SM ЗӨВЛӨЖ БАЙНА | Залуужуулах эмчилгээ

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

“SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг Zindaa.mn сайттай хамтран бэлтгэдэг “SM ЗӨВЛӨЖ БАЙНА” тогтмол буланд энэ удаад тус эмнэлгийн “Anti-Aging” буюу “Залуужуулах эмчилгээний төв”-ийн эмч Ц.Энхжаргалтай сонирхолтой сэдвээр ярилцлаа.

Залуужуулах эмчилгээ, үйлчилгээ гэж ярихаас өмнө танаас би “Хөгшрөлт”-ийн талаар асуумаар санагдах юм. Ер нь хөгшрөлт гэж юу юм бэ?

Хүний бие махбодийн бүхий л үйл ажиллагаа нь наслалтын нөлөөгөөр буурах биологийн буцалтгүй процессыг хөгшрөлт гэнэ. Хүн хорвоод мэндэлснээсээ хойш нас бие гүйцэх хүртэл өсөж хөгжих ба түүнээс хойш хөгшрөлийн процесс аажмаар явагддаг байна. Хүний амь нас нь тодорхой хугацаанд оршино. Хэзээ ч эмчлэгдэхгүй хэмээн тооцогдож буй хөгшрөлт гэдэг жам ёсны өвчнийг бид хэзээ нэгэн цагт анагаах боломжтой юу? Гэдэг асуудал орчин үеийн анагаах ухааны салбарт чухлаар тавигдах боллоо.

Зарим мэргэжилтнүүд үүнд “болно” гэсэн хариулт өгч байна. Төрөл бүрийн вакцинууд, хүчтэй эмийн ач тусаар хүмүүс бид үхлийн аюултай бактери болон вирусуудыг устгаж чаддаг болсон билээ. Хүмүүсийн эмчилж чаддаг болсон өвчнүүдийг тоочвол үнэхээр олон. Тархи-нугасны халдварт саа, хижиг, улаан бурхан, татран, шар чичрэг, салхин цэцэг, сахуу зэрэг өвчнүүдээс дэлхийн олон бүс нутаг бүрэн ангижраад байна.  Гэтэл ямар ч сайн чадварлаг эмчийн эмчилж чадаагүй “хөгшрөлт” хэмээх өвчинд бид нэрвэгдсэн хэвээр л байгаа билээ. Хөгшрөхөөс хэн ч бултан зайлж чадахгүй, хэн ч хөгшрөлийг эмчилж чадахгүй байгаа нь үнэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 45-65 насыг дунд буюу идэр нас, 65-74 насыг өндөр насны эрт үе, 75-аас дээш насыг өндөр наслалт  гэж тогтоосон байдаг. Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл явагддаг.

Шинжлэх ухаанд нэгэнт судлан нотолсноор хүний биеийн эс, эд, эрхтэн бүрмөсөн хөгшрөн доройтож, амьдрах чадвараа алдахад 120 –150 жил болно хэмээн үзжээ. Аливаа сүүн тэжээлтэн амьтны наслах нас нь өсөлт, бойжилтын хугацааг 5-7 дахисантай тэнцэнэ. Жишээ нь: Адууны бойжилт 5 жил, 30-40 наслах, үхрийн бойжилт 4 жил, 20-30 наслах,  хүний бойжилт 20-25 жил, 120-175 насална гэж үзжээ.

Эрдэмтдийн судалгаагаар 25 нас хүрч өсөлт зогссоноос хойш хүний бие махбодын 70 гаруй үйл ажиллагааны системд жил тутам 0.8%-ийн хурдцаар хөгшрөл явагддаг гэж үзжээ. Энэ нь биологийн чанартай буюу амьд бодисын зайлшгүй явагдах хөгшрөл юм. Ямар нэгэн өвчин хуучгүйгээр жам ёсоороо өтөлж 90-130 жил амьдарч үхэхийг жам ёсны үхэл гэнэ.

