. Төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа бол бүр ч толгой дээгүүр явдаг хэрэг. Тэгэхээр тэд бүтэн цалинтай гэртээ хэвтээд хамаг хайртай хүмүүсийнхээ хажууд хэчнээн уйдаж байгаагаа сошиалд цацаад сууж болж байна. Тэгвэл та нар “Зах дээр тэрэг түрдэг хүн өлсгөлөн зарлалаа”, “Үсчид жагсаал хийлээ” гэж сонсож байсан уу. Өдрийнхөө орлогоор амьдралаа болгодог тэр хэсэг чинь ийм л даруухан, төрийнхөө өмнө номхон хүлцэнгүй амьдардаг юм. Энэ эдийн засаг яахав корона хэцүүдлээ гээд төрөө тойрсон хүрээнд идээд сууж байх хойгуур тэр хүмүүсийн амьжиргаа хэцүүдлээ. Хайртай хүмүүс нь өлсөөд өдөржин хормойноос нь зуурч байгаа даа.

Зүгээр жишээ авъя. Жижиглэн худалдаачид байна. Хархорин зах дээр тор зардаг хүн яадаг гээч, 100 мянга орчим төгрөг л эргэлдүүлдэг. Тор худалддаг 50 орчим насны нэг эмэгтэй “500 мянган төгрөгтэй бол бизнесээ өргөжүүлээд илүү ашиг олох боломж байна” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Өдрийн орлогоо 30 мянган төгрөгт хүргэх төлөвлөгөө нь тэр. Ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Өдийд тэр торны худалдаачид өнөө бараа эргэлтийн 100 мянган төгрөгөө идчихсэн л байгаа. Одоо яаж байгаа бол, дараа нь яаж амьдрах бол. Хархорин, Нарантуулаас эхлээд хаа байсан Дархан, Хөвсгөлийн зах дээр хойноос авчирсан гэх хэдэн кг гахайны мах, зайдас, гарын саван мэтхэнийг бараг хормойндоо дэлгээд газар сууж байдаг муусайн авгайчууд өчнөөн л байсан. Тэдний бараанаас зарагддаг юм болов уу даа гэж боддог л байлаа. Одоо ч бүр өнгөрсөн байлгүй дээ.

Ерөнхийлөгч саяхан тун ашиг сонирхлын зөрчилтэй санаачилга гаргаж байна лээ. 800 мянган төгрөгийн хүнсний талоныг айл бүрт олгоод дээр нь 200 мянган төгрөг нэмж өгөх. Засгийн газар хүлээж аваагүй. Авсан бол өнөө цалинтай хүмүүс нь ялгаагүй үүнээс нь хүртэж таарах байсан гэсэн үг. Ерөөсөө л буруу ишилсэн сүх шиг төрийн томчууд маань юм санаачлахаараа бүгдэд нь тэгшитгэн өгөх ёстой гэж бодоод байх юм. Ингэж төрийнхөө санг үр дүнгүй шүршиж, ядарсан задарсан ялгаагүй авч байдаг юм гэж байх уу. Хэрэгтэй байгаа хүмүүстээ хүрсэн илүү нарийн юм бодож санаачлах чадвартай хүмүүс төрд гараагүй хэрэг үү. “Бараг дан ганц нүүрснээс бүтдэг эдийн засагтай манай улсад дарангуйлагч л хэрэгтэй”, “Чанга гараар явмаар байна” гээд дэмийрээд байдаг хүмүүс одоо энэ жишээнээс ямар харалган, тойрон хүрээлэгчдэдээ зусардсан “чанга гар”-тай болж болох нь вэ гэдгийг харцгаа. Энэ бичвэрээрээ төрд ажиллаж байгаа хүмүүсээ буруутгах гэсэн юм биш шүү. Гол нь төрийн үүрэг бол иргэдийнхээ төлөө ажиллахдаа байдгийг дарга нарт сануулсан хэрэг. Нэг хэсэгтээ илүү үйлчилдэг төр бол төр биш юмаа гэдгийг одоо жаахан бодох цаг нь болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top