Нэгэнт босго даваад орж ирсэн цар тахлын халдварын тоо нэмэгдэж байгаа бол манайхан ч голомтыг илрүүлж, устгахаар өдөр шөнийг умартан, тун амжилттай ажиллаж байна. Төрийн түшээдээсээ эхлээд түмний нэг хүртэл хөл хорионы хатуу чанга дэглэм мөрдөж, тусгай “жор”-оор амьдарч байгаа энэ үед эх орноо хамгаалах эр цэргүүддээ хэрхэн анхаарч байгаа вэ гэдэг асуудал зүй ёсоор хөндөгдөх аж. Учир нь эр цэргийн албанд хүүгээ мордуулсан эцэг эхчүүд, амраг нөхөр, анд нөхөд гээд олон хүн энэ тал дээр санаа чилээж, манай редакцид хандсан билээ. Түүнээс бус нэгэнт хилийн дээс давж орж ирсэн өвчинтэй тэмцэж байгаа хүмүүсийг шүүмжлэх, өөлөх гэсэнгүй. Тэд тэртээ тэргүй хангалттай их шүүмжлэл дунд бүсээ тайлах завгүй ажиллаж байгааг харж сууна. Харин санаж сэрэх үүднээс иргэдийн дунд байгаа нэгэн айдсыг хүргэх гэсэн юм. Юуны өмнө эр цэргүүд нэгэн дор хуарагнаж амьдардаг. Тэдний амьдрал бос, суу, зэрэгц гэсэн нэгэн команд дор үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл хамгийн их эрсдэл дунд байгаа хүмүүс. Аюулт өвчнийг Цэргийн хуаран руу нэг орууллаа бол дууслаа гэсэн үг.
Тиймээс энэ тал дээр онцгой анхаарч, арга хэмжээ авч байх нь юу юунаас чухал гэдгийг сануулжээ. Ямартай ч 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар алба хаахаар очсон залуус Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар тангаргаа өргөлөө.
Тангараг өргөсөн эрсэд буцах, ухрах зам байхгүй. Тангараг өргүүлсэн төр ч тэднээр алба хаалгаж, эх орны батлан хамгаалах үйлсэд зүтгүүлнэ гэсэн үг. Улс орны аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолыг хамгаалах эрс маань юуны өмнө эрүүл байх хэрэгтэй. Тэр тусмаа халдварт өвчинд нэрвэгдэхгүй байх нь тэргүүн үүрэг билээ. Тиймдээ ч эр цэргийн ар гэр санаа чилээж байгаа хэрэг.
Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээг жагсааж, холбогдох хүмүүст үүрэг болгосон ч энд цэрэг арми багтсангүй. Гагцхүү “байдал хүндэрвэл цэрэг дайчилна, онц байдал зарлана” хэмээн мэдэгдэж байгаагаас анхаарч байгаа нь харагдахгүй байгаа нь эр цэргийн ар гэрийг санаа зовоход түлхэц болов. Нөхцөл байдал хүндэрвэл юуны өмнө армиа дайчлахаас өөр аргагүй. Тэгэх ч үүрэгтэй. Тэдний хувьд өнөөдрийн мөрдөж байгаа хууль тогтоомж, цэргийн дүрмээс эхлээд цэргийн жагсаал, хуарангийн амьдрал, сургалт бэлтгэл нь бүгд коронавирусын аюулд нэрвэгдэх магадлалыг бий болгож байгаа хэмээсэн юм. Тэгэхээр цэрэг эрсийг цар тахлаас хамгаалж, тэднийг эх орноо хамгаалах мэргэжилд сургах боломж, тийм тусгай хууль дүрэм, орчин байгаа эсэхийг лавлаж байна. Хэрвээ энэ мэт нарийвчилсан хууль дүрэм байхгүй бол УИХ, Засгийн газраас эртхэн анхаарч үзэх нь чухал. Болзошгүй аюул хаа ч байж болно.
Бидэнд цэргийн хуаранд халдварт өвчин алдаж байсан гашуун түүх ч бий. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт Байшинтийн сүм гэх газар байрлаж байсан морьт долоодугаар дивизэд гэдэсний халдварт цусан суулга өвчин дэгдэж, 500 орчим цэрэг эр нас барж байсан гэдэг. Нийгэм хаалттай цагт тэр үеийн цэрэг, армийн удирдлага, тухайн дивизийн хэдэн удирдлагыг хувьсгалаас урвасан хэмээн буруутгаад өнгөрсөн учиртай. Энэ түүх давтагдах учиргүй шүү гэдгийг сануулахад илүүдэх юун. Хуаран руу халдвар орвол ийм л аюул нүүрлэнэ.
Тиймээс энэ тал дээр иргэдээс асууж лавлаж байгаа хэд хэдэн зүйлийг сануулах үүднээс хариулт авах шаардлага бий. Юуны өмнө цэрэг эрс бол тушаалыг үг дуугүй биелүүлнэ, жагсах, алхах, гүйх, хооллох, унтах амрах бүгд өөрийн гэсэн дүрэмтэй. Тэгвэл тэр хууль дүрэм нь тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй энэ цаг мөчид нийцэж байгаа эсэхийг нягтлах. Корона вирус улс орноор нь тэг зогсолт хийлгэж буй энэ үед эр цэргийг сургах, хүмүүжүүлэх тийм эрх зүйн орчин энэ цаг үед байгаа юу. Эцэг эхчүүд энхрий үрсээ эх орноо хамгаал хэмээн энэ төрд шилжүүлсэн, харин энэ засаг төр корона вирусын үед тэдний ойлгож мэддэг цэргийн дүрэм, журмаар хүмүүжүүлэх үү, эсвэл корона вирусын халдвар хамгааллаас сэргийлсэн дүрэм журам, сургалт, тусгай бэлтгэл байна уу гэдэгт учир бий.
Эсвэл цэргийн хуаранд нь бөөгнөрүүлэн хорьж, нэгтгэн жагсааж, бүтэн жил коронавирус тэднийг ангуучлахгүй гэж сэтгэн, цэргийн тангаргийг нь өргүүлж байна уу гэдгийг Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайдаас асуумаар байгаагаа дуулгажээ. Корона вирус нь шинэ төрлийн бактерлогийн зэвсгээс өөрцгүй зүйл учраас тэд батлан хамгаалах салбар шинэ аюулыг сөрж, цэрэг дайчдаа бэлтгэх, эх орноо хамгаалах шинэ стратеги, бодлогоо эцэг эхчүүд бидэнд хэлж тайвшруулмаар байна хэмээсэн юм.
Дэлхий нийтэд цар тахлын голомттой байгаа улсууд бүгд л цэрэг армиа дайчилж байгаа аж. Онцгой бүсэд байгаа иргэдээ татан авах ажиллагаанд армийн нисэх хүчнийнхэн л явж байна. Өдгөө цар тахлын тархалтаар дээгүүр бичигдэж байгаа АНУ-ын арми голомтод ажиллах явцад зэвсэгт хүчний 1000 орчим алба хаагч халдвар авч, нэг цэрэг амиа алдсан. Хойд хөршийн арми, цэргийн сургуулиудад 1467 цэргийн албан хаагч халдвар аваад байгаа гэх мэт зүйл хөвөрнө. Халдварын голомтод ажиллаж байгаа цэргүүдээ бусад цэргүүдээсээ хэрхэн зай бариулахаас эхлээд төвөгтэй асуудал бий. Магадгүй УИХ, Засгийн газар, Улсын онцгой комисст эр цэргүүдээ хэрхэх тухай төлөвлөгөө байдаг ч үүнийгээ олон нийтэд таниулаагүй байж болно. Тэгэхээр эр цэргийн араас санаа чилээж байгаа, армидаа сэтгэл зовж байгаа хүмүүст байгаа төлөвлөгөөгөө танилцуулах хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )