Сул зогсолт ба МӨНГӨГҮЙ Монголын МАРГААШ

2020 оны 12 сарын 02

Өрх бүрээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулж, нийгмээ айдсаас чөлөөлөн, нийгмийн амьдралыг "харьцангуй" хэвийн байдалд нь шилжүүлэх хэрэгтэй. Учир нь ТӨРД сул зогсолтыг даван туулах бодлого, шийдвэрийн нөөц байхгүй.

 

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих шийдвэр гаргалаа гэж мэдэгдлээ. Түлшний үнийг бууруулах, халдвар гарсан аймгууд болон нийслэлд халдваргүйтгэл хийхэд шаардагдах зардлаас бусад нь бол хуучин шийдвэрүүд гэдгийг тодотгоё.

Өнөөдрийн хуралдаанаараа 2021 оны долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ, баримтаар нотлогдсон бол бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ногдуулах татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн.Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо гэж мэдэгдсэн.

Мөн хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуй нэгжийн татварын ачаалал буурч, эдийн засаг идэвхжинэ гэж тайлбарласан.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газар 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргахдаа Түрээсийн төлбөр болон татварын алдангитай холбоотой шийдвэр гаргаж байсан.

Нэг ёсондоо Засгийн газар 14 хоногийн өмнө гаргасан шийдвэрүүдээ дахин давтан гаргаж байна гэсэн үг.

2020 оны туршид коронавирустэй зэрэгцэн амьдарч буй дэлхийн улс орнуудын Засгийн газрууд, Төв банкуудын авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд шокийг хурдан таньж, хурдан маневр хийхэд чиглэж буй талаар бид эндээ олон сар ярьж буй.

Харин манай Засгийн газрын тухайд хагас сарын өмнө гаргасан шийдвэрийн төслийг  хууль тогтоох байгууллага руугаа хүргүүлээд, нөгөөдүүл нь хэлэлцэж байх ёстой цаг үед байхад аль аль талдаа шокийн өмнө учраа олохгүй байдалтай хэвээрээ байна. Нэг талаас эдгээр шийдвэрүүдийг хуульчлан батлахаас илүү чухал асуудлууд байгааг хэлэх нь зөв байх.

 

11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШИЙДВЭРҮҮДИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.


Цаашдаа бид вакцинтай золготол  коронавирусний эсрэг  хөл хорио хязгаарлалтыг  шууд 100 хувь цуцлах нь эрсдэлтэй учраас үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авах биз. Гол нь энэ хооронд иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгарах шокийн хүчийг яаж сулруулах вэ гэдэгт төр оролцоотой, нэмэртэй байх шаардлагатай байна.

Халдварын тархалтыг хумихын тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй  хөл хориотой зэрэгцэн эдийн засгийн  тогтвортой байдал,  иргэдийн амьжиргааг хэрхэн яаж хамгаалах вэ. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлээ, бизнес эрхлэгчдээ цар тахлын шуурганд алдахгүйн тулд төрөөс ямар шийдвэрүүд гаргах хэрэгтэй вэ гэхчлэн анхаарал татсан асуултууд хариулт нэхэж байгаа билээ.

Монгол Улсын тухайд коронавирусийг дотооддоо алдалгүй 10 сар болж чадсан. Дотооддоо алдах нь цаг хугацааны асуудал гэдгийг эрүүл мэндийн байгууллагын зүгээс байнга хэлж байсан.

Нэг ёсондоо тулгарах шокийн хүчийг бууруулахын тулд дараа дараагийн бодлого, шийдвэрийн орон зай байх хэрэгтэй шүү гэдгийг нөхцөл байдал ойлгуулж байсан гэсэн үг л дээ.

Харин одоо халдвар тархаж, улс орноороо эрсдэлтэй байдалд орсон энэ үед  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс мөнгөгүй шүү” гэдэг үгийг удаа дараа хэлж байгаа. Мөнгөгүй гэдэг нь үнэн л дээ. Уул уурхайгаас олсон 1 ам.доллар тутмаас 1 л центийг ирээдүй хойчдоо үлдээх гэж  оролддог манай улс мөнгө муутай нь үнэн. Тиймээс ч цар тахал дотоодод тархахаас өмнө тархсаны дараах эдийн засгийн нөхцөл байдлынхаа хар зургийг тооцоолох гэж бодитой оролдлого хийх ёстой байсан ч хийгээгүй нь 2021 оны төсвөөс нь ерөнхийдөө ойлгогдож байгаа л даа.

Гол нь цаашдаа цар тахлын сул зогсолтыг аль аль түвшинд даван туулах бодлого, шийдвэрийн орон зайгүй учраас цаашид эдийн засгаа дампууруулахгүйн тулд иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ ажил, үйлчилгээ явуулах нөхцлийг  нь бий болгоход төрийн оролцоо хамгийн гол нөлөөтэй байна.

Тэгэхийн тулд өрх бүрээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулж, нийгмээ айдсаас чөлөөлөн, нийгмийн амьдралыг харьцангуй хэвийн байдалд шилжүүлэх ажлыг энэ нөхцөлд Засгийн газар хийх ёстой болж байна.

Нийслэл болон зарим аймагт хөл хориог сунгахаас өмнө судлаач, профессор Б.Соёлмаагаас “Цаашид хөл хориог сунгаж үргэлжлүүлвэл эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах боломж байгаа вэ?” гэж асуухад дараах хариултыг өгч байсан юм.

-Хөл хориог хурдан сулруулах аргыг л шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Маш олноор нь оношилгоог өргөн хүрээгээр хийж, тархварыг судалж, тусгаарлах (testing-contact tracing-isolation) гэсэн ажлыг хурдан үр дүнтэй хийснээр хөл хориог сулруулж болно гэдгийг эрүүл мэндийн салбарын эрдэмтэд зөвлөж байгаа юм билээ.

Одоогоор амжилттай тархалтыг зогсоож эдийн засгаа хөдөлгөж чадсан улсуудын (Тайвань, Өмнөд Солонгос, Сингапур, Шинэ зеланд) хэрэгжүүлсэн гол стратеги нь энэ юм байна. “Оном” сангийн эрдэмтэд хэрхэн хурдан халдварын тархалтыг зогсоох талаарх дэлгэрэнгүй төлөвлөгөөг УОК-т хүргүүлсэн байсан. Уг санал болгосон төлөвлөгөөнд мөн энэ стратегийг хэрхэн хэрэгжүүлэх талаар маш дэлгэрэнгүй шат дараалалтай дурдсан байна. Хувийн лабораториуд оношлуур хийх зөвшөөрлыг олгож зах зээлийн системээр энэ асуудлыг шийдэх нь оновчтой байх. Оношилгооны зардал ч бага тусах боломжтой болно.

Хөл хорио удаан үргэлжилбэл бизнесийн байгууллагад хэрхэн нөлөөлөх судалгааг худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан байсан. Уг судалгаанд хамрагдсан байгууллагууд хатуу дэглэмийн хөл хорио он дуустал, улмаар 2021 оны гуравдугаар  сар хүртэл үргэлжилбэл хэдий хэмжээний ажлын байр цөөлөх тухай тооцоо гарсан байна. Хөл хориог үргэлжлүүлэх тохиолдолд одоо үргэлжлүүлж буй бодлого дээрээ нэмээд аль болох ажлын байрыг хадгалах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болно” гэсэн юм.

 

 

Top