ОЛОН ӨНГӨ: Айдас мэт цагаан талд бараан үгүй байгаа даа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Өдийд говь, тал нутагт минь буцахгүй мэт налайсан намрын урт шаргал өдрүүд хэдийнээ цулбуур эвхэж, малын туураар цас уначихсан, нүд алдам цагаан тал айдас мэт цэлийж байгаа. Айлууд өвөлжөөндөө бууж, шинэхэн нутагт малын хөлийн мөр ч хөглөрч амжаагүй тийм л ариун дагшин өдрүүд үргэлжилж байгаа даа. Тал нутагт өвлийн ийм л цагаар айл олж орно гэдэг амаргүй. Яг энэ цаг дор газрын цээж, ноёлог дээр гарахад хаашаа ч харсан нүд алдам цагаан тал цасан манандаа хөлбөрч, харж үзээгүй нэгэнд өөрийн эрхгүй айдас төрүүлнэ.

Морины амьсгаа даран, түр яваглан ажиглахад хаа нэг газарт зоож орхисон мэт яндангийн орой цухуйж харагдана. Эсвэл яндан ч цухуйхгүй. Газар дороос аргалын цэнхэр утаа зөөлөн суунаглаж харагдана. Үүнийг тал нутагт төрж өссөн нэгэн олж харна уу гэхээс өөр нэгэн тийм ч амар ялгаж харахгүй. Яагаад гэхээр цасан манангаасаа нэг их ялгарч харагдахгүй талтай. Газар тэнгэртэй эелдсэн их манан дундаас уран зураг мэт ялгарч харагдах утаа бариммжаалаад явбал халуун цай, аяганы амсар зууж мэднэ.

Шөнийн цагт бол аргалын утаа, цухуйх яндан гээд баримжаалах зүйлгүй учраас амаргүй. Сартай шөнө бол бас учир бий. Ерөөсөө шөнийн цагт бол хамгийн ойр зүйл бол адуу мал, түүний  мөрөөр баримжаалах юм. Говь, талын өвлийн бууц бол айл юугаа энгэр элгэндээ нуусан тийм дулаан, нөмөр нөөлөгтэй газар учраас олоход үнэхээр бэрх.

Шинэхэн бууриа засаад байгаа үед, шөнийн цагаар малын мөрөөр баримжаалах ч боломжгүй үе бий. Учир нь хүйтэн өвөл богино хугацаанд хяруу унаад малын мөр дараад авна. Бууцандаа буусан айлууд ихэнхдээ морьдаа адуунд тавьж, тэмээ эдлэх нь элбэг. Тэмээг тушиж тавина гэж бараг үгүй. Гадаа зэлэн дээр байх учраас чөдөртэй морины мөр хөөх ч аргагүй болно. Түүнээс бус үдэш чөдөрлөөд тавьсан морины мөрөөр явахад айлын бараа хардаг л юм. Харин өвлийн дунд сар гарахаар малын мөр тодорч, зарим үед харгуй гарсан байх учраас цас ороод дарчихгүй бол эрлийн хүний зам мөр болдог учиртай. Талд эдэлсэн морь, тэмээ ямар ч хүнээс илүү айл олоод очдог. Унаж яваа морь, тэмээнийхээ бурантаг, жолоог зоргоор тавихад өөрөө айлд хүргээд өгнө. Ийм л онцлогтой тал нутагт минь нэгэнт өвөл ирсэн сураг, зураг харах ч сайхан байна. Ёстой л бөртийх бараан зүйлгүй цав цагаан талд хэдэн бараан адуу бурхан мэт харагддаг сан. 

Ямартай ч говь, тал нутагт минь айдас хөлөглөсөн мэт их манан хөлбөрч, газар цастайгаа эелдсэн байдаг ч их л амгалан тайван байдаг сан даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top