Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба АНУ-д бүтээсэн хорт хавдрыг илрүүлэх цусны шинжилгээний аргыг туршихаар бэлдэж байна. Шинэ оношилгооны аргачлалаар 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх боломжтой гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, ирэх онд Их Британийн 165 мянган иргэнийг туршилтад хамруулахаар төлөвлөж байна. Хэрэв энэ аргачлал үр дүнтэй болох нь тогтоогдвол 2024 он гэхэд Британийн нэг сая иргэн шинжилгээнд хамрагдах боломжтой болох юм. АНУ-д энэ туршилт хийгдэж байгаа хэдий ч өргөн хүрээнд бус гэнэ. Тус аргачлалыг боловсруулсан “Grail” компани 50-ас дээш насны 6200 сайн дурын хүнийг туршилтад оролцуулахаар төлөвлөж байна. Хэрэв туршилт амжилттай болбол 2021 он гэхэд энэхүү шинжилгээ хийлгэх боломжтой болох ч төлбөртэй байх аж. Их Британид 50-79 насны оролцогчдыг хамруулахаар төлөвлөж байгаа ба энэхүү аргын тусламжтай хорт хавдрын эрт илрүүлгийг 75 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
“Galleri” оношлуур нь молекулын түвшинд хийгддэг тул шинж тэмдэг илрэхээс өмнө олон төрийн хорт хавдрыг илрүүлэх боломжтой гэнэ. Энэхүү оношилгооны аргын эцсийн үр дүн 2023 онд гарах аж.
Сэтгэгдэл ( 0 )