“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг, барьж байгуулж л байг

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш соёл урлагийн салбар нэгэнт орхигдсон байв. Харин сүүлийн жилүүдэд анхаарал хандуулж эхэлсэн нь сайны дохио. Аливаа улс гүрний нүүр царай нь уламжлалт урлаг соёл гэдэг бол оршин тогтнох нэгэн үндэс нь эх хэл, уран зохиол байдаг. Тэгэхээр бид үндэстэн оршихын хамгийн том шалтгаандаа анхаарч байгаа нь бүрэн улсын бодлого зөв зүгт явж байгааг харуулна. Өнөөдөр соёлын асуудал хариуцсан бие даасан яамтай болсон нь ч ирээдүйд нэгэн гэрэл гэгээ асаж байна гэсэн үг. Хамгийн наад зах нь түүхийн үнэт дурсгалыг агуулах музей, номын сангийн гээд соёлын үнэт өвийг хадгалах, дэлгэрүүлэх олон барилга барьж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш музей, номын сангийн барилга барих нь бүү хэл хоногийн хоолоо яах вэ гэсэн цаг үе байв. Тэгэхээр өдгөө хоногийн хоол яриад, эдийн засгийн нөхцөл байдал тайлбарлаад байвал энэ бүхнийг хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс зориглон хөдөлж байгааг дэмжихгүй байхын аргагүй.

Гэтэл эдийн засгийн хямралтай үед хот хөдөөгүй Соёлын төв, Номын сан, Музейн барилга барьж байна. Тэр тусмаа цар тахлын үед дэмий зүйлд мөнгө зарлаа хэмээн шүүмжлэл өрнүүлэх болов. Уг нь саяхан л соёл урлагаа анхаарахгүй орхисон хэмээн шүүмжилж суусан хүмүүс ийнхүү төрөл арилжиж байгаа нь өнөөх улстөржилт гэдэг нь байх. Ингэхдээ соёл урлагийн салбарын бүтээн байгуулалтад гаргаж байгаа мөнгийг Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар руу хийх ёстой байсан хэмээн хоосон гаслах аж. Энэ салбар дүрэм журмаар ажилладаг бол иргэдийн амьжиргааны нэгэн эх үүсвэр болдог нь үнэн. Гэвч жижиг дундын салбар руу хийсэн мөнгө яадаг билээ. УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүд нь олон арваараа хувааж аваад Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан угаахаас эхлээд үрэн таран болдог. Энэ дуулиан өдгөө ч намдаагүй байна.

Соёл урлагаа дэмжинэ гэдэг нь зөвхөн барилга байшин барьснаар хэмжигдэхгүй ч “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ. Орох оронгоо бэлдээд авчихсан байхад дотор нь гэрэл гэгээ түгээх хүмүүс байж л таарна. Үндэсний хэмжээний урлагийн болон утга зохиолын сургуулиуд үйл ажиллагаа явуулж, мэргэжилтэн бэлдэж байна. Хилийн чанад ч боловсорч байгаа залуус бий. Тэднийг өчнөөн бэлдээд соёл урлагаа түгээх боломжоор хангаж өгч чадахгүй бол яах билээ. Тиймээс соёл урлагийн салбарт Соёлын төв, Номын сан, музей гэх мэт зүйлс нэмэгдэж, барилга байшин барьж гэмээнэ ажлын байр бий болно. Энэ хэрээр уламжлалт өв соёл, урлаг, утга зохиол түмэнд түгнэ. Аливаа улс орны нийгмийн гэгээ нь илүү байж сөрөг үр дагавар бага байдаг хуультай. Үндэсний өв соёл, уламжлалт урлагаар дамжуулан, үндэстэн оршихын учир шалтгааныг мөн чанараар нь авч үлдэх, түүнийг дэлгэрүүлэхийн тулд Соёлын яамыг тусад нь байгууллаа гэж харж байгаа. Дэлхийн суут хүн Чингис хааны үр сад хэмээн цээжээ дэлдэх бид их хааныхаа дурсгалыг хүндэтгэсэн, түүнийг дэлхий дахинд таниулах ямар ч ажил хийгээгүй гэхэд болно. Гэтэл хилийн чанад, өвөрмонголчууд хятадуудын бодлого дор ямар их зүйл хийснийг бид өөрсдөө шагшин магтдаг. Харин өнөөдөр иузей байгуулахаар нэгэнт шуударсан нь сайн хэрэг. Монгол Улс Чингис хааны музей, Үндэсний төв номын сангийн барилга барилаа гээд мөнгөний авдраа ёроолдчихгүй. Энэ бол зүгээр л улстөржилт. Сумдад Соёлын төв, Номын сан, Музейн цогцолбор барилаа гээд иргэд ядуурчихгүй.

