Засгийн газраас өмнө нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гарагийн өглөө дуусах тул цаашид хугацааг сунгах асуудлыг хэлэлцээд, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгахаар боллоо. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийв.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-"Өнгөрсөн хугацаанд нийслэлд 330 гаруй мянган хүнийг PCR болон түргэвчилсэн оношлуурт хамрууллаа. Хөл хориог хатуу мөрдөж байсны хүчинд цар тахлын тархалтыг 10 дахин бууруулсан гэдэг дүгнэлтийг эрдэмтэн, судлаачид гаргасан. Хэрэв бид хөл хорио тогтоогоогүй бол 3400 гаруй хүн өвчилсөн байх магадлалтай. Энэ бол манай эрдэмтэн, судлаачдын гаргаж буй тоо юм.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Алтанбулаг сумыг шинжилгээнд хамруулсан. Дархан-Уул аймгийн нэг өрхөөс нэг иргэнийгшинжилгээнд хамруулсан. Төмөр замын нийт ажилчдыг, Орхон аймгийн томоохон үйлдвэрийн ажилчдыг шинжилгээнд хамрууллаа. Дээр нь эдгээр өдрүүдэд томуугийн шинж тэмдгээр эмнэлэгт хэвтсэн иргэдээ шинжилгээнд хамруулсан. Улаанбаатар хотод кластер хэлбэрээр гарсан голомтод халдварын ойрын хавьтал, оршин суугаа орон сууцны иргэдийг шинжилгээнд хамруулсан. Авсан арга хэмжээг тухай бүрт нь мэдээлэл хийж байсан.
Мөн зам тээвэр, мэргэжлийн хяналт, хүнс хөдөө аж ахуй гадаад харилцааны чиглэлээр тухай бүрт нь шийдвэр гаргаж явсан. Одоо бид өнөөгийн нөхцөл байдалд урьдчилан сэргийлэх голомтыг бүрэн хумих хяналтад авах, өвчлөлийн бүрэн зураглалыг гаргаж авах шаардлагатай байна. ЭМЯ-наас хөл хориог дахин 14 хоног сунгах ёстой гэдэг санал ирүүлсэн.
Ингээд Засгийн газраас улсын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг зарим аймагт үлдээхээр шийдвэрлэлээ.
Халдвар тархаагүй газраа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, халдвар гарсан аймаг, нийслэлд арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгуудад хөл хориог сунгаж байна. Бусад аймгуудад арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас хөл хорионы дэглэмжийг бууруулж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна.
Дархан, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байгаа тул нийтийн тээвэр, иргэдийн хөдөлгөөн, үйлдвэр үйлчилгээ, худалдааны салбарт шийдвэр гаргах эрхийг орон нутгийн удирдлагуудад үлдээлээ.
Бусад аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ, спортын арга хэмжээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох буюу аймаг доторх хөдөлгөөн хэвийн болж, аймаг хоорондох хөдөлгөөн хязгаарлалттай байна.
Өмнө нь 13 чиглэлийн байгууллага ажиллаж байсан бол одоо 18 байгууллагын үйл ажиллагааг нээж байна. Өөрөөр хэлбэл, банк, боловсруулах үйлдвэрлэл, модон үйлдвэр, хүнсний худалдаа, эмийн худалдаа бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагааг нээх чиглэл өгч байна" гэлээ.