-Нөөцийн мах бэлтгэгч компаниуд ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ оруулахыг хүсэж байна-
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэх “үүрэг” хүлээсэн дотоодын аж ахуйн нэгжүүдэд коронавирусний тархалтыг хумихад чиглэсэн хатуу хөл хориотой холбоотойгоор нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагаанд нь бэрхшээл тулгарч эхэлжээ.
Монголын Махны холбооны гишүүд, үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хандан хүсэлт хүргүүлж, гэрээнд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа тодотгожээ.
Аж ахуйн нэгжүүд ХХААХҮЯ-тай байгуулсан гэрээний дагуу тодорхой хугацаанд орон нутгаас махны бүрдүүлэлт хийж, заасан хугацаанд буюу хаврын улиралд Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд зориулж тогтоосон үнээр худалдан борлуулах үүрэг хүлээсэн байдаг.
Мах үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хүсэлт хүргүүлжээ
Түүнчлэн 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаас зээл авч, орон нутгаас махны бүрдүүлэлт хийж эхлэн, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан ч цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор махны үнэ өссөн, 2021 оны хавар худалдаалахаар нөөцөлж байсан махны борлуулалтыг хийж эхэлсэн зэрэг хэд хэдэн хүчин зүйлийн улмаас нөөцийн мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд алдагдал хүлээхээр болоод буй аж.
Мах үйлдвэрлэгчдийн зүгээс хэлж буй бэрхшээлүүдийг тодотговол,
Түүнчлэн эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эдийн буюу орон нутаг дахь мал махны ханш эрс нэмэгдсэний улмаас аж ахуйн нэгжүүдийн тухайд нядалгаа, тээвэрлэлт, жижиглэн хөрөөдөх, сав, баглаа боодол, түгээлт борлуулалт, хөрөөний хорогдол гэхчлэн үйл ажиллагааны олон зардлаа нөхөж чадахгүйд хүрч байгаа гэв. Тиймээс ХХААХҮЯ-тай байгуулсан гэрээнд заасан үнээр бөөний болон жижиглэнгийн борлуулалт хийх боломжгүй болж байгаа тул гэрээнд өөрчлөлт хийх саналыг ийнхүү гаргаж байгаа аж.
ХХААХҮЯ-ны Хүнсний бодлого, зохицуулатын газрын дарга Л.Чой-Иштэй холбогдож, нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагаанд коронавирус хэрхэн нөлөөлж буй талаар, аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаас олгож буй зээлийн хүү зэрэг асуудлаар тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-"Энэ жил 16 компанитай гэрээ байгуулсан. Нөөцийн махны бэлтгэл одоогоор 50 хувьтай явж байгаа. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компаниудын тоог нэмэхээр хоёр дахь сонгон шалгаруулалтыг явуулж, компаниуд сонгогдож, улмаар арилжааны банкуудаас санхүүжилт олгох асуудал хянагдаж байх үед ингээд коронавирустэй холбоотой хөл хорио тогтоогдсон. Хөл хориотой холбоотой хүндрэлтэй асуудлууд байгаа ч нөөцийн мах бэлтгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Орон нутаг, аймгууд энэ үед хүнсний татан авалтаа Улаанбаатараас л хийж байгаа. Долоо хоногт нэг аймаг руу нэг талдаа 20 тонны даацтай 15 машинаар хүнсний бараа бүтээгдэхүүн хүргэж байгаа гэж тооцоход тэдгээр машинууд буцаж ирэхдээ мах ачиж ирж байгаа. Арьс шир бусад зүйл биш мах л ачиж ирж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр орон нутгаас махны нийлүүлэлт, татан авалт хийгдэж байгаа.
Арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүдэд олгож буй зээлийн хүүний дундаж нь 15-16 хувь байгаа. Нэг аж ахуйн нэгж 100 тонн мах бэлтгэхэд 21,6 хувийн хүүтэй зээл авсан гэх асуудал гарсан. Зээлийн хүүний дундаж бол 15-16 хувь байна. Коронавирустэй холбоотойгоор улс орон даяар нөхцөл байдал тодорхой хэмжээнд асуудалтай байгаа. Гэхдээ аль аль талаасаа боломж нөхцөлд тохируулан ажиллаж байна” гэв.
Нөөцийн мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Баатарууд тэнгэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Цогтсайхантай холбогдож, мах бэлтгэлийн үйл ажиллагаанд хатуу хөл хорио хэрхэн нөлөөлж буй тухай болон зээлийн талаар тодруулахад “Коронавируснээс шалтгаалан хөл хорио тогтоосноор аймаг, сумдад бой хийх үйл ажиллагаа ч хязгаарлагдсан байна. Махны эрэлт өсөж, нийлүүлэлт буурахаар үнэ нь өсөж байна. Манай компанийн тухайд 7-8 аймгаас махны бүрдүүлэлт хийдэг. Арилжааны банкуудаас 16 гаруй хувийн хүүтэй зээлийг хөл хорио тогтоохоос өмнөхөн авсан. Зээлээ аваад мах бэлтгэлээ хийж эхлэх гэтэл хөл хорио тогтоосон” гэв.
Мөн тэрбээр нөөцийн мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдийг төрөөс зүгээр л мөнгө аваад байж байдаг гэсэн ойлголт нийгэмд их байдаг. Бид өөрсдийн хөрөнгө, үйл ажиллагаа, туршлага зэргээрээ тодорхой шалгуурыг хангасны үндсэн дээр өөрсдөө эрсдэлээ үүрэх нөхцөлтэйгөөр л зээл авдаг гэж тодотголоо.