Ихэнх аймаг, сумын Соёлын төв, театрын барилга нь 1960, 1970 онд ашиглалтад орсон балгасууд болсон гэдгийг орон нутагт зорчсон бүхэн л мэднэ. Тиймээс сумдын Соёлын төвийг шинэчлэх цаг нь эрт болсон. Орон нутагт амьдардаг иргэд яагаад тохь тухтай Соёлын төвөөр үйлчлүүлж, Номын санд тухалж болохгүй гэж. Орон нутагт соёл түгээж байгааг аялан тоглолт хийх хэдэн дуучдаар төсөөлж болохгүй ч байр савыг нь бэлдээд өгсөн байхад боловсон хүчин олдоно. Түүгээр дамжуулан орон нутгийн иргэдэд урлаг соёлын ямар ч арга хэмжээг хүргэж болно. Захын суманд давхиад очиход хэзээ нураад дарах бол гэсэн Соёлын төвд баярын хурал цуглаанаас эхлээд Шинэ жилээ хүртэл зохион байгуулж байна.  Өнгөрөгч 2016 оноос хойш орон нутгийн соёл урлаг, спортыг хөгжүүлэх тал дээр анхаарах үүднээс Соёлын төв, Номын сан, Спортын ордонг олноор барьж байгуулж байгааг сайшаах нь зүйн хэрэг. Тэнд чинь хүн амьдардаг юм. 

Орон нутагт энэ бүгдийг цоглоон бүтээх нь зөвхөн урлаг соёл түгээгээд зогсохгүй хөдөө орон нутагт залуусын амьдрах таатай орчныг бүрдүүлж байна. Энэ нь хүн амын нягтрашлыг сааруулах, эзгүйрч байгаа сумын төвийг эзэнтэй байлгахад ч том нөлөө үзүүлж байгааг анзаарч харсан байх. Төрөөс энэ тал дээр бодлого баримталж байгаа нь ойлгомжтой. Өнгөрөгч 2019, 2020 оны улсын төсөвт соёл урлагийн салбар, түүний бүтээн байгуулалт дээр сайтар анхаарсан нь харагдана. Ирж буй 2021 оны төсөвт ч анхаарал хандуулжээ. Тухайлбал, 2019, 2020 онд эхлүүлж, ирэх 2021 онд барьж дуусгах 33 Соёлын төв бий. Энэ бол хөдөө орон нутагт түгээж байгаа маш том бүтээн байгуулалт. Тэгвэл 2021 оны төсөвт нийт есөн суманд Соёлын төв барихаар тусгажээ. Үүний дийлэнх нь Номын сантай цогцолбор барилга юм. Мөнхүү аймаг сумын театр, Соёлын төв, Номын сангийн барилгын өргөтгөл шинэчлэл, их засварыг 10 гаруй аймаг суманд хийхээр төсөвлөсөн байна. Үүнийг шүүмжлэх нь зүйд нийцэхгүй хэрэг. Барьж байгуулж байгаагийн цаана зөвхөн соёл урлаг гэсэн ганц асуудал байгаа юм биш, үндэсний хэмжээний бодлого ч үүнд тусаж байгааг шүүмжлэгчид болгооно буй заа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.109) 2020 оны 12 сарын 05

Зөв л юм бичсэн байна. Үнэхээр оюуны хоосролд орохоос сэргийлж соёлын байгууламжууд барьсан нь зөв шүү

1  |  0
JSJ(192.82.77.157) 2023 оны 11 сарын 29

Малнуудаа музей, соёлын төвүүдийг байрьж байгуулах нь буруу боль гэсэн юм биш. Энэ санхүүгийн хүнд цаг үед энэ мэт шаардлаггүй зардлаа зогсоож эрүүл мэнд, ЖДҮйлдвэрлэгчидэд зориулах хэрэгтэй гэсэн юм шүү дээ. Мэдсээр байж бөгс долоож мөнгөөр захиалгаар худлаа юм бичихээ боль. ОРК МАНдуулагч нараа.\n

2  |  0
Зочин(66.181.186.83) 2020 оны 12 сарын 02

Зуу зуун тэрбумаар нь соёлын төвүүд барих цаг арай л биш баймаар юм кк.

1  |  0
Зочин(202.55.188.108) 2020 оны 12 сарын 02

Бөгс долоосон нийтлэл болжээ.

1  |  0
оюу(124.158.85.172) 2020 оны 12 сарын 02

зөв бичжээ,зөвхөн өнөөдрийн хоол яриад яах вэ дээ,

0  |  1
Top