АНУ-ын Анагаах ухааны холбооны шинжээчид “Moderna” болон “Pfizer” компаниудын бүтээсэн корнавирусний эсрэг вакцины ямар ямар сөрөг нөлөөтэй болохыг нэрлэжээ.
“Newsweek” хэвлэлд мэдээлснээр, эдгээр компаниудын бүтээсэн хоёр вакцин хоёулаа таагүй хэдий ч аюулгүй сөрөг нөлөөтэй болохыг мэргэжилтнүүд анхааруулаад эдгээрт бэлэн байхыг уриалсан байна. “Moderna”-ийн вакцины туршилтын оролцогчид энэхүү вакцины сөрөг тал нь тариа хийлгэсэн газар хөндүүрлэдэг нь цорын ганц таагүй мэдрэмж гэжээ. Туршилтад оролцсон оролцогчдын 2.7 хувь нь эхний тун хийлгэсний дараа ийм сөрөг нөлөөг мэдэрсэн бол хоёр дахь тун хийлгэсний дараа оролцогчдын 9.7 хувьд ядрах, 8.9 хувьд булчин шархирах, 5.2 хувьд үе мөч нь өвдөх зэрэг зовуурь илэрсэн байна. Үүнээс гадна оролцогчдын 4.5 хувьд толгой өвдөх сөрөг нөлөө ажиглагдсан бол 4.1 хувьд тариа хийлгэсэн хэсэгт өвчин орсон байна. Вакцин хийлгэсний дараа Люк Хатчинсон гэгч 43 настай оролцогчид “тэсвэрлэшгүй” халуурах шинж тэмдэг илэрсэн ч 12 цагийн дараа зүгээр болжээ.
“Pfizer” компанийн вакцины хувьд туршилтад оролцсон хүмүүсийн дөрвөн хувьд хоёр дахь тун хийлгэсний дараа толгой нь өвдөх сөрөг нөлөө илэрчээ. Өөр сөрөг нөлөө ажиглагдаагүй байна. Нэг оролцогчид хоёр дахь тунг хийлгэсний дараа халуурах, бие тавгүйтэх, сульдах зэрэг зовуурь ажиглагдсан ч хэдэн цагийн дараа таагүй мэдрэмж үгүй болсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 60.9 сая хүн халдвар авснаас 1.4 сая хүн эндээд байна.