Монголбанк бодлогын хүүгээ хоёр хувиар буулгаж, зургаан хувь болголоо.
Мөнгөний бодлогын хорооноос банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж зургаан хувьд тогтоох, зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах, ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэрийг гаргаад байна. Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь ЖДҮ, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэх юм.
Багц арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулаад эдийн засаг, бодит сектор, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл, хүндрэлүүд учирч байна. Эдгээр эрсдэл, хүндрэлийг зөөлрүүлэх, сөрөг нөлөөг бууруулахад чиглүүлж багц шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооноос гаргалаа. Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.
Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг Ковид-19 цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол гуравдугаар улиралд -3.1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжрав. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар арваннэгдүгээр сард тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийн ажиллагааг хумьсаар сэргэлт удаашрах төлөвтэй. Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, түүхий эдийн зах зээлийн үзүүлэлтүүд илэрхийлж байна. Эхний вакцинуудын туршилт амжилттай явагдаж, дуусах шатандаа орж байгаа хэдий ч цөөнгүй улс оронд вирусний 2, 3 дахь давлагаа үргэлжилж эдийн засгийн цаашдын төлвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа. Монголбанк цар тахлын сөрөг нөлөөг бууруулах шат дараатай арга хэмжээнээс гадна банк, өрх, ААН-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадавхыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлэн хэрэгжүүлнэ” гэдгээ мэдэгдлээ.
Мэдэгдлийн дараа Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн өсөлтийн 2020 оны төсөөлөл -2.6 хувиас -5.4 хувь болж буурахад хүрсэн гэж хэллээ. Инфляцын хүлээлтийн хувьд өмнөх төсөөллөөс 1-2 функтээр бага байх урьдчилсан тооцоо бий. Эдийн засагт үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлууд нь хэд хэдэн үр дагавартай байна. Нэгдүгээрт, дотоод үйл ажиллагааны идэвхжил сулрах нөлөөтэй. Хоёрдугаарт, дотоод үйл ажиллагаа, бизнес, өрхийн орлого саарч байгаатай холбоотойгоор банкны салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Нөхцөл байдалд үндэслээд Монголбанкны зүгээс банкуудын санхүүжилтэд өөрчлөлт оруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн хэмжээнд хангах, эдийн засагт нийлүүлэгдэх санхүүжилтийг тодорхой түвшинд хангах гэсэн өөрчлөлтүүдийг хийж байгаа аж.
2020 оны эдийн засгийн өсөлтийг есдүгээр сард болсон Мөнгөний бодлогын хорооны хурлаар -2.6 хувь гэж тооцсон нь дотооддоо цар тахал тархахгүй гэсэн нөхцөл байдалд тулгуурлан гаргасан таамаглал юм байна. Гэтэл дотоодод гарсан цар тахал нь хатуу хөл хорио, бүх нийтийн бэлэн байдал зарлахад хүргэж, улмаар үүссэн нөхцөл байдал нь эдийн засгийн идэвхижилд сөргөөр нөлөөлж байгаа юм. 2021 оны эдийн засгийн төлөв байдлын ерөнхий тооцооллуудыг арванхоёрдугаар сарын Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эцэслэн танилцуулах боловч урьдчилсан тооцооллоор 2021 оны эдийн засгийн өсөлт багадаа хоёр хувиар буурах тооцоог гаргасан аж.
Харин бизнес болон өрхийн орлогод нь хүндрэл, тасалдал учирсан аж ахуйн нэгж, иргэнд зориулан авч хэрэгжүүлж байгаа томоохон арга хэмжээ нь зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулж байгаа билээ. 2020 он гарснаас хойш 125 мянган зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулах хүсэлт банкуудад ирсэн байна. Энэ нь нийт зээлийн 33 хувийг эзэлж байгаа бөгөөд банкууд хүсэлтийг авч үзээд 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн гэнэ. Үүний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн хэрэглээний зээл байжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )