Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Төрийн албаны зөвлөл хүний нөөцийн менежментийн орчин үеийн шилдэг арга, туршлагуудыг судлан нэвтрүүлэх замаар Монгол Улсын төрийн албыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх судалгаанд суурилсан шинэтгэлийн бодлого, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ.

Зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх үндсэн хүчин зүйлийн нэг бол төрийн албан хаагчийн ёс зүй, зан төлөв, хандлага, ур чадварын хүрээг ангилал, зэрэглэл бүрээр оновчтой тогтоох явдал юм.

“Төрийн албан дахь ур чадварын хүрээ” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, “Монгол Улсын төрийн албан хаагчийн нийтлэг ур чадварын хүрээ”-г боловсруулах Английн Төрийн захиргааны хүрээлэнгийн (PAI UK) зөвлөхүүд болон Төрийн албан дахь тэгш боломжийн талаарх IPAC Канадын Төрийн захиргааны хүрээлэн зөвлөх байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыын албан хаагчид, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэд, Англи улсаас зөвлөх багийн ахлагч Эндрю Мак Брайд, PAI UK /Пи Эй Ай/ зөвлөх байгууллагын зөвлөхүүд, Канад улсаас IPAC зөвлөх байгууллагын төслийн зөвлөх Риган Манчини зэрэг 40 гаруй хүн оролцлоо.

Төрийн албан хаагчид тавигдах нийтлэг ур чадварын хүрээг тодорхойлох судалгаатай холбоотой сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг хийх, зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан асуулт, саналуудыг тусган практикт туршин нэвтрүүлэх судалгааны үйл явцыг эрчимжүүлэн ажиллахаар тохирлоо.

Монгол Улсын төрийн албан хаагчийн нийтлэг ур чадварын хүрээг бий болгох ажлыг ийнхүү эхлүүлснээр төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах ур чадварын шалгуур үзүүлэлтийг олон улсын түвшинд хүргэн боловсруулж, төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, шатлан дэвшүүлэх тогтолцоонд ашиглах юм.

Төрийн албан хаагч хуульд заасан боловсрол, мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний ёс зүй, зан төлөв, харилцаа, хандлагын үзүүлэлтүүдийг зайлшгүй байх нийтлэг ур чадварын хүрээнд тусган ур чадварын хүрээг иж бүрнээр тодорхойлон мөрдүүлж, мэргэшсэн чадварлаг, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэхэд бодитой үр дүн гаргах болно.

Эх сурвалж: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top