Эрт хөгшрөх гэдэг нь өвчин эмгэг, осол эндэгдэл,  аж амьдрал, нийгмийн олон зүйлийн шалтгаан нөхцөлөөс болж, хүн эрт өтөлж хөгширдөг. Өөрөөр хэлбэл хүн байгалийн жам ёсны хөгшрөлөөс түрүүлж, амьдрал  нийгмийн шалтгаант эрт хөгшрөлтөд автагддаг ажээ.

Тэгвэл хөгшрөлөөс яаж сэргийлэх вэ?

Хүн төрөлхтний  ихэнх нь ямар нэгэн шалтгаан нөхцөлийн улмаас зуурдаар  богино насалсаар байна. Үүний гол шалтгаан нь эрүүл аж төрөх дадал зуршил дутмаг, өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллийн хомстолтой ихээхэн холбоотой. Хүмүүст эрүүл амьдрах урт наслалтын тухай  үзэл бодол төлөвшиж хөгжөөгүй, нийгмийн хөгжил удаан, амьдралын дарамт, дараас зэрэг ямар нэг шалтгаанаас болж залуугаараа өвчинд нэрвэгдсэнтэй холбоотой. 100 наслах хүн 70 нас хүртлээ эм тангаас хол өвчингүй чийрэг явж, сүүлийн 30 жилд нь эм тан буюу эмчийн тусламжтай  амьдарч чадна.

Иймээс эрт өвчлөлд өртөх нь хүний урт наслах, эрүүл амьдрахыг сааруулдаг хүчин зүйл болохоор өвчнийг эхэн үед нь нам дарах хэрэгтэй. Хүн бүр эрүүл мэндийн тухай мэдлэгийг чадварлаг эзэмшвэл өвчин газар авахыг багасгаж урьдчилан сэргийлж, өвчингүй  явж болно. Америкийн нэг судалгаанд эрүүл амьдрах мэдлэгийг эзэмшсэнээр цусны даралт өвчнийг 55%-иар, хорт хавдар 60%-иар, тархины цус харвалтыг 75%-иар багасгаж чадна гэсэн байна. Иймээс “Мэдлэг бол эрүүл мэнд” гэдэг нь оносон үг юм. Аливаа амьд бодис бүхэнд өөр өөрийн өсөн бойжих, өөрчлөгдөн шинэчлэгдэх, өтлөх, мөхөх гэсэн биологийн үндсэн жам байдаг. Шим тэжээл, дасгал хөдөлгөөн, архаг хордлого, унтаж амрах, ядаргаа ба арга билгийн тэнцвэр алдагдах буюу доголдол хомстолтой болсноор хүний бие махбод хямарч, эрүүл амьдрах тэнцвэр алдагдвал олон өвчний эх үүсвэр болдог.

Ийм учраас хүмүүс амьдрах цаг хугацаандаа байгаль, нийгмээс  нөлөөлөх аливаа хүчин зүйлийг танин мэдэх, биед эерэг сөрөг үзүүлэлтийг ялган салгаж, амьдрах нь өвчлөл, хөгшрөлөөс өөрийгөө хамгаалах урьтал болно.

Тэгвэл хөгшрөлийг удаашруулах, уртасгах боломжтой болов уу?

Дэлхийн олон орны эрдэмтэд маш олон сонирхолтой туршилт, судалгаануудыг хийсээр л байна. Үүний үр дүнд хөгшрөлийг удаашруулах олон аргууд байгааг олж нээсээр байна. Иймдээ ч өнөөдөр олон улсын эрүүл мэндийн салбарт “Anti-Aging” буюу залуужуулах эмчилгээ үйлчилгээний салбар хүчтэй түрэн гарч ирж байна.   “Анти Эйжинг” буюу залуужуулах эмчилгээ гэдэг нь хүний биеийн биологийн хөгшрөлийн процессыг удаашруулж, нас ахисан хойноо ч амьдралын чанарыг байж болох хамгийн өндөр төвшинд хүргэн хадгалахаас гадна эцсийн үр дүнд хүний насжилтыг уртасгах зорилго бүхий эмчилгээний аргуудын нэгдлийг хэлж буй хэрэг юм.

Тиймээс манай эмнэлгийн “Залуужуулах эмчилгээний төв” нь олон төрлйн дэвшилтэт оношилгооны аргуудын тусламжтайгаар тухайн хүний дотоод шим тэжээл, эрдэс минералуудын дутагдал ба тэнцвэрт байдал, бодисын солилцоо, хүчиллэг ба шүлтлэг байдлын бланс гэх мэтүүдийг оношлон илрүүлж өвчин үүсгэг хүчин зүйлүүдийг эрт үед нь оношлон илрүүлж тэдгээрийг засан тэнцвэржүүлэх замаар хүний биеийг дотроос нь эрүүлжүүлэн залуужуулах үйлчилгээг үзүүлж байна. Мөн гаднаас нь арьс залуужуулах гоо сайхны эмчилгээ үйлчилгээг хослуулан хийж залуужуулах эмчилгээг цогцоор нь хийдэг юм.

Танай “Залуужуулах эмчилгээний төв”-д хийгдэж буй оношилгоонуудын талаар мэдээлэл өгөөч?

Үйлчлүүлэгч ирвэл хамгийн түрүүнд хийгддэг оношилгоо бол “Биеийн бүтцийн оношилгоо” байдаг. Үүгээр тухайн хүний биед эзэлж буй өөх, булчин, усны хэмжээ зэрэг биеийн эрүүл зөв харьцааны талаарх үндсэн мэдээллүүдийг олж харах боломжтой. Үүний дараа Монголд зөвхөн манай эмнэлэгт л хийгдэж буй “BIA” буюу биеийн бодисын солилцооны тэнцвэрт байдлын оношилгоог хийнэ. Энэхүү оношилгооны тусламжтайгаар хүний биеийн биологийн хөгшрөлийн төвшин, бодисын солилцооны тэнцвэрт байдал зэрэг олон чухал зүйлүүдийг оношлон илрүүлэх боломжтой байдаг. За тэгээд витамин С-ийн оношилгоо, арьсны чийгшил тодорхойлох оношилгоо, Хүчиллэг шүлтлэг байдлын оношилгоо, Азотын ислийн оношилгоо зэрэг олон төрлийн оношилгоонуудыг хийн тухайн хүний биеийн ерөнхий эрүүл мэнд болон хөгшрөлийн төвшнийг оношлох боломжтой байдаг.

Танайд хийгдэж буй залуужуулах эмчилгээний талаар та мэдээлэл өгөөч?

Олон төрлийн оношилгооны хариуг нэгтгэн тухайн хүний ерөнхий биеийн байдлыг үнэлж тохирох эмчилгээний аргуудыг сонгон хэрэглэдэг. Үүнд, Дотороос нь эрдэс, шим тэжээл нөхөх олон төрлийн дусал тариа эмчилгээ, Эмчилгээний зориулалт бүхий витамин бэлдмэлүүд уулгах, Хоол зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх гэх мэт олон төрлийн эмчилгээг хийнэ. Мөн гаднаас нь арьсны хөгшрөлтийг удаашруулж, шим тэжээл өгөн залуужуулах үйлчилгээ бүхий олон төрлийн тарилга эмчилгээ ба эстетик эмчилгээг хослуулан хийж байгаа. Манай эмнэлгийн хувьд өөр бусад ижил төстэй эмнэлгүүдийн хийж буй бүх төрлийн арьс гоо заслын эмчилгээ үйлчилгээнүүдийг хийхээс гадна хүнийг дотроос нь эрүүлжүүлэн залуужуулах оношилгоо эмчилгээг хослуулан хийдэг нь хамгийн онцлог давуу тал болно. Мөн манай улсад өөр хаана ч хийгдээд байдаггүй “Хараацайн үүр”, “Хар түрсний эмчилгээ” зэрэг дандаа шинэлэг арьс арчилгааны хөтөлбөрүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top