ШУУД: ЖДҮ-ийн төсөл шалгаруулах хорооны хурал эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27


2020 оны ЖДҮ-ийн зээлд хамрагдах Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр (2020.11.27) эхэлж байна. 

Энэ жил аж ахуйн нэгжүүдээс 1579 төсөлд нийт  239 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт иржээ. Төсөл сонгон шалгаруулалт өнгөрсөн хугацаанд   4 үе шаттай явагдаж, 1579 төслөөс хоёрдугаар шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцжээ.

Харин гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийж,  оноо бал тавихад  250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд төсөв сонгон шалгаруулах хорооны хурал болж байна. Өнөөдөр, маргааш болох хуралдаанаар аж ахуйн нэгжүүдийн  төслийг хэлэлцэх бөгөөд  хорооны хурлын дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлж, гэрээ байгуулах юм байна. Тэгсний дараа санхүүжилт олгох асуудал яригдах аж.

Сануулахад, 2021 оны улсын төсвийн тухай хуульд ЖДҮ-ийн салбарыг дэмжих чиглэлд шинээр санхүүжилт олгохгүй байхаар тусгасан. Зээлийн эргэн төлөлтөөс төслүүдээ санхүүжүүлэхийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт даалгасан.

Төсөв батлагдахаас өмнө Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс “Төсвийн бодлогоор эдийн засгийн төрөлжилтөө дэмжих ёстой. Гэтэл ирэх оны төсөвт ЖДҮ-ийн салбарт төсвөөс шинээр санхүүжилт олгохгүй, зээлийн эргэн төлөлтөөс төслүүдээ санхүүжүүлэхээр тусгасан байна лээ. Цар тахал ЖДҮ-ийн салбарт ч хүндрэл үүсгэж байгаа учраас шинэ төслүүдээ бодлогоор дэмжиж болохгүй юу? гэж асуухад:

-ЖДҮ-ийг дэмжихэд ирэх оны төсөвт яагаад мөнгө тавигдаагүй вэ гэхээр энэ чинь эргэлтийн хөрөнгөтэй сан. Үнийн дүнг нь  харахад нэлээн өндөр байгаа юм. ЖДҮ-ийг хариуцдаг тусдаа агентлагтай боллоо. Өнгөрсөн онд хуулиа шинэчлэн батлууллаа. Хууль эрх зүйн орчин нь бүрдээд, тусдаа бие даасан агентлаг болсон учраас нэг жилийн хугацаанд тогтолцоогоо зөв болгох чиглэлд ажиллах байх гэсэн хүлээлттэй байна.  Олон жил болсон өндөр дүнтэй эргэлтийн хөрөнгө мөнгөө зөв голдиролд оруулж, төсөл хөтөлбөрийг шалгаруулахдаа шударга, нээлттэй байгаасай.  Ирэх онд энэ сангийн эргэлтийг нэлээд багаар тооцоход  200 тэрбум төгрөгийн боломж байна гэж үзсэн. “Ковид-19”-ээс шалтгаалсан  хүндрэл үүсэж буйг үгүйсгэхгүй. Цаашдаа зөв голдиролдоо ороод явах юм бол дараа нь ЖДҮ-ээ дэмжих тал дээр төсвөөс дэмжлэг өгөөд явалгүй яахав. Хувийн хэвшлээ л дэмжих хамгийн гол зүйл шүү дээ.” гэж байв. Нэг ёсондоо Засгийн газар, Сангийн яам ЖДҮ эрхлэгчдээ дэмжих шинэ санхүүжилт олгохгүй гэсэн байр суурь дээрээ хатуу зогссон.

Харин энэ сарын 23-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрүүдийн нэг нь “Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх” тухай байлаа. Энэ шийдвэрийн хүрээнд 230 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулахаар яригдаж буй юм.

Тэгэхээр Засгийн газраас боловсруулж, УИХ-аас баталсан улсын төсвийн гадаа үлдсэн дэмжлэгийн орон зайг  Мөнгөний бодлогын хорооны энэхүү шийдвэр нөхөх нь гэсэн эерэг хүлээлт үүсэж байна.

ЖДҮ-ийн зээл эрх мэдэлтнүүдийн халаасанд оролгүй шударга олгогдох боломж, нөхцөл хуулийн хүрээнд бий болсон уу, тогтолцоо бий болох бодит алхмууд хийгдэж байна уу  гэдэгт ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан дараах хариултыг өгч байна.

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг Ж.Ганбаатар нарын гишүүд санаачлан 2 жил  гаруй  хугацаанд хэлэлцүүлж, олон мянган жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ санаа бодлыг тусган 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлуулсан. Үүний дараа “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-өө бас батлууллаа. Хууль хөтөлбөрийнхөө хүрээнд ЖДҮХ сангаас “Зээл олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар мөн батлуулчихлаа. Эдгээр алхмууд маань зээлийг ил, тод шуурхай зөв олгох тал дээр өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, дутагдлыг арилгах бодлогын бичиг баримт. Эдгээр бичиг баримтдаа тулгуурлан 2019 оны төсөл сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдээс шалгарсан, шалгараагүй судалгаа хийж үзсэн. Бүгд л сэтгэл хангалуун байсан.   “Хэдийгээр шалгарч амжаагүй ч гэсэн төсөв сонгон шалгаруулалтад оролцоод шударга болж байгаа юм байна. Өөрийнхөө төслийн алдааг олж харж чадлаа. Дараа жил төслөө өгөхдөө өмнөх алдаагаа ингэж засах юм байна гэдгээ мэдэж авлаа” гэж  олон хүн хэлж байсан.  Сонгон шалгаруулалт  шударга болсон гэдэг нь харагдаж байгаа юм. За энэ жилийн хувьд ч бид нар сонгон шалгаруулалтыг хууль, журмынхаа дагуу явуулах учраас шударга, ил тод явагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэж байна.
 

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРЛЫГ ШУУД ҮЗЭХ 
 

-2020 оны Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд 112 аж ауйн нэгж төслөө танилцуулж, хамгаална-
